"Зохиогчийг нь урьж байна" цувралын энэ удаагийн дугаарт УГЗ хөгжмийн зохиолч Ц.Жамьян уригдлаа. яруу найрагч Н.Лутбаярын шүлэг “Завхан гол” дуунаас нь эхлээд олон сайхан дуугаар нь түүнийг бид таних билээ.
-Таны зохиосон дуу болгон сонсогчидод хүрсэн байх. Ер нь хичнээн шүлгэнд аялгуу урлаж жигүүр ургуулсан бэ?
-За баярлалаа. Би 40 гаруй дуу зохиосон юм байна. Миний дууг дуулсан дуучид олон л доо. Батсүх, Далантай, Оюунцэцэг, Энхзул, Жавхлан гээд дуучид байна. Эргээд бодоход олон дуу зохиосон байна би.
- Завхан аймгийн сүлд дуугаар өргөмжилөгдсөн “Завхан гол” дууг Завхан нутгаар овголсон дуучин болгон дуулахыг эрмэлзэдэг. Шүлэгийн зохиолч нь Сүхбаатар аймгийн хүн шүү дээ. Энэ сайхан дууны түүх сонин байх болов уу?
-Лутбаяр Завханд “Туяа” сонины сурвалжлагч болж очсон юм. Завханы хүргэн л дээ. Тэр үед Завханы уран бүтээлийн хүрээлэл санаандгүй бүрэлдэж байлаа. Дуучин Батсүх, Сандагжав, яруу найрагч Бавуудорж, Лутбаяр, Батсайхан гээд уран бүтээлчид аймаг дээр байлаа. Аймаг жижигхэн шүү дээ. Туяа сонинд Бавуудорж, Лутбаяр хоёр байна. Театраас тэдний ажил ойрхон. Завтай үедээ “Туяа” сониноор очно. Тэд театраар ирнэ. Ингэж л яваад “Завхан гол” дуу төрж байлаа.
...Зовлон жаргалаар мэлмэрсэн
Зорголын нүд шиг ус гүйсэн
Мөрөнгийн энтэй Завхан гол
Мөнхийн усыг орлоно... гэдэг бадгаас нь анх ая төрж байлаа. Зовлон жаргалаар мэлмэрсэн гэдэг үгийг хэлэхэд ус мэлмэрч харагдахаас гадна, олон сая жил урссан энэ гол юуг үзсэн бол, тэр голын дэнж дээр буусан айлууд хэдэн үеийг элээсэн юм бол гэдэг санаа тархинд харавсан. Бадгийнх нь ая төрчихөөд дахилт байдаггүй. Тэгээд Лутбаяртай голын захад сууж байгаад дахилтны үг нэхлээ. Тэгсэн чинь, ямаршуухан дахилт хэрэгтэй юм бэ? гэж байна. Ээ... гээд залбирч байгаа юм шиг үг хэрэгтэй гэлээ. Лутбаяр маань алга хавсарч, ээ... гэж залбираад л.
...Ээ Завхан гол
Элсний нүүдэл шиг чимээгүй
Ай... Завхан голын
Анир үргээж, адуу тургилна... гэж бичсэн дээ. Манай аймгийн 70 жилийн ой 1993 онд болж түүн дээр анх дуулагдсан юм. Сүүлд “Цагаан лавайн эгшиг” уралдаанд оролцож түрүүлсэн юм. Би янз бүрийн уралдаан наадмуудаас Монголын радиогийн “Цагаан лавайн эгшиг” уралдааныг их шударга болдог байсан гэж боддог юм. Энэ дуу нэг л мэдэхэд олонд хүрчихсэн байсан. Монголын радиогийн Ганбаатар хөгжим судлаач бичээд явсан. Нэг мэдэхэд, Далантай дуулж байгаа гэнээ, найран дээр дуулагдаж байна гэнээ... гээд яригдах болсон. Ямар сайндаа тэр үед аймгийн засаг дарга байсан Очирбат хурал дээр энэ дууг та нар найран дээр согтуу дуулж байна гэнэ. Согтуу хүний дуу биш шүү, согтуу дуулах дуу ч биш... гэж загнаж байсан гэдэг юм.
- “Дөрвөн улирлын өнгө”, “Цэцэн хайрхан уул”, “Өвөлжих хунгийн дуу”... зэрэг олон дуу тань эдүгээ эгшиглэсээр байна. Монгол Улсын гавьяат жүжигчин Батсүхийн дуулсан Төрийн соёрхолт яруу найрагч Бавуудоржийн шүлэг “Ээжтэй орчлон” гэж сайхан дуу бий. Энэ дууны төрж бүтсэн түүхийг сөхвөл?
-Эрдэнэтэд Батсүх бид хоёр 1998 онд нэг тоглолт хийлээ л дээ. Хүмүүс тоглолт хийгээд мөнгө олдог үе байлаа шүү дээ. Улаанбаатарт тоглолт хийе юү, гэснээ жаахан айгаад, Эрдэнэтэд хийсэн юм. Тэр үед Батсүх, хоёулаа “Морин хуур” наадамд оролцох уу гэлээ. Танд ямар дуу байна гээд үзлээ. Тэгсэн чинь Бавуудоржийн “Ээжтэй орчлон” шүлэг гараад ирлээ.
