Хятадын баруун өмнөд Сычуань мужийн Дуцзянянь хотод хулсны баавгайд зориулсан дэлхийн анхны эмчилгээ, оношлогооны төв баригдах юм. 2012 оны сүүлээр ашиглалтад орох энэхүү нүсэр байгууламж 32.2 сая ам.долларын өртгөөр босох бөгөөд үүнээс 19.9 саяыг нь Хонконгийн Засгийн газар, үлдсэнийг нь нэгэн бизнесмэн хувиасаа гаргажээ. Тус эмнэлэг нь нэг дор 40 баавгайг эмчлэх хүчин чадалтай байх юм. Мөн үзэж, сонирхох хүсэлтэй хэн бүхний өмнө үүд хаалга нь нээлттэй байх тул аялал жуулчлалын томоохон төв болох нь дамжиггүй. Үүнээс өмнө өвчтэй баавгайг хүн эмнэлэгт эмчилдэг байв. Устаж үгүй болоход дөхөн Улаан номд орсон энэ амьтныг өсгөн үржүүлэх чиглэлд Хятадын Засгийн газар багагүй хүч тавьж, анхаарал хандуулдаг. Сүүлийн 20 жилд л гэхэд Хятадын амьтан судлаачид үр шилжүүлэн суулгах болон зохиомол хээлтүүлгийн аргаар хулсны баавгайн тоог 315-аар нэмжээ. Зөвхөн Хятадын гурван муж улсад л 1600 гаруй зэрлэг баавгай үлдээд байгаа бол дэлхийн амьтны хүрээлэнгүүдэд 300 гаруй байгаа юм. Амьдралынхаа ихэнх хугацааг идэж, амарч өнгөрүүлдэг энэ амьтан ганцаараа амьдарч, үржлийнхээ үед л бие биетэйгээ "уулздаг" байна. Тоо толгой нь цөөрснөөс бие биеэ олоход бэрхшээл учирсан нь тэднийг улам цөөрөхөд хүргэсэн гол шалтгаан аж. Зэрлэг хулсны баавгай хэд насалдгийг одоогоор тогтоогоогүй ч амьтны хүрээлэнд байгаагаасаа богино насалдаг гэдэгт эрдэмтэд эргэлзэхгүй байна. Одоогоор 35 хүрсэн нь хамгийн өндөр нас гэнэ. Хулсны баавгайн хоёр чих, нүд, дөрвөн мөч нь хар байдгийн нууцыг одоо хүртэл тайлаагүй бөгөөд махчин амьтан биш учир зөөлөн зан авиртай гэж бодох нь эндүүрэл гэнэ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )