“Зохиогчийг нь урьж байна” цуврал үргэлжилж байна. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт алдарт дуучин Норовбанзадын дуулсан, УГЗ, хөгжмийн зохиолч Цоодолын хөгжим, СГЗ, Ардын уран зохиолч яруу найрагч Шагдарын Дулмаагийн шүлэг “Монгол нутгийн үзэсгэлэн” хэмээх сайхан дууг мэдэх байх. Энэ сайхан дууны зохиогч Ш.Дулмаатай та бүхнийг уулзуулж байна.
-Та олон сайхан дууны шүлгийг зохиосон. Таныг сонсогчид маань хүлээж байгаа. Учир нь та ойрын үед радиогийн сонсогчидтой уулзаагүй болов уу. “Монгол нутгийн үзэсгэлэн” дууны шүлэг хэрхэн бичигдэж байсан бол?
-1960-н оны дунд үеийн дуу л даа. Цоодол бид хоёр долоо найман дуу бүтээсэн юм. Цоодол уртын дууны айзамтай дуу хийнэ, нутгийнхаа тухай, эх орны шүлэг бичээд өгөөч гэсэн л дээ. Тэр үед би “зүрхээ авхуулчихсан” байлаа л даа. Дээдсийнхээ түүхрүү хазайсан шүлэг биччихээр, үндсэрхэг үзэл ханхлууллаа энэ тэр гээд шүлгээ хүртэл Дотоод яаманд хураалгаж байсан үе л дээ. Тэрнээс болоод би үзэл бодлоо илэрхийлсэн биш, сайхан дүрслэлтэй шүлэг бичье гэж бодоод бичсэн юм.
Зээрийн сүрэг бэлчсэн
Шаргал талын зэрэглээ
Хээрийн салхи үлээсэн
Монгол нутгийн үзэсгэлэн... гэж эхэлдэг л дээ. Тэр үед манай нутгаар Төв аймгийн Авдарбаян сум зээрийн сүрэг гэдэг чинь дэрс, сүрэг хоёр нь ялгагдахгүй шаргал хуй татуулаад хуйларч явдаг байлаа. Тийм сайхан байх үеийг бодож энэ үгийг оруулсан юм. Монгол нутаг дэндүү уудам, хүний хараа цуцаасан шаргал талтай. Зүгээр ч нэг шаргал тал биш зээр гөрөөс нь тааваарааа бэлчсэн хүний сэтгэл булаасан нутаг шүү дээ. Манай нутаг чинь үнэг тарвага ихтэй ч байлаа. Уржнан очиход нэг ч тарвагагүй болсон байна билээ. Ийм л болчихсон байна билээ. Цоодол бол энэ дууг хийе гэж хийсэн дуу. Уртын дуунаас дутахааргүй дуу болсон л доо. Энэ дуунд ажил хөдөлмөрийг нь хүртэл бичсэн. Тухайн үеийнхээ үйл явдалтай холбогдсон дуу л даа. Тухайн үеийн Монгол орон ямар байсаныг илтгэснээрээ үнэд орж байна. Анх САА үүсэж, маш их техникийн хүч ирж байлаа. Атар газар эзэмшээд, тариа гэдэг талаар дүүрэн, тэрүүгээр барахгүй энэ стадион цэнгэлдэх хүрээлэн дүүрэн хураачихсан албан хаагчид бид хатаах ажилд дайчлагддаг байлаа. Тариагаа гадагш нь гаргадаг байсан л даа. Тэрнээс гадна мал нь талаар нэг дэлхсэн, хөндий дүүрэн, манай Авдарбаян ч бас сайхан даа. Чулуутын гол гэж сайхан гол байсан. Одоо ч байх нь байна. Их татарсан байна билээ. Яг хүний нүд шиг хоёр сайхан нуур талд цэлийж байдаг юм. Тийм нутгийн тухай дуу юм.
