Чингис хаан төмс идэж өссөн гэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 19

 Монголчууд төмс хэрэглэж эхэлсэн түүх маш бүрхэг. Төмсний тухай өгүүлсэн зарим мэдээлэлд “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан “Заяатай төрсөн Өүлэн эхийн затгас төмсөөр тэжээсэн хөвгүүд Засагтан сайд болж өсөв” гэсэн өгүүлбэрийг эш татаж, Чингис хаан төмс идэж өссөн, монголчууд найман зууны тэртээгээс төмсийг хэрэглэж ирсэн мэтээр ташаарсан байх нь элбэг тохиолдох аж. Гэвч энэ нь ташаа бөгөөд Чингис хаан одоогийн бидний хэрэглэж байгаа төмсийг амсаж ч үзээгүй. “Затгас” гэдэг үгийг Монгол хэлний их тайлбар тольд затгасыг “цагаан төмс” гэсэн байх бөгөөд тэрхүү нэршлээр нь нягталбал “тод улаан цэцэгтэй, төмс нь цагаан өнгөтэй сүүнд хийж хөөрүүлэн идэж болдог, чулуурхаг хөрстэй газар дөчөөс жаран сантиметр өндөр ургадаг ургамал сараана” хэмээн тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан Чингис хааны идэж өссөн төмс нь улаан цэцэгний үндэс байжээ.

Харин одоо бидний мэддэг төмстэй монголчуудыг хятад цагаачид анх танилцуулсан байх магадлал өндөр юм. Харин нийтээр хэрэглэж хэвшсэн нь гэвэл 1940-өөд он. Миний эмэг эх Ш.Цэрэнлхам амьд сэрүүн ахуйдаа энэ талаар “Тэр үед төрөөс төрөл бүрийн хүнсний ногоо тариалаад эхэлчихсэн, түүнийгээ хэрэглүүлэхийн тулд одоогийн хэллэгээр “шахаа” хийдэг байсан. Төрийн албан хаагчдын цалингийн 50 хувьд нь  төмс, манжин лууван бодоод өгчихнө. Түүнийг идэхээсээ идэхгүй нь их, амьдралын бололцоо тааруу хамаатан садандаа өгчихдөг байсан” хэмээн дурссан юм. Үүнээс үзвэл, төмсийг төрөөс бодлогоор хүнсэнд нэвтрүүлсэн, амьдралын боломж тааруу айл өрхүүд түлхүү хэрэглэдэг байсан нь тодорхой байгаа юм. Ер нь тэр үед монголчууд хятад бараанд хэтэрхий дасчихсан учир шинэ хэрэглээ нэвтрүүлэхэд маш хэцүү байсан гэдэг юм билээ. Улс байгуулахад архи, цай, давс гэсэн гурван зүйл заавал хэрэг болдог байна. Тиймээс ЗХУ монголчуудад цай, нийлүүлж эхэлсэн бөгөөд ингэхдээ хамгийн чанар муутай Гүржийн дугуй булант цайг өгсөн юм. Цайны ургамлын навч нь гол түүхий эд байтал мөчир гийшүү юутай хүйтэй нь агцалж шахсан Гүрж ногоон цайг хэрэглүүлж сургахын тулд дунд нь алтан бэлзэг, ээмэг хийж шахах гэх мэт арга хэрэглэсээр дасгасан байдаг. Харин төмсийг хэрэглүүлж сургахын тулд илүү “дарангуйллын” арга хэрэглэж байжээ.   

Төр засгаас иргэдийнхээ хүнсний нэр төрлийг олшруулахын тулд ийнхүү янз бүрийн арга хэрэглэж байсан боловч 1960-аад он гартал хөдөө орон нутагт хүнсний ногоо огт хэрэглэдэггүй хэвээрээ л байсан гэдэг.     

 

C.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ккк(103.229.120.245) 2017 оны 11 сарын 20

Яаж ингэж худлаа ярьдаг байнаа цалингийн 50%-д төмс ногоо өгчихвөл тэр хүн чин яаж амьдрах юм .Наяаад онд ургац их авсан жилдээ.хадгалах газаргүйн улмаас шуудайгаар нь хорь гучин төг-өөр өгдөг л байсан

0  |  0
Уншигч(172.58.139.18) 2017 оны 11 сарын 19

Төмсний улаан гэдэг дээ

0  |  0
Аа(150.129.141.189) 2017 оны 11 сарын 19

Эргүү мал вэ. Чи өөрөө л одоогын төмсийг идэж бсан гэдэг төөрөгдлөөсөө гарч байгаа юм байна. Энийгээ юуг нь бичдэг юм.

0  |  0
Top