Х.Батырбек: Нэг сайн үйл хийхэд бүх хүнд буян үйлдсэнтэй адил буян болно

2018 оны 01 сарын 05

 

Зургаан найруулагч ҮЙЛИЙН ҮР сэдвээр тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, "Бумеранг" нэртэй нэг цогц бүтээл дор нэгдсэн билээ. 

Тун удахгүй дэлгэцнээ гарах тус төсөлд найруулагч Ч.Батбаяр, Б.Ганболд, Ч.Ганзориг, Ш.Доржсүрэн, П.Дэлгэрбаяр, Б.Чингүүн нар нэгдсэн бөгөөд тэд комеди, романс, триллер зэрэг төрөл бүрийн жанруудаас сугалж,

  • КАРМА
  • ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
  • ҮР
  • ЭРХ ЧӨЛӨӨ
  • ХАР УЛААН ЦАГААН
  • ЭЦЭГ гэсэн зургаан бүтээлээ туурвисан юм.

Үйлийн үр гэж юу вэ? Шашин шүтлэгт энэ талаар хэрхэн зааж сургадаг вэ?

Энэ сэдвээр бид Монгол дахь Буддын, Христосын, Исламын болон Бөөгийн шашны төлөөллүүдээс ярилцлага авснаа цувралаар хүргэж байна. Энэ удаад Монголын Мусульманы нийгэмлэгийн захирал Х.Батырбектэй ярилцлаа.

Х.Батырбек: 

"Юуны өмнө манай шашныг муслим, ислам, лалын шашин гэж төрөл бүрээр нэрлэдэг ч исламын шашин гэж нэрлэх нь зүйтэй гэдгийг би хэлэхийг хүсэж байна.  Учир нь Коран сударт ч, хуульд ч исламын шашин гэж орсон байдаг. Харин энэ шашныг шүтдэг хүмүүсийг муслим гэж нэрлэдэг. 

Бүх шашин хүнийг энэ ертөнцөд сайн сайхан амьдруулах нэг л зорилготой.

Хэрвээ сайн сайхан амьдарвал аз жаргалын оронд очно. Муу муухай юм хийвэл энэ ертөнцөд ч, нөгөө ертөнцөд ч тамын оронд очно гэдэг ойлголтоороо адилхан. 

Хүнд тус болж, зөв замд нь оруулж, сайн үйл хийвэл энэ ертөнцөд амьдарч буй бүх хүнд буян үйлдсэнтэй адил буян болно.

Коран судрын олон хэсэгт үйлийн үрийн тухай дурддаг. Хэрвээ ямар нэгэн хүнд ямар ч шалтгаангүйгээр муу юм хийх, түүнийг алах юм бол энэ ертөнцөд амьдарч байгаа бүх хүнийг алсантай адил нүгэл гэж үздэг.  

Хэрвээ хэн нэг хүнд тус болж, зөв замд нь оруулж, буян үйлдэх юм бол энэ ертөнцөд амьдарч буй бүх хүнд буян үйлдсэнтэй адил буян болно. 

Ямар ч шалтгаангүйгээр хүнийг зовоох ёсгүй гэж заасан байдаг.

Коран судар 114  бүлэг, 6666 аят буюу өгүүлбэрээс бүтдэг.

Нэг бүлэгт "Хүн шороо биш бүр тоосонцрын ширхгийн хэмжээтэй буян хийлээ ч энэ ертөнц болон нөгөө ертөнцөд тэрний үр дагавар, сайн сайхныг үзнэ. Тоосонцрын ширхэгтэй адил нүгэл, муу муухай үйл хураавал түүнээс хэд дахин их муу муухайг бас амсана.

Энэ ертөнцөд хулгай хийх, хүн алах гэх мэт ямар ч муу үйл хийсэн ч баригдахгүй байж болох ч заавал өөрт нь эргэж ирдэг. 

Бас нэгэн ойлголт бий. Хүн болгоны толгойд нэг аяга байдаг гэж үздэг. Хэрвээ хүн сайн юм хийгээд байвал тэр аяга сайн юмаар дүүрнэ. Дүүрээд ирэхээр асгараад сайн үйлсээр дүүрэн явна.

Харин муу муухайгаар дүүрвэл тэр муу бүхэн асгарч, муу явна гэдэг. 

Энэ ертөнцөд амьдарч буй бүх хүн төрөлхтний хамгийн эхний хүн бол Адам.

АДАМ буюу араб хэлнээс эхний дөрвөн үсэг

  • А-Адал буюу шударга,
  • Д-Шашин шүтлэгтэй,
  • А-Ариун,
  • М-Бурхан, эх орон, аав ээж, үүр хүүхдэдээ хайртай байх ёстой гэдгийг заадаг. Энэ дөрвөөс бүрдэж байж хүн болно.

Энэ хүнийг Аллах тэнгэр энэ ертөнцөд илгээхдээ чи зүгээр л амьдар гэж явуулсангүй. Өөртөө мөргөл үйлдүүлэхийн  тулд илгээж, сайн, муу хоёр зам зааж өгсөн. Аль замаа сонгох нь чиний  сонголт ч энэ богино ертөнцөд зөв замаар явах ёстой. Учир нь тэр зам зөвхөн өөрт чинь биш үр хүүхдэд чинь үлдэнэ. Ганцхан өөрт чинь биш үр удмын тань хүмүүжил ёс суртахуунд хүртэл нөлөөлнө гэж үздэг. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top