Дуу дуулж, сайхан дуу сонсох нь хүнд сэтгэлийн их баяр баясгаланг бэлэглэж амьдрах, ажиллах эрч хүчийг өгдөг увдистай. Тэр тусмаа сайхан үгтэй дуу дуулахад амьдрал баяр хөөрөөр бялхаж, ажил үйлс ч өөдлөн дэвждэг хэмээн өвөг дээдэс маань сургаж ирсэн билээ. Энэ зарчим социализмын үед төдийлөн алдагдаагүй гэхэд болно. Хэдийгээр үзэл сурталжсан нийгэм байсан ч тэр үеийн дуунууд өөдрөг үзэл, хөгжил дэвшил өөд хөтлөн дагуулсан утга санааг илэрхийлж, тэр хэмжээгээрээ ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлдэг байв.
“Дуу бол хүмүүсийн сүнс сэтгэлийн хөг аялгуу нь юм. Дууг хөнөөвөл сүнс сэтгэлийг нь хөнөөсөнтэй адил” хэмээн Оросын их зохиолч А.Островский хэлсэн байдаг. Энэ үгийн утга учрыг хамгийн сайн мэддэг, мэдэрдэг хүмүүс бол монголчууд. Монголчуудын маань үеэс үе уламжлуулан дуулсаар ирсэн олон сайхан дуунд эе эвийг эрхэмлэсэн сургаал, энэ дэлхий ертөнцийг бүхэлд нь оюун санаандаа багтаан илэрхийлсэн билэгдэлт сайхан үгс бий. Дуу хөгжим гэдэг амьдрал дундаас төрөн мэндэлж, амьдралд уусан шингэж, амьдралыг хөглөн, түүнийг утга учиртай болгож байдаг нэгэн гайхамшиг нь билээ. Тэгэхээр хүмүүний амьдралын утга учир болохуйц хэмжээнд бичигдэх ёстой дууны үг зохионо гэдэг хэчнээн өндөр хариуцлагатай ажил болох нь ойлгогдоно. Цаашилбал, дуучин хүн ямар дууг сонгон дуулж олны хүртээл болгох вэ гэдэг тэрхүү сонголт нь хүртэл утга учиртай байдаг аж. Энэ тухай яруу найрагч Н.Баянмөнх 2015 онд mglradio.com-д өгсөн ярилцлагадаа ийнхүү хэлжээ. “...Дуу бол тарни юм гэдгийг хүн болгон ойлгоосой. Архи, эсвэл гунигийн сэдэвтэй дуу дуулахаар амьдрал нь тэр чинээгээр адилхан болдог бололтой гэж надтай хамтран ажилладаг зарим уран бүтээлч ярьдаг. Тэр үнэн байх. Тэгэхээр дууны үгийн сонголтод онцгой анхаарах хэрэгтэй. Уран зохиолч, яруу найрагч хүмүүс эх хэлнийхээ дархлааг хадгалж явах үүрэгтэй.
Дээхэн үед дууны уралдаан болоход яруу найрагч А.Эрдэнэ- Очир шүүгчээр ажилласан юм. Тэрбээр наадмын төгсгөлд “Дууны үг сонголтод бид анхаарахгүй бол болохоо байж. Хөгжмийн зохиолчид ч аялгуу бичихдээ шүлгэнд нь өндөр шаардлага тавих хэрэгтэй. Хоолны меню шиг юманд ая хийхээ болимоор юм” гэж хэлж байсан. Тэр үнэн л дээ...” гэсэн нь анхаарал татаж байна. Бас нэгэн жишээг дурдахад, хэдэн жилийн өмнө “Аль нутгийн бүсгүй вэ, Ажил алба чинь хаана вэ” гэсэн үгтэй дууг FM радиогоор олонтоо нэвтрүүлдэг байв. Энэ дууг бид “анкет шиг” хэмээн шоолдог байж билээ. Ер нь орчин цагийн зарим дууны үг нэлээдгүй шүүмжлэлийг араасаа дагуулдаг нь үнэн. Зарим дууны хувьд шүүмжлэхээс ч аргагүй үгээр бичигдсэн байдаг учраас л шүүмжлэлд өртдөг. Ийм дуунуудыг ядмаг үгтэй, гудамжны үг хэллэгтэй, хар ярианы үгээр бичигдсэн, хараалын болон бусармаг үгтэй, буруу үзэл санааг түгээж байна, гадаад дууны хуулбар, монгол хэлээ сөнөөж байна, утга санааг нь буруу илэрхийлжээ... гэхчилэн шүүмжилснийг нь бичвэл урт жагсаалт болно. Уг нь хүмүүн заяанд мэндэлсэн оюун ухаантан бид дуугаар хүмүүжиж төлөвшин, дуунаас амьдралын гүн утга учрыг ойлгож авах учиртай гэдэг.
Гэтэл дуугаар мунхарч, дуу сонсох тусмаа улам мулгуу болох эхлэлийг тавьж буй зарим дууг цаашид сонссоор, дуулсаар байх юм бол, бид эцэстээ ямар цэгт хүрч очих бол? Нэгэн дуугаар жишээ авъя. Дуучин Намсрайноровын “эротик” хэмээн алдаршсан дууг, олон хүн “дуугаар илэрхийлэх хэм хэмжээг гажуудуулсан” гэж шүүмжилдэг. Энэ дууг “хайрын дуу” гэсэн ойлголтоор төсөөлөн дуулдаг хүн цөөнгүй. Гэвч дууны үгийг анхааралтай уншаад үзвэл, төсөөлснөөс өөрөөр ойлгогдоно. Францын алдарт зохиолч Антуан де Сент-Экзюпери “Шохоорхол гэж гадна төрх нь таалагдахыг, Дурлал гэж гадна төрх болоод зан чанар нь таалагдахыг, харин жинхэнэ Хайр гэж дутагдал нь хүртэл таалагдахыг хэлнэ” хэмээн тодорхойлсон байдаг. Гэтэл дээрх дуунд бүгдийг хольж хутгасан төдийгүй, түүнээс ч илүүг бүдүүлгээр илэрхийлжээ. Ийм дорд маягаар хайрын мэдрэмжийг үнэгүйдүүлэн хярамцагласан дууны үг төдийгүй, шүлэг найраг ч бас мэр сэр төрдөг болсон байна.
Тухайлбал, энэ жилийн “Болор цом”-д түрүүлсэн шүлгийг “сэтгэлтэй бүсгүйдээ зориулан бичжээ” хэмээн ойлгож явтал, төгсгөлд нь энэ хүн бол ээж минь байлаа гээд дуусахад нь гайхсанаа нуух юун. Одоо бүр ариун хэвлийдээ тээж төрүүлсэн ээжийгээ хайрлах хайрыг, дурласан бүсгүйгээ хайрлах хайраас ялгаж мэдэхгүй хольж хутгадаг болж дээ гэсэн сэтгэгдэл төрж байсан юм. “Болор цом” наадмыг үзэгчид болон мэдээ, нийтлэл уншигчдын сэтгэгдлээс жишээ болгоё. ...“Батсайханыг айргийн 5-д л орох юм байна гэж таамаглаж байлаа. Гэтэл нэг муу шүлгэрхүү юм уншаад тэргүүн байр эзэлчихдэг. Миний Дорнодын ард түмэн шүүгчдийг, тайзыг, оролцогчдыг, нутгаа хүндэтгээд эсэргүүцэл үзүүлээгүй юм шүү.Гэхдээ бас алга ташилт ч сулхан байсан даа...”, “Хэн шүүсэн юм бэ, энэ Болор цом гэдэг уралдааныг? Арай л биш болжээ халаг гэж”, “Ээжийг үнэн доромжилжээ. Сайхан үг хэллэг ч алга, утга санаа ч алга. Энэ монгол хүн биш байна”, “Болор цом ч сөнөж байгаа юм байна даа, ийм толгой холбосноос цаашгүй шүлэг түрүүлж байдаг”, “Энэ одоо шүлэг үү?”... гэх зэргээр бухимдсан олон хүний сэтгэгдэл бичигдэн үлджээ. Гэвч “Тэр эмэгтэй” шүлэг найргийн наадамд түрүүлж Б.Батсайхан “Болор цом” гардан авсан. СТА, дуучин Д.Намсрайноровын “Дурлан дурлан хайрламаар” дуу ч дуулагдсаар л байгаа... Яруу найрагчид, дууны үг зохиогчид маань ингэтлээ мунхраад байна уу? Эсвэл хосгүй авьяаслаг хэмээн өргөмжлөгддөг асан “тэд” маань ард түмэн биднийгээ мунхаг хэмээн басамжилж, ийм үгс холбож суудаг болсон юм болов уу? Фэйсбүүкт бичдэгчлэн, “..ойлгох ухаан хайрла” гэлтэй нь биш... 2011 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо болон Төрийн хэлний зөвлөл хамтран “Дууны яруу найргийн уран чадварын асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан юм билээ. Энэхүү бага хуралд Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, доктор Н.