"Зохиогчийг нь урьж байна" цуврал үргэлжилж байна. Энэ удаад МУГЖ дуучин С.Батсүх уригдлаа.Түүнийг бид дуучин гэдгээр нь мэдэх. Харин олон сайхан дууны аялгуу зохиож, сонсогчидод хүргэснийг нь тэр бүр мэдэхгүй билээ.
-Сайн байна уу та? Дууны уран бүтээлийн тухай, тэр тусмаа таны аялгууг нь зохиосон дуунуудын тухай ярилцах гэсэн юм.
-Бололгүй яахав. Хүний сэтгэлээс гарсан үг, аялгуу бол заавал нэгийг хэлж байдаг. Түүгээрээ хүнийг баярлуулж, хүмүүжүүлж, баясгаж цэнгүүлж байдаг шүү дээ. Нийтийн дуу, зохиолын дуу нэж ялгаатай яриад байдаг. Нийтийн дуу гэдгийг би хүлээн зөвшөөрдөг юм. Зохиодоггүй дуу гэж байдаггүй шүү дээ. Рок поп, сонгодог гээд бүгдийг нь л зохиодог. СУИС сайхан дуучид төгсгөх юм. Харин сайхан дуулаад л болох юм шиг санаад байх шиг. Уран бүтээлч болгох талаас нь анхаарах хэрэгтэй. Дууг бол хоолойны урлаг гэхээсээ илүү сэтгэлийн урлаг, мэдрэмжийн урлаг юм байна гэж ойлгодог.
-Гавьяат маань шүлгэнд ая, аялгуу зохиож, олонд хүргэсэн гэдгийг тэр болгон мэдэхгүй байх. Тухайлбал “Дорны намуухан Отгонтэнгэр” гэж сайхан дуу бий. Энэ дуу тань хэрхэн төрж байв?
-Миний хувьд Завханд байхдаа л аялгуу зохиож байсан. Жамьян багш, Цэвээнравдан багш хоёрын аялгуу хийлгүй орхисон зарим шүлгэнд ая зохиож байж. Миний аялгуу зохиосон хоёр дахь дуу л даа. Цогдоржийн Бавуудоржийн шүлэг. Дахилтнаас нь аяыг нь хийж байлаа.
Дэлхий байтлаа хадагтай сүү шиг
Дээлтэй хүмүний сүлд тэнгэр
Отгонтэнгэр минь... гэсэн дахилтных нь аялгуу зүрхнээс гараад бадгийг нь бодож байж аялгуу төрсөн. Бадаганд нь аялгуу хийх гэж удсан. Хориод жилийн өмнө хийж байж. Аялгууг нь тухайн үедээ голж ахин дахин хийж байлаа. Цэвээнравдан, Жамъян багш хоёрын аялгуу хийгээгүй орхисон шүлгүүд дээр ая хийдэг байлаа.
-Шүлгийг яруу найрагч Ц.Бавуудорж өөрөө авч ирж өгсөн үү?
-Бавуудоржийн анхны ном “Бүгээн анир” гэж "хармаанд" багтахаар жижигхэн ном бий дээ. Өөрөө тэр номоо авч ирж өгсөн. Их урт үстэй бор залуу номоо барьж ирсэн нь Бавуудорж байсан юм даг. Энэ номон дотор байгаа “Намрын бороо” гэж шүлгэнд аялгуу зохиогооч гэж хэлээд номоо өгсөн. Тэр үед би гитартай дуулдаг байлаа шүү дээ...
Гэрийн чинь үүдэнд хүргэсэн ч биш дээ
Гэзэгний чинь үзүүр алган тэмтрэгдэнэ
...Хөхний чинь товчинд хүрсэн ч биш дээ
Хөөрхөн царай чинь нүдэнд үзэгдэнэ... гэсэн мөрүүдтэй шүлэг байхаар нь олзуурхаад эхлээд ая хийсэн. Тэгээд үзсэн чинь “Дорны намуун Отгонтэнгэр” гэж гоё шүлэг байж байна. Тэгээд ая хийчихээд байж байлаа. Тэр үед Жамъян багш Орост рекламны хөгжим хийх гэж яваад ирсэн юм. Отгонтэнгэрийн тухай шүлэг байна уу гэж асуухаар нь тэр шүлгийг өгчихдөг юм билүү... гэж бодсоноо номыг нь ахиад үзэж байсан чинь “Дөрвөн улирлын өнгө” гээд нэг сайхан шүлэг гараад ирлээ.
Намрын борооноор цувгүй алхахдаа
Навчнаас дутуугүй гуниг тээдэг дээ... гэсэн гоё мөрүүдтэй.
Энэ таарах болов уу гээд үзүүлсэн чинь яг таарна гээд авсан. Тэр таараагүй бол “Дорны намуухан Отгонтэнгэр” маань тэр аянд явчих байсан байх. Одоо “Дорны намуун Отгонтэнгэр”-ийг миний дууг нь сонсох дуртай Ч.Батцэнгэл маань дуулж байна. Дууг зүгээр ч нэг дуулдаггүй дотоод сэтгэлийн ур чадвараар урлаж дуулдаг сайхан дуучин гэж бодож явдаг. Тэр ч утгаараа хүндэтгэлтэй, дотроосоо бишрэн шүтэж, сайхан дуулсан байх.
-1990-ээд онд таны дуулсан бүх дуу олонд хүрсэн гэж боддог. Бүтэн цаг үргэлжилдэг “Ая дууны мэнд” нэвтрүүлгээр зөвхөн таны дуулсан зургаан дуу ороод дуусаж байсан үе бий. Тухайн цагийн дуунуудын тань нэг “Хань минь” гэж сайхан дуу бий. Аялгууг нь мөн та зохиожээ. Мөн бүтсэн түүх нь сонин байх болов уу?
-Би амьдрал зохиолгүй ганцаараа олон жил болсон хүн шүү дээ. Жижигхэн байшинд ганцаархнаа амьдардаг байгаад ханьтай болж, жил гаруй болсоны дараа бүтсэн дуу л даа. Ханийг хөдөө явсаны дараа нэг их үгүйлж, яруу найрагч Батсайханаас шүлэг асуухад,
...Чиний эзгүйд амьдрал нэг л харанхуй байнаа... гэсэн үгтэй шүлэг авлаа. Түүнээс хойш бодож явсаар байтал гэнэт...
Долоовор хуруундаа зүүний сорвитой
Дээлийнхээ энгэт сүүний үнэртэй
Орсон гарсанд дуутай цайтай
Олонтой явахын заяа түшсэн
Айдаа хань минь чи наддаа
Амьдрал ивээх нар минь юм даа... гээд л дуу төрж байлаа.
-Дуучны амьдралаас уйдаж байв уу?
-Би ер нь больдог ч юм билүү, өөр ажил олж хийдэг ч юм уу гэж гурван жил хэртэй бодож явлаа. Тэгтэл “Намын үнэн” сонин дээрээс нэг ярилцлага олж үзсэн л дээ. Намхайнямбуу баатарын “Москва, Ленинград хоёр чинь манай хотон дотор л байсан юм байна” гэсэн гарчигтай ярилцлага. Малаа маллаж байхдаа, Москва орж үзэх юмсан, Ленинградад очихсон гэж мөрөөддөг байж л дээ. Удалгүй улсын аварга малчин болж, Хөдөлмөрийн баатар болоод Москва орж. Тэгээд би драм, хөгжим энэ тэр гэж яваад яахав. Гурван бадаг дуун дээр хоёр жил ажиллаад үзье гэж бодсон. Гурван бадаг дуун дотор миний амьдрал, аз жаргал хайр сэтгэл, эд баялаг байгаа юм биш байгаа гэж бодсон. Завханы театрынхан бүгд мэднэ. Тэр үеэс эхлэн өглөө яагаачгүй ажилдаа ирж, шөнө дүл болсон хойно гэртээ харьдаг болсон. Өдөржин гитар тоглож, төгөлдөр хуурын ард суудаг байлаа. Тэр хоёр жилийн дараа миний “Дуут нуур”, “Завхан гол”... гээд олон дуу гарсан. Ер нь бол цаашаа боломжийн юм байна гэж бодсон доо. Саяхан баруун Европ, Америкаар явлаа. Тэнд очоод, гурван бадаг дуунд дотор маань Америк, европ байсан л юм байна гэж бодож байлаа. Тиймээс залуучуудад маань Монголоор дүүрэн боломж байна. Жижигхэн ч гэсэн боломж байгаа бол түүнийхээ хойноос явах хэрэгтэй. Миний амьдралыг алдартай малчин хүний ярилцлага тэгж эргүүлсэн байгаа юм. Хүн өөрийнхөө зорьсон зорилгодоо чин сэтгэлээсээ хандаад явбал сайхан байдаг. Би өөрийгөө тийм сайн дуучин гэж боддоггүй. Харин дуугаа чин сэтгэлээсээ хүнд хүргэх гэж боддог. Өнөөдөр хуриман дээр дуулахад, 100 хүний 50 нь дахиж дуулуулах сэтгэлгээ үлдээхийг бодож дуулдаг. Бурхан багшийн сургаал байдаг шүү дээ. Хэн нэгнийг гутаан доромжлох таны хийх ажил биш, таны хийх ажил бол аз жаргалыг өөрөө тэмцэж ол. Олсон тэр аз жаргалаа бусдад түгээж амьдар... гэдэг дээ. Яг л тэр зарчмаар л би амьдарч явна.
-“Адуун зүсмийн уул” дуу хэрхэн бүтэж байв?
-Энэ дууг нэлээд удаан бодож байж бүтээсэн дуу. Миний аав, ээж Говь-Алтайн Хөхморьтын хүмүүс. Хөхморьт уг нь Завханы сум байсан. Хөхморьт дундаа Завхан голын багийн хүмүүс л дээ. Сүүлд Хөхморьт сум Говь-Алтайн харьяанд очиход манайх Алдархаан сумруу орсон юм билээ. Би бол Алдархаанд төрсөн. Аав, ээжийнхээ нутаг Хөхморьт ууланд зориулж бүтээсэн дуу. Энэ дууг маань одоо Хөхморьтынхон сүлд дуугаа болгочихсон байна билээ.
...Зуларч хаашаа ч явахгүй
Зул уул юм гэнэ лээ
Торохгүй их элсэнээс
Томогдсон уул юм гэнэ лээ... гэсэн үгтэй.
-Олон сайхан дууг ард түмэнд хүргэж, олон жил дууллаа. Одоо харин та залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллаж байгаа. Энэ тухайгаа яривал?
-Миний дэргэд дуучин Борхүүгийн Батболд байж байгаад гараад явлаа. Миний дуулж байсан “Би Монгол эр хүн” дууг дуулсан. Баяр-Эрдэнэ маань “Хонгор жаахан чи минь” дууг маань дуулж байна. СУИС-йн гурван охин мөн хамтарч ажиллаж байгаа. УГЖ Усны-Эхийн Далантай байнга хамтарч ажилладаг. Өвөрхангайн Машбат гэж залуу миний дуунуудыг дуулж байна. Би зах зээлийн хамгийн том зарчим бол тоолж авдаг мөнгө биш юм байна гэдгийг ойлгосон. Хүн олж авах л хэрэгтэй юм байна гэж боддог. Олон сайхан залуучуудтай өдөржин яриад, бодол санаагаа хуваалцаж байна. Чаддаг мэддэгээ хуваалцаад олон сайхан дуучин араасаа гаргаж ирэх юмсан гэж хичээж явна.
-“Тэс мөрөн ээж” гэж дуу бий. Мөн аялгуу нь таных шүү дээ...
- Тэр дууны түүхийг ярих би дуртай. Арай л гавьяат болоогүй байсан үе л дээ. Тухайн үед өнгөт телевиз айлууд авч тавьж байлаа. Би ч бас өнгөт телевизтэй болмоор санагдаад яруу найрагч Батсайханаас 300 000 төгрөг зээлчихсэн. Дахилтгүй гурван бадаг шүлэг бас надад өгчихсөн, өдөр болгон манайхруу утсаар залгана. Би мөнгөө нэхэх нь дээ гэж айгаад утсаа авахгүй. Нэг удаа залгахаар нь авлаа. Тэгсэн чинь нөгөө дуу юу болсон бэ гэж байна. Ая хийчихсэн гэсэн чинь, өө очиж үзье гэж байна. Би тэрүүхэн хооронд
...Тэнгэр газраас ивэлсэн сүү
Тэс мөрөн ээжий
Энгэр газраас ивэлсэн сүү
Урсаад л урсаад л урсаад байнаа... гэдэг дахилтны аяыг хийчихээд аялж сонсголоо. Дахилтны үг байхгүй учраас үггүй ая хийчихсэн. Үг хэрэгтэй байна гэлээ. Ёстой сайхан дуу болсон байна. Тэр мөнгөө боломжтой үедээ өгчихгүй юү дээ. Албаны л мөнгө байгаа юм гэж байна. Би тухайн үед Батсайханыгаа аргалаад өнгөрлөө дөө гэж бодож байсан. Харин одоо хүн болгоны дуулах дуртай дуу болчихож. Ер нь чин сэтгэлээс гарсан юм бүхэн үнэн урт настай байдаг юм байна.
-Баярлалаа...
Ярилцсан Н.Болортунгалаг
Л.Ганзул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
nutgiin duuchin tanidaa amilt hvsie, hvndetgej yvdag shvv
amjilt
Завханы Батсүх ээ гэж. Олон сайхан хүнд хүрсэн бүтээлтэй. Амжилт.
zuv yavbal zuulun zuulu zambuulin gej.......duu shigee saikhan hun shuu tanid mongoliin ard tumen bugd hairtai
Gegeeleg bogood temuulel toruulsen engiin tolov saihan yarijee. Jiriin amxdral iim shuu dee. Getel humuus tsahim orchind bodit baidgaasaa oor, shiruun durtei bolchihdog bolson baina daa
saihan yarijee er n neleen burhanlag hun baihaa gej boddog shuu uran buteeld n amjilt
Saihan yariltslaga unshlaa.Hunii setgeliig zuulun ayalguu, namuuhan egshigeer myalaaj bdag saihan duuchindaa ulam IH amjilt, eruul enhiig husie