Ч.Ганжавхлан: Залуус Монголынхоо төлөө золиос гаргах цаг нь ирсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

Чадраабалын Ганжавхлан хэмээх залууг фэйсбүүкт зочилдог хүн бүхэн “танина”. Би түүнтэй “Контент саммит Монголиа-2016” дээр анх уулзаж байсан юм. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй, гадаадын хэд хэдэн оронд боловсрол эзэмшин, гадаадад болон Монголдоо ажиллаж амьдарч ирсэн тэрбээр “Зөвхөн Монголоо” гэсэн сэтгэлтэй залуусын нэг. Сурагч байх үеэсээ амжилтыг бүтээж өнөөгийн Ганжавхлан болох замаа туулахдаа бичсэн түүний тэмдэглэл фэйсбүүкт нь бий. Тэр бол шинэ үеийн төлөөлөл, Монгол орноо хөгжилд хөтлөх шинэ цагийн залуусын нэг билээ. Эрхэм уншигч та бүхэндээ “Зиндаа” сэтгүүлийн “Шинэ үе” булангийн хүндэт зочин Ч.Ганжавхлантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Ном зохиогчийн хувьд “Контент саммит Монголиа-2016”-д оролцож байсан. Тэр үед “Боорцог ба сарнай” ном 5000 гаруй хувь борлогдчихсон, хоёр дахь ном ч бас уншигчдад танигдаад байсан үе байх аа?

“Боорцог ба сарнай” ном маань 2013 оны 5 сард, “Автуус ба амьдрал” ном маань 2014 оны 10 сард анх хэвлэгдэж гарсан юм. Одоо хоёулаа тав дахь хэвлэлтэндээ ороод байна.

Номоо бичээд, кофе шопоо ажиллуулаад явахад Ганжавхлан гэдэг залуу хэнээс ч дутуугүй амьдарч чадна. Ер нь яагаад нийгмийн ажил руу орчихов оо?

Энэ бол би өөрөөсөө эхний хэдэн жилд их олон удаа асууж байсан асуулт л даа Би ер нь яагаад энэ нийгмийн ажил руу орчихов гэж заримдаа их урам хугарсан үед өөрөөсөө асууна. Би энэ ажлыг хийх нь алба уу гээд л /инээв/.

Тийм гэж үү?

Харин одоо хийсэн ажлаа бодоход иргэнийхээ хувьд гайгүй юм хийчихлээ гэсэн бодол төрдөг. Анх нийгмийн ажил руу орсон шалтгаан бол хүний наймаатай холбоотой. Хүний наймаанд би өөрөө гэрч болоод, өрөөсөн хөл гаргүй Ганзориг гэдэг хүн охиноо алдаад, дараа нь тэр хүн өөрөө хүний гарт амь насаа алдаж, эргээд би тэр хүнд туслах гэж яваад дарамтлуулж нэлээд асуудлыг өөр дээрээ мэдэрсэн юм. Тэгээд нуугдаж буглачихсан энэ юм чинь ямар их хохирогчтой, яасан айхтар юм болчихсон байгааг хэн ч мэдэхгүй явдаг юм бэ гэдгийг ойлгосон. Би эхлээд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд Энхжаргал эгчийн дэргэд сайн дурын ажил хийж, Хүйсийн тэгш эрхийн төвийн Ганбаясгах эгчтэй хамтран ажиллаж байхдаа энэ талаар илүү системтэй ойлголттой болсон.

Тэгээд өөрөө ТББ байгуулъя гэж шийдсэн үү?

Хамгийн гол нь би тэнд “Эрчүүдийн орон зай” гэдэг юмыг олж харсан. Тэр газар 25 хүн ажиллаж байхад 23 нь эмэгтэй. Ер нь сүүлийн 15 жил Монголд хамгийн аймшигтай гэмт хэргийн хохирогчдод тусалж, үүний эсрэг тэмцлийг нуруун дээрээ үүрч явсан хүмүүсийн 90- ээс дээш хувь нь эмэгтэйчүүд байдаг. Харин тэр гэмт хэргийг үйлдэж байгаа, худалдаж авч байгаа, биеэ үнэлэлтийг санхүүжүүлж байгаа хүмүүс нь эрэгтэйчүүд. Тийм учраас, бид хамгийн анх “Эрсдлийг зөвхөн эрчүүд үүрдэг байх” дүрэмтэй ТББ-ыг байгуулж биеэ үнэлэх явдал, хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулаад ирсэн чинь манайд хүүхдийн хүчирхийлэл тоо томшгүй их байдаг нь мэдэгдэж эхэлсэн.

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ ГЭДЭГ НОЦТОЙ АСУУДЛЫГ ОЛОН НИЙТЭД ОЙЛГУУЛАХЫГ ЗОРЬЖ ИРЛЭЭ

Төрийн бус байгууллагаа “Лантуун дохио” гэж нэрлэсний учир юу вэ?

Талийгч болсон хүн маань өөрөө Монголд охиноо алдаад зургаан жилийн турш Эрээн, Замын-Үүд гээд бүх газраар явж маш аймшигтай нөхцөл байдлаас охиноо амьд олж авсан юм. Олж авсныхаа дараа шүүх, цагдаагаар явсан ч амжилт олоогүй. “Монголд хүний наймааг зогсооё” гэсэн бичигтэй пайз бариад эцсийн шатны тэмцлээ хийж байхад нь би гудамжинд явж байгаад тэр хүнтэй анх тааралдаж байсан. Нэг сарын дараа тэр хүний амийг санаатай хөнөөсөн. Энэ тухай зургаан жил яриад явж байхад хэн ч үгийг нь сонсоогүй байдаг. Тэр хүний амь нас нь залуучууд бидний хувьд яг л лантуугаар толгой руу цохиж байгаа юм шиг тийм хүчтэй дохиог өгсөн учраас бид ТББ-аа “Лантуун дохио” гэж нэрлэсэн. Тэр хүн амь насаа алдаж байж, тэр хүний орон зай дээр бид ингэж сэрцгээж байлаа. Тэр хүний амь нас тийм үнэ цэнэтэйгээр өнгөрсөн. Үнэхээр том дохиог бидэнд үлдээсэн.

Тийм байна.

Анх удаа хүн нь өөрөө гарч ирээд “Монголд хүний наймаа байна шүү. Миний охиныг зарчихлаа. Миний охиныг тэр гэдэг, намайг тэр гэдэг. Би аав нь, би ээж нь” гээд ил ярьж чадсан. Тэр хүнийг амь насаа алдсанаас хойш ар гэр нь таван жилийн турш аймшигтай дарамт