Швейцарийн иргэн Армин Виедеркер Транс банкинд хөрөнгө оруулалт хийж, банкны хувьцааны 51 хувийг эзэмших болжээ. Ингэхдээ хэрвээ өөрийн мэдлийн хувьцаагаа худалдаалах болвол 49 хувийг эзэмшигч талаас болон Монгол банкнаас заавал зөвшөөрөл авна гэсэн гэрээтэй байж. Гэтэл ийм зөвшөөрөл авалгүйгээр Армин.В нь өөрийн мэдлийн хувьцаагаа “Оюуны Ундраа” компанид зарчихаад алга болжээ. Зарсан асуудал нь бас л будлиантай. Армин.В өөрөө дагуулан ирж Транс банкны Гадаад төлбөр тооцооны газрын захирлаар томилсон ОХУ-ын иргэн Новожилов банкнаасаа их хэмжээний хөрөнгө залилан авсан, мөнгө угаасан хэргээр УМБГ-т шалгагдан батлан даалтанд байх хугацаандаа Дорнод аймгийн Чулуун хороотын хилийн боомтоор оргоод алга болжээ. Нутагтаа очсон хойноо “Чаддаг юм бол намайг барь л даа” хэмээн мөрдөн байцаагч руугаа утасдаж даапаалсан гэж байгаа. ТУЗ-ийн дарга Д.Энхтайван нь өчигдөр МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд сэтгүүлчдийг цуглуулан мэдээлэл хийлээ. Тэрээр өөрийн мэдэгдэлдээ өндөр ач холбогдол өгч байгаагаа дурдаад, Үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг болох Банк санхүүгийн систем рүү халдсан гүтгэлгийн чанартай, цаанаа гадаад захиалагчтай захиалгат нэвтрүүлэг, мэдээ мэдээллүүд ихээр гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр ярихдаа, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг ашиглан “Оюуны Ундраа” компанийн хөлсний ажилтан Р.Батрагчаа нь үнэнд үл нийцэх мэдээлэл ихээр цацах боллоо. 2010 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн Банкны тухай шинэчилсэн хууль гаргаснаар гадаадын этгээдүүд компаниар дамжуулан хөрөнгө оруулж банк байгуулж тоглодог, компаниа зарах нэрийдлээр байгуулсан банкийг гар дамжуулан худалддаг, банк нь компанитайгаа худалдагддаг банкны салбараар тоглодог гадныхны бүх сувгийг таслан зогсоож хааж чадсан. Энэ хууль шинэчлэгдэж батлагдсанаар банкны хувьцааг хууль бусаар эзэмших гэсэн этгээдүүдийн санаархал бүтэлгүй болсон. Гэвч үүнийг одоо болтол ойлгохгүй муйхарлаж яваа хүмүүс байна. Тэдэнд хуулийн байгууллагад хандаач ээ, шударгыг хүсвэл хуулийг хүс гэж хэлмээр байна гэв. Мөн тэрээр, “Оюуны Ундраа” компанийн хөлсний ажилтан Р.Батрагчаагийн ярьсан, хэлсэн зүйл нь төлөөлөл эрхгүй этгээдийн албан ёсны бус дүгнэлт гэдгийг юун түрүүнд мэдэгдэж байна гэлээ. Чингэлтэй дүүргийн шүүх Р.Батрагчааг банкны хувь нийлүүлэгчийг төлөөлөх эрхтэй эсэхийг хоёр удаа шалгаад тус шүүхийн 2010 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 5695 дугаарт захирамж, 2011 оны хоёрдугаар сарын 14-ний 796 дугаар захирамжаар итгэмжлэхгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд гэж шийдвэрлэсэн байна. Өнөөдөр энэ шийдвэр хүчин төгөлдөр байгааг ч Транс банкны ТУЗ-ийн дарга Д.Энхтайван сануулж байлаа. Мөн Д.Энхтайван:
-“Оюуны Ундраа” компанийн хөлсний ажилтан Р.Батрагчаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг ашиглан гадаадын этгээдүүдийн захиалгаар Транс банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг бууруулж, банкны хувьцааг хууль бусаар эзэмшихийг санаархаж, хууль бус үйлдлүүдээ халхавчлах зорилгоор үнэнд үл нийцэх худал мэдүүлгүүдийг цацаж, банкны болон хувьцаа эзэмшигчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд бүдүүлгээр хандах ажлыг зориуд зохион байгуулж байна гэж ярилаа. Одоо хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Монгол банкны бүртгэлээр Транс банкны 49 хувийн хувьцаа эзэмшигчид нь хуулийн дагуу Д.Энхтайван, Д.Энхтуяа, Б.Оргилмаа нар байдаг. Иймээс “Оюуны Ундраа” компанийн хөлсний ажилтан Р.