Г.Жигжидсүрэн: Би ер нь киноныхоо дууны шүлгийг хүнээр бичүүлэх дургүй

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 15

“Зохиогчийг нь урьж байна” цуврал үргэлжилж байна. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Зундуйн Хангалын хөгжим “Суварган цэнхэр уулс” киноны дууг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Энэ дуу бол үе үеийн хүмүүсийн сэтгэлд хоногшсон сайхан дуу. Тус дууны шүлгийг зохиосон Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнтэй уулзуулж байна. Тэрбээр Монгол түмний сэтгэлд хоногшсон дэлгэцийн олон бүтээл найруулсаны дээр найруулсан киноныхоо дууны шүлгийг зохиосон хүн юм.

 

-Монголын хөгжмийн урлагийн тод төлөөлөл болж байсан эрхэм хүнтэй та гар ганзага нийлж явжээ. Суварган цэнхэр уулс киноны дууны түүхээс хуваалцна уу?

- Монгол улсын Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Зундуйн Хангал бол Монголын хөгжмийн урлагт хувьсгал хийсэн том уран бүтээлч байсан гэдэгтэй хэн ч маргахгүй гэж бодож байна. Би бол яруу найрагч биш, шүлэгч биш, харин өөрийхөө хэдэн киноны дууны шүлгийг бичсэн. “Анхны алхам” киноноос эхэлсэн л дээ. Уран бүтээлийн хувь тохиолоор Хангалтай гар нийлж ажилласан юм. “Суварган цэнхэр уул” бол бидний анх хамтарч ажилласан кино. Хангал тэр үед хоёр сайхан дуу зохиосны нэг нь энэ “Хунгийн дуу”. “Суварган цэнхэр” уул киноны зургийг хоёр жил дараалж авсан юм. Эхний жил зураг авалт Халх голд үргэлжилж байтал гэнэтхэн цас орчихсон. Хээрийн зураг натурын зураг гуравны хоёртоо орж байсан үе л дээ. Тэр амьсгалаар гарч ирсэн шүлэг. Тухайн үед бид залуу байж цасаар байлдаад л... их сайхан байсан. Тэгээд л...

Буцах хунгийн дуунаар сэрсэн

Буурал намрын цагаан шөнө

Анхны цасны ширхэгт шингээд

Сормуусан дээр чинь хайлах дөхсөн

Хунгийн дуу... гээд Халх голын эргэн тойрны амьсгал, бидний юу ч бодолгүй цасаар шидэлцэж байсан залуу насны дундаас төрсөн дуу. Ер нь шүлэг тэгж төрдөг байх. “Хунгийн дуу”-г манай тухайн үеийн үнэхээр сайхан дуучин Нандинцэцэг дуулсан. Би ер нь киноныхоо дууны шүлгийг хүнээр бичүүлэх дургүй. Яагаад ч юм бэ, дутуу юм шиг санагдаад байдаг юм.

-Хоёр дахь нь ямар дуу юм бол?

- “Энхийн нар” гэж дуу бий. Их гоё дуу. Суварган цэнхэр уул кинон дээр Ерэн баатарын хөшөөний дэргэд Халх голын ахмад дайчидтай залуу хилчид уулзаж байгаа хэсэг бий. Дунд нь жүжигчин Батцэцэгийгээ оруулаад авсан хэсэг. Тэр бол баримтат кадр юм. Тэр хэсэгт зориулж хийсэн дуу. Ардын жүжигчин Уртнасан хачин сайхан дуулсан. Олон түмэнд нэг их хүрээгүй. Их хүнд форумтой дуу л даа.

Дархан уулаа дайсанд өгөлгүй

Дайчин хилчид манаж байсан юм

Цэлмэг тэнгэр өлгий нутгаа

Цээжин дотроо багтааж явсан юм... гэсэн үгтэй. Тийм хоёр сайхан дуу бид хоёр хамт бүтээсэн. “Энхийн нар” дууны шүлэг сонин л доо. Миний “Суварган цэнхэр уул” киноны цэргийн зөвлөхөөр БНМАУ-ын баатар, хурандаа Чогдон гуай ажиллаж байсан юм. Домогт хилчин, 1945 оны Токиогийн олон улсын хуралд Монголоо төлөөлж гэрчээр оролцож байсан хүн шүү дээ. Чогдон хурандаа нэг өдөр намайг дуудаад, чамд би хил үзүүлье, гэлээ. Хил дээр өмнө нь олон очсон л доо. Гэхдээ Чогдон гуайг хэлэхээр сонирхоод Хулд уулруу явлаа. Бидний нэрлэсэнээр бол Дархан уул юм. Тэнд очоод,  Чогдон гуай дайны үед болсон үйл явдлыг ярьсан юм. Хулд уулыг гурван удаа Японд алдаад, гурван удаа манайх буцааж авч байж. Тэнд Японы цэргийн анги байрлаж байсан байгаа юм. Чогдон гуай элсэнд гараа шургуулаад шүдэнзний хайрцаг шиг хар хөх өнгөтэй зүйл гаргаж ирээд задлахад дарь гарч ирж байсан. Түүнийг шатаахад асаж байх юм. Яг тэр үед би “Энхийн нар” дууны шүлгийг зохиож, Чогдон гуайд зориулав гээд гарын үсгээ зурж өгсөн л дөө. Тийм түүхтэй дуу.


-“Суварган цэнхэр уулс” киноноос гурван ч дуу төржээ дээ. “Сартай шөнийн өнгө” чинь тэр үед төрсөн дуу гэдэггүй билүү?

-Тийм л дээ.  Нэг өглөө босоод иртэл Батцэцэгийн нүдэн дээр шумуул хазчихаж. Тэгээд зураг авалт хойшилчихож байгаа юм. Тэгээд Батцэцэг шоглож зохиосон дуу юм.  Хөгжмийг зохиолч Эрдэнэ-Очир гитараа бариад хоёул хээр очиж дэмий ярьж суухдаа аялгууг нь зохиогоод шог үг тааруулсан байсан л даа. Үгийг нь сайн санахгүй байна. Халхын голоос дугтуй дүүрэн шумуул илгээлээ... гэсэн маягийн үгтэй байсан санагдана. Дараа нь үгээ солиод дуулуулсан. Сүүлд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхан дуулаад олонд хүргэсэн. Бүрнээбаяр их сайхан дуулсан байдаг даа.

-Төрийн шагналт хөгжмийн зохиолч Мөрдорж гуайтай хэд хэдэн уран бүтээл хамтарч дээр ажиллажээ. “Анхны алхам” киноныхоо хөгжмийг хэрхэн бичүүлж байв?

-Мөрдорж гуай, миний аав хоёр шагайн харвааны нэг багийн хүмүүс байсан юм. Мөрдорж гуай шагайн маш сайн харваач байж. “Анхны алхам” киног хийж байх үеэр Мөрдорж гуайгаар хөгжмийг нь бичүүлэх юмсан гэж бодоод байлаа. Гэхдээ өөрт нь хэлж зүрхэлдэггүй. Дөнгөж дипломын оюутан хорин тав, зургаатай л байсан. Тэгэхээр нь аавд хэллээ. Мөрдорж гуайгаар анхны киноныхоо хөгжмийг бичүүлмээр байна, та хэлээд өгөөч гэлээ. Тэгтэл аав, тэгье, тэгье би хэлээд өгье, гэж байна. Тэгээд Мөрдорж гуай дээр очиж уулзаж байлаа. Тэгж аав минь миний анхны хөгжмийн зохиолчийг олж өгч байсан юм шүү дээ. Мөрдорж гуай хачин энгийн сайхан хүн байлаа. Анхны алхам кинон дээр Болд, Мядаг хоёрын далд сэтгэлийг яаж илчилж үзэгчидэд хүргэх вэ гэж их бодсон. Тэгээд ер нь төгсгөл дээр нь дуугаар илэрхийлье гэж бодлоо. Зуны хэдэн сар зураг авалтанд явж байхдаа нэг шүлэг биччихэв. Намар нь ирээд материалаа үзүүлэхдээ Мөрдорж гуайд хэлсэн. Төгсгөлд нь дуу хэрэгтэй байна гэж. Тэгтэл, болно шүү дээ, үг чинь хаа байна, гэж байна. Байгаа гээд шүлгээ өглөө. Нэлээд хэд хоногийн дараа надруу өөрөө ярьж байна. Шүлгэнд чинь ая хийчихлээ, хүрээд ир, гэлээ. Хотын цагдаагийн газрын хойно хуучин хүүхдийн дэлгүүр гэж байсан даа. Тэрний дээр хоёрдугаар давхарт байсан юм. Тэгээд очлоо. Өөрөө солгой ч юм шиг хоолойгоор дуулж байна. Тэгсэнээ энэ шүлгийг нь хэн бичсэн юм бэ? гэж байна. Би жаахан санаа зовоод, өөрөө бичсэн гэж хэлсэнгүй. Нэг хүн бий, гэлээ.

