Морин хуур хөгжмийн томруулсан хувилбар нь бол их хуур хөгжим юм. Их хуур хөгжим нь морин хуур шиг уянгалаг сайхан хөг аялгуутай бөгөөд зөвхөн Монголд л байдгаараа онцлог билээ. Тэгвэл их хуур хөгжмийн үүсэл онцлогийн талаар “Их хуур хөгжмийн мэргэжлийн сургалт”-ыг үүсгэн байгуулагч Л.Баасанхүүтэй ярилцлаа.
- “Их хуур” хөгжмийн мэргэжлийн сургалтын 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд ямар ажил зохион байгуулж байна вэ?
- “Их хуур” хөгжим нь мэргэжлийн сургалтаар заагддаг болоод 30 жил болж байна. Бид 30 жилийнхээ ойг 2017, 2018 оны хичээлийн жилд тэмдэглэж байгаа юм. “Их хуур контрбассчдын холбоо” гээд төрийн бус байгууллага байгуулагдаад нэг жил болж байна. Тус холбооноос их хуур хөгжмийн сургалтанд зориулан хөгжмийн зохиолчдын дунд уран бүтээлийн уралдаан зарлаад байгаа. Уралдааныг энэ сарын 26-нд дүгнэнэ. Тус уралдааны нь шагналын сан өндөр гэдгээрээ онцлог. Тухайлбал, нэгдүгээр байр таван сая төгрөгийн шагналтай. Нийт шагналын сан 15 сая төгрөг юм. Энэ мэт их хуурт зориулсан өндөр шагналын сантай уралдаан өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй болов уу. Тэмцээний зорилго нь уран бүтээлчдээ хөгжүүлэх, сургалтын уран санг баяжуулахад чиглэж байгаа юм. Энэ дашрамд уран бүтээлчдээ тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе.
- “Их хуур” хөгжим нь зөвхөн Монгод л эгшиглэдэг гэдгээрээ онцлог гэдэг?
- Тийм. Их хуур нь морин хуур хөгжмийн томоруулсан хувилбар гэсэн үг. Гадаадын хийл хөгжмийн том хувилбар нь контрбасс хөгжим байдагтай адилхан. Анх 1960 онд Монгол Улсад Үндэсний найрал хөгжим /ардын дуу бүжгийн чуулга/ бий болж байсан түүхтэй. Найрал хөгжимд ятга, шанз, ёочин, морин хуур, лимбэ гэх мэт монгол ардын хөгжмийн зэмсгүүд ордог. Гэвч олон ардын хөгжмийн дунд гадаадын контрбасс хөгжим байх нь нүдэнд их өвөрмөц тусдаг байсан байна. Тиймээс контрбасс хөгжимтэй адил монгол контрбасс бүтээх хэрэгтэй болсон гэдэг. Улмаар тухайн үеийн гарын ур чадвар сайтай хөгжмийн зэмсгийн урчуудад морин хуур шиг хэлбэртэй хоёр утастай, контрбасс хөгжимтэй ойролцоо хэмжээтэй хөгжим бүтээх бололцоо байгаа эсэхийг асуусан. Малу гэдэг мастерын оролцоотой их хуур хөгжмийг морин толгойтойгоор бүтээсэн түүх байдаг. Их хуур хөгжим нь найрал хөгжмийн суурь нь болдог. Барилгаар яривал барилгын доод талын хундам нь гэсэн үг.
- Таны амьдрал хэрхэн их хуур хөгжимтэй холбогдсон бэ?
- Би тавдугаар ангиасаа эхлэн “Хөгжим бүжгийн сургууль”-д сурсан. 1975 онд хөгжим бүжгийн сургуулийн контрбасс ангийг төгссөн. Намайг сурч байх үед ихэвчлэн Зөвлөлт Холбоот Улсын багш нар багшилдаг байсан. 1983 онд Москвагийн хөгжмийн их сургуулийн контрбассын ангийг төгсөж ирээд анхны монгол контрбасс мэргэжлийн багш болсон түүхтэй. 1987 оныг хүртэл хөгжмийн авьяастай хүмүүс их хуур хөгжмийг тоглодог байсан гэхэд болно. Улмаар 1987 онд “Хөгжим бүжгийн дунд сургуульд” их хуур хөгжмийн ангийг нээх шийдвэрийг тухайн үеийн Соёлын яамнаас гаргасан юм. Үүний дагуу намайг их хуур хөгжмийн ангид давхар удирдаж, багшил гэсэн үүргийг өгсөн. Энэ цагаас эхлэн миний амьдрал их хууртай холбогдсон.
- Тэгэхээр та их хуур хөгжмийн хөгжлийн бүхий л үе шатыг мэдэх байх нь?
