Гэр бүлд хамгийн ашигтай таван хобби

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 18

“Хобби” гэдэг үгийг “Бөөн мөнгөний гарлага” гэж ойлгодог хүн олон бий. Тэр тусмаа эдийн засаг хямралтай байхад хамгийн хэрэггүй юмны нэг гээд ойлгочихсон байх нь ч бий. Тэгвэл үгүй юм аа. Ашигтай хобби бас байна гэнэ. Бид энэ удаа залуу гэр бүл, хосуудад хамгийн ашигтай таван хоббиг танилцуулж байна.

 


 

Хоол хүнс хийх. Нэгэн гадаад хүн Монголын талаар “Монголын ажил олгогчид ажилчиддаа амьдрах цалин өгдөггүй. Амьд байх цалин л өгдөг” гэж хэлсэн байдаг. Хоол идэхгүй бол ажилчин өлбөрч үхэн ажил хийж өгөхгүй үгүй болох учраас л аргагүйн эрхэнд хоолны мөнгө төдий цалин өгдөг гэж үнэхээр хатуу хэлсэн байгаа юм шүү. Тэгэхээр монголчууд бид чинь хоол хүнснийхээ зардлаас хэмнэж байж л хуримтлал үүсгэх боломжтой болж таарч байна. Гэхдээ энэ боломжгүй зүйл биш ээ. Хобби буюу дур сонирхлоо хоол хүнсэндээ чиглүүлэхэд л болно. Одооноос эхлээд дэлгүүрээс худалдаж авдаг хоол хүнсний зүйлсээ гэртээ хийж эхэл. Ингэснээр 30 хувийн хэмнэлт лавтай гарна шүү. 300 мянган төгрөг хүнсэнд зарцуулдаг бол дараа сараас эхлээд 100 мянган төгрөгийн хадгаламж үүсгэх боломж гарах болно. Үргэлж шинэ, хамгийн гол нь найдвартай хүнс хэрэглэнэ гээд энэ хоббиний давуу тал их.

Оёдол үйл. Хувцас бол амьдралын хамгийн гол хэрэгцээ. Гэхдээ харамсалтай нь хоол хүнснээс ч илүү үнэтэй. Энэ тохиолдолд “Хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангах вэ“ гэсэн эдийн засгийн хамгийн гол асуултыг өөрөө тавиад хариултыг нь хоббитой холбоё л доо. Одоо чинь цорын ганц загварыг хамгийн том баячууд л өмсдөг болсон цаг. Тэгвэл энэ эрх дархыг яагаад гэр бүлийнхэндээ эдлүүлж болохгүй гэж. Сайн чанарын хувцас хийхийн тулд мэдээж авьяас хэрэгтэй. Танд тэр авьяас байгаа ч юм бил үү.

 Засч янзлах. Юм засч янзлах нь эдийн засгийн хувьд ямар ашигтай гээч. Эр хүний сонирхол энэ зүг рүү хандчихвал уу. Тун ч янзтай. Аливаа зүйлсийг эвдлээд буцааж эвлүүлэх гэж оролдох нь эрэгтэй хүүхдийн төрөлхийн араншин. Тэгвэл том болж ухаан суусан юм чинь эхнийхийг нь алгасаад дандаа бүтээж босгодог, засч янзалдаг байж яагаад болохгүй гэж. Тиймээс “Хаячихья. Дараа худалдаад авчихна” гэдэг үгийг нэг хэсэгтээ мартаад, эвдэрсэн эд хогшилоо өөрөө засч байхыг хичээгээрэй. Цахилгаан хэрэгслийг засахад мэдээж боловсрол хэрэгтэй. Гэхдээ одоо юуг хэрхэн хийх талаар зөвлөгөө интернэтээр дүүрэн байдаг болсон. Ингээд ч болохгүй бол ирээдүйд ашиг авчрах хоббинийхоо төлөө бага зэрэг мөнгө зарж, боловсроход юу нь буруу байх билээ.

Юмхнаар юм хийх. Дэлгүүрээр явахад “Hand made” гэсэн шошготой бараа бусдаасаа арай илүү үнэтэй байдаг аа даа. Ер нь гар хийцийн ямар ч бараа үйлдвэрийн бүтээгдэхүүнээс үнэтэйнхээ хэрээр чамин, чанартай байдаг шүү дээ. Тиймээс гарын доорх зүйлсийг ашиглад хэрэгцээтэй зүйл хийх урлагт суралцах нь хямралын үед хамгийн хэрэгтэй хобби ч байж мэднэ. Магадгүй танд авьяас байгаад, хичээл зүтгэл гаргаж чадах юм бол яваандаа бизнес болж, баяжих  ч юм бил үү. “Яг юу хийх билээ” гэж толгойгоо гашилгах ч хэрэггүй. Интернэт гэж сайхан юм байна. Тэндээс харж байгаад энгийнээс нь хийгээд эхлэхэд л болно шүү дээ.    

Спортоор хичээллэх. Уншигч та дээр дурдсанчлан хоббигоороо мөнгөн хэрэглээгээ багасгаж, тэр ч байтугай хуримтлал үүсгэж чаджээ гэж бодъё. Гэтэл гэнэт өвдвөл яах вэ. Эмчилгээ хийлгэхэд өч, төчнөөн зардал гардаг шүү дээ. Тиймээс та ямар ч орлого ашигтай хоббитой байлаа гээд спортоор хичээллэхийг заавал хослуулах хэрэгтэй шүү. Хурааж хуримтлуулсан “хэдэн юм”-аа даатгуулж байнаа л гэж бодох хэрэгтэй.   

 

С.Төгөлдөр


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sod(77.53.180.121) 2017 оны 11 сарын 18

Unen unen! Budgiig belenchilj sursan mongolchuud zalhuugaasaa ediin zasagiin hyamrald urtuud bgaa shu!

0  |  0
Сэлэнгэ(202.9.42.122) 2017 оны 11 сарын 18

Зураг зөвшөөрөлгүй ашиглахгүй байхыг хүсье

0  |  0
Top