Өнөө муу хэддээ хэрэгтэй “Болор цом”

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 19


 

Баруун Алтайг зорих яруу найрагчид “Сонгинохайрхан зорчигч тээврийн төв” буюу “Драгон” төвийн гадаа хурц ягаан өнгийн автобус “сойчихоод” ийш тийш холхилдоно. Зарим нь үстэй дээл, булга, үнэгэн малгайгаар дулаалсан бол ихэнхдээ өвлийн хүрэм задгайлсан голдуу хүмүүс аж. Өглөөний 08.00-д хөдлөх ёстой байсан бид даруй хоёр цагийн дараа Улаанбаатарыг орхин Говь-Алтай аймгийн зүг зам шударлаа. Говь-Алтайгаас томилогдож ирсэн автобусны жолооч нар Драгоноос хөдлөхийн өмнө “шүтэж хүндэлж явдаг хүмүүстэйгээ зургаа авхуулаад хөдлөе...” гээд дурсгалын зураг татуулаад мордсон юм.

 МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалайгаар ахлуулсан яруу найрагчид, зохион байгуулагчид, "Болор цом"-ын эзэд, 40 гаруй хүн нэгэн зүгт тийн чиглэв. Дөч гаруй хүний дунд дөрөвхөн бүсгүй хүн зам нийлэх аж. Тэдний цорын ганц нь л Алтайн тэнгэр дор шүлгээ уншихаар яваа аж. Өнөө жилийн "Болор цом"-д ердөө хоёрхон эмэгтэй найрагч шүлэг уншихаар зорьсны нэг нь Г.Болормаа гэх тэр бүсгүй аж.  Нөгөө нь Алтай нутгийн уугуул Дархан хотын найрагч Х.Эрдэв бөгөөд тэрбээр өөр унаанд суужээ. Төв аймгийн Эрдэнэсант сум хүрэхийн алдад автобусны сэнсний ремен тасарч бага зэрэг цаг нөхцөөснийг эс тооцвол өчүүхэн ч тотгор гарсангүй. Аян замын үзүүр алс тул дуу хуур, шүлэг найргийн халгиа давлагаална. Болор цом-35 наадмын эхний шалгаруулалтад тэнцсэн 30 яруу найрагчийн 15 нь баруун аймгийнх аж. Ойрын жилүүдэд нутаг орондоо харьж золгоогүй тэдний догдлол их. СГЗ яруу найрагч Д.Дашдондов:  

...Учирлаж яримаар хайр байдаг даа

Уйдахын аргагүй бодол байдаг даа

Уудалж онгоймоор сэтгэл байдаг даа...” хэмээн гэгэлзэн дуулж, Завхан нутгийн хүү, энэхүү Болор цомд ногт ганзагалж мордсон гэх МЗЭ-ийн шагналт яруу найрагч Базарсадын Баттулга тэртээ араас:

...Алтай хангайгаа юугаа болгоод... гэж нэг хүнгэнүүлэн сөөнгөтөж,

Алтан наран хэвийх зүгт

Алтай сайхан нутаг минь бий... хэмээн гэгэлзэн өндөлзөж, дэг эвдэнэ. Улаанбаатараас цав цагаан хөндий туулан сүнгэнүүлсэн бид нэг мэдэхнээ цэлийсэн бараан талтай золгожээ. Баянхонгор аймаг руу дөтөлж яваа аж. Өдөржин дуулсан заримынх нь хоолой сөөнгөтөж, зарим нь бага зэрэг алжаасан бололтой суудал налан унтна. Баянхонгор, Говь-Алтай тийш цас ороогүй туурайн зуд нүүрлэх янзтай болсон гэж, нутгийн найрагчид халаглах. Хамар хатгах өвсгүйн дээр малын хошуу хайрах цасгүй өвөлжинө гэдэг ямар сайн байх билээ...

Хонгор нутгийн зохиолчид Болор цомд оролцохоор Алтай нутгийг зорьж найрагчидтай уулзан, цааш үдэв.

Өдөр шөнийн турш чилийтэл давхисаар зорьсон газраа хүрлээ. Алтай хотын тэнгэр хурганы ноос зулсан чинээ цас газарт дэвсэн хоножээ. Яруу найрагчдын сэтгэл хөдөлж, Хөглөгөр их Алтай нутаг биднийг цагаан эсгий зулж угтлаа, яруу найрагчид явсан нутгийнтэнгэр хураа хайрладаг гэж үнэн байна хэмээн хөөрцөглөн Алтай хотын өглөөг сэрээн буудалласан  юм.

Энэ өдөр Говь-Алтай аймгийн орон нутгийн музейгээр оров. Музейн байр байшин онгож хуучирсаны дээр үзмэрүүд ч базаахгүй болсон харагдана. Ховор, сонин амьтдын чихмэл нь хадгалагдсан нөхцөл байдал, цаг хугацааны уртад үнгэчүүлж хоцорчээ. Өнөөх л дуулианы эзэн цоохор ирвэсний чихмэл  гэхэд өнгө сүрээн алдсан байв. Гэвч хүний сэтгэл соронзодсон олон ховор чамин үзмэр ч таарсан. Монгол язгууртны эдэлж хэрэглэж байсан болов уу гэмээр маш чамин хийц гоёлтой эмээл, хошуу ноёны тамга дардас, Зоч ламын зан үйлийн бүрэн өмсгөл, хэрэглэл... гээд үзэх харах, бахдах гайхшруулах үзмэр сэлт ихтэй музей санагдсан. Гагцхүү орон нутгийн удирдлага эзний сэтгэлээр хандаж байр байшинг нь шинэчилж, үзмэрүүдийнхээ утаа тоосыг гөвөхөд анхаармаар... Ер нь зөвхөн тус аймгийн музей гэлтгүй өв соёлоо хадгалж авч яваа  газруудаа Улсын хэмжээнд харж үзэхэд буруудахгүй л болов уу. Тус аймгийн музейн хоёр давхрын нэгээхэн хэсгийг Төрийн хошой шагналт Зууны манлай романч Ч.Лодойдамбын гэр музей эзлэх аж. Их зохиолчийнхоо эдэлж хэрэглэж байсан ширээ сандал, гэрэл чийдэнгээс эхлээд, хуучин төгөлдөр хуурыг байршуулжээ.  Эгэл мөртлөө нэг л дотно орчныг тэнд бүрдүүлсэн нь тус музейд нэгэн өнгө гэрэл нэмсэн мэт санагдсаныг тэмдэглэх нь зүйтэй биз ээ.


 Төрийн хошой шагналт зууны манлай зохиолч, Урлаг соёлын нэрт зүтгэлтэн Чадраабалын Лодойдамба агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёслол 15-ны өглөө түүний нэрэмжит хоёрдугаар дунд сургуулийн өмнөх талбайд үргэлжлэв. Учир нь Алтай нутгийн удирдлага, зон олон “Болор цом-35” найргийн наадмын хүндэт зочид, их зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан сүндэрлүүлсэн хөшөөний нээлтэд оролцсон юм.


 Тийн хүндэтгэл үзүүлснээр “Болор цом” наадамд оролцохоор Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгыг зүглэв.

"БОЛОР ЦОМ-35" наадмын Янжинлхамын хишигт "ТЭРГҮҮН НАЙРАГЧ"-аар МЗЭ-ийн шагналт яруу найрагч МӨНГӨНХҮҮГИЙН ОТГОНБАЯР тодорсон бол "ДЭД" байрыг Г.СЭР-ОД-ын нэрэмжит шагналт яруу найрагч Х.НЯМХИШИГ, "ГУТГААР" байрыг МЗЭ-ийн шагналт "БОЛОР ЦОМ" наадмын дэд болон гутгаар байрын шагналт яруу найрагч О.ЦЭНД-АЮУШ, "ТУСГАЙ БАЙР"-ыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.ГАНХҮРЭЛ, Д.ОДГЭРЭЛ нар тус тус эзэллээ. Наадмын үеэр Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит шагналыг СГЗ яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирт Завхан аймгийн Засаг дарга Батсайхан ёслол хүндэтгэлийн дор гардуулан өгч баяр хүргэсэн юм.

Мэдээж жил жилийн “Болор цом”-ыг дагадаг маргаан, шуугианн хуучнаараа ч яруу найрагчид “сайхан наадам боллоо” хэмээн бие биедээ баяр хүргэж дахин уулзахын ерөөл талбив. “Болор цом” наадмынхаа ач буянаар баруун Алтайн тийш зориод ирсэн минь хэзээ хойно дурсамжийн дэвтэр сөхөхөд дурайх сайн сайхныг үлдээсэн билээ. Үгийн уран дархчуудын нэгэн дор чуулуулж, үзэгч сонсогч, алс суугаа зарим нөхөдтэй нь уулзуулж байдгаараа, өнөө муу хэддээ хэрэгтэй л дээ “Болор цом” минь...


Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uur hend htei bilee (213.114.152.134) 2017 оны 12 сарын 20

uur hend ch hereggyu galzuuchuud paartai baishind suuchaad nutag nutag gd gutsaad bna yu ch huuhgui

0  |  0
Top