Халиман толгойт буюу эзэн хааны хөх дэглий хэмээн алдаршсан шувууг нутгийн хүмүүс нь “өдтэй динозавр”, “шаахайны эцэг” гэж янз бүрээр нэрлэдэг. Эдүгээ ховордсон, этгээд хачин төрхтэй шувууны тоонд ордог халиман толгойт нь Африкийн Кени, Заир, Уганда, Танзан, Замби, Бостван, Өмнөд Судан зэрэг орны зэгс, намагтай газраар нутагладаг байна.
ХАЛИМАН ТОЛГОЙТОЙ ШУВУУ
Эзэн хааны хөх дэглий нь ганц удаа ч болов харсан хүний сэтгэлд хэзээ ч мартахын аргагүй дүр зураг үлдээдэг байна. Халиман толгойт нь тогоруу, хөх дэглий, хотон гээд хэд хэдэн шувууны шинжийг гадаад төрхөндөө агуулжээ. Эх биетэйгээ бараг тэнцэхүйц хүнд том толгой нь урт нарийхан хүзүүн дээрээ яаж тогтож байдаг юм бол гэмээр сонин харагддаг. Англичууд энэ шувууг халиман толгойт хэмээдэг.
Харин зарим газар тэрнийг эзэн хааны хөх дэглий гэж нэрлэдэг. Германууд болохоор тэрнийг “шаахай” гэдэг байна. Саарал өнгөтэй өдтэй, ар шил рүүгээ унжсан хөхөлтэй том толгойтой энэ шувууны этгээд төрхийг шар өнгөтэй сүрдмээр хошуу нь “чимдэг”. Халиман толгойтын хошууны урт нь 23 см, өргөн нь 10 см, үзүүр нь дэгээ мэт харагддаг. Мөн тэрний тухай эрт дээр үед байсан асар том толгойтой мангас дахин амилсан байж болзошгүй гэж нутгийн оршин суугчид тоглоом шоглоомоор ярих нь бий. Энэ шувуу нь тогорууны намд хамаарагддаг, халиман толгойтын бүлийн төлөөлөгч юм. Судлаачдын үзэж байгаагаар, эдүгээ манай дэлхий дээр 15 мянга орчим халиман толгойт амьдарч буй. Гэхдээ энэ шувуу өдрөөс өдөрт ховордож байгааг тэдгээрийн үүр эвдрэн сүйрч, оршин суудаг газар нутгийнх нь хэмжээ багасаж байгаатай холбон тайлбарладаг. Халиман толгойт амрах үедээ ядарсан хүзүүнийхээ “алжаал”-ыг тайлахын тулд шанага шиг өргөн хошуугаа цээжин дээрээ тавьдаг байна.
ХОСООРОО ЯВАХ НЬ ХОВОР
Халиман толгойт нь нутаг сэлгэн нүүгээд байдаггүй, “насан” туршдаа байгаа газартаа “олноос” зайгаа барихыг хичээн аж төрдөг байна. Хосоор яваа халиман толгойтыг харах боломж цөөхөн хүнд олддог байна. Эзэн хааны хөх дэглий нь сүргийн “гишүүд”-тэйгээ газарт ан цав гарах үед юм уу эсвэл тэдгээрийн ер бусын хашгирах дуунаар харилцдаг гэж судлаачид үздэг. Ерөнхийдөө халиман толгойт нам гүм байдлаа хадгалж, хэн нэгний анхаарлыг өөртөө татахгүй байхыг хичээдэг аж. Тэд хооллохдоо хүртэл бие биенээсээ дор хаяж 20 метр зайтай явдаг. Халиман толгойт нисэж байгаа үедээ ч “газар нутаг” –аасаа их холдохгүй. Гэхдээ тэр “эзэмшлийн” нутаг дэвсгэр дээгүүрээ элин халин нисэхийн тулд өндрөө авахдаа хүзүүгээ сунган онгоц шиг болж, далавч нь хоёр метр хэртэй дэлгэгдэж маш сүрлэг, ер бусын дүр зургийг бий болгодог. Энэхүү аварга ер бусын шувуу нь 4-7 кг хүнд жинтэй.
36 ЖИЛ НАСАЛДАГ
Халиман толгойтын дуртай зоог нь загас. Загас барих талаараа тэрүүнтэй эн тэнцэх хэн ч байхгүй. Тэрний хошууныхаа дэгээ шиг хурц үзүүрээр загас, мэлхий тэр ч байтугай жижигхэн матар, яст мэлхийг хүртэл шүүрдэг байна. Гэхдээ тэд хүнснээ шууд хүртдэггүй. Халиман толгойт олсон хүнсээ эхлээд яг л тогооч шиг өвс ногооноос нь сайтар салган цэвэрлээд дараа нь иддэг. Бас үүр цайхын өмнө гадуур шавар намаг, зэгстэй газраар зугаалдаг.
Халиман толгойт урт нарийн хөлтэй. Хөлнийхөө өргөн сарвайсан хуруунуудыг газрын хөрсөнд хүрэх төдий тавьж, аяархан явдаг. Ингэснээр намаг шаварт шигдэхээс өөрийгөө хамгаалдаг байна. Энэ чадварынхаа ачаар нэг газраа удаан зогсож,намаг дундуур чөлөөтэй явдаг аж. Халиман толгойт царай муутай ч гэм хоргүй, хүнд дасахдаа амархан амьтан. Тэрнийг амьтны хүрээлэнд аваачиж болох хэдий ч дассан орчинд нь байлгавал илүү дээр гэж мэргэжилтнүүд үздэг. Халиман толгойт буюу эзэн хааны хөх дэглий хоёр сартайдаа үүрнээсээ нисэж, дөрвөн сартай байхдаа “төрсөн” гэрээ орхин, “бие даан” амьдардаг. Халиман толгойт хорвоод 36 жил насладаг байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )