ЛХАМАА ЭГЧ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

 

 Арван жилийн сурагч байхдаа би шүлэг бичдэг охин байв. Бас ч үгүй хүүхдийн "Хүрэл тулга" наадамд оролцон байр эзлэж ч явлаа. Амьдралдаа анх удаа энэ талаар Хөвсгөл аймгийн "Эрх чөлөө" сонины идэвхтэн сурвалжлагч, манай сумын Cүхээ ах, Даймаа ах хоёрт ярилцлага өгч үзсэн маань тэртээ 1998 он...

Удалгүй би Улаанбаатар хотод Утга зохиол-Нийгмийн ажилтны дээд сургуульд элсэн орж, Сэтгүүлч болохоор суралцаж эхлэх үедээ Лхамаа эгчийг анх тэнд харж билээ.

Манай сургуулийн хамгийн үзэсгэлэнт, монголжингоо төрхтэй, үндэсний хувцсаа ёслол төгөлдөр урлаж өмсдөг, нэг л эрхэмсэг энэ эгч Хаан найргийн Хатан Дулмаа багштай нэн шадар, хаана л явна сугадсан, хаана л сууна ойрхон...

Хамгийн гол нь би энэ сургуульд орсноороо өөрийгөө "Би яруу найрагч болох хүн биш", Харин яруу найрагч гэдэг хүмүүс тусдаа төрдөг, өөр өгөгдөлтэй хүмүүс байдаг юм байна гэдгийг ойлгож билээ.

Ингээд би яруу найраг, утга зохиолын ажлыг хэн дуртай нь бүтээдэггүй ч хүссэн бүхэн нь сайн сонсогч, сайн уншигч, сайн ойлгогч байж болохыг мэдэрсэн юм. Миний энэ мэдрэмжид хамгийн их нөлөө үзүүлсэн нөхөд бол манай сургуулийн нэрийг хаана ч, хэзээ ч мандуулж явдаг яруу найрагч Ганзул, Эрдэнэбаатар, Лхамаа эгч, Анхтуяа, Болорцэрэн, манай ангиас Чимэдмаа, Болормаа, Гарамханд, доод ангиас Гантулга нарын зэрэг ЯРУУ НАЙРАГЧИД. /Зөвхөн доод дээд үеийнхээ, бодмогц нэр нь шууд орж ирж буй хүмүүсийг л биччихлээ. Бусад мундгуудаасаа хүлцэл эрье/

Хэмжээгээ мэдсэн би түүнээс цааш яасан бэ гэхээр дажгүй сайн сэтгүүлч болно оо гэдэг зорилго бол байсаан, байсан. Одоогоор сайн сэтгүүлч болж чадсан эсэхээ дүгнэж үл мэднэ.

Харин сэтгүүлчийн ажлын дөртэй болохоор мэрийж явахдаа нэгэн удаа Лхамаа эгчтэй ярилцлага хийв ээ.

Лхамаа эгч бол ОД...

"Чансаа" сонины шинэхэн дугаар хэвлэгдэн түгээлтэнд гараад удаагүй байтал редакцийн утас дуугарав...

"Сэтгүүлч Ю.Шүрэнцэцэгтэй яриулж өг" гэсэн гэв. Би ч шунгинаж очоод харилцуур автал нэгэн эрэгтэй хүн толгой түрүүгүй загнаж гарлаа.

-Чи сэтгүүлч мөн үү. Бас сэтгүүлч гээд нэрээ тавьчихжээ. Юу хийснээ харж хянадаггүй хэрэг үү? Ишшшш чааваас даа... гэхтэй зэрэгцээд бараг чих шуугин, нүд харанхуйлж, 

-Би гэгч нь ямар гээч уул нурж,ус эргэх балаг тарьж орхисон хэрэг вэ гэж бодсон ч энэ дугаар дээр тийм ноцтой алдаа гаргах боломжгүй дээ гээд өөрийгөө өмөөрөн бодож амжив...

-Та надад жаахан тодорхой юм хэлж, загнаж болохгүй юу гэтэл өөдөөс

Бүхэл бүтэн хүнээс, тэр ч бүү хэл нэртэй яруу найрагчаас ярилцлага авчхаад хэн гэдгийг нь бичихгүй орхидог чи сэтгүүлч мөн үү. Би нутгийн хүн тулдаа хэнийг нь таниад байгаа юм. Биднээс өөр бага залуухан хүмүүс чамаас болоод хэн гэдгийг нь мэдэхгүй өнгөрөх ёстой юу...... гээд л бууж өгөв өө.