- Тийм. Анх их хуур хөгжимд зориулсан сургах материал, ном, сурах бичиг гэж байгаагүй юм. Тиймээс би контрбасс болон морин хуур, хуучир гэх мэт хөгжимд зориулсан зохиолуудыг их хуурт зориулан хөрвүүлж, хичээлээ явуулж эхэлсэн. Дээрх хөгжмүүд нь өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд түүнийг хоёр утастай их хуур хөгжимд зориулан хөрвүүлэн тоглох нь амар байгаагүй ээ. Одоогийн байдлаар 5 боть ном гаргах хэмжээний сургалтын материалыг бэлдээд байна. Саяхан хоёр дахь боть номоо хэвлүүлсэн. 30 жилийн хугацаанд 100 гаруй бүтээлтэй болоод байна.
- Их хуур хөгжим нь бусад хөгжмөөс ямар талаараа онцлог вэ?
- Хамтлаг болон найрал хөгжмийн бүрэлдэхүүнд их хуур хөгжим заавал оролцдог. Учир нь их хуур хөгжим эдгээр хөгжмийн бүрэлдэхүүнд суурь болон оролцдогоороо онцлог юм. Бас их хуур нь бие дааж гоцолдог тохиолдол ч байгаа.
- Та 30 жил багшилсан гэлээ. Энэ хугацаанд хэр олон шавь бэлтгэв, амжилтуудаас нь дурдвал?
- Их хуур хөгжим тоглодог хүн болгон миний шавь гэхэд болно. Ганц нэг хүн л өөрөө бие даан сурсан байдаг байх. Миний шавь нар Монголоор зогсохгүй Өвөр Монголд хүртэл бий. Анхны төгсөлтийн хоёр шавь минь надтай цуг багшилж байна. Өвөр Монголд миний шавь нар их хуур хөгжмийг дэлгэрүүлэн зааж, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа. Мөн их хуур Буриад, Тувад хүртэл дэлгэрээд байгаа билээ. Америкаас Майкл хэмээх залуу намайг зорин ирж, бүтэн жилийн хугацаанд их хуур хөгжмийг заалгаад буцаж байсан удаатай. Гадаадын улс орнуудад ардын хөгжмийн олон уралдаан, тэмцээн зохион байгуулагддаг. Манай монголын хөгжимчид ч гэсэн эдгээр уралдаануудад оролцож амжилт гаргаж байгаа. Их хуур ч гэсэн эдгээр уралдаануудад амжилттай оролцдог юм. Тухайлбал, Улаан-Үүд хотод болсон Ази номхон далайн орнуудын ардын утсан хөгжимчдийн тавдугаар уралдаан өнгөрөгч оны 11 дүгээр сарын сүүлээр зохион байгуулагдаж, тус тэмцээнд манай хөгжим бүжгийн их хуур хөгжмийн ангийн гуравдугаар курсийн оюутан А.Ууганбаатар оролцож хоёрдугаар байранд орсон. Бас 2015 онд Словак улсад зохиогдсон “контрбасс хөгжимчдийн уралдаан”-д миний Г.Ичинхорол оролцож гуравдугаар байр эзэлсэн юм.
- Цаашдаа их хуур хөгжмийг залгамжлан авч явах ирээдүй хойчдоо хандан юу гэж хэлэх вэ?
- Цаашид миний шавь болон шавийн шавь нар маань их хуур хөгжмийг улам боловсронгуй болгож, өргөн хүрээнд хэрэглэж, тоглож, хөгжүүлээсэй гэж хүсч байна.
- Ярилцсанд баярлалаа.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 9 )
энэ нэг ”анхны” гэдэг үг байнаа. Анхны гэхээрээ л манайх их л хоцрогдсон ядуу, дөнгөж эхэлж байгаа гэдэг нь тод болоод байх юм. олон улсад бол урлаг урагшаа хараад л явчихсан, анхны энээ тэрээ гэх гүй л байдаг шүү.
энэ нэг ”анхны” гэдэг үг байнаа. Анхны гэхээрээ л манайх их л хоцрогдсон ядуу, дөнгөж эхэлж байгаа гэдэг нь тод болоод байх юм. олон улсад бол урлаг урагшаа хараад л явчихсан, анхны энээ тэрээ гэх гүй л байдаг шүү.
1940-50-д оны хөгжмийнхний зурган дээр их хуур байсан даа. тэгэхээр 1960 онд их хуур бий болсонгэдэг нь худлаа юм биш үү\n
Saikhan yariltslaga bna. Mongold mergejliin tuvshind zaaj surgasan uye ni ene hunees ehleltei gej helj boloh bh. Umnuh gants 1 toglodog bsan humuus ni biy daaj sursan aviyastnuud gej helj bolno.
Ta joohon hudalaa yriad bna tanias omnoh kontrbass togoldog humuusiig yu gehuu barag ooroo delgeruulsen yum shig yum yriad bna ahmad ue ee martaj bolgui yum daa
сайхан ярилцлага болжээ их хуур хөгжим сурмаар санагдлаа
сайхан хүн шүү танд амжилт хүсье