Б.Баатарсүх: Томуугийн эсрэг вакцин хийлгэснээр ханиаднаас бүрэн сэргийлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 13

Нийслэлийн эрүүл газрын тандалт судалгааны албаны дарга Б.Баатарсүхтэй ярилцлаа.

-Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай болдог. Амьсгалын замын халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Хүйтний улирал эхлэхээр томуу, томуу төст өвчний  тархалт нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал тэр хэрээр ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн эрүүл мэндийн газраас бэлтгэл ажлыг маш сайн хангаж ажиллаж байгаа. Нийслэлийн Засаг даргын А577 захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд байгаа эрүүл мэндийн байгууллагаас гадна хүүхдийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ялангуяа томуу, томуу төст өвчний үед  эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах нарийн төлөвлөлтийг сар, долоо хоногоор нь гаргасан. Тухайлбал, эрсдэлт бүлгийн хүн ам, 0-5 насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг суурь өвчтэй болон өндөр настай хүмүүс амьсгалын замын халдварт өвчинд хамгийн их өртөмтгий байдаг. Үүнтэй холбогдуулан судалгаа гаргаж, тухайн иргэдэд ямар нэгэн архаг өвчин байвал тохирсон эмчилгээ, сувилгаанд нь хамруулах зэрэг арга хэмжээг авч эхэлсэн. Түүнчлэн өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвүүд томуу, томуу төст өвчний үед хэрхэн ажиллах талаар төлөвлөгөөндөө тодорхой тусгаж өгсөн. Энэ дагуу арга хэмжээ авч ажиллаж байна.

-Амьсгалын замын халдварт өвчний тархалт нэмэгдэх тусам эмнэлгүүдийн орны хүрэлцээ эрс багасдаг. Хүүхдийн орны тоог нэмэгдүүлэх, ачааллыг бууруулах тал дээр хэр анхаарсан бэ?

-Энэ тал дээр тодорхой хүрээний ажил дүүргүүдэд хийсэн. Тухайлбал, энэ онд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа Ахмадын болон Хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад орсон. Тус эмнэлэгт 60 ор нэмсэн байгаа. Мөн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн дэргэд хүүхдийн 100 ортой эмнэлэг  энэ онд шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Налайх дүүрэгт хүүхдийн 30-50 ортой тасгийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хийж байгаа. Ерөнхийдөө гурван дүүрэгт хүүхдийн орыг нэмэлтээр болон шинээр нэмж байрлуулах ажил явагдаж байна. Үүнээс гадна ханиад томуугийн өвчлөл ихсэх үед эмнэлгүүд зай талбайгаа ашиглан, нэмэлтээр хүүхдийн ор байрлуулах  төлөвлөлтийг хийж байгаа. Мөн насанд хүрэгчдийн орыг хүүхдийн ор болгон шилжүүлэх бэлтгэл ажлыг ч хийж байгаа юм. Ялангуяа Сонгино-хайрхан дүүргийн эмнэлэгт  томуугийн дэгдэлт ихсэх үед ачаалал нэмэгдэх асуудал байнга тулгардаг. Үүнтэй холбоотойгоор тус  дүүргийн эмнэлэгт 40-50 орыг нэмэлтээр байрлуулдаг. Энэ мэт бэлтгэл ажлууд бүрэн хангагдаж байгаа.

-Энэ жилийн хувьд хийгдэж байгаа шинэлэг ажил гэвэл?

-Эмч ажилчдынхаа хүний нөөцийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Ингэснээр хүүхдэд хүрэх тусламж, үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэнэ. АШУҮИС-ийн оюутнуудыг томуугийн дэлгэлтийн үед хүн хүч шаардлагатай өрхийн эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагад гэрээгээр ажиллуулдаг. Энэ талаарх судалгааг хийж, хүний нөөцөд анхаарлаа хандуулж байна. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсролд ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Томуугийн өвчлөл зөвхөн Монголд биш дэлхийн хэмжээнд яригддаг асуудал.  Өвчний дэгдэлтийн үед эрсдэлтэй бүлэгт зориулсан  урьдчилан сэргийлэах зөвлөмж, эмчилгээний энгийн аргуудын талаар чухал хэрэгцээтэй мэдээллүүдийг хүргэх шаардлагатай болдог. Энэ хүрээнд ч эрүүл мэндийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зохих мэдээллийг өгч байгаа. Тухайлбал, эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ дархлааг дэмжиж, амин дэм ихтэй хоол хүнс хэрэглэх, дулаан хувцаслах зайлшгүй шаардлагатай болох талаар тогтмол зөвлөдөг. Мөн амьсгалын замын өвчний дэгдэлтийн үед амны хаалтыг өдөр тутамдаа хэрэглэж хэвшүүлэх хэрэгтэй. Энэ нь өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

-Томуугийн дэгдэлт хэддүгээр сард хамгийн их байдаг вэ?

-Жил бүрийн 12, 1, 2 дугаар сард томуугийн дэгдэлт ихэсдэг. Намрын эхэн сар буюу 9, 10, 11 дүгээр сард томуугийн вирүсээс гадна томуу төстэй амьсгалын замын цочмог халдварыг үүсгэдэг вирүс зонхилдог. Тиймээс энэ чиглэлийн мэдээллийг иргэдэд байнга өгч, томуугийн эсрэг дархлаажуулалтад эрсдэлт бүлгийг хамруулж байна.

-Вакцинд хамруулалтын ажил хэдэн хувьтай байна?

-Улсаас тодорхой хэмжээний төсөв хөрөнгө гаргаад вакцин худалдаж авдаг. Энэ жилийн хувьд 10-12 сарын хооронд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Вакцинжуулалтад хамрагдсанаар тухайн хүн томуугаар өвчлөхгүй байх бүрэн боломжтой. Тиймээс сайн дурын дархлаажуулалтын вакцинд хамрагдах нь тун чухал ач холбогдолтой гэдгийг иргэд, олон нийтэд ойлгуулах тал дээр анхаарч байна. Жил бүр ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетаар хүмүүс вакцинаа хийлгэдэг. НЭМГ-аас агаарын бохирдол ихтэй гэр хорооллын бүсэд байрладаг, томуугаар өвдөж болзошгүй эрсдэлт бүлгийн буюу цэцэрлэгийн насны хүүхдүүдийг сонгон вакцины тарилгыг хийж байгаа. Мөн томуугийн өвчлөлд өртөх магадлалтай хүмүүс бол эрүүл мэндийн байгууллагын ажилчид байдаг. Тиймээс эрүүл мэндийн байгууллагын ажилчид болон Онцгой байдлын газар, цагдаагийн алба хаагчдыг вакцинд хамруулж байгаа. Үүнээс гадна хувь хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч сайн дурын дархлаажуулалтад хамрагдах нь хамгийн чухал юм.

-Вакцины хүрэлцээ хэр байгаа вэ?

-Нэгдсэн эмнэлгүүдийн хувьд амьсгалын замын халдварт өвчлөл нэмэгдэхээс   өмнө эм тарианы нөөцөө бэлдэх нь чухал байдаг. Мөн ханиад томуутай гардан тэмцэж байгаа эмч сувилагчийнхаа мэргэжлийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ чиглэлээр эмч ажилчид болон хүүхдийн байгууллагын эмч нарыг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулсан. Тухайлбал, 300 гаруй байгууллагын хүүхдийн эмч нарт энэ төрлийн сургалтыг хийлээ. Томуугийн эсрэг вакциныг Интермэд, Сосмедиа, Баянгол, Сонгодо, ХӨСҮТ зэрэг эмнэлгүүдэд хийж байгаа. Вакцины хувьд сайн дурынх болохоор тодорхой хэмжээний төлбөртэй.

-Ханиад томуугаар өвдсөн тохиолдолд эцэг эхчүүд дур мэдэн эмчилгээ хийх нь бий. Энэ нь ихээхэн сөрөг үр дагавартай гэдгийг эмч мэргэжилтнүүд сануулж байсан?

-Тийм ээ. Ханиад томуу хүрсэн үедээ эмчид хандахгүй, дур мэдэн антибиотик хэрэглэх, улмаар өвчин хүндэрсэн хойноо эмнэлэгт хандах тохиолдол цөөнгүй гарч байна. Вирүсээр өвчилж, давхар бактерийн халдвар авсан тохиолдолд антибиотик хэрэглэх шаардлагатай байдаг. Харин бусад тохиолдолд эмчийн зөвлөсөн жорын дагуу ханиад томууг эмчлэх боломжтой. Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвийн эмчдээ үзүүлж, зааврын дагуу эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй юм. Мөн өвдсөн тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх, ажил болон хичээл сургуулиасаа чөлөө авч гэрийн нөхцөлд өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Ингэснээр бусдад өвчнөө тараахгүй байх чухал ач холбогдолтой юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top