Бага тойрууд ”АРТ” орон зай хөгжинө

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 23

Нийслэл хотын гудамж үдшийн өнгө төрхөндөө орж гэрийн зүг яарах хүмүүсийн хөлхөлдөөн, дуут дохиогоо хангинуулан түгжрэх автомашины хөл хөдөлгөөн ид дундаа байх үед Их сургуулийн гудамжнаа нэгэн гэрэлт орон зай бий болов. Энэ бол Улаанбаатар арт галерей анхны үзэгчдийнхээ өмнө үүдээ нээсэн хэрэг байлаа. Тус галерейд монгол хүүхдийн өхөөрдөм зургуудыг дэлгэн харуулсан “Өв” үзэсгэлэн нээгдлээ. Энэ бол залуу зураач Э.Түвшинтөрийн анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн юм. Шонхор шувуу мөрөн дээрээ суулган цэх алхах эрэлхэг бяцхан охин, ид шидийн ертөнц мэт байгальд сарлаг унан явах өхөөрдөм хүү, мориноосоо буугаад харваж унагасан шувуугаа харж буй анчин хөвгүүн, мөнгөн аяганаас сүү уугаад зогсох бяцхан хүү, хатны өмсгөлтэй охин гээд монгол соёл уламжлалын нарийн чимхлүүр элементүүдийг нэвт шингээсэн гайхалтай зургууд “Өв” үзэсгэлэнд тавигджээ.

“Угаас амьдрал баяр баясгалан, аз жаргал, хайраас бүтдэг гэдгийг уран бүтээлч Э.Түвшинтөрийн бүтээлүүд бидэнд сануулах шиг. Монгол зан заншлаас улбаатай дохио шинжүүд, бэлгэдэл болон угсаатан зүйн хэрэглэгдэхүүнийг өнөө цагт товойлгон тэмдэглэж, үүгээрээ хойч үед судлах боломжийг олгохдоо анзаарагдахгүй байхын аргагүй дүрс хэлбэрийн тоглолоор илэрхийлсэн байдал, Монгол зургийн аргад суурилан түүнийг иллюстраци урлагийн хэлбэрээр галбиршуулсан нь зүрхэнд хүрэх чуулбар болно” хэмээн куратор Б.Цэцэгбадам бичсэн нь нүднээ тусна. Монгол хүүхэлдэйн киноноос л ийм дүрийг харахсан гэж бодогдуулам уран тод өгүүлэмжтэйгээр бүтээсэн зургууд үзэгчдийн өмнө ийн дэлгэгдлээ. Үзэсгэлэнгийн танхимд хөл тавих зайгүй шахам цугласан уран бүтээлчид, оюутан залуусыг хараад энэ гудамжинд ийм орон зай үнэхээр хэрэгтэй байсан нь мэдрэгдэнэ. Үзэгчид зураг бүрийг сонирхон үзэхдээ “Ямар хөөрхөн юм бэ, эгдүүтэй юм” гэсэн үгсийг харамгүй хэлж, зураачийн гарын үсгийг авч, түүнтэй ярилцан, асуулт асууж, ур ухаанаа зориулсан бүтээлүүдийнх нь анхны үнэлгээг өгч байсан юм.

