Манай сурвалжлах групп эмэгтэйчүүдийн их эмчийн нэг өдрийн ажил хэрхэн өнгөрдөг талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв поликлиникийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Н.Анхмааг сонгон түүний ажлын онцлогтой танилцсан юм.
Баянзүрх дүүргийн хувьд хүн ам ихтэй 90 гаруй мянган нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд амьдардаг. Анхмаа эмч дүүргийнхээ 10, 23, 28-р хороонд харъяалагдах жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлгийн их эмч Н.Анхмаа нь эх барих эмэгтэйчүүдийн эмчээр тав дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр өглөө 08 цаг 30 минутаас орой 17 цаг хүртэл үзлэгтэй байдаг гэлээ. Яг өнөөдрийн байдлаар 10, 23, 28-р хорооны нийт 501 жирэмсэн эмэгтэй хяналтад байгаа гэдгийг тэрбээр хэлж байв. Биднийг 10 цагийн орчимд очиход Н.Анхмаа эмч үзлэг ихтэй, өглөөнөөс хойш нийт 12 дахь үйлчлүүлэгчээ үзэж байлаа.
Эрүүл мэндийн төв поликлиник нь даваа болон пүрэв баасан гаригт үзлэгийн цаг өгдөг юм байна. Эмч нэг үйлчүүлэгчийг 15 минутаар тооцож үзвэл өдөрт 32 жирэмсэнг үзэх нормтой боловч яаралтай үзлэг хийх шаардлагатай үйлчлүүлэгчид их ирдэг учир нэмэлт цаг заавал гаргадаг гэж байв. Тиймээс өдөрт дунджаар 45-55 жирэмсэн эмэгтэйг үзэх тохиолдол олон аж.
Н.Анхмаа эмчээс зарим зүйлийг тодрууллаа.
- Өнөөдөр ажлын ачаалал хэр байна вэ?
- Баянзүрх дүүргийн хэмжээнд хүн ам шигүү суурьшсан. 320 гаруй мянган хүн амтайгаас 90 гаруй мянга нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, 6000 орчим жирэмсэн байдаг. Үүнд ердөө л 12 эх барих эмэгтэйчүүдийн эмч үйлчилж байна. Нэг эмчид ногдох хүний тоо харьцангуй их учраас ажлын ачаалал ихтэй. Миний 1 сарын үзлэгт 500-650 орчим жирэмсэн эмэгтэй үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг. Эрүүл мэндийн тусламж хүссэн эмэгтэйчүүд бүрт хүрч ажиллахыг эрмэлздэг боловч, их ачааллаас хамаараад тэр болгон санаснаар болдоггүй.
-Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тэмбүү өвчлөл ихсэж байгаа талаар их ярих болсон. Танай дүүргийн хувьд өвчлөл хэр байна вэ?
-Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тэмбүү өвчний өвчлөл ихсэж байгаа нь үнэн. Тэмбүүгийн өвчлөл миний хяналтанд байгаа нийт жирэмсэн эмэгтэйн 25 орчим хувийг эзэлж байна. Тэмбүүгийн халдвартай жирэмсэн эмэгтэй жирэмсний хяналтандаа эрт орж, хамрагдах ёстой. Шинжилгээндээ хамрагдаагүй тохиолдолд төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд төрөх тохиолдол цөөнгүй байна. Халдвар авсан эмэгтэй эмчилгээ хийлгээгүй жирэмсэлсэн тохиолдолд тэмбүүгийн халдвар эхээс урагт дамжих магадлал 60-70% байна. Төрсөн хүүхдийн 35-45 хувиар төрөлхийн тэмбүү өвчтэй төрөх өндөр эрсдэлтэй. Тэмбүүгээс гадна бусад БЗДХӨ болон хавсарсан эмгэг буюу, бөөрний эмгэг, хоол боловсруулах тогтолцооны зүрх судасны эмгэг элбэг тохиолддог. Мөн нянгийн гаралтай үтрээний үрэвсэл ч их бий.