Хорвоо ертөнц уудам гэдгийг

Хунгийн дэгдээхэй мэдсэнгүй

Хонгор чамтай учрана гэж

Хорьхон насандаа бодсонгүй... гэсэн бадаганд нь ая хийчихлээ шүү, зохиолч нь бусдыг нь мэднэ биз, гэж байна. Тэгээд л дахилт нь тэр болсон. Тэгээд дуулуулахаар боллоо. Би дуучин танихгүй. Мөрдорж гуайгаас асуусан чинь, Банзрагчаар дуулуулна, гээд л дуулуулсан. Банзрагч тухайн үед дөнгөж дуулж эхэлж байсан залуухан дуучин байлаа.

-Таны анхны дуу юу?

-Үгүй. Анхны дуу маань бол 1961 онд 19 насандаа бичсэн “Насан туршийн хайр” гэж дуу бий. Норсонжав гуайн хөгжим.  Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын концертонд тэр үеийн Улсын хөгжмийн драматик театрынхан дуулж байсан юм.

-“Нарны унага” киног их сайн кино гэж боддог юм?

-Миний хамгийн хайртай киноны нэг. Хачин их эвдэрсэн кино. Би бол конторт суудаггүй, ажилчид, уурхайчид дундаа явдаг намын даргын тухай кино хийх гэж бодсон юм л даа. Тэгтэл тухайн шалгадаг барьдаг, хүмүүс нь намын даргын тухай анхны том бүтээл хийж байж, намын даргыг гэр бүлийн хувьд тогтворгүй гэж харууллаа гээд хамаг сайхан, сайхан хэсгийг нь хасаад хаячихсан. Дууг нь тэр тоглосон Буянбат гэж охин дуулсан. Есдүгээр ангийн хүүхэд байсан л даа. Урлагийн үзлэг дээрээс шалгаруулж кинонд тоглуулсан юм.

-Ярилцсанд баярлалаа

      Ярилцсан Н.Болортунгалаг

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.21.43) 2017 оны 11 сарын 16

Үнэхээр мундаг найруулагч шүү. Танаас үнэхээр энэ цаг үе, нийгэм, залуучуудад хэрэгтэй бас шаардлагатай сайхан уран бүтээл хүлээж байгаа шүү.Танд эрүүл энх, Амжилт хүсье.

0  |  0
Bi(68.100.62.209) 2017 оны 11 сарын 15

Xovor aviyastai nairuulagchda olon saixan uran buteel xiixiig erooe . Yriltslaga ni dutuu bolchixjee yg saixan yrij baixad ni tasalachixlaa

0  |  0
Зочин(212.253.228.85) 2017 оны 11 сарын 15

mundag nairuulagch shvv

0  |  0
ё(202.72.245.122) 2017 оны 11 сарын 15

Өнөөгийн залуу жүжигчид Солонгос кино үзэж чадамжаа дээшлүүлдэг шиг,Тэд найруулагчийн үг даалгаварийг жинхэнэ утгаар нь бус өөрийнхөө ойлгож жүжиглэдэг шиг Уг нь жүжигчид боол шиг том найруулагчид захирагдаж байж жинхэнэ кино гардаг шиг

0  |  0
Зочин(43.228.128.18) 2017 оны 11 сарын 15

Нэгэн монгол эрдэмтэн гадаадын эрдэмтэд рүү би очъё гээд л захиа явуулаад нөгөөдүүл нь аргагүй эрхэнд за гэдэг аж. Тэгээд л өөрийгөө их сүрхий уригдсан гээд л. Араас нь компанийн захирал хөгшин нууц амраг хүүхэн нь араас нь нисэж очоод л. Гадныханы элэг доог тэдэнд манай эгч гээд хэлчихдэг гэсн

0  |  0
Иргэн(103.14.36.6) 2017 оны 11 сарын 15

Сайхан найруулагч шүү. хүндэлж явдаг. Ажлын амжилт эрүүл энхийг хүсье.

0  |  0
ё(202.72.245.122) 2017 оны 11 сарын 15

Өнөөгийн залуу жүжигчид Солонгос кино байнга үзэж тэдний аяг маягийн хуулбарлах гээд дээр нь Монгол эвгүй харгис байдлаа нэмээд байх шиг Тахинд нь бүх сэдэл ТЭГ болоод байх шиг

0  |  0
Top