Чинагийн Галсан
1943 оны 12 дугаар сарын 26-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэлхайрхан суманд төржээ. 1961-1962 онд МУИС-ийн хэлбичгийн факультетийн монгол хэл, утга зохиолын ангид, 1962-1963 онд Лайпциг хотын герман хэлний бэлтгэлийн институтэд, 1963-1968 онд мөнхүү хотын Карл Марксын нэрэмжит их сургуулийн герман судлалын ангид суралцаж төгссөн. Ч.Галсан “Тува тууж”, “Арван долоо дахь хоног”, “Дуу чилэх цаг”, “Хөх тэнгэр сонсож бай” зэрэг 17 ном бичсэн нь герман, испани, англи, франц, япон хэл дээр орчуулагдан хэвлэгдэж гарсан байна. 2003 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн.
Их хүрэнгийн удам
I
Сайрын говийн дунд орж явтал салхи гэнэт эргэж, цас хаялж эхэллээ. Нижигнэтэл хатируулж байсан адуу зогтусан дороо эргээд унгалдлаа. Их хүрэн сүргийнхээ дулаан нөмрийг орхин урагш цойлон гарч ирээд бага хүрэнгийн гүрээ хавиас хавхийтэл хазаж хайрах агшинд цаахна зогсоо дөнөн халтар руу бөгсөө эргүүлэн улаан суга руу нь түсхийтэл тангарлаа. Азарга, гүү хоёр зэрэг дуу алдан, өөдөөс нь хазах, тангарахын сэхээгүй бушуухан зайлахаа л бодсон нь хөгшин гүүнээс тийм их хүч гарахын чинээ санаагүй явсан, одоо түүндээ бантсаны гэрч гэмээр.
Их хүрэн өөрөө харин золтой л шургаж унасангүй, бага хүрэнгийнхээ бас л хүрэн унагыг дайрчих шахан, арайхийн тогтсоноо салхи сөрөн хатирууллаа. Хамар цагаан унага нь түүний араас, бас бусад үр төл нь эхийгээ дагалаа. Халтар азарга, бага хүрэн хоёр хэсэгхэн зуур алмайран зогсож байснаа ижил сүргийнхээ хойноос ухасхийн төдөлгүй гүйцэж, хоёр талаар нь ороон урд нь гараад их хүрэнг сарвайтал цогих унагатай нь цуг дундаа хийсээр цаашиллаа.
II
Ахин нөмөрт орсондоо их хүрэн хавиргаараа бүлээцэсхийх шиг болж, бас санаснаар болсонд дотор нь уужирч, арай л ширүүдчихэв үү хэмээн гэмшисхийн явах ажээ. Харин гэнэт яагаад тийм ааш гаргасныг нь цаад хоёр ойлгосон бололтой, хэрэв одоохондоо ойлгоогүй байлаа ч гэсэн нэгэн цагт ойлгох нь лавтай.
Тэр жил яг энэ л говийг гаталж яваад мөн л гэнэт эргэсэн салхи дагаж уруудаад юунд учирснаа их хүрэн мартаагүй. Тэр шуурганаар эцэг эх, бас олон ижил нь сүйд болоход өөрөө залуу, чийрэг биеийнхээ хүчээр л үлджээ. Тэгэхэд харин бага хүрэн гэгдэж явсан цаг.
III
Урд зун нь ойртох бүрий эцэг азарга нэг л ааш ширүүн байдаг байснаа нэг өдөр бүр хайрч тангарсаар бусад хэдэн байдсын хамт ижил сүрэг дундаас нь хөөн гаргажээ. Тэгээд гайхан алмайрчихаад явж байтал бүхнийг айлгасан догшин хар хэмээн алдаршиж, хүн малд ад үзэгдсэн азарга давхин ирээд хөөн аваачиж ижил сүрэгтээ хураан нийлүүлснийг санах бүр хүрэн гүүний дотор өмөрдөг ажгуу. Догшин хар бол үнэхээр аймшигт адгуус, азарга биш, чоно, эрлэг юмуу гэмээр, түүний хурц шүд, хатуу туурай, хүнд, чанга биеэс мултрах арга зам байсангүй. Бүтэн арьсаа хэгз татуулан, бүрэн ясаа хэмх даруулан байж үзээгүйгээ үзжээ. Харин тэгж үйлийг нь үзсэнээс хойш хар азарга түүнийг төдийлөн тоохоо болив. Хавьтсанд хайруулж, тааралдсанд тангаруулж явсаар нэг өдөр босон давхиж ижил сүрэгтээ буцаад ирвэл бага, ихгүй унгалдан угтжээ. Өшиглөж хөөсөн эцэгтээ, өмөөрөөд аваагүй эхдээ гомдож явсан нь ч мартагджээ.
Дараа нь бөгтөр зээрдтэй учирчээ. Тэр бол ёстой азарга, хань нь байжээ. Түүний нөмөрт явахад айх аюул, даарах хүйтэн гэж байсангүй. Ижил сүргээ эргээд ирэхийнх нь хооронд үгүйлж саначихсан үүрсэн угтдаг байлаа. Үр төлийг нь төрүүлэв. Өөр гүү бараадан явахыг нь харах бүрий харамлавч давхин очиж эргүүлэн ирэх гэсэн нь үгүй. Бас хааяа заримдаа байдас хөөн авчрахад цухалдан, хайрч хазахыг хүсэвч өөрийнх нь хөөгдөн ирж, үйлээ үзэж байсан нь санагдаад больдог байв. Бөгтөр зээрдийг ажлаа бүтээгээд ирэхэд тунимаар санагдавч туньж яваад өгч чадахгүй, заар сэнгэнэсэн ижилгүй сайхан үнэрийг нь аван, халуун биеийг нь хажуудаа мэдрэхдээ баярласнаас чичрэн, нулимс унаган зогсож байдаг байлаа.
IV
Нэг оны төл байтал бөгтөр зээрд өөрөөс нь түрүүлж өтөлжээ. Эзэн хүн нэг өдөр дөнөн халтар азарга хөтөлсөөр ирж адуун дотор тавихад бөгтөр зээрд түүнтэй үзэлцэхээр дэл, сүүлээ сэгсэлзүүлэн энд тэнд гишгэсээр хүрээд очтол бугуйл исгэрсээр гогцоо хүзүүнд нь оржээ. Тэгээд ногтлуулж, хөтлүүлсээр явахын хооронд тэр хоёр ахин уулзахгүй юм шиг зөөлөн хошуугаараа үрэлцэн, бүлээн хэвлийгээрээ хүрэлцэн үүрсэлдсээр байлаа. Үнэхээр ч дахиад уулзсангүй. Дөнөн халтар бол юм үзээгүй хөөрүү, гэтэл бас ханаж цадахыг мэдэхгүй юм шиг булай амьтан байлаа. Нүдэндээ харагдсан, замдаа тааралдсан бүгдийг гишгэв. Тэгсээр нэг өдөр өөрийг нь олж харав бололтой, чарлаж тонгочсоор хүрээд ирлээ. Их хүрэн түүнийг даанч тоосонгүй. Яаж ч аяглаад хавьтуулсангүй.
V
Дөнөн халтар их хүрэнтэй олон хоног, сар хөөцөлдөв. Гээд сүргийн эх тэр хөгшин нугарсангүй. Бөгтөр зээрдтэй цуг үе нь өнгөрснийг орой төрсөн, давжаа биетэй хамар цагаан унагаа л өвс, усанд бушуухан оруулж, өвлийн хүйтэн, хаврын хавсарганаас эсэн мэнд авч гарах ганцхан утга учиртай үйлс өөрт нь үлдсэнийг зөнгөөрөө мэдэрчээ. Хамаг бүгдийг гишгэсэн дөнөн халтар орооны цаг нэгэнт өнгөрөвч юм л бол их хүрэнгийн хажууд хэзээний ирчихсэн шөргөөх нь өтөл, гунданги биенд нь залуу биеийнхээ ааг, халуун, хясал мөргөсөн хүсэл тачаалаа гаргахын түйс болох ч байх мэт.
VI
Дөнөн халтар бүр байж ядахдаа бага хүрэнг бараадан халуун амьсгаагаараа цавь, сугыг нь төөнөөд авч, цаадах нь тэр тоолонгоор нэлмэсхийн уярч, өөдөөс нь бөгсөө тулган өгч байгааг их хүрэн харсаар. Өнөөдөр ч гэсэн Сайрын говиор хатируулж явахад дөнөн халтартай бага хүрэнг биеийн ямар илч, сэтгэлийн ямар гэгээ холбож байсныг хөгшин гүү мэдэж, тэгээд ч бөгтөр зээрдтэй өнгөрүүлсэн жаргалтай үеэ дурсан санасаар авай. Гэхдээ цээж нь нэг л түгшүүрээр дүүрч, зангирсаар, тэр нь хөөрүү азарга, гэнэн охин хоёрынх нь явдалтай огтхон ч холбоогүй байлаа.
VII
Цас өтгөрч, шуурга ч чангарсаар. Дөнөн халтар, бага хүрэн хоёын илчинд хавиргаараа бүлээн явавч магнай, зоо нуруугаар нь нэвт үлээх хүйтэнд яс нь янгинаж, дотор маналзах нь тархи, нугас нь царцаж эхлэх мэт. Ийм л юм болох гэж байгааг, одоо түүнээс эсэн мэнд мултрахгүйгээ мэдэж байлаа. Хэвлийдээ наалдан цогих хамар цагааныхаа нялх биеийн төөнөм халууныг цоорхой, цөмөрхий юм шиг болсон өтөл биеийнхээ арьс, махаар жирс, жирс мэдрэхийн тоолонгоор өр өөд нь зурс, зурс хөндүүрлэх нь чухам бас тэр нялх амьтантай л холбоотой ажээ.
Сайрын говийг арайхийн туулжээ. Ууцаар нь хөшин чинэрч, улнаасаа мэдээ алдарч эхэлсэн дөрвөн хөл нь одоо бүр угтаа хүртэл бадайрч өөрийн эрхгүй хатираа нь саарч шогших төдий явсаар Баруун багалууртын уулын хормойг гишгэлээ. Билүүтийн хөтлөөр давахад шогшиж ч барахаа байгаад нүд нь бүрэлзэж, хөл доорхи газар дайвалзах боллоо. Уг нь ч ойртлоо доо гэсэн нэгэн бодлоос зуурсаар хөшингө биеэ чирэн аахилсаар, урагш зүтгэсээр.
VIII
Устын улааны алаг сархиаг дундах тогоо мэт нэгэн хүнхрээс нэгэн азарга адуу гарч ирвэй. Хүнхрийн цасыг нэгэнт чийр болтол гишгэж, бут, бударга бүрийг үндсэнд нь тултал мэрж, олонхыг бас цавчин ухаж, хөрсийг эргүүлжээ. Тэрүүхэнд хэсэгхэн газрын цас, хөрс л бүтнээрээ үлдсэний голд хүрэн адууны дэл, зоо цухуйх ажээ. Хүнхрийн ирмэг дээр зогсоод эргэн, эргэн хоргодох тэр адуун доторх содон хүрэн гүүг хоёр талаас нь хоёр даага тэлээлэн бараадсаар явлаа.
Zindaa.mn-Чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 3 )
Энэ хөгшин гүүгээр хүний ялангуяа эмэгтэй, эх хүний сэтгэлийг гаргасан байна. Эр нөхөр гэж эм эргүүлсэн амьдрах ухаан муутай амьтны олон булай үйлийг тэвчин гэр орон үр хүүхдийнхээ хувь заяаг авч яваа эмэгтэйн дүр хөгшин хүрэн гүү болой .маш сайн бичжээ.
Танысониндөгсөн ярилцлагыгуншла а.Монголхүнболг
уран бүтээл нь улам залуужиж, дэлхийн чихийг дэлдийлгэж яваа багшдаа баярлалаа