Харандаан чулууны урлан буюу Монголын байгалийн гайхамшигт тогтцууд

2017 оны 10 сарын 31

 

Манай орны зарим нутгаар, ялангуяа галт уул бүхий бүс нутгуудад таарах багцалсан харандаа мэт олон өнцөгтэй талст чулуун тогтоцууд орших нь хэн хүний анхаарлыг татна. Ийм чулуун тогтоцыг нутгийн хүмүүс “Харандаа хад”, “Харандаа чулуун” хэмээн нэрлэх нь түгээмэл.

Нэрт соён гэгээрүүлэгч О.Намнандорж Хөдөлмөр сонин (1962.4.6) болон “Газарзүйн гайхам сонин” бүтээлдээ (1969) Цонжийн чулуу, Тайширийн Хомбого толгойн ба Цагаан оломын гүүрний дэргэдэх зургаан талт хүрмэн багануудын талаар анхлан бичиж нийтэд танил болгосон билээ. Тэрээр дээрх газруудаас гадна Архангайн Урд Тамир гол, Дундговийн Лог, Сүүж, Баяны харнууд, Тас Товрууд, Сүхбаатарын Харгилтай зэрэг газруудад 4-6 талст бүхий хүрэм чулуу байх боловч Цонжийн чулуу шиг зөв зургаан талтай чулуу ховор хэмээн өгүүлсэн байдаг.

Сүүлийн үед гэрэл зураг, мэдээлэл харилцааны технологи хурдацтай хөгжиж байгаатай холбоотойгоор харандаа чулууны зураг нийтийн цахим сүлжээгээр болон гэрэл зургийн цомгуудад цөөнгүй нийтлэгдэн хэвлэгдэх болсон нь сайшаалтай юм.


МУБИС-ийн Спорт Аялал Жуулчлалын багш Д.БАТБОЛД

Миний бие “Монгол орны байгалийн гайхамшиг” хэмээх сэдэвчилсэн зурагт лавлахынхаа 1-р ботид Дорноговь аймгийн нутагт орших Цонжийн чулуу, Говь Алтай аймгийн нутагт орших Тайширын Хомбого толгойн харандаа чулууны талаар өгүүлсэн бол удахгүй хэвлэгдэх 2-р ботид Салхитын хясаа, Хүж хад зэрэг газруудын талаар өгүүлэхээр багагүй судалгаа хийсэн билээ. Үүний үр дүнд бидний харандаа чулуу хэмээн нэрлэж заншсан баганалаг хэсэгшилттэй базальт манай оронд тийм ч ховор биш болохыг нь олж мэдсэн юм.


Баганалаг хэсэгшилттэй базальтын сонирхол татах тогтоцууд манай орны доорх газруудад тархсан байна.

Үүнд:

1. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт орших Цонжийн чулуу

2. Говь Алтай аймгийн Тайшир сумын нутагт орших Завхан голын Хомбого толгой

3. Архангай аймгийн Жаргалант сумын нутагт орших Чулуут голын Салхитын хясаа

4. Архангай аймгийн Булган сумын нутагт орших Урд Тамирын гол

5. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт орших Бүрдний харандаа чулуу

6. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших Хүж хад

7. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших Эрдэнэ тээл

8. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших Гүнзгийт

9. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг Тэнгис голын Шивээ толгой

10. Булган аймгийн Орхон сумын нутаг Орхон голын хавцал

11. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Орхон голын Бага хүрхрээ орчим

12. Ховд аймгийн Булган сумын нутагт орших Олон булгийн агуй орчим

13. Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Арц Богдын өврийн толгод

ХҮРМЭН ЧУЛУУ НЬ АСАР ӨНДӨР ДАРАЛТАД ОРЖ, ЦАРЦАХДАА ТАЛСТ ХЭЛБЭРИЙН ТАЛТАЙ БАГАНА БОЛЖ ТОГТДОГ.


Дээр дурьдсан газруудаас гадна Дундговийн Лог, Сүүж, Баяны харнууд, Тас Товрууд, Сүхбаатарын Харгилтай зэрэг газруудад ийм тогтоц байдаг хэмээн О.Намнандорж, Ш.Шагдар нар бүтээлүүддээ дурьдсан байдаг ч тухайн газруудын зураг өнөөг хүртэл ном бүтээлд хэвлэгдээгүй байна. Мөн Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Яхын Баян ууланд ийм чулуу байдаг хэмээн нутгийн хүн надад хуучилж байсан.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших Бөхийн овоог босгохдоо баганалаг хэсэгшилттэй базальтыг ашигласан байгаа нь тус сумын нутагт ийм төрлийн чулуу байгааг харуулж байна. Энэ мэт газруудыг судлан баримтжуулах нь танин мэдэхүйн болоод аялал жуулчлалын маршрут төлөвлөлтөд ихээхэн чухал юм.


Дээр өгүүлсэн 20 орчим газарт орших баганалаг хэсэгшилттэй базальтын тогтоцуудаас хамгийн өргөн талбайд тархсан, хамгийн урт баганууд Салхитын хясаанд оршдог. Эндэхийн хамгийн өндөр баганууд нь 15-23 м хүрнэ. Харин хамгийн бүдүүн баганан тогтоцууд Говь- Алтай аймгийн Тайширийн хомбого толгойд оршино. Баганын диаметр 125-130 см хүрэх бол талстын өргөн нь 80 см хүрнэ.

Цонжийн чулууны баганууд нь ихэвчлэн 5-6 талтай зөв олон өнцөг хэлбэртэй байдгаараа бусад ижил тогтоцтой газруудаас ялгардаг онцлогтой. Байгалийн энэхүү тогтоцыг олон улсад “Hexagonal rock буюу зургаан талт чулуу” гэж нэрлэдэг боловч таван талтай Pentagon, долоон талтай Heptogen тааралдах нь элбэг. Мөн дөрвөн тэгш, ромбо, трапец хэлбэрийн дөрвөн өнцөгт баганууд түгээмэл юм. Ийм чулуунууд нь багцалсан харандаа, хүж, ургаж буй чулуу мэт, эсвэл зориуд зоосон шон мэт харагдана.


Базальт бол бялхмал магмын чулуулаг дотроо хамгийн түгээмэл тохиолддог. Хүрмэн чулуу буюу магма хайлмаг үедээ асар өндөр даралтад орж, царцахдаа талст хэлбэрийн талтай багана болж тогтдог байна. Ингэж баганалаг хэсэгшилтэд орсон базальт нь энгийн хүрмэн чулууг бодвол нүх сүв багатай, хүнд, нягт байдаг. Гол төлөв хар саарал, хар хүрэн өнгөтэй байна. Манай оронд тархсан баганалаг хэсэгшилттэй базальтууд нь ихэвчлэн Кайнозойн үеийн галт уулын базальт юм.

"Зиндаа" сэтгүүл №2 /502/, 2017-01 сар


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цогхүү(66.181.184.65) 2020 оны 07 сарын 17

Хэнтий аймгийн нутагт, баруун хойд талдаа Минж голын зүүн эрэгт Цонжийн чулуу уул гэх газар байгаа. Тэрнийг энэ уагсаалтанд нэмбэл бүрэн болох аж.

1  |  0
Мижиддорж(66.181.160.76) 2017 оны 10 сарын 31

Сайн байна уу Монгол орны байгалын гайхамшиг номыг хаанаас олж болох вэ Би хөдөө орон нутагт амьдардаг

0  |  0
Мижиддорж(66.181.160.76) 2017 оны 10 сарын 31

Сайн байна уу Монгол орны байгалын гайхамшиг номыг хаанаас олж болох вэ Би хөдөө орон нутагт амьдардаг

0  |  0
Top