БИ НЭГ УДАА 10 САЯ ТӨГРӨГНИЙ ХАЖУУГААР АЛХААД ГАРАХ ШАХСАН ХҮН ШҮҮ ДЭЭ
Утаанд автобусныхаа хаягийг буруу харж андуурч суун чихэлдэн зүтгэсээр буух хаалгыг нь нүдэж жолоочийг нь уурлуулж, будилж, түгжирч явсаар Дундговь руу авч явахаар хүлээж буй унаагаа арайхийж бараадлаа. СГЗ До.Цэнджав, МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй, СТА найруулагч, жүжигчин Н.Зориг нараас бүрдсэн бидний бүрэлдэхүүн өглөөний Улаанбаатараар үдүүлэн, утаанаас сугарч хурдаллаа. Бид Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Сономбалжирын Буяннэмэхийн амьдрал уран бүтээлийн тухай чих тавин сонсож явав. Тэр тухай түүх хүүрнэгч нь Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Долгорын Цэнджав. Өнчин өрөөсөн хоцорсон С.Буяннэмэх Баргын Тогтох тайжид үрчлэгдэн бичиг үсэг сурч, Манж, Хятад хэлд нэвтэрсэн болон, түүний монголын уран зохиолд оруулсан түүхэн хувь нэмрийн тухай эхлээд хүүрнэв.
Тэгсэнээ нэг их томоор санаа алдан, Буяннэмэхийг Гэндэнгийн хамсаатан, японы тагнуул гээд 1937 онд гурав дахь удаагаа баривчлаад цаазалсан байдаг юм. Манайхан нэг зүйлийг ойлгох хэрэгтэй санагддаг. Буяннэмэх, Нацагдорж хоёр Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч гэдэг яах аргагүй үнэн. Гэхдээ их Нацагдоржийг үндэслэгч гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дундговийнхон зөвхөн Буяннэмэх үндэслэгч нь гэх гээд байдаг юм. Яах аргагүй тэгж хэлэх үндэс бий. Монголын зохиолчдын байгууллагыг үндэслэсэн, Уран зохиолын бүлгэм байгуулахад нь Нацагдорж сурагчаар нь сууж байсан гээд тэгж хэлж болох зүйл бол бий. Гэхдээ Нацагдорж уран зохиолын төрөл бүрээр маш гайхалтай хэмжээнд бичиж байв. Хүүхдийн зохиол, үргэлжилсэн үг, яруу найраг, жүжиг, дуурь гээд... “Учиртай гурван толгой” үндэсний дуурийг нь одоо хүртэл бид үзэж байна. Тэгэхээр энэ хоёр хүн Монголын уран зохиолын хоёр багана юм... гэв. Ийн Буяннэмэх агсаны тухай яриа дурдатгалд хөвж яваа минь түүний мэндэлсэний 115 жилийн ойг тохиолдуулан зарласан “Найргийн тэнгэр” яруу найргийн наадмыг шүүх урилгад хөтлөгдөн яваагаас үүдэлтэй билээ. Тэгээд л түүний яриа нутгийн зон, цаашлаад уран бүтээлчид, улс төрчид рүү шилжлээ... Үүнтэй зэрэгцэн Дундговь аймгийн нутгийн зах цэлэлзэв. Цас цоохортсон цэлгэр их тал бага үдийн наранд хөлөрчээ.
-Өө зогсоё, нутагаа зогсож байгаад тайван харъя... хэмээн бидний анхаарлыг өөртөө татсан хүн бол Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа агсаны том хүү жүжигчин телевизийн найруулагч Зориг байлаа. Түүнийг өглөө унаанд суухдаа жаахан цаашлуулж, “Харсан хүн байх чинь, зурагтаар гараад байдаг билүү, үгүй билүү” гэхэд минь, “Ахыг нь Зориг гэдэг, Загийн алимын Хүдэр. Яагаав нөгөө хартай нь... ” гээд гараа сунгасан билээ. Нээрээ л түүний хэлсэнээр Дундговьд өвөл ирсэн ч “намраараа байгаа” аж. Цааш давхисаар Дэлгэрцогт сумын бараа бүртэлзэхэд Д.Цэнджав ах, энэ сум намайг хүүхэд байхад л ийм байсан. Одоо ч гэсэн хэвээрээ. Тэгэхэд манай Гурвансайхан нүдэн дээр хөгжиж байна шүү дээ. Энэ хэнтэй холбоотой вэ, гэхээр Нутгийн зөвлөлийг тэргүүлж яваа хүнтэй холбоотой. Нутагтаа зүрх сэтгэлтэй хүн л нутгаа хөгжүүлнэ. Манай сумын нутгийн зөвлөлийн дарга бол УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн юм шүү дээ. Үнэхээр нутагтаа элэгтэй, сэтгэлтэй сайн хүн байгаа юм... гэж магтан аймгийн зүг дөтлөв. Түүнээс, танай аймгаас УИХ-д суусан Б.Наранхүү гишүүн хэр өгөөжтэй хүн бэ... гэж асуувал,
-Хүүе би нэг удаа 10 сая төгрөгний хажуугаар алхаад гарахаа шахсан хүн шүү дээ... Тэр юу болсон бэ гэхээр... Зохиолчид бид нар чинь бичнэ үү л гэхээс хэвлүүлэх мөнгөтэй хүн биш шүү дээ. “Цагаагчин гахай жил”-ээ хэвлүүлэх гээд мөнгө сураглаж, өрөөгөөр нь орлоо. Нэг хүнтэй сууж байна. Цагаан шонхорын Энхтайван гэсэн байх. Өө... ах сайн байна уу... Ямар хэргээр явна гэлээ. Учир явдлаа хэллээ. Ах нь нэг ийм ном бичээд уг нь их аятайхан зохиол болчих шиг боллоо. Дэмжих арга тал юу байна, гэлээ. Өнөөх хоёр морь яриад л... Нэг хээр ч гэнэ үү, хүрэн ч гэв үү, зүсний азарга 500 саяар авлаа л гэнэ. Шарга азарга ямар төрийн том цол авлаа л гэнэ. Намайг авч хэлэлцэж байгаа юм алга. Миний уур хүрээд болдоггүй. Хүн гэж тоохгүй байгаа болохоор нь тэр шүү дээ. Тэгээд явахаар өндийлөө, дуугүй л хувцсаа өмсөөд, за ах нь гарлаа... гэлээ.
Тэгтэл, өө ах ярьсан зүйлийг тань ойлголоо... Үүдний өрөөнд нэг эмэгтэй сууж байгаа дайраад гараарай гэж байна. Дургүй хүрээд, болсон, бүтсэн гэж хэлэхгүй болохоор нь шүү дээ. Шууд гарч явсанаа. Нөгөө эмэгтэйн өрөөний үүдээр өнгөрч явахдаа бодлоо. Нээрээ ороод гардаг ч юм билүү. Уулзаад гараарай гээд байсан. .. гэж бодоод орлоо. Сайн байна уу, Наранхүү ороод гараарай гэсэн... гэж хэллээ. Өө, танд өгөөрэй гэсэн гээд боодолтой мөнгө сарвайж байна. Би баярласан гэж жигтэйхэн. “Цагаагчин гахай жил”-ээ тэгж хэвлүүлсэн юм шүү дээ. Их ч зуузаан ном шүү дээ. Тэгэхнээ энэ томчууд чинь гэнэтийн бэлэг барьдаг нөхдүүд юм билээ. Юм мэдэхгүй бид нар бол уурлаад 10 сая төгрөгөө хаалганы цаана савж орхиод гараад явахаар юм байна билээ шүү... хэмээн инээмсэглэж, за аймаг руу ороод ирлээ... гэснээр бид дор бүрнийхээ хамаатай зүйлсээ цэгцэлж, машины цонхоор Мандалговийн төвийг ажин давхисаар ОРОН НУТГИЙН УДИРДАЛГЫН ОРДОН-ны үүдэнд хүргүүллээ.
ТӨВ АЙМГИЙН МАЛЧИД ДУНД ГОВИОС БЭЛЧЭЭР ГУЙТЛАА УДАХ БАЙЛГҮЙ БУЮУ АМНЫ АЛДАС
Бидний бүрэлдэхүүн тус ойн үйл ажиллагааг гардан зохион байгуулж буй МЗЭ-ийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Ж.Мөнхтөрөөр хөтөчлүүлэн аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэний албан өрөөний хаалгыг татлаа. Идэр насны хэр нь хөх буурал халимаг хагалан самнасан, цэх шулуун нуруутай, барилдаж явсан болов уу, гэмээр тэвхэгэр эр инээмсэглэн босож угтлаа. Дуу хоолой нь ч хүнгэнэсэн "тослог" юм. За ер нь л шударга байрын эрхэм аж. Нутгийнхаа өвөлжилтийн талаар хуучилж, Жилийн жилд ган гачиг, зуд турхан тоочдог Дундговь өнөө жил өнтэй өвлийн нүүр үзэж байгаа гэнэ. Хангайгаас дутахааргүй борог халиурч, цас өдөртөө хайлмагтаад сайхан байгаа нь зам зуурт ажиглагдсан. Харин энэ өнийг дагаад хаяа залгаа аймаг, сумд төдийгүй алс аймгаас отроор ирэх малчдын нүүдэл татрахгүй, улам нэмэх хандлагатай байгааг өгүүллээ. Саяхан тус аймгаар отор нүүдэлтэй холбогдуулан салбарын Сайд, албаны хүмүүстэйгээ явж байр байдалтай нь танилцжээ. Ер нь хаа сайгүй отор нүүдлийг дагаад үүсдэг асуудал бол бэлчээрийн маргаан юм. Малчид өөр сумдын отрын малчдыг оруулах, үгүйгээ дур мэдэн шийддэг, зөвшөөрөлгүйгээр шан харамж өгөн орж ирдэг зэрэг асуудлуудыг тэд шийдсэн байна. Харин бэлчээрт хамгийн их хохирол учруулдаг адууг отроор оруулж ирэхийг эсэргүүцэж буйгаа тэрээр илэрхийллээ. Хавар болоход жижиг малын иддэг бут сөөгний ёроолд үлдсэн өвсийг үлдээлгүй талхалдагаараа адуу бэлчээрт ихээхэн хохирол учруулдаг аж. Бусад мал зөвхөн хошуу амаараа иддэг бол адуу дөрвөн хөлийн оролцоотойгоор бэлчээрийг сүйтгэдэг байна. Тиймээс тус аймагт адуун сүргийн отор оруулахыг эсэргүүцэж байгаа аж. Говийн тачирхан өвстэй бэлчээр аймаг аймгийн олон сүрэг адууны аяыг үнэндээ даахгүй л дээ. Төв аймгийн одоогийн Засаг дарга Батжаргал арав гаруй жилийн өмнө аймгийнхаа ИТХ-ын даргаар ажиллаж байх үедээ Дундговийн зуднаас жийрхсэн малчдыг отроор өвөлжихөөр очиход нь цааргалж, тухайн үед, “Төв аймагт зуд болооч уу үгүй ч үү. Тэгээд ч Дундговиос бэлчээр гуйтлаа удах байлгүй...” гэсэн аястай үг хэлж байж. Тэрнийг нь нутгийн малчид мартаагүйн дээр, Засаг даргадаа уламжилсан тухай сонирхуулан яриад гэхдээ бид тодорхой хэмжээгээр шийдэлд хүрсэн гэлээ. Тэр тухай тэрбээр тайлбарлахдаа, үгийн хүмүүс ирсэн болохоор зүгээр ярьсан юм. Монгол хүн ер нь үгийг маш сайн бодож ярих ёстой юм байна гэж ойлгоод, үгийн алдас гэдэг айхавтар юм даа гэж гэнэт санаад тэрийгээ та нарт ярьчихлаа гэсэн.
БОЛДОГООРОО БОЛСОН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ
Яруу найргийн наадам үд дундлан эхэллээ... Дундговь аймгийн харьяат найрагчдын дээр Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг гурван яруу найрагч нийлсэн хорин яруу найрагч Төв халхын Хөгжимт драмын театрын тайзыг эзэгнэв. С.Буяннэмэх агсаны дурсгалыг хүндэтгэсэн шүлгэн хүлгээр эхлээд уншлаа. Дарга нь загнаж байгаад оруулчихсан бололтой хүн ч уншина. Хөөрлөөрөө давхиж орж ирсэн бололтой өнгө аяс заримаас нь цухалзана Бүр шөнжин ном уншиж, яруу найрагч нэгний шүлгийг дуурайлган бичсэнээ, “нухаж байгаад, бодож байгаад, хариуцлагтай нь аргагүй тэрлэн, түүнийгээ найздаа зориулан унших...”-аа зарлан сүр далайлган айлдах нэгэн ч таарав.. Дараачийн даваанд, арван найрагч үлдээн, “Анир” гэсэн сэдэв өгч, таван хоромд шүлэг зохиолгон уралдууллаа. Тэдний дундаас таван яруу найрагчийг шигшин авч үлдлээ. Унасан найрагчдын уурссан зарим нь хаалга саван одож, зарим нь хүлцэнгүйгээр үзэгчдийн суудалд шилжиж, өөрийгөө анхнаасаа тааруухан шүлэг уншсан гэдгийг мэдэж байсан нэг нь инээмсэглэн суудал эзлэв.
Үлдсэн таван найрагчаас тэргүүн байрт тус аймгийн Сайнцагаан сумын уугуул залуу яруу найрагч А.Сүглэгмаа шалгарч, дэд байрыг МЗЭ-ын шагналт яруу найрагч, А.Лхагва, Г.Сэд-Одын шагналт яруу найрагч Э.Гантулга, Хулд сумын малчин Д.Энхбаяр ШУТИС-ын оюутан Ж.Цэрэнтогтох нар удааллаа. Наадмын дараа тус наадмыг зохион байгуулах үүргийн хүлээн хамтарч ажилласан аймгийн Төв номын сангийн эрхлэгч Ц.Одончимэгийн урилгаар албан өрөөнд нь залагдав. Фондондоо 50 000 гаруй номтой тус номын сангийн эрхлэгч тэрбээр аймгийнхаа хүүдүүдийг номоор хүмүүжүүлэх үйлсэд анхаарч ажилладаг нэгэн аж. Хүүхдийн сонирхолыг номонд хөтлөхийн тулд С.Буяннэмэхийн нэрэмжит тэмдэгтэн сурагчдыг жил бүр шалгаруулан урамшуулдаг, бгөөд хоёр удаа шалгарсан сурагчийг Д.Нацагдоржийн тэмдэгч уншигчаар дэвшүүлэн шагнадаг уламжлал тогтоожээ. Дундговийн багачууд жил ирэх бүр номонд хорхойсон, өдөрт 50 орчим хүүхэд зарим үед 100 гаруй хүүхэд номын сангаар үйлчлүүлдэг гэнэ. Мандалговийн тэнгэрт одод дүүрэн түгэхэд найргийн нөхөд, номын элгэн садан тэднээр үдүүлсэн бид түнэрт шурган давхисаар Улаанбаатарын яралзсан гэрэлт бараа харан машин тэргэний холхилдоонтой золголоо...
Тус наадмын тэргүүн байранд шалгарсан яруу найрагч А.Сүглэгмаагийн шүлгийг сонирхуулья.
Бурхдын гуниг
Бурхад гунихад зулын гэрэл гэсгээлт хүмүүний харц шиг улалзаад
Будант цагийн өршөөлгүй савар мэргидийн хоолойг боомилсон
Хилэнт он жилүүдийн нүцгэн мөчир дээр
Хэний дутуу үлдээсэн шүлгийн мөрт дүүжлэгдэнэ вэ?
Үйлийн салхивчаар сунгах тэнгэрийн охидын мутраас
Үнэр тансаг дарс шимтэн хөлчүүрхсэн найрагчийнх уу?
Үүлэн олбогт Дэлгэрхангайн үнэн ариун домгоос
Үлэмж тунсаг шидийг олсон Сономбалжирийн хүүгийнх үү?
Уужим уужим гэвч гол мөрөн шиг халгиж болдоггүй
Уйтан уйтан гэвч гал дөл шиг дүрэлзэж болдоггүй амьдралд
Жаргаана даа гэж "Ертөнцийн улирал"-аа зурсаар явтал
Жаргана даа гэж "Харанхуй засаг"-аа будсаар суутал
Элбэгхэн атлаа эсгүүр нь таараагүй дээл шиг
Эндүүрлийн хорвоог толгой дээгүүрээ нөмрүүлээд
Эрмэг харцага шиг тэнгэрийн хярхагруу харвасан
Эр нэгэн шувуу юмсан уу та
Мөнгөн тэрлэгтэй охид шиг цаг хугацаа дэгдэн дэгдэн одоход
Мөрийг тань алтан элсэндээ оршоож ирсээн
Эрхиний бөөр шиг өдөр хоногууд бөмбөрөн бөмбөрөн дунгуйрахад
Эмзэглэлийг тань эмгэн харганадаа нууж ирсээн
Цэцэгтэй гэж бодсон ч өргөстэй байдаг замбуулинд
Цэцдийнхээ галыг бөхөөгөөгүй
Түшээт ханы хуучрын аялгуу шиг нутгаар
Буурал зууны өвгөн магнайд будрах цав цагаахан цас
Бурхад булаалдсан Буяннэмэхийн гуниг юм аа.
Тэмдэглсэн Л.Ганзул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Гээгдэх эгшгийн дүрэм түй ч мэддэггүй хэнээт найырагч бн. Одоо мөрдөж байгаа Дамдинсүрэнгийн дүрмээ мөрдөөд эх сайхан монгол хэлнийхээ дүрмийг нэг үзэж судлаад дараа нь шүлэг бичиж томроорой Ганзул хүү
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Зээлээ зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com