Жанцанноров “Хөгжмийн зохиолч дууны шүлэгт хандах нь” сэдвээр илтгэл тавьсан нь хурлын илтгэлүүдийн товхимолд 12 нүүрээр хэвлэгдэн орсон байдаг. Уг илтгэлд мэргэжлийн түвшинд бичигдсэн дууны шүлэг ямар байвал зохимжтойг жишээ баримт иш татан харьцуулж, шинжлэх ухааны нарийн дүн шинжилгээ хийсэн нь сонирхол татдаг юм. Иймд манай дууны үг зохиогчид, яруу найрагчид “энэхүү бүтээлийг ядаж нэг удаа уншаасай” гэсэн бодол төрснийг энд хэлье.
ДУУ ХӨГЖИМ ХҮНИЙГ ГОО ЗҮЙН ХУВЬД ТӨДИЙГҮЙ, ЁС СУРТАХУУН БОЛООД УЛС ТӨРИЙН ХУВЬД Ч ХҮМҮҮЖҮҮЛДЭГ
...Хүмүүс яагаад дуу сонсдог юм бол? Яагаад ном уншдаг юм бол? Магадгүй хэсэг хугацаанд ч болов өөрөөсөө зугтаж, өөр орон зайд төвлөрөхийг хүсдэг юм болов уу? Сайн ном, сайн дуу гэдэг хүний дотоод дуу хоолойг “дарж”, ямар нэгэн хэмжээгээр хүнийг удирдан жолооддог гэхэд болно. Дууны гүн утгад нэвтэрч, номын агуулгад бүрэн автсанаар өөрийн асуудал бэрхшээлээс чөлөөлөгдөж, улмаар зохиогчийн санаа бодолд нэвтрэн ордог юм болов уу. Яг л чи өөрийн биеэс гарч өөр хэн нэгэн болон хувирсан мэт...” Канадын зохиолч Дуглас Коупленд ийнхүү бичжээ. Дуу хөгжим бол бидний амьдралын бодит гэж болох нэгэн хэсэг нь юм. Бидний хэн нь ч дуу хөгжимгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй. Тийм ч учраас “Амьдрал бол хамгийн сайхан дуу юм” хэмээн Италийн алдарт хөгжимчин, дуучин, жүжигчин Адриано Челентано хэлсэн байх. Дуу хөгжим амьдрал дундаас төрж мэндлээд хөг аялгуу, утга санаа нь сонсогчийн сэтгэл зүрхэнд хүрч чадсан тохиолдолд л амьдарч эхэлдэг гэж ойлгож болно. Тийм ч учраас “Урлаг бол бүх ард түмний өмч мөн. ...Дуу хөгжим хүнийг зөвхөн гоо зүйн хувьд төдийгүй, ёс суртахуун болоод улс төрийн хувьд ч хүмүүжүүлдэг.
Дуу хөгжим бидэнд бүтээн босгож амьдрахад маань тусалдаг” гэх үзэл бодол түгээмэл байдаг биз ээ. Энэ тухай хөгжмийн зохиолч Б.Баасанхүү “Ямарваа нэгэн уран бүтээлийг хүн яаж өлгийдөж авах вэ, ямар цаг хугацаанд төрүүлэх вэ гээд олон учир шалтгаан бий. Энэ үүднээсээ "Чи минь байгаа хойно болно доо" дуу маань өөрийнхөө төрөх ёстой цаг хугацаанд төрсөн юм болов уу гэж би боддог. Нэг үгээр хэлбэл би энэ дуугаа хүнд хэцүү цаг үеийг зөөллөж төрсөн гэж бодож байгаа. Олон ч хүнд болно доо болно гэсэн итгэл найдварыг төрүүлж байгаа болов уу” хэмээн inet. mn-д 2010 онд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Цаг хугацаагаа олж төрсөн дуу монголчуудын 100 хүрэхгүй жилийн түүхэнд цөөнгүй байсан. “Магнаг үсэгтэй туг”-аар эхэлсэн 70-аад жилийн түүхэнд хүнд бэрхийг биеэрээ туулж ирсэн монголчууд маань өөдрөг, ирээдүйдээ итгэлтэй дуу хөгжмийн ачаар л бүтээн босгож, хөгжил дэвшилд хүрч чадсан гэхэд хилсдэхгүй.
