Сармагчин хүний хэлээр ярилаа гэвэл та хэр үнэмших вэ? Шинжлэх ухаанд, амьдралд янз бүрийн туршилт элбэг. Үүнийг эрдэмтэд голдуу хийдэг нь тодорхой. Сармагчинг бидний өвөг язгуур гэдэг ойлголт өнөө хэр арилаагүй байна. Арилах ч үгүй, харин ч батлагдах биз. Бидний "өвөг" маань ухаант энэ үеийнхнээ дуурайж хэлээр нь ярьж чадаж байна гэнэ шүү. АНУ-ийн Невадагийн их сургуулийн адгуус амьтны сэтгэл зүйн асуудлын мэргэжилтэн гэр бүлийн хоёр дээрх ажлыг санаачлаад боломжийн үр дүнд хүрсэн тухай өгүүлье. Чухамдаа сармагчин авгайн хэл яриа тун ядуухан аж. Тэд гучаад авиагаар "хэл авалцдаг" боловч ихэнхдээ л сэтгэл хөдөлсөн үедээ гаргадаг янз янзын дуу авиатай амьтад юм. Хоёр эрдэмтэн тэднийг хэлгүй, дүлий хүмүүс хоорондоо харилцдаг дохионы хэлэнд сургахаар шийджээ. Тэд ажилдаа орох нь тэр. Нэг настай Уоша гэдэг залуу сармагчинг туршилтын туулай болгоод ажиллаж эхлэв. Уошагийн дэргэд эрдэмтэд хоорондоо зөвхөн хэлгүйчүүдийн дохиогоор л ярилцана. Долоон сар өнгөрлөө. Сармагчин эхний дөрвөн дохиог дажгүй сурав. Дахиад долоон сар өнгөрөхөд арван шинэ дохиогоор Уошагийн хэл баяжлаа.
Дахиад арван сарын дараа гучин дохио сургав. Ийм байдлаар хоёр жил хагасын дотор жар гаруй дохиотой болов. Хамгийн сонирхолтой нь Уоша тэдгээр дохиог хойно өмнө нь оруулан ашиглаж өгүүлбэрээр ярьж сурав. Дохионоос гадна "болно уу","зугаатай байна", "дээш нь", "сонсох", "цэвэр", "нохой", "муур" гэх мэт үгийг итгэлтэйгээр хэрэглэдэг болжээ. Дараа нь "уучлаарай", "хүлцэл хүсье", "баярлалаа" зэрэг дохио үгийг эзэмшсэн байна. Түүний үгийн нөөц ихсэх бүр салангид дохио үгийг өгүүлбэр болгон бүлэглэж ярих хүсэл эрмэлзэл ихтэй болж байжээ. Зургаан насандаа "Хаалга онгойлгодог түлхүүрээ надад өгнө үү?" гэж дуугаран хэлдэг болов. Энэ гайхамшигтай туршилтын үр дүнгээр түүхэнд анх удаа хүн ба адгуус амьтны хооронд хоёр талын мэдээллийн холбоо тогтоосон билээ. Гэвч, хүмүүжлийн аргыг хичнээн боловсронгуй болголоо ч гэсэн сармагчны хөгжлийг гурван настай хүүхдийн түвшнээс дээш гаргаж болохгүй нь нотлогдсон юм. Сармагчинг цаашаагаа яалаа ч гэсэн урагш ахихгүй, зогсонги байдалд оржээ. Нэг сонин түүх хүүрнэе. Амазонк мөрний саваар амьдардаг зарим ард түмэн 3-5 хүртэл тоолж чаддаг. Үүнээс цаашхыг нь "олон" гэсэн ойлголтоор сольдог ажээ. Энэ бол ерөөс уураг тархины нь хэмжээ бололтой. Сармагчин ч гэсэн хичнээн сайн сурлаа гэхэд аливаа юмны тоог тав хүргэж л чадна. Үүгээрээ тэдний авьяас чадвар хязгаарлагддаг. Өөрийнхөө оршин буйг ухамсарлах эд юмсын мөн чанарыг таних, хүрээлэн буй бодит нөхцлөө зөвөөр ойлгож мэдрэх, өөрчлөн байгуулах гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх аугаа их сургууль, сургалт юм болохоор хүн сармагчин хоёрын хоорондын зай дэндүү хол нь тодорхой. Бидний жишээ авсан Уоша сармагчны урагш ахиагүй, "бензин" дууссаны гол шалтгаан үүнд л байгаа юм. Сармагчин "ярьж" гавихгүй ч гэсэн зарим үйлдлийг сүрхий чадмаг хийдэг нь батлагджээ. Өмнөд Африкийн нэгэн фермд ямаа хариулдаг сармагчин байсан тухай хэдэн жилийн өмнө уншсанаа санаж байна. Өглөөнөөс орой болтол ямаануудтай цуг бэлчээрт явдаг байжээ. Нэгэн удаа хоёр ямаа бэлчээрт гараагүй үлдсэнийг мэдмэгцээ гэр лүүгээ очиж тэр хоёр залхуу малыг тууж ирсэн гэдэг. Энэ бол хүнтэй хамт амьдарч буй сармагчны сэтгэлгээ их өөр болдгийг харуулж буй хэрэг. Эцэст бяцхан дүгнэлт хийе. Хичнээн сургаад ч сармагчин хүний хэлээр дуржигнуулахгүй нь тодорхой. Энэ бол мөнөөх оюуны хөгжилт, хамтын хөдөлмөрийн мөн чанараас шалтгаалсан хэрэг.
Zindaa.mn-Чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
Уйтгартай мал минь