"Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл" Европын холбооны санхүүжилтээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудад хэрэгжинэ. Төслийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын аж үйлдвэр, хөгжлийн байгууллага хамтран хэрэгжүүлэх юм. Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой танилцуулга, нэмүү өртгийн сүлжээг хэрхэн өргөжүүлж өөрийн хөрсөнд буулгах талаар иргэд ААНБ-ын төлөөлөлд мэдээлэл өгөх зорилготой уулзалт Дархан-Уул аймагт болж төрийн байгууллагыг төлөөлж аймгийн засаг даргын орлогч Т.Ганболд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ, иргэдийн төлөөлөл хамрагдав.
2016-2019 оны хооронд мах сүү, ноос, ноолуур, арьс шир, хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээнд өрсөлдөх чавдарыг сайжруулж, ногоон хөгжлийг дэмжих замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгоход энэхүү төслийн гол зорилго нь оршиж байгаа аж.
Өнгөрсөн онд төслийн багийнхан хүрэлцэн ирж төсөл хэрэгжүүлэх боломжит нөхцөлтэй танилцаж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Төслийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь нэмүү өртгийн сүлжээний тулгамдсан асуудлууд, боломжит шийдлүүд, хэрэгжүүлэх арга зүй, аргачлалыг тодорхойлох, танхимын болон зайны сургалт зохион байгуулах, сайн туршлага, технологи инноваци мэдээлэл солилцох орчин бий болгох, орон нутгйн төр захиргааны байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон бусад секторуудын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгджээ.
Хамгийн гол нь зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэхэд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, эскпортын шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэмүү өртөг шингэсэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Цаашид төслийг хэрэгжүүлэхэд нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын хамтын ажиллагаа-платфорум буюу индэр чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )