Оюутолгой гүний уурхайгаас 2020 онд хүдэр олборлож эхэлнэ

2018 оны 01 сарын 04

 

1300 метрийн гүндэх аялал

Өмнөговийн хэвлэлийнхэн Даланзадгадаас Оюутолгойн Хан бумбат нисэх онгоцны буудалд 30 минут хэртэй нисээд буув. Бидний хувьд амьдралдаа хийсэн хамгийн богинохон нислэг байлаа. Оюутолгой ХХК бүх ажилчдаа онгоцоор тээвэрлэдэг болж. Онгоцны суудал дүүрэн, дандаа залуучууд. Уул уурхайн бүс нутгийн сэтгүүлч хүний хувьд Оюутолгойн уурхайн гүн рүү орж үзэх хүслээ энэ удаад биелүүллээ. Урьд нь орох нөхцөл бүрдэх бүрт миний боломж таардаггүй явсаар өдий хүрсэн. Биднийг Ханбумбат нисэх буудлын үүдэнд Оюутолгойн Олон нийт хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн Билгээ ах, Ханбогд сумын ЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Өрнөө хоёр тослоо. Онгоцноос автобусанд суун Оюутолгойд хүрэв. Уурхайн бүсэд нэвтэрсэн тул биднийг танхимд оруулан аюулгүй ажиллагааны дүрэм журамтай танилцуулсны дараагаар музей үзүүлэв. Уурхайн бүсэд ажиллаж байгаа хүн бүр аюулгүй байдлын хамгаалалтын хувцас бүрэн хэрэглэлтэй байх ёстой гэсэн зарчмын дагуу бидэнд гутал, малгай, нүдний шил, бээлий, цацруулагчтай хантааз өмсцгөөв. Гуталны размер нь Монголчуудад тохирсон жижиг байдаг болчихож, урьд нь гуталт муур шиг юм байдаг байсан.

Орон нутгийн сэтгүүлчид Оюутолгой ХХК-тай хамтран ажиллах тухай саналыг дахин дахин тавьсны эцэст ажил болж бид уулзаж байгаа нь энэ юм. Дэргэд дэлхийд гайхагдсан том алтны орд уурхай үйл ажиллагаа явуулаад байдаг хэр нь орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл нь хаалттай, ард иргэд бодит мэдээлэлгүй тодорхой цаг хугацаа өнгөрсөн нь үнэн. Харин бидний уулзалтаас 2018 онд хамтран ажиллаж бид хүссэн мэдээллээ авч уншигч, үзэгчиддээ хүргэхээр болж байгаад баяртай байна.

Оюутолгойн ил уурхай

Оюутолгойд гурван орд нээсний нэг нь буюу Өмнөд оюугийн ордын хөрс хуулалт 2011 онд эхэлж, 2012 оны дөрөвдүгээр сард анхны хүдэр олборлож эхэлсэн байдаг. Ил уурхай нь 1.5x2.7км харьцаатай талбайг хамрах бөгөөд 650 метр орчим гүнтэй байна. Тус уурхайгаас гарсан хүдрийг 290 тонны даацтай аварга том “Комацу” машинаар зөөж анхдагч гаднах бутлуур руу буулгана. Буулгасан хүдрийг гар бөмбөгийн чинээ болгон бутлаад 2.7 км урт туузан дамжуулгаар “Оюу толгой”-н баяжуулах үйлдвэр лүү тээвэрлэгддэг.

Өмнөд оюугийн ордын ил уурхайд 2700-3500 морины хүч чадалтай, өгсүүр өөд хүч алддаггүй “Комацү” загварын мянга гаруй хүнд даацын машин 24 цагаар тасралтгүй ажиллаж байна. Уурхай улам гүн болж, хөрсны овоолго өндөрсөнө. Хөрс болон хүдэр ачсан машины урд талд нь машины дугаар, хажуу талд нь ачсан ачааны тонн жин нь гэрэлтэж тод харагдана. Зочдыг гаргаж харуулдаг овоолго орой дээрээс харахад гурван хонхор буюу уурхайн амнаас зассан замаар том машинууд завсаргүй зөрөлдөж тоос татуулан дүнгэнэлдэн сүлжилдэнэ. Ил уурхайн зарим хэсэг нь цагаан тоос манаран хараа үл хүрнэ. Туузан дамжуулга гол мэт жирэлзэн урсаж бутлуураас гарсан хүдрийг баяжуулах үйлдвэрт хүргэнэ.

Хүдэр баяжуулах үйлдвэр

Бид ил уурхайгаас 1, 2-р босоо амын дэргэдүүр гаран баяжуулах үйлдвэрт очив. Дуу чимээ ихтэй учир чихний бөглөө хүн бүрт тараав. Ил уурхайгаас 2.7 км туузан дамжуулгаар агуулахад хүрч, тэндээсээ баяжуулах үйлдвэрт бутлуураар дамжиж хоёр том тээрмээр бутлагдан жижиг болж дараагийн дөрвөн жижиг тээрмээр илүү нарийн гурил шиг болгон бутлаж усаар зайлан химийн ялгагч урвалаар алт зэсийг нь хөөсрүүлэн хөвүүлэн ялгаж авдаг байна. Хэрэггүй хаягдал саарал ус нь гадагшаа даланд хуримтлагдана. Даланд хуримтлагдсан саарал усыг тунгааж дахин ашиглаж, хаягдлыг нь хоолойгоор дамжин зайлуулдаг байна.

Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн талаар товч мэдээлэл өгөхөд 2013 оны 2 дугаар сарын 1-нд анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэж, 07 дугаар сарын 09-нд экспортод гаргаснаас хойш 2015 оны хоёрдугаар сард гэхэд тус баяжуулах үйлдвэр нэг сая дахь тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн гаргасан тоон мэдээ байдаг. Баяжуулах үйлдвэр ойролцоогоор 255 метр урт, 144 метр өргөнтэй газар эзэлдэг. Баяжуулах үйлдвэрт туузан дамжуулгаар ирсэн хүдрийг механик болон химийн хэд хэдэн дамжлагаар боловсруулагдан гарсан баяжмал хэмээх уг нарийн ширхэгтэй нунтаг бүтээгдэхүүн нь 25-30 хувийн зэсийн, мөн бага хэмжээний алт, бусад металлын агуулгатай.

Оюутолгойн алт, зас баяжмал болон экспортлогддог

Баяжуулах үйлдвэрээс баяжмалыг “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой хоёр тонны багтаамжтай брэзентэн уутанд савлаж нэг машинд 12 ширхэгийг ачна. Эдгээр ачааны машинуудын цуваа “Оюу толгой”-н уурхайгаас 80 км-ийн зайд орших Гашуун сухайт хилийн боомтоор гарч Ганц модны хилийн боомтод торон том хашаанд буулган эгнүүлэн өрнө. Хилийн цаана цагаан ууттай өнөөх баяжмал нэртэй Монголын баялаг маань торон хашаанд хоттой хонь мэт хураагаастай харагддаг. Цааш нь хурдны замаар ямартай ч Бугат хот хүргэдэг юм билээ. Түүнээс цааш хаана хүрч юу болдгийг мэдэхгүй.

Оюутолгой гүний уурхайгаас 2020 онд хүдэр олборлож эхэлнэ

Оюутолгойд одоогоор ил уурхайгаас хүдэр олборлож байгаагийн зэрэгцээ далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгаа. Уурхайн үйл явц гурван үе шаттай. Эхнийх нь үе шат хайгуулын, хоёр дахь нь бүтээн байгуулалтын ажил хийгддэг бол гурав дах үе шат нь олборлолт, хаалтын үе шат юм.