Миний нутгийн сайхныг
Мэлмий тэнийн ширтмээрээ
Мэндэлж золгосон болохоороо
Мишилзэн харж бахадмаараа... гэж бий. Нутгаа харж бахдах сэтгэл гэдэг эзэн хүний хамгийн үнэтэй сэтгэл юм. Тэр нугагт төрсөнөөрөө, тэр нутагт өссөнөөрөө, эзэн хүнээс өөр тэгж баясах хүн ховор л доо. Огшоод л явчихна шүү дээ. Нутгийнхаа сайхан талаар уралдаад л, сургуульдаа мориор давхиад л, талын уудмыг мориор туулаад л өссөн дөө. Тэр Чулуутын голоос өглөө эрт мордоод азарга хөдлөөгүй байхад улсынхаа наадамд очдог байлаа. Миний аав охиндоо сайн морь унуулна гэж гурван мориор нэг морь худалдаж авч өгч байсан удаа бий. Би хүний ганц, өргөмөл хүүхэд. Аав минь намайг юм юмаар дутаахгүй гэж их бөөцийлсөн хүн л дээ. Миний сэтгэлийг хөглөсөн хүн бол аав минь юм. Энэ дуу олон жил дуулагдах дуу л даа. Зуун дамжин дуулагдаж байна. Хамгийн баярлууштай нь Норовбанзад гуай дуулсанд бас байгаа юм. Залуучууд зөндөө л дуулж байна. Гэхдээ Норовбанзад гуай шиг дуулж чадахгүй байна. Манай залуучууд дууг дуулахдаа, сэтгэлээ өгч, дуун дотроо орж, энэ дуу юу хэлээд байна вэ, энэ дууны хөгжим юу өгүүлээд байна вэ гэдгийг их муу бодох юмаа. Тэгэхлээр уран сайханы боловсрол л хэрэгтэй юм даа, манай залуучуудад.
-Баярлалаа. мөн эх орны нэгэн сайхан дуу бий. “Амгалан эх дэлхий минь” гэж дуу тань хэрхэн бүтсэн бол?
-Энэ дуу 1980-аад оны дундуур шиг санагдаж байна.Энэ олон дуун дунд төөрчихөөд байдаг юм. Он сарыг нь сайн санахгүй байна. Хөдөө аж ахуйн яам ч билүү Байгаль орчныг хамгаалах яамнаас зарласан уралдаан санагдаад байна. Байгаль хамгаалах уралдаан заралсан юм. Олон жил зарласан л даа. Нэг жилийнх нь уралдаанд миний “Алтанзул” дуу гарч ирсэн юм. Нөгөө жил нь “Амгалан эх дэлхий минь” дуу гарч ирсэн дээ. Хөгжмийг нь Д.Баттөмөр зохиож, УГЖ Банзрагч дуулсан юм. Энэ дуу бас их юм хэлнэ гэж би бодоод байгаа юм.
...Амь аминаасаа уяатай
Амгалан эх дэлхий минь
Ханагархан дэлгэрхэн чамайгаа
Хайрлахын заяатайдаа бахархдаг... гэж бичсэн байгаа. Дэлхий орноо хайрлаж, түүндээ сэтгэл хангалуун байна гэдэг жинхэнэ эзэн хүний эх оронч хүний хайр байдаг юм. Энэ хайрыг энэ дуунд шингээе гэж зорьсон юм. Банзрагч энэ дууг их уянгатай,бас их намбыг нь олж дуулсан байдаг юм. Өөрийнх нь концертын хөтөлбөрт дандаа ордог байсан даа.
-“Амьдрал хайр дээр тогтдог” гэж сайхан дуу бий. Тухайн үедээ “хит” болж байлаа. Одоо ч мөн дуулагдсаар байна. Дуучин Цэрэнчимэд, Төмөрхуяг нар дуулсанаар Монголын радиогийн алтан фондонд хадгалагдан үлдсэн байна?
-“Амьдрал хайр дээр тогтдог” гэдэг бол миний ертөнцөд тунхаглая гэж бодож явсан үг. Ертөнцийн бүх юмс хайр дээр тогтдог. Бид байгаль дэлхийгээ, ан амьтан, хорхой шавьж, алив бүхнийг хайрлах хэрэгтэй. Амьдралыг авч явдаг хайр сэтгэл бол хүнийг бий болгосон. Үүний үндсэн дээр эцэг эх, үр хүүхэд, эх орноо, эх дэлхийгээ хайрлах хайр гарсан. Амьдрал хаана тогтоод байна даа гэж асуувал би хайр дээр тогтдог л гэж хэлнэ. Хайрлахгүй бол юу ч үлдэхгүй. Энэ л жинхэнэ манай оронд харагдаад байна даа. хайрлахгүй байгаагаасаа болоод газар нутаг бид юу болгож байгаа билээ. Амьдрал чинь хайр дээр тогтож байх ёстой бас өөрөө хайраас үүссэн юм гэж хэлэх гээд байна л даа.
-Та нийтийн дуунаас рок попын олон сайхан дууны шүлэг бичжээ. “Хүлээлт” гэж сайхан дуу бий. Таны хүү УГЖ дуучин Д.Ганхуяг анх дуулж, “Соёл эрдэнэ” хамтлаг дуулсанаар олонд хүрчээ. Энэ дууныхаа түүхээс хуваалцвал?
-Ганхуяг анх пянзанд бичүүлсэн юм. Энэ дуу гарах болсон нь “Соёл эрдэнэ” хамтлаг бий болоод, хүү маань, манайхан шинэ дуутай болмоор байна. Та нэг дууны шүлэг бичиж өгөөч гэж орж ирсэн юм. Тэгээд л “Хүлээлт” гэж шүлэг бичиж өгч байлаа. Тэгэхэд би залуу ч байж, дурлаж хайрлаж явсан үе байлгүй дээ. Миний сэтгэлд ч сайхан бадгууд урсан орж ирж байлаа. Залуу насны хөг аяс орж ирсэнээс гадна, “Хүлээлт” бол миний сэтгэлийн хүлээлт, хайрын хүлээлт юм. Тийм учраас үнэтэй. Цаашдаа ч залуучууд дуулаад явах байлгүй.
-1980-н хэдэн онд гарсан дуу юм. Болоож аялгууг нь зохиож, Бархас дуулсан. Бархас бол маш сайхан дуулж олон түмэнд хүргэсэн дээ.
-Уншигчид маань нэгэн сайхан дууны талаар танаас асуухгүй өнгөрөх вий гэж бодож байгаа байх. “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” гэж сайхан дуу бий шүү дээ. Хил дээр бичсэн гэж дуулсан?
-1980-аад оны дундуур урд хилээр явж байхад болсон үйл явдал л даа. Тэр үед нэг сайхан, хар нүдтэй хөөрхөн бүсгүй бидэнд үйлчлээд явж байсан л даа. Тэгээд би, шувуу нисэхгүй эзгүй энэ газар, энэ бүсгүй хичнээн жил сууна даа гэж бодсон. Хилчний ар гэр гэдэг өвөрмөц шүү дээ. Хамаг юмаа золиослоод нөхрөө дагаад явж байгаа шүү дээ хөөрхий. Яаж амьдрана даа гэж бодож л байсан. Тэгээд би маргааш өглөө нь босоод...
...Зүүдэнд гийх саран байгаарай
Зүрхэнд гэрэлтэх наран байгаарай... гэж бичиж байсан юм. Их хөөрхөн хүүхэн, тэр олон цэргүүд түүнийг л харж баясаж байгаа байхгүй юу. Тэр эзгүй хээр тэднийг баясгах өөр юу байхав. Тэгээд л би...
...Олон эрсийн хүндлэлийг хүлээсэн
Орчлонгийн сайхан хүн сарнай... гэж бичсэн.
-Эрүүл энх урт удаан наслаж, ард олондоо олон сайхан бүтээлээр бэлэг барихыг хүсэн ерөөе.
-За баярлалаа.Та бүхний уран бүтээлд чин сэтгэлийн баяр хүргэе.
Ярилцсан Н.Болортунгалаг
Л.Ганзул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 16 )
Хар нүдэн бүсгүй дуунд хамгийн их дуртай. Дахин2 дуулуулж, сонсдог.
saihan hun shuu.
тарвагатай хамт зурагаа авахуулж . наад зургаа устга. бузар хүн
mundag ene setgegdel bichigch haranhui negen ataarhagc bololtoi
МАНГАС ДОРЖИЙН БЭЛБЭСЭН АВГАЙ ЮУ ГЭЖ СОЛИОРООД БАЙГАА ЮМ. ШУВУУ НИСЭХГҮЙ ГАЗАР ГЭЖ ДЭЛХИЙД ХААНА Ч БАЙДАГГҮЙ ЮМАА