Зураач Э.Түвшинтөр “Энэ үзэсгэлэнгээ маш удаан бодож байж гаргалаа. Үзэсгэлэнд маань тавигдсан бүтээлүүдэд Монголын өв соёлтой холбоотой элементүүд маш их орсон учраас “Өв” гэж нэрлэсэн. Мөн энэхүү бүтээлүүд маань цааш хадгалагдан үлдэж, үр хүүхэд хойч үеийнхэнд маань “Өв” болж үлдэх учраас ингэж нэрлэсэн юм. Шувууг тугандаа мөнхөлж, шүтэж дээдэлж байхдаа монголчууд мандан бадарч байсан гэдэг. Тиймээс бид үүнийг мартаж болохгүй шүү гэдгийг илэрхийлэхийг зорьсон. Үзэсгэлэнг үзэхээр ирсэн хүүхдүүд “Жаахан хүүхдүүд ийм дээл өмсдөг юм байна. Ийм хонх зүүдэг юм байна. Энэ хонхыг зүүгээд явахаар ээж нь тэр хүүхдийг хаана байгааг мэддэг юм байна” гэх энгийн зүйлийг танин мэдэж авна гэсэн үг. Энэ чинь нэг өвтэй танилцаж байна л гэсэн үг шүү дээ” гэлээ. Энэ үдэш зочдыг айраг, халуун аарц, сүүтэй цайгаар ундаалж, бяслаг, хайлмаг, гүзээ, царцаамаг, махан зууш тэргүүтнээс бүрдэх хөнгөн зуушаар дайлсан нь нэгэн шинэлэг соёлыг түгээж буйг илтгэх шиг. Зочид нэг зургаас нөгөө зурагт ойртон очиж үзэх зуур өөр хоорондоо санал бодлоо солилцон, зураг бүрийг өхөөрдөж, “Энэ зургууд хүүхэлдэйн кино болох юм бол...” хэмээн ярилцах нь сонстоно. Анхны үзэгчдийнхээ сайхан үгээр мялаалгасан “Өв” үзэсгэлэн ийнхүү Улаанбаатар арт галерейн жаврыг үргээсэн түүхтэй.

Галерейн дотоод заслыг орчин үеийн шийдлээр шийдэж, эртний загварын гэмээр тавилга сэлтээр тоноглосон нь ажиглагдана. Зураачийн бүтээлүүд том дэлгэц дээр ээлжлэн солигдож харагдах нь бас л нэг өвөрмөц шийдэл байлаа. Зургуудыг хэвлэн танилцуулсан календарь үзэгчдийн хувьд хамгийн их эрэлттэй байв. Хүүхдээ дагуулан ирсэн хүмүүсийн хувьд зураг хэвлэсэн ааруул том сюрприз болсон юм. Морин хуурын аялгуу, лимбийн эгшиг чих мялааж, монгол хүүхдийн цог золбоог тод томруунаар илэрхийлсэн уран зургуудаар мэлмий мялаасан энэ үдэш үнэхээр гайхалтай байв. Зураачаас ярилцлага авахаар хэвлэлийнхэн бөөгнөрч, зураг бүрийг нь шимтэн харах үзэгчдийн хөл тасрахгүй байлаа. Зураач Э.Түвшинтөрийн зургаа зурж буйг харуулсан бичлэгийг үзэж, уран зургуудыг бодитоор нь харж мэдрэн зогсох оюутан залуус, уран бүтээлч нөхөд нь урлаг соёлоор бүтэн амьсгалсан энэ үдшийг дурсан санах буй за.


БАГА ТОЙРУУД “АРТ” ОРОН ЗАЙ ХӨГЖИНӨ 

Оюутны гудамжинд галерей нээх санаа хэзээ, хэрхэн төрсөн юм бол оо гэсэн асуултад хариулт авахаар Улаанбаатар арт галерейн үүсгэн байгуулагч, Саунд оф Монголия компанийн продюсер Х.Дамдинсүрэнтэй ярилцлаа.

Арт галерей байгуулах санаа анх хэзээ төрөв өө?

Ер нь эртнээс гэж болно. Сөүл, Токиод явж байхад галерей байх хэрэгтэй юм байна, олон байх тусмаа гоё юм байна гэдгийг маш сайн ойлгосон. 798 гээд Бээжин хотын урлагийн хотхонд явж байхад манай нэг найз “Чи галерейтэй бол, тэгэхдээ Улаанбаатар хотын галерейтэй болбол цаашид соёлын хөтөлбөрүүд хийхэд бааз суурь сайн байх болно шүү дээ” гэж зөвлөсөн. Хоёрдугаарт манай креатив оффисийн дээд талд байгаа Улаанбаатар арт галерей маань оюутны хотхон, Их сургуулийн гудамж, СУИС- ийн яг залгаа байгаа нь их чухал байршил юм.

Үнэхээр оновчтой байршил юм. Улаанбаатар арт галерейн орчинд ямар орон зай бий болгох вэ?

Улаанбаатар арт галерей маань дан ганц галерей биш сургалт лекц, урлагийн болон сонирхолтой ярилцлага уулзалтууд явагддаг төв болоосой гэж хүсдэг. Бид зунаас эхлээд задгай террас зургийн талбай хийнэ. Хүмүүс орон зайг нь мэдрээд, тэдний хажууд кофе уугаад, зураач хүн хэрхэн уран бүтээлээ туурвидгийг хараад урлагт татагддаг орчин

байгаасай гэж хүсэж байна. Гаднын соёлтой улсад гудамжиндаа арт орон зай хэрхэн хөгжсөн байдаг билээ, тэр орон зай л Бага тойрууд, Улаанбаатарын энэ гудамжинд хөгжөөсэй гэж бодож байгаа.

Уран бүтээлчид галерейд үзэсгэлэнгээ гаргахад ямар шаардлага тавигдах вэ?

Улаанбаатар арт галерейн уран сайхны зөвлөл уран бүтээлчийг дэмжье, энэ хүний бүтээл манай галерейн шаардлагыг хангаж байна гэж үзвэл нээлттэй. Гол нь уран бүтээлч залуусаа дэмжих гол зорилготойгоор галерей маань байгуулагдсан. Ахмад болон залуу уран бүтээлчдээ дэмжиж, шефийн харилцаа гэдэг зүйлийг гаргаж ирье гэсэн бодол надад бий. Уран бүтээлч, байгууллага, галерей гэсэн алтан гурвалжин маань зөв үүсвэл уран бүтээлчээ дэмжинэ. Энэ шинэ харилцааг гаргаж ирнэ гэсэн бодол маань Улаанбаатар арт галерейн үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь юм.

Галерейд ямар арга хэмжээнүүдийг төлөвлөж байгаа вэ?

Уран зургийн болон баримал, уран дарханы, хивсэн урлал, гар урлал гээд бүх төрлийн мастерууд, уран бүтээлчидтэй хамтран ажиллана. Мөн улирал, сарын төлөвлөгөө боловсруулж ой, баяр наадмуудтай уялдуулаад залуучуудын, эмэгтэйчүүдийн, хүүхдийн гэсэн уралдаан тэмцээн, үзэсгэлэнгүүдийн санааг дэвшүүлнэ. Соёлын солилцооны ажлыг идэвхтэй хийнэ. Ирэх жил бид Санктпетербург, Бээжин, Хөх хотын академи, Эрээн, Хөх хотын соёлын газартай болон Улаанбаатартай ах дүүгийн барилдлагатай олон улсын урчуудын эвлэлтэй хамтарч соёлын солилцооны хөтөлбөрүүд хийхээр төлөвлөж байна. Гол мөрөөдөл бол залуучууд маань дэлхийн хэмжээнд сэтгэж ажиллах хэрэгтэй байна. Бидний хувьд ч монгол хүний үнэлэмж, авьяас чадварыг дэлхийн түвшинд аваачих хүсэлтэй байна.


А.Очирболд ХАТАН 62х17х6 см, хүрэл, 2015 

Монгол хатны дүрээр эмэгтэй хүний гоо орчил, түүн дундаа эр зориг, шийдэмгий байдал, хүчирхэг гэх санааг шингээж харуулахыг зорихдоо сэлмээр илэрхийлсэн нь анхаарал татна.


А.Очирболд ХАРВААЧ (5 цуврал) 65х120х60 см, хүрэл, 2015

Ц.ОЮУНЧИМЭГ 

 2017-12 сар. “Зиндаа” сэтгүүл №1 /501/


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mubi(59.153.114.167) 2017 оны 11 сарын 23

HOTHONIIG HARUULSAN MUZEI BAIGUUL

0  |  0
Top