С.Далийг 28 удаа үсрэх үед туслахууд нь муур шидэж, ус цацаж байлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 01

Алдарт Сальвадор Дали муурнуудтай хамт үсэрч буй энэ зураг бол бүх үеийн хамгийн алдартай гэрэл зургуудын нэг билээ. Гэхдээ зургийн талаар өгүүлэхээсээ өмнө зургийг авсан, хийсвэрлэл буюу сюрреализмыг гэрэл зурагт анхлан оруулж ирсэн гавьяатай эрхмийг дурсах хэрэгтэй болов уу.

Филипп Халсман 1906 онд Латвийн нийслэл Рига хотод еврей гэр бүлд мэндэлжээ. “Еврей гэр бүл ядуу байдаггүй” гэдэг үг бий. Мордух Халсманых ч мөн багагүй хөрөнгө чинээтэй айл байжээ. Дэлхийн хамгийн алдартай гэрэл зурагчны нэг болж, сэтгүүлийн гэрэл зурагчдын дэлхийн холбоог тэргүүлэх заяатай төрсөн тэрбээр 15 настайдаа анхныхаа гэрэл зургийг авч байсан гэдэг. 1928 онд Альпийн нуруунд аялж явах үед золгүй тохиолдлоор эцэг нь өндрөөс унаж нас эцэслэв. Харамсалтай нь Шүүх Филиппт эцгээ хөнөөсөн гэж буруутган 10 жилийн ял оноосон юм. Энэ үед түүнийг олон алдартнууд өмгөөлж байсан бөгөөд тэдний дунд Альберт Эйнштейн, Томас Манн нар байсан гэдэг. Шоронд хоёр жил хоригдсоныхоо дараа тэрбээр таагүй дурсамжаа мартахыг хүсэн Австрийг үүрд орхисон билээ. Парижид алдарт Vogue сэтгүүлд зурагчнаар ажиллан алдартнуудын хөргийг авхын зэрэгцээ тэдэнтэй зэгсэн танил болж амждаг байв. Тэрбээр энэ үед Андре МальроПоль Валери, Жан Пенлев, Марк Шагал, Андре Жида, Жана Жиродуа, Ле Корбюзье нарын зургийг авчээ.Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд тэрбээр амь насаа аюулд оруулахгүйн тулд Нью Йорк хотноо нүүж очсон бөгөөд энд дээрх алдарт гэрэл зурганд мөнхөрсөн Сальвадор Далитай танилцсан юм.Тэд амьдралынхаа сүүлч хүртлээ нөхөрлөсөн гэдэг. “Үсрэлт” хэмээн нэршсэн цуврал хөрөг зургуудыг авах санаа гаргасныхаа  дараа хамгийн анхныхыг нь С.Дали дээр турших болсон нь ч ийм учиртай юм.

Зураг, сандал ширээг тэгш бус хэмтэйгээр дүүжилж, тусгайлан бэлтгэсэн тасалгаанд хэд, хэдэн туслагчийн хамт С.Дали 28 удаа үсэрсэн гэдэг. Үсрэх үед нь туслахууд муур шидэж, хувинтай ус цацаж байв. Зургаан цагийн турш уйгагүй оролдсоны эцэст та бүхний харж буй гайхалтай бүтээл бий болжээ. Энэ бол тухайн цаг үедээ үнэхээр сонин шийдэл мөн байсан тул зарим нэг алдартнууд ч “Үсрэлт”-ээс хичээллэхээсээ татгалздаггүй байжээ. Филипп үүнийгээ цаашид улам баяжуулж амьдрал дээр байхгүй хийсвэрлэлийг гэрэл зурагтай хослуулан гайхалтай бүтээл болгох ажлаа хийсээр байлаа. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрбээр Life сэтгүүлд ажилласан бөгөөд  Бриджит Бардо, Анри Матисса, Анна Маньяни, Софи ЛоренМэрилин Монро, УинстонаЧерчилль, Джона Кеннеди нарын хөргийг гайхалтай уран сэтгэмжтэйгээр авчээ.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top