Оюутолгой уурхай 2020 онд гүний уурхайгаас анхны хүдрээ олборлон гаргаж эхлэх буюу 2027 онд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм байна. Энэ талаар Оюутолгойн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Ганзоригоос тодруулахад “Олон нийтэд зарим мэдээллүүд хүрч чадахгүй байгаа учраас буруу ойлголттой байна. Жишээ нь “Оюутолгой гүний уурхайгаа ашиглаад эхэлчихсэн, 2020 онд шууд бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэх юм байна” гэх мэт мэдээллийн буруу зөрүү ойлголт түгээд байна. Тиймээс дахин тайлбарлаж хэлэх нь зөв байх. 2020 онд гүний уурхай зөвхөн анхны хүдрээ авч эхэлнэ. Тэр болтол гүний уурхайд бүтээн байгуулалтын ажил явагдана. 2020 онд анхны хүдэр авсан ч гэсэн хийх бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх болно. Жилээс жилд гүний уурхай хүчин чадлаа нэмэгдүүлж явсаар байгаад 2027 он гэхэд бүрэн хүчин чадлаа эзэмшээд өдрийн 95 мянган тонн хүдрийг баяжуулах үйлдвэр рүү нийлүүлэх юм. Хүдрийг гүний уурхайгаас хоёр аргаар гаргаж авахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт нь хоёрдугаар босоо амаар хүдрээ лифтээр гаргаж ирнэ, хоёрдугаарт нь ил уурхайгаас явж байгаатай адил газрын гүнээс конвероор дамжуулж хүдэрээ гаргаж ирж баяжуулах үйлдвэр рүү нийлүүлнэ. Бүрэн хүчин чадлаараа ажиллаад ирэхээр хоёр аргаар баяжуулах үйлвэр рүү гүний агуулга өндөртэй хүдрийг нийлүүлэх боломжтой болно гэсэн үг. Ил уурхайгаас арай бага агуулгатай хүдэр олборлох ажил үргэлжлээд явна. Ил уурхайн бага агуулгатай хүдрийг гүний уурхайн их агуулгатай хүдэртэй холиод баяжуулах үйлдвэрийн хүчин чадалд тохирсон хүдрийг нийлүүлэх юм” гэж ярилаа.

Уурхайд гол баримтлах зарчим бол аюулгүй ажиллагаа

Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлсийг бүтээлцэнэ алсын хараатай Оюутолгойгоор овоглон ажиллаж байгаа хүн бүрийн гол баримтлах зарчим бол аюулгүй ажиллагаа гэдгийг тэнд алхам бүртээ мэдрэнэ. Хүн бүр хувцас хэрэглэлээ стандартын дагуу өмсөж зүүнэ.

Уурхайд ауюлгүй байдлыг нэгдүгээрт тавьж, аюулгүй ажиллагааг хангах үүднээс хянах самбар камерийн системээр үйл ажиллагааны явц, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хянахын зэрэгцээ ухаалаг малгайгаар ч мөн хянаж байна. Уурхайн бүхий л хэсэгт хяналтын хэсэг ажиллаж асуудлыг цаг алдалгүй олж тогтоож шийдвэрлэн шуурхай 24 цаг тасралтгүй ажиллаж байна.

Аюулгүй ажиллагааны хүрээнд хүний бие эрүүл мэндийн өөрчлөлтийг мэдэрдэг ухаалаг малгайг хэрэгжүүлж эхэлжээ. Ухаалаг малгай нь хүний биед сөрөг нөлөөгүй бөгөөд ажилчдын биеийн эрүүл мэнд, ядралтыг хянах боломжтой гэнэ. Жишээ нь биед нь өөрчлөлттэй өвдөж байгааг малгай мэдэрч удирдлагад дохио өгөх юм байна. Ингэснээр тухайн ажилчинд тусламж шаардлагатай буюу амраах арга хэмжээ авдаг аж.