Нийгэм, улс орондоо хэрэгтэй хүн болон төлөвшихийн тулд ямар байх ёстойг, хамтдаа юуны төлөө явж байгааг дууны үг л бидэнд шууд ойлгуулчихдаг байлаа. Дараа нь “Хонхны дуу” ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн сүлд дуу болон гарч ирж, нийгмийн сэтгэлгээг шинэ сэргэг бүхэнд уриалан дуудсан. Магадгүй ийм дуунуудын ачаар л бид, нийгмийг орвонгоор нь эргүүлсэн огцом өөрчлөлтийн он жилүүдийг даван туулж ирсэн байх. Өнөөдөр ч олон сайхан дуу төрсөөр байгааг үгүйсгэх гэсэнгүй. Гэвч ЗХУ-ын ардын жүжигчин Леонид Утёсовын хэлсэнчлэн “Хоолойгоороо бус зүрх сэтгэлээрээ дуулах”, нийгмийг тэр чигт нь байлдан дагуулсан хүчирхэг дуу бидэнд байна уу? Монголчууд бид ямар дууг зүрх сэтгэлийн угаас дуулж, ирээдүйгээ бүтээн босгох юм бэ?
Нийтлэлч : Ц.Оюунчимэг
2017- 04 сар "Зиндаа" сэтгүүл №05 /505/
Сэтгэгдэл ( 9 )
molboyz iin mollove duug zurh setgeldee duulj yavbal mongolchuud uragsh guine.
Battulgaas asuu ter bodvol”nuraana buulgana, darna sonoono” geh biz
Yu ch duulahgui suultai bish dee, holij hutgaj btal aandaa hogjino doo,
BAGA BHDAD EX ORNII SEDEWTEI MORTLOO MASH TSOGLOG SAIHAN AYTAI DUUG IH ZAAJ DUULUULDAG BSAN TYYNIIHEE INERGIER EX ORNOO HAIRLAX SETGEL YALT CN YGYI HYNII SETGEL ZYRHEND TOGTDOG YUM BILEE. TEDGEER SAIHAN DUUNAAS RADIOGOOR ODORT 2-3 YDAA YAWUULJ BH HERGTEI SANGDANA
BAGA BHDAD EX ORNII SEDEWTEI MORTLOO MASH TSOGLOG SAIHAN AYTAI DUUG IH ZAAJ DUULUULDAG BSAN TYYNIIHEE INERGIER EX ORNOO HAIRLAX SETGEL YALT CN YGYI HYNII SETGEL ZYRHEND TOGTDOG YUM BILEE. TEDGEER SAIHAN DUUNAAS RADIOGOOR ODORT 2-3 YDAA YAWUULJ BH HERGTEI SANGDANA
Манай монгол ямар ч их дуучидтай юм. Ар араасаа л хөврөөд байна. Цовоо найзуудаараа бахархаад дуулахаар, Наран бас баярлаад орилчихно.
Дуу санал болгооч?
“Хоолойгоороо бус зүрх сэтгэлээрээ дуулах”, нийгмийг тэр чигт нь байлдан дагуулсан хүчирхэг дуу бидэнд байна уу? 90 ОНООС ХОЙШ ЮУ Ч БАЙХГҮЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ ... БОДМООР ЮМ ИХ БИЙ ДЭЭ ..
мунхарч, дуу сонсох тусмаа улам мулгуу болох эхлэлийг тавьж буй зарим дууг цаашид сонссоор, дуулсаар байх юм бол, бид эцэстээ ямар цэгт хүрч очих бол?