-Төрөлхийн тэмбүүгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтад эрт орж, тэмбүү өвчнийг илрүүлэх шинжилгээнд хамрагдах ёстой. Тэмбүү өвчин илэрсэн тохиолдолд эмчийн хяналтад хугацаа алдахгүй үзүүлж шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй бүрэн хийлгэх нь нэн чухал. Мөн бэлгийн хавьтагчийг хамтад нь эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай.
-Урагт үзүүлж болох сөрөг нөлөө нь юу вэ?
-Зулбах, дутуу төрөх, бага жинтэй төрөх, эх дотроо ургийн өсөлтийн саатал болох, амьгүй төрөх зэрэг эрсдлийг дагуулдаг.
-Жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналт хэвийн явагдахад ямар бэрхшээл тулгарч байна бэ?
-Манайд тулгардаг бэрхшээл нь жирэмсний эхний гурван сардаа хяналтад ордоггүй тохиолдол цөөнгүй хувийг эзлэж байна. Эхний гурван сард багтааж хяналтад нь оруулахын тулд бид өрхийн эрүүл мэндийн төвүүдтэйгээ хамтарч ажилладаг. Гэвч хожуу хяналтад орох явдал багасахгүй л байна. Үүнд шилжилт хөдөлгөөн хамгийн их нөлөөлдөг. Жирэмсэн боллоо гэхэд хаана очиж, хэнд хандахаа мэдэхгүйгээсээ эрт үеийн илрүүлэг, шинжилгээнээс хоцрох тохиолдол цөөнгүй бий.
-Тэгвэл эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад юу хийх шаардлагатай байна вэ?
-Нэгдүгээрт, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах. Хоёрдугаарт нэг эмч өдөрт хэдэн үйлчлүүлэгч үзэх вэ гэдэг стандартыг тогтоох. Үүнтэй холбогдуулан хүн амд тохирсон хүний нөөцийг бэлдэж, шаардлагатай орон тоогоор хангаж ажиллах, мөн шинээр эмнэлгүүд барих зэрэг шаардлагууд тулгарч байна. Эмч нарын ажлын ачааллыг зөв зохицуулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ хурдан шуурхай хүрэх болно.
-Утааны улирал эхэллээ. Жирэмсэн эмэгтэйчүүдэд утаа хамгийн том асуудал нь болдог?
-Тийм ээ. Жирэмсэн эхчүүдэд агаарын бохирдол сөргөөр нөлөөлдөг гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Энэ үед амны хаалт заавал зүүж байх шаардлагатай. Эх доторх ургийн бүтэлт үүсэхэд нөлөөх зүйл нь агаарын бохирдол.
-Танай хорооны иргэдийн амьжиргааны түвшин хэр вэ?
-Дунджаас доогуур. Автобусны мөнгөгүйн улмаас жирэмсэн эхчүүд хяналтдаа орж чадахгүй байх тохиолдол ч бий. Энэ тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийн эмч сувилагч нар унааны мөнгийг нь өөрсдөөсөө гаргаж, авчирч үзүүлдэг. Ийм шалтгаанаас хамаараад өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч мэргэжилтнүүдэд хэвийн ажиллагаагаа явуулахад бэрхшээл тулгардаг. Мөн зарим нь үндсэн хаяг дээрээ байхгүй хаягийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой тохиолдол гарна. Яг тухайн хаягаар нь хайгаад очихоор тэндээ амьдардаггүй, эсвэл анх тэмдэглүүлсэн утас нь холбогдохгүй, өөр хүний дугаар өгчихсөн ч байх зэрэг хүндрэлүүд цөөнгүй гардаг.
-Жилд дунджаар 2500-3000 орчим өсвөр насны охид ээж болдог гэх судалгаа бий. Танай дүүргийн хувьд өсвөр насны охид хэр жирэмсэлдэг вэ?
-Сүүлийн үед өсвөр насны охидын жирэмслэлт ихсэх хандлагатай байна. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаа хомс байдагтай мөн нөгөө талаар эцэг эхчүүд үр хүүхдэдээ анхаарал тавих, цаг зав гаргаж ярилцдаггүйтэй холбоотой болов уу? Иймд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад бэлгийн боловсролын талаар сургалт хийх нь нэн чухал байна. Миний хяналтад сард дунджаар 1-2 өсвөр насны охид жирэмсний хяналтад орж байна.