Батрагчаа нь эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагад ханд гэж зөвлөж байна гэсэн юм. Тэрээр мөн нийт хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдэд хандаж, манай улсын санхүүгийн аюулгүй байдал банкны системийн тогтвортой хэвийн ажиллагааг эвдэх гэсэн гадныхны захиалгаар хийж буй хууль бус захиалгат нэвтрүүлэг, нийтлэлд эх сурвалжийг нягталж, сонор сэрэмжтэй байж, хууль зөрчигч этгээдүүдийн хэвлэл мэдээллээр дамжуулан банкны системд хор хүргэх гэсэн гэмт халдлагаас сэргийлж байхыг уриаллаа. Манай хууль тогтоомжийг зөрчиж оргон зайлсан Монгол Улсад хохирол учруулсан этгээдийн гар хөл болж явах биш, Үндсэн хуулиар эрх ашиг нь хамгаалагдсан элэг нэгт монгол хүний байр сууринаас хандахыг хүслээ. ОХУ-ын Судостройтельный банкны нэрийн дор Швейцарийн иргэн Армин Виедеркер болон түүний хамсаатнууд ОХУ болон Монгол Улсын хооронд бохир мөнгө угаах гэмт хэргийг үйлдэж зохион байгуулалттайгаар улс үндэстний гол амь болсон татвар төлөлт, хууль дүрмээс зугтан ОХУ-ын Судостройтельный банкны хөрөнгийг Швейцарь улсын иргэний хөрөнгө мэтээр харагдуулан Монгол улсад оруулж, банкны системийг ашиглан улс дамжуулан татвараас зувчуулсан мөнгөө Монгол Улсаар цэвэршүүлэн ОХУ-д гарал үүсэл, эх сурвалжийг нуун оруулж, хоёр улсын нэр хүнд, банкны системийг гажуудуулж, далд эдийн засгийг өөгшүүлж байгааг тэрээр дурдав. Дээрх хүмүүс Транс банкинд ОХУ-ын Судостройтельный банкны Кипр дэх салбараас дамжин орж ирсэн гарал үүсэл нь тодорхойгүй мөнгийг нэгээс гурав хонуулан хадгаламж хэлбэрээр буцаан ОХУ-д шилжүүлдэг нь бохир мөнгөний гарал үүслийг нуух, баллах, мөрдөн шалгах боломжгүй болж байгаа нь мөнгө угаалтын үндсэн технологи гэж Д.Энхтайван ярилаа. В.Армин нь Тээвэр хөгжлийн банкны гадаад төлбөр тооцооны газрын захирлаар ОХУ-ын иргэн Новожиловыг томилуулан өөрийн шууд удирдлаган дор авч ажиллуулснаар оршин суугч бус гадаадын хуулийн этгээдүүдийн дансыг их хэмжээгээр нээж, гадаад төлбөр тооцооны үйл ажиллагааг эхлүүлсэн гэж Транс банкны ТУЗ-ийн дарга мэдэгдлээ. Монголд үйл ажиллагаагаа явуулдаггүй, татварын болон мөнгө угаалтын таатай бүсэд бүртгэлтэй 31 аж ахуйн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Транс банкны удирдлагад Армины тавьсан хүмүүс болох Парашак А.М, Коннов Ю.Н нар саяхан хүртэл байсан гэнэ. Бүр нэг хүн хэд хэдэн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон байжээ. Уг 31 компани нь хоорондоо холбоотой бөгөөд нэг нэгнийхээ охин компани хэлбэрээр ажиллаж, татвараас зайлсхийх болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрх зүйн механизм маш сул Латви улсын “Aizkraujles bank Lativa”, Эстони улсын ‘’Tallinn business bank off Estonie’’ зэрэг банкуудтай харилцаж байгааг тогтоосон гэж ярилаа. Дээрх 31 компанийн Транс банкин дахь данс нь тогтмол үлдэгдэлгүй байдаг нь сэжиглэх бас нэг үндэслэл гэж тэрээр нэмж хэлэв. Дансанд мөнгө оруулж ирээд эргээд 1-3 хоногийн хугацаанд хадгаламжийн дансанд байршуулж ОХУ руу шилжүүлдэг. Бодитой бизнесийн үйл ажиллагаагаа явуулаагүй мөртлөө ямар нэгэн бизнес хийгээд байгаа мэт харагдуулах зорилгоор ОХУ-ын Судостройтельный банк татвараас зугтан Монгол Улсаар дамжуулан хоорондоо бохир мөнгө шилжүүлж байхыг үгүйсгэх аргагүй хэмээн Д.Энхтайван ярьж байна. 2006-2009 онд энэ компаниудын дансаар дамжуулан 143 сая гаруй ам.доллар, 31 сая гаруй евро, 61 сая гаруй рубль орж гарсан байна. Монголд байдаггүй үйл ажиллагаагаа явуулдаг 31 аж ахуйн нэгжийн удирдлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч бүгд ОХУ-ын иргэд бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирээгүйг Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа нотолдог байна. Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлах гэж байгаа. Иймд энэ асуудлыг хэлэлцэх асуудлынхаа жагсаалтанд оруулж холбогдох газруудад нь уламжилж өгөхийг хүссэн хүсэлтээ Транс банкны ТУЗ-ийн дарга Д.Энхтайван, Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан ёсоор хүргүүлээд байгаа гэж ярилаа.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )