-Хамтарсан Засгийн газар тааруухан ажиллаж байна гэсэн шүүмжлэл тасрахгүй, харин ч идэвхижих янзтай. Засгийн дотоод ажлыг зангидаж байгаа хүний байр суурийг сонсмоор санагдлаа?
-Монгол Улсын эдийн засгийн өсөлт эхний улирлын байдлаар 9.7 хувь гарлаа. Дэлхийн дундаж өсөлтөөс дөрөв дахин өндөр байна. Инфляцийн түвшин 5.5 хувьтай байгаа. Банк санхүүгийн салбар ч хямарлаас гарлаа. Энэ нь манай улсын эдийн засаг хямралаас богино хугацаанд гарч, хөгжил рүүгээ хурдацтай давшиж байгаагийн илрэл. Нөгөө талаас С.Батболдын Засгийн газар 2010 онд юу хийв гэдгийг тоймлож хэлье. Монгол Улс цаашдаа хөгжих үндэс суурийг тавихаар томоохон, улс орны шинжтэй шинэчлэл хийж, эрх зүйн орчныг бүрдүүлэн бодит ажил хийж хэрэгжүүлж байна. Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгааг олон түмэн мэдэж байгаа. Хүний хөгжлийн сангийн тухай хууль хэрэгжүүлээд Монгол Улсын иргэн бүр сар болгон хувь хишгээ хүртэж байна. Одоо Таван толгойн гэрээ хэлэлцээрийг хийж байна. Иргэддээ үнэгүй хувьцаа эзэмшүүлэхээс гадна Монголын хөрөнгийн биржийг дэлхийн жишигт хүргэхээр Лондонгийн хөрөнгийн биржтэй гэрээ байгуулан ажлыг нь эхлүүллээ. Монгол Улсын Шинэ бүтээн байгуулалт гэсэн хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айлын орон сууц, төмөр зам, авто зам барих зэрэг томоохон ажлуудыг эхлүүлээд байна. Эдгээр төслүүдийг санхүүжүүлэх Хөгжлийн банкийг байгууллаа. Монгол Улсын боловсролын салбарт шинэчлэл хийж, их, дээд сургуулиудыг хотхон байдлаар хөгжүүлэх, Кембрижийн стандартыг нэвтрүүлэх, ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүд аль ч орны их, дээд сургуульд гологдохгүй элсэн орох боломжийг нь нээж өгөх гэхчлэн нэлээд ажил хийж байна. Бас Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд аймгуудыг нийслэл Улаанбаатар хоттой засмал замаар холбох ажлыг эхлүүлснээр холбогдох байгууллагууд нь гэрээ байгуулах тодорхой үүрэг, чиглэл аваад байгаа. Монгол орны өргөн уудам нутгийг хэрсэн төмөр замын сүлжээг бий болгохоор ажиллаж байна гэх мэт олон ажлыг Засгийн газар хийж, хэрэгжүүлж байна. Эдийн засгийн, боловсролын салбарт реформ хийж байгаа төдийгүй Эрүүл мэндийн салбарт ч онцгой анхаарч байна. Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Эрүүл мэндийн даатгал бие даасан бүтэцтэй болж, энэ салбар даатгалаас голчлон санхүүждэг нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн зарчим барьж байгаа. Олон жил шүүмжлэл дагуулж байгаа төсвийн бодлогод шинэчлэл хийж, орон нутагт эрх мэдлийг тодорхой хэмжээгээр олгохоор Төсвийн тухай хууль, Төсвийн удирдлага санхүүжилтийн тухай хуулийг нэгтгэн боловсруулаад Засгийн газар УИХ-д өргөн барилаа. Мөн Тендерийн тухай хуулийн төслийг ч оруулсан байгаа. Бас амжаагүй зүйл ч бий.
-Тендерийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?
-Тухайн орон нутаг өөрсдөө тендерээ шалгаруулж хяналт тавьдаг байя, улсын, бүсийн шинж чанартай төслүүдийг улсын хэмжээнд шалгаруулж хийдэг болгоё зэрэг нэлээд олон зүйлийг өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан.
-АН-ын бүлэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж дүгнээд хангалтгүй, тааруухан гэсэн дүн тавилаа шүү дээ. Энэ нь ахиц муутай байна гэдгийг нотолж байгаа хэрэг биш үү?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үр дүнд чиглэсэн байхаар гаргадаг болмоор санагддаг. Яагаад гэвэл заалтын тоогоор нь биш, 1024 өгүүлбэр биччихээд үг, үсгээр нь хөөцөлдөөд байгаа зүйл ажиглагдаж байгаа. 2010 онд Засгийн газар маш их ачаалалтай ажиллаж олон зүйлийг шийдсэн. Хүний хөгжлийн сангийн хувь хүртээх ажлыг Засгийн газар 2010 онд эхлүүлсэн. Иргэдээ шинэчилсэн бүртгэлд хамрууллаа. Хүн амаа ч тооллоо. Эдийн засгийн, боловсролын, эрүүл мэндийн салбарт л гэхэд томоохон реформыг эхлүүлсэн. Ер нь улс орны шинж чанартай, суурь тогтолцоог хөндсөн асуудал нь өнөөдөртөө үр дүнгээ өгөхгүй байгаа юм шиг ч харагдаж магадгүй л дээ. Гэхдээ ирээдүйд, улс орны хөгжил дэвшилд, монголчуудын амьдралд эерэгээр нөлөөлнө. Засгийн газар суурь асуудлын эрх зүйн орчныг бүрдүүлэхээс гадна бодит ажлыг хэрэгжүүлж байгаа учир тааруухан гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.
-Засгийн газрыг огцруулах асуудал байн байн яригдаж, зарим сайдыг огцруулах саналыг оруулаад л байна. Сонгуулийн хугацаа дуусахаас өмнө огцрох вий гэсэн айдас та бүхэнд төрдөг байх, тиймээ?
-Засгийн газарт орж ажиллаж байгаа манай намын болон АН-ын сайд нар эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээж байна. Харин ч хэтэрхий их ажлыг хийх гэж оролдоод байгаа нь алдаа байж магадгүй. Олон ажлыг зэрэг амжуулах гэж зүтгэж байгаа, ажил хийе гэж чин сэтгэлээс зорьж байгааг үгүйсгэж, харлуулж болохгүй биз дээ. Гэхдээ МАН, АН- д эрүүл, саруул сэтгэхүйтэй гишүүд олон байгаа гэдэгт итгэдэг. Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллана гэдэгт би итгэлтэй байдаг.
-Таван толгойн гэрээ хэлэлцээр хийж байгаа Засгийн газрын таван төлөөллийн нэг нь та. Хэлэлцээр ямархуу шатандаа яваа вэ?
-Бидэнд ийм чиглэлээр гэрээ хэлэлцээр хийгээрэй гэсэн удирдамж хангалттай бий. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж ч өгсөн. Мөн УИХ-аас батласан 39 дүгээр тогтоол байна. Энэ хүрээнд л хэлэлцээрийг хийж байна. Талууд гол зүйлүүдээ тохироод одоо гэрээний төслийн бичиг цаасны ажил дээр сууж байгаа.
-Манай тал хоёр тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр авч 1.5 сая төгрөгийн амлалтыг биелүүлэх гэж улайраад дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэрлэлт зэрэг чухал асуудлаа хойш тавиад байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Арай тэгж хүндээ хөнгөнөөс өгч байгаа юм биш биз дээ?
-Таван толгойг дэлхийн тэргүүлэх уурхай болгох ёстой гэж үзэж байгаа. Тиймээс дэвшилтэт технологи нэвтрүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлыг шийдэх гээд олон талаас нь анхаарч гэрээ хэлцлийг хийж байна. Том Таван толгойг түшиглэж өмнийн говийн бүсэд дэд бүтцийн асуудлыг шийдэн бас баялгийн хараал хүрэхгүйн тулд боловсруулах үйлдвэр олноор байгуулья гэж тооцож байна. Ийм багц асуудлын хүрээнд гэрээ хэлцэл явагдаж байна.
-Хэзээ гэрээ, хэлэлцэл хийж дуусах вэ?