-Эх барих эмэгтэйчүүдийн эмч нар ачаалал ихтэй ажилладаг юм байна. Сард хэдэн төгрөгний цалин авдаг бэ?
Эмч нарын ажлын ачаалал, хариуцлага өндөр боловч цалин бага гэдгийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Эмэгтэйчүүдийн эмч нар ажилласан жил шатлалаасаа хамаараад сард дунджаар 500-650 мянган төгрөгийн цалин авдаг. Ихэнх нь зээлтэй. Цалингаа аваад зээлээ төлөөд л үлдснээр нь амьдралаа залгуулдаг даа.
-Жирэмсэн эмэгтэйчүүдэд хандаж юу хэлэх вэ?
-Хэрэв жирэмслэхээр төлөвлөсөн бол харъяа эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж шаардлагатай шинжилгээг хийлгэж тухайн эмэгтэй өөрийн эрүүл мэнд жирэмслэхэд бэлэн байгаа эсэхийг тодруулж, архаг өвчин хавсарсан эмгэг байна уу гэдгээ эрт оношлуулж, шаардлагатай тохиолдолд эмчлүүлсний дараа жирэмслэх нь зүйтэй. Эрүүл эхээс, эрүүл хүүхэд төрнө шүү дээ. Мөн жирэмсний хяналтдаа эрт хамрагдах нь гарч болох эрсдлээс сэргийлж, жирэмсний товлолт хугацаанд тохирсон зөвлөгөөг хугацаа алдахгүй авч жирэмсэн эмэгтэйд сургалтад хамрагдаж, эх болон ургийн эрүүл мэндийн байдалийн талаар байнгийн мэдээлэлтэй байна. Мөн жирэмслэхээр төлөвлөж байгаа бол фолийн хүчлийг жирэмслэхээс 3 сарын өмнө урьдчилан сэргийлэх тунгаар уух нь ургийн гажигаас сэргийлнэ. Мөн хүйтний улиралд ханиад, томуугийн өвчлөл ихэсдэг учраас жирэмсэн эмэгтэйчүүд маань аль болох олон нийтийн газраар явахгүй байх, шаардлагатай тохиолдолд амны хаалт хэрэглэж заншаарай гэж зөвлөе.
Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 10 )
Өөрийнхөөрөө бусдыг битгий дүгнэ. Чамд энэ асуудал биш байж болно Ийм амьдралтай хүн олон бдаг юм. Төрөхөд хүртэл солих юмгүй өрөвдөлтэй бүсгүйг харахад хэцүү юм билээ. Боломжгүй болоод нүдээ бүлтэгнүүлээд сууж бгаа шүү дээ. Бусдын зовлонг ойлгох сэтгэлгүй бол илүү хошуулж зааж сургах хэрэггүй. Эхлээд хүнийг өрөвдөж хайрлаж сур. Цэцэрхээд бгаа хүмүүс
Нөхөн үржих биш өсөн үржих гэж ярих ёстой шүү.Үржих гэдэг олшрохын нэр болохоос хэвэндээ. байхын нэр биш. Монгол хэлээрээ зөв ярьж бичиж байхыг хүсьё
Яана даа яана. Өдөржингөө бусдын тэмбүүтэй өвчтөнтэй зууралдаад авч байгаа цалинг нь.
Bitgii tenegt hyanaltand oruulah geed bid mungu uguh uu. Ene emch guai ch teneg yum yarij baina. Chadahgui bol buu jiremsel za
Bus mongo bhgu bol jiremsleed yah ym be huuhdee garhaar tgd yaj tejeeh ym. Hunii erh gej oilgoj bgaach iim tohioldold huuhed gargah hereggu gej bodoj bn . 1 hunii erhiig hangahiin toloo nogoo huneer zolios gargah shaardlaggu
Арай дэндэнээ Тэгээд одоо яалгах гээд байгаа юм бэ
За яршиг даа. Хүнээсээ л шалтгаална шүү дээ. Автобусны мөнгөгүй гээд гээд үзүүлэхгүй байна гэдэг чинь ухамсар дорой байгаагийн шинж.