Тэр хүртэл Шүрээ гуай ноцтой алдаа гаргаагүй гэдэгтээ туйлын итгэлтэй.

-Харилцуурыг тавимагц сонины шинэ дугаараасаа шүүрэн авч дэлгэн харвал үнэхээр Зочны минь овог нэр алга, чоно идчихсэн аятай бүр байдаггүй шүү.

Ингээд би хар толгой руугаа нэг сайн балгаж аваад шууд л Лхамаа эгч рүү утас цохилоо.

Зүрх түгшин, бас гуйж гуйж ярилцлага авчхаад ийм ичмээр асуудлаар уучлалт гуйх үнэхээр халуухан, мөн сургуулийнхаа нэр, өөрийнхөө нэрийг ингэж ч хөөдөх гэж гээд л түмэн шидийн бодол гэрлийн хурдаар тархинд харвав...

-Утас дүүд дүүд дүүд дуудсаар Лхамаа эгчтэй холбогдлоо.

-Яана аа эгчээ, би таныг баллаад хаячихлаа. Таны овог нэрийг бичээгүй ноцтой алдаа, сонин аль хэдийнээ хэвлэгдээд гарчихсан. Би сая уншигчдаа загнуулаад, одоо яана аа... гээд нэг амьсгаагаар дуржигнуулчихаад ямар ч муу хариулт ирсэн хүлээж авахад сэтгэлээ бэлдэж байв...

Лхамаа эгч намайг өрөвдсөн үү, эсвэл өөрөө сонины хүн тул ойлгосон уу /Тэр үед Зууны мэдээ сонинд ажилладаг байсан санагдана/ ямартаа ч -За яахав ээ Шүрээ дараачийн удаа өөр хүмүүсийн материал дээр илүү хянамгай ажиллаарай. Эгчээсээ зовоод хэрэггүй гэж билээ.

Энэ үг надад, хэвлэлтэд шилжүүлэх сониныхоо дардсыг маш сайтар хянаж нягтлахын утга ухааныг нэн сургамжтайгаар ойлгуулж, түүнээс хойш бүх зочдынхоо овог нэр, албан тушаалыг таньдаг байсан ч бүрэн гүйцэд бичиж тэмдэглэх хэвшлийг суулгасан билээ.

ЛХАМАА ЭГЧ сэтгүүл зүйн салбарт 15 жил унаж босож бэдэрч л яваа өчүүхэн бүсгүй Шүрээгийн мэргэжлийн дадал зуршилд ийм том үүрэг гүйцэтгэснээ өөрөө ч мартчихсан л яваа даа.

Одоо эргээд бодоход алдааны гол учиг нь бид бие биеээ таньдаг байсанд, би танилынхаа нэрийг бичнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байсны гор байж гэж боддог юм.

Өдгөө би өөрийн удирдлага дор ажилладаг сэтгүүлч дүү нарт ч "Хүний овог, нэрийг бүтэн бичээд авахад гараас чинь гар унахгүй, чи хэдий ой тогтоолт сайтай ч компьютер биш, үргэлж бичиж ав. Бас дахин нягтал. Өчүүхэн жижиг зүйл дээр ч алдаа гаргахгүйг хичээ" гэж захиж заншжээ.

Гэснээс энэ бүхнийг тэмдэглэхийн учир намайг 12 сард хөдөө байхад анх зар нь түгсэн, Лхамаа эгчийн утга, уянга төгс "ДАЯАРЫН АМГАЛАН"-уран бүтээлийн тоглолт болох гээд би гэдэг хүн сэтгэл яаран хүлээж сууна.

Алтан нутгийн бэр, айлын сайхан эгч, энэ цагийн нэрт хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат ахын маань гэргий ЛХАМАА эгч сэтгэлийн чанадад минь байдаг далдхан хүндлэлийн минь нэгэн эзэн билээ.

Эрдэнээ ах та хоёрын хамгийн сайхан хамтын бүтээл олон хүний сонор, мэлмийг мялаах "чансаа сайтай", "зиндаа өндөр" тоглолт болно гэдэгт итгэл дүүрэн сууна..

Удахгүй уулзахын ерөөл өргөе!

Ю.Шүрэнцэцэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
horoo(66.181.160.84) 2024 оны 06 сарын 08

yasan doli usersen huuhen be nogoo abgai zgr ch geh shig erguu lesbianuud

1  |  0
Top