-Одоо удахгүй ээ.
-Манай талаас тавьсан болзолыг дэлхийн зургаан том групп, консорциумууд хэр хүлээж авч байгаа бол?
-Гэрээ хэлцэл ид явагдаж байгаа учраас эцэслэн тохироогүй, албажаагүй асуудлуудыг одоо энд ярих шаардлагагүй биз дээ. Тэртэй, тэргүй гэрээ хэлцэл дуусахаар олон нийтэд мэдээлнэ.
-Иргэний хөдөлгөөнийхөн таныг шалгуулахаар АТГ-д бичиг хүргүүлж байгаа. Улсын ерөнхий прокурорын газарт мэдэгдэл илгээхэд шалгах үүргийг Нийслэлийн прокуорт өгсөн гэсэн мэдээлэл гарах болов. Хэрэг үүсгээд байгаа юм уу?
-Анод банкны ТУЗ-ийн дарга Н.Даваа гэдэг хүн л өөрөө ч хийгээд байгаа юм уу, өрөөл бусдаар хийлгүүлээд байгаа юм уу, тиймэрхүү мэдээллийг зохион байгуулалттайгаар цацаад байгаа юм шиг байна. Анод банкны гүйцэтгэх захирал байсан Уламбаяр гэдэг хүн банкны менежмэнт нь буруу байсан учраас Анод банк дампуурахад хүрсэн гэж хэлсэн байна лээ. Энэ банк хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг татан төвлөрүүлсэн атлаа буруутай үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын төрийг 200 орчим тэрбум төгрөгийн хохиролд оруулсан.
Гэтэл энэ банкны эзэд байсан хүмүүс Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авах тухай хөдөлгөөнийг бүрэн хэмжээгээр санхүүжүүлээд, шийдвэр гаргахад оролцож байгаа хүмүүс рүү чулуу шидэж байгаад харамсч байна. Янз бүрийн асуудал байгаа бол шалгадаг, нягталдаг газар нь шалгана биз ээ.
-АТГ, Нийслэлийн прокурорын газраас таныг ирж тайлбар өг гэсэн бичиг ирүүлсэн үү?
-Үгүй. Надад хэлсэн, мэдэгдсэн зүйл алга.
- Н.Даваа гуай Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хэд хэдэн албан тушаалтныг шалгах ёстой гэж олон нийтэд зарлалаа. Ямар нэг учир шалтгаан байгаа юм болов уу?
-Наад асуултаа надаас биш тэгж зарлаад байгаа хүмүүсээс асуувал таарна.
-Таныг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үетэй л холбоод байгаа юм шиг байна лээ?
- Анод шиг олон жил дээсэн дөрөөн дээр байсан дампуу банктай Сангийн яам хамтарч ажилладаггүй юм. Тэр их зээл авч банк дампууруулсан, банкаа буруу удирдсан хүмүүс нэр цэвэр үлдээд нэг ч төгрөгний зээл авч байгаагүй, огт холбоогүй, таних ч үгүй над шиг хүнээр оролдоод юу ч олж долоохгүй гэдгийг хэлье. Асуудлыг займчуулах гэж л над руу чулуу шидэж байгаа хэрэг биз. Банк дампууруулж тэр их зээл авсан, түүнд нь үйлчилж байсан хүмүүс яасан юм бэ. Тэдгээрт ямар хариуцлага тооцсон юм бэ?
-Засгийн газрын сайдуудыг нэг нэгээр сугалж огцруулах ажиллагааны нэг хэлбэр юм болов уу?
-Мэдэхгүй юм аа. Гэхдээ ганцхан зүйлийг бол хэлчихье. Монгол Улсын банк санхүүгийн салбараар тоглосон, бүхэл бүтэн банкийг буруу менежмэнтээр явуулж дампууруулсан этгээдүүдтэй хатуу тэмцэх ёстой. Яагаад гэвэл үүний цаана олон хадгаламж эзэмшигчид, улс орны эрх ашиг бий. Банкны салбар эрүүл саруул байх нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд асар их нөлөөтэй. Банкны систем бол улс орны эдийн засаг, нийгмийн амьдралын зүрх нь юм шүү дээ. Үл бүтэх этгээд бужигнуулж, завхруулчихаад банкны салбарыг хямруулж төрд ихээхэн хохирол учируулчихаад хэн нэгэн эрх мэдэлтэн рүү үсчиж, асуудлыг өөрөөсөө займчуулж байгаад уснаас хуурай гарна гэвэл дэндүү том эндүүрэл. Би холбогдох байгууллагад нь хандана гэж бодож байна.
-Нэр төрд халдсан гэж хууль, хяналтын байгууллагад хандана гэж үү?
- Буруу зүйл хийсэн гэдэг нь тогтоогдоод хэрэг үүсгээд эрүүгийн ял авах гэж байгаа хүн ил, далдаар шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүн рүү чулуу шидээд байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Тиймээс асуудлаа тавина.
-УИХ-ын гишүүн Ц.Батбаяр таныг коксон түлш үйлдвэрлэх үйлдвэр барих 17 тэрбум төгрөгийн тендерт нөлөөлж "Аморе интернэшнл" компанид авч өгсөн гэж мэдэгдсэн. Энэ үнэн юм уу?
-Ц.Батбаяр гишүүн тийм зүйл ярьж байсан. Намайг Түлш эрчим хүчний сайд байхад Улаанбаатар хотыг утаагүй болгох чиглэлээр коксжсон түлш үйлдвэрлэх талаар асуудал яригдаж байсан. Хятадын хөрөнгө оруулалттай компани энэ ажлыг хийе гээд холбогдох байгууллагад хүсэлт гаргаад явдаг байлаа. Бас нэг хэсэг хүмүүс ОХУ-ын технологийн дагуу үйлдвэр барья гэж санал гаргаж байсан. Тэгээд л Засгийн газрын гишүүнийхээ хувьд ийм хоёр компани маргаан гаргаад, зөрчилдөөд байна гээд нүүрсний боловсруулалттай холбоотой асуудлаар мэргэшсэн мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн, Эрчим хүчний удирдах газрын ажил эрхэлж байгаа хүмүүсээс ажлын хэсэг бүрдүүлээд энэ санал болгоод байгаа технологиудыг судалж ир гэсэн үүрэг өгсөн. Тэгээд тэр ажлын хэсгийнхэн Хятадын технологийг газар дээр нь очиж үзэж ирээд, ёстой бүтэхгүй юм байна, байгаль орчинд халтай, олон улсын стандартыг хангахгүй юм байна гэж танилцуулсан учраас хятадын компанийн саналыг хүлээж авах боломжгүй гэж шийдэж байсан. Тэр үеэс намайг харлуулах гэж мөн ч их гүтгэлэг тараасан. Гэхдээ намайг ТЭХ-ний сайдын ажлаа өгснөөс хойш 2 жилийн дараа тендер шалгаруулсан юм байна лээ. Тэгэхээр намайг үүнд хутгаад хэрэггүй биз дээ. Эрх ашгийн зөрчилтэй хүмүүсийн явуулж байгаа бодлого л болов уу гэж бодож байна.
-Сүүлийн үед таныг захиалгатайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэж оролдоод байгаа юм шиг ээ?
-Ийм зохион байгуулалттай ажиллагааг миний эсрэг явуулаад байна гэж би харж байгаа. Эзнийг нь мэдэж байна.
-Хэн юм бэ?
-ЗГХЭГ-ын даргын хувьд нэг агентлагийн даргыг ажлаа тааруухан хийгээд байгаа учир хариуцлага тооцохоо мэдэгдэж, ажлаа өгөх өргөдлөө өг гэж хэлсэн. Түүний дараагаас өдөр алгасахгүй миний тухай сөрөг мэдээллийг төлбөртэйгөөр хэвлэлүүдээр цацаж байна.Тэр нөхөр яасан ч их мөнгөтэй юм. Би тэр агентлагийн даргаас өргөдлийг нь заавал авна гэдгийг танайхаар дамжуулаад шулуухан хэлчихье.
Эх сурвалж:Өдрийн сонин
Сэтгэгдэл ( 0 )