Үрлэн мөндөр шуураад ирэхээр
Үрийн минь дэргэд миний л ээжий
Галуун цуваа хошуураад буцахаар
Галын минь дэргэд миний л ээжий... гэсэн сайхан бадагтай. Төгөлдөр хуур олддоггүй. Гуйж байж, ажил тарахад төгөлдөр хуур олж, аялгуугаа зохиосон. Эрдэнэтэд аяыг нь хийчихээд, галт тэргэнд жаахан янзлаад уралдсан даа. Юу ч болсон эхний даваанд тэнцчихлээ. Шилдэг 20 дуунд шалгарчихлаа. Тэгээд тусгай байр эзэлсэн юм шүү дээ.
-Ер нь та “Морин хуур” наадамд олон удаа оролцсон уу?
-Үгүй гурван удаа л оролцсон юм. Эхний жил “Завхан гол” дуугаар оролцож, байр эзлэлгүй хасагдаж байлаа. Тэр үед агуу их Мөрдорж багш кридорт таарчихаад, энэ дуу байр эзэлсэнгүй. За яахав арван жилийн дараа хамгийн шилдэг дуу болно доо. Харж л байгаарай чи, гэж байсан юм. Батсүх бид хоёр хоёулаа тэр үгийг сонссон. Нээрээ дараа жил нь “Цагаан лавай”-д түрүүлж, тэрний дараа жил ахиад түрүүлээд хит болчихсон.
-Яруу найрагч Намбарын Пүрэвийн шүлэг “Шувууд буцсан намар” гэдэг сайхан дуугаар мөн “Морин хуур”-т оролцож байсан санагдаж байна?
-Хоёр жилийн өмнө би хотод ажлаар орж ирсэн юм. Ер нь нэгэнт ирсэн юм чинь “Морин хуур”-т ороод явья гэж бодлоо. Тэгээд дуучин Машбаттай таарч надад нэг ийм дуу байна. Хоёулаа “Морин хуур”-т оръё гэлээ. Аялгууг нь өмнө нь зохиочихсон байсан юм. Пүрэвийн гарын үсэгтэй ном надад байсан л даа. Тэрнээс хэд хэдэн дуу зохиосны нэг нь тэр дуу. Тэр “Морин хуур”-аас “Оны шилдэг дуу” гэдэг шагнал хүртсэн юм. СайнцогийнМөнхбатыняалгуу бас нэг шувуутай дуу түрүүлсэн. Ер нь шувууны тухай дуунууд байр эзлээд байсан. Баттөмөрийн “Хаврын шувуу” гэдэг дуу тусгай шагнал авч байсан юм байна шүү.
-Та “Цогтоо Ванчууд цог золбоотой” дууны аялгуу шинээр зохиосноо сая сонсгосон. Цогт-Овоо сумын сүлд дуу юу?
-Энэ дууны анхны сонсогчид нь та бид. Дээлээр бол даавуугаа аваад эсгээд, зарим нэг оёогоо тавиад байгаа нь энэ л дээ. Одоо хөгжмийн найруулга энэ тэр гээд ажил их байна.
...Цогтоо Ванчууд дуутай, хууртай
Диваажин гэмээр нутагтаа жаргалтай... гэсэн сайхан дахилттай дуу.
-Та 1973 онд Багшийн сургуулийн Соёлын ангийг төгссөн, Тухайн үеийн ЗХУ-ын Ленинград хотын Хөгжмийн дээд сургуулийг 1981 онд удирдаач мэргэжлээр дүүргэжээ. Хошин дуурь, киноны хөгжим, жүжгийн хөгжим гээд хөгжмийн бүхийл төрлөөр уран бүтээлээ тууривсан, 50 гаруй дуутай хөгжмийн зохиолч шүү дээ. Харин “Цагаан дуганы гэгээ” киноны “Мөрөөдлийн дуу”-гаа хэрхэн зохиож байв?
-Хамгийн анх кинонд Далантай, Эрдэнэцэцэг хоёр дуулсан юм. Батсайханы зохиолоор найруулагч Содномын найруулсан бүрэн хэмжээний уран сайханы кино. Батсүх, Оюунцэцэг хоёр, Далантай, Эрдэнэцэцэг хоёр, Сандагжав, Оюунцэцэг хоёр гээд уран бүтээлчид дуулдаг байсан юм. Батсайхан нэг шүлэг бичиж, кинондоо дуулуулсан байдаг юм. Бавуудорж мөн шүлэг бичсэн. Аль алиныхаар нь дуулагдаад л явж байна.
Цэлгэр нутгийн минь буйлс цэцэглээд
Ханхар уулс суудал засав аа
Амраг сэтгэлийн аясыг яалтай
Аниргүй шанзандаа шившлээ дээ хө... гэж Бавуудорж болохоор шоронгоос дуулж байгаа маягаар бичсэн дуу байгаа юм.
-Танд баярлалаа.
Ярилцсан Н.Болортунгалаг
Л.Ган
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Engiin saixan orgi goe geltei