Үйлдвэрт ажиллах нөөц бэлдэх зорилгоор Оюутолгойд сургалт явуулдаг

Оюутолгой уурхайдаа ажилчдаа чадавхжуулах сургалт дадлагын байр болон багштай. Сэтгүүлчид ажлын цехээр нь орж танилцсан юм. Үндсэн 5 мэргэжлээр сургалт явуулдаг байна. Үүнд:

1. Хүнд машин тоног төхөөрөмжийн механикийн засварчин

2. Суурин тоног төхөөрөмжийн засварчин

3. Цахилгаанчин

4. Гагнуурчин

5. Нарийн хэмжүүрийн техникч гэсэн таван мэргэжлээр сургалт явуулахаас гадна Оюутолгойн нарийн мэргэжлийн ажилчид мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагддаг байна.

Үйлдвэртээ сургалт явуулах нь маш олон давуу талыг бий болгодог. Тухайлбал эвдэрсэн гэмтсэн техникийг шууд сургалтандаа ашиглаж илүү бодитоор дадлагажих боломжтой байдаг. Үйлдвэрийн талбайд ашиглагдаж буй бүх төрлийн гагнуурын тоног төхөөрөмжийн жишээ энд бий. Дэлхийн ур чадварын тэмцээнд гагнуурын төрөлд оролцсон төгсөгч ирж 6 сарын хугацаанд дадлага хийсэн. Ингээд тэмцээндээ оролцоод 4-р байранд орж амжилт гаргасан. Ер нь манайд суралцаж буй хүмүүс 30 хувьд нь онолын болон дадлагын гүнзгийрүүлсэн тэнхимийн сургалтанд сууж, 70 хувьд нь бодит дадлага хичээлд хамрагддаг.

Өмнөх удаагийн элсэлт Засгийн газартай хамтарсан хөтөлбөр байсан учраас 220 гаруй хүнийг хамруулсан бол энэ жилийн хувьд 26 хүн элссэн. Ер нь үйлдвэрийн хэрэгцээ, сургалт явуулах хүн хүчний хангамжаас хамаараад жилд тогтоосон тоо гаргах боломжгүй байдаг. Тухайн жилийнхээ хэрэгцээ шаардлага, менежмент хүний нөөцийн бодлогоор зохицуулагддаг. Сургалтанд хамрагдах дагалдан ажилтанг сонгож авахдаа нээлттэй байдлаар зарладаг. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар тавьж, орон нутгийн хэлтсээрээ дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэж бүртгээд манай хүний нөөцийн баг сонгон шалгаруулалт явуулдаг. Суурь шалгуурын хувьд бүрэн дунд сургуулиа төгссөн хүүхдүүдээс ерөнхий мэдлэг, техник сэтгэлгээ шалгасан сорилт авдаг. Сургалтанд хамруулах гол зорилго нь орон нутагт чадварлаг боловсон хүчин бэлдэх, цаашлаад үйлдвэртээ ажиллах нөөц бэлдэхэд чиглэдэг гэж сургалт хариуцсан ахлах ажилтан эмэгтэй тайлбарлав.

1300 метрийн гүндэх аялал

Орон нутгийн сэтгүүлчдийг Оюутолгойн ил болон гүний уурхайн үйл ажиллагаатай танилцуулж цаашид хамтран ажиллах хүсэлтийг хүлээж авч байгаад юуны өмнө талархая. Биднийг холбох гүүр болдог Ганзо, Билгээ ах хоёртоо баярлав. Уурхайн гүн рүү липтээр орно. 1300 метрийн гүнд ажиллах хүмүүс тусгай гар чийдэнтэй малгай өмсөж, амь аврах хэрэгсэл бүсэндээ зүүх ёстой. Бид журам дүрмийнх нь дагуу өмсөж зүүв, хөөрхөн хүнд юм гээч. 16 цагт орох ёстой байсан боловч засвар үйлчилгээ хийгдэж байгаа гэснээр хойшилсоор 18.30 цагийн орчимд гүний уурхайд орсон юм. Хойшилсон хугацааг ашиглан цай кофе ууж, газар доорх хонгилд ажиллах, үнэмлэхээ самбарт байршуулах, тэнд амь аврах хэрэгслийг ямар тохиолдолд яаж ашиглах зэрэг зааврыг гурав ди-гээр үзэж танилцав. Бидний орох цаг ээлж солигдохтой давхцав. Ижил хувцас, ижил цүнхтэй олон залуус хүлээх танхимд гаднаас нэмэгдэн орж ирсээр л. Уурхайд ажилласан залуус даруухан хүмүүжилтэй болдог уу, эсвэл “энд даруулгатай” байна уу гэсэн бодол төрнө. Нэг дор олон залуус “даруулгатай” ч байхгүй бол болохгүй биз. Ажилдаа хариуцлагатай хандаад сурчихвал амьдралын хэвшил болж өрх гэр хөгжинө. Оюутолгойд ажилласан залуусын амьдрал сайжирч нүдэн дээр өөрчлөгддөг нь үнэн. Гэхдээ зөвхөн ажилчдынх нь амьдрал биш бүх Монголчуудын амьдралд өгөөж нь ирж өөдлөн хөгжихийг хүн бүр хүсдэг, хүлээдэг.

Ээлж солигдож байгаа учир биднийг бүртгүүлэн гарын үсэг зурж байх хооронд залуучууд зөрөлдөн цувна, бараг 60 орчим хүн зөрөв. Лифт нь хоёр давхар юм. Эхнийх нь дүүрч, дараагийнхад нь орцгоов. Хаалга үүд нь хаагдах ч гэж янзын, дан ян гээд жаахан эвгүй, яг л киноон дээр гардаг хорихын хаалга шиг. Бараг эргэх зайгүй шахам зогссон залуус чив чимээгүй, харин бид зураг даруулан болж байна, би зурганд орж байна уу гэх зэрэг энэ тэрийг ярилцах төдийд лифт зогсов. Хөтөчөө даган хонгилоор эргэтэл дүүрэн залуус, ийм олон хүн байна гэж бодоогүй бид гайхсаан. Ажлаасаа буугаад лифтээ хүлээж байгаа нь тэр гэнэ. Газрын гүн рүү 1300 метр бол хөндлөн 40 гаруй км урт хонгилыг одоогоор байгуулсан байна. Газар доорх баялгийг гаргаж авахын тулд хөндлөн 200 км урт хонгил ухаж бий болгоно гэж байгаа. Хонгилыг би болгоход тэсэлж суларсан шороог малтаж гаргаад эргэн тойрон ханыг нь тороор болон шрүф хадаасаар хадаж бэхлээд цементээр шүршиж хатаан нурах аюулгүй болгодог байна. Хонгилыг аюулгүй болгосны дараа доторх агааржуулалт, гэрэл цахилгаан, интернэт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийдэг аж. Машин механизмын засварын хонгилуудад шатахуун, тос, тосолгооны нарийн хоолой трубонууд байна. Гаднаас тэр хоолойгоор дамжуулан шатахуун, тос, агаар гээд хэрэгтэй зүйлсээ авдаг байна. Хонгил дотор хоёр автобус ажилчдыг ажлын байранд нь хүргэж үйлчилдэг гэж байлаа. Мөн бусад жижиг машин тэрэг хэд хэд харагдсан. Зочдыг үйл ажиллагаа явуулахгүй байгаа хэсэг рүү оруулж сонирхуулдаг. Бидэндтэй лифтэнд суусан олон залуус тэр урт хонгилын хаа нэгтэй л ажиллаж байгаа нь лавтай. Биднийг засвар үйлчилгээний хэсэг рүү оруулж үзүүлэв. 2-р босоо амаар том автомашинуудыг задлаад оруулж ирснийхээ дараа бүгдийг нь угсардаг байна. Угсарсан машин тэрэгнүүдэд үйлчилгээ, засвар хийх бүх зүйлсийг бүрдүүлжээ. Хонгилын өндөр зарим хэсэгтээ 7 давхар байшинтай тэнцэхүйц өндөр. Газар доорх хонгил нь тууш урт биш муруй, баруун зүүн тал руугаа урт богино салаалсан, яг л “зурамны” нүх адил юм. Агаар муутай бүгчим байх болов уу гэж бодсон чинь харин ч эсэргээрээ салхи гэзэг үс хийсгэн сэвэлзээд агааржуулалт сайтай юм билээ. Агааржуулалтын хоолойнуудыг газар дээр байгаа зөвхөн агааржуулалтад зориулсан 4, 5-р амнаас оруулж ирсэн гэнэ. Газрын гүнд Монгол залуус олноороо тэр дундаа монгол инженерүүд удирдан ажиллаж бүтээн байгуулалтыг бий болгож байна, бахархмаар. Хонгилыг үргэлжлүүлэн ухаж байгаа хэсэгт очих гэсэн боловч харуул хамгаалалт нь гарсан гэнэ. Хонгил өдрөөс өдөрт уртассаар байгаа нь тодорхой. Сэтгүүлчид газрын гүнд цаг гаруй хугацаанд аялав. Нэг мөргөцгийг хаалга цонх хийж тохижуулан комьютерийн том том дэлгэц суурилуулсан нь хяналтын хэсгийн өрөө. Өрөөнд 2-3 залуу сууж байв. Газрын гүнд залуус 12 цагаар ээлжлэн ажиллаж байна. Уурхайд ажиллаж байгаа хүмүүс цаг баримтлах, үүрэгт ажлаа хариуцлагатай хийх, аюулгүй байдлыг ямагт цаг тутамд сахих, амралтын цагаар амрах, хоолоо цагтаа идэх, элдэв асуудал гаргахгүй, тэр битгий хэл аяга тавгаа хураах, хаягдал гаргахгүй хоолоо тохируулж сонгож идэх гээд маш олон зүйлд суралцаж байна. Ялангуяа Оюутолгойд ажиллаж байгаа хүмүүс илүү хөгжиж байгаа нь ажиглагддаг. Бидний гарах цаг болжээ. Залуучууд дээшээ гарч дуусаагүй, нөгөө ээлжнийх нь ажилчид орж ирж л байлаа. Дээшээ гарч байгаа бол самбарт өлгөсөн үнэмлэхээ заавал биедээ авах ёстой. Бид ч өлгөсөн үнэмлэхээ авч хүзүүндээ зүүгээд лифтэндээ суулаа. Доошоо бууж ирэхээс илүү дээшээ буцаж гарах нь түгшүүртэй санагдсанаа нуух юун. Лифтний хаалганы завсраар гадна хана, хоолой, олс нь харагдан жирэлзэнэ. Хааяа гэрэл гялс гээд өнгөрнө. Буухаасаа арай илүү удаан явах шиг санагдсаан. Газрын гүн рүү орохдоо ч гарахдаа ч гарын үсэг зурж, хэрэглэсэн эд зүйлсээ тоо ёсоор хураалгана. Сэтгүүлчдийг оройн зоогт урьж хамтдаа хооллон орон нутгийн хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал, цаашид хэрхэн яаж хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцоод уурхайн хотхонд тухлан амарцгаав. Арынхаа ажилд яаравчилсан сэтгүүлчид өглөө эртлэн босож камаз автобусанд суун хөлгийн жолоо эргүүлэн донсолгосноор бидний гүний уурхай дахь аялал өндөрлөв.

Сэтгүүлч Ж.Сайнжаргал


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ㅠㅗ(103.57.94.211) 2018 оны 01 сарын 04

UURHAIN NOOTS HEDEN JILIIN DARAA ASHGAA OGOHIIG YAG ONOJ HENCH BODOJ CHADDAGGUI TAADAG

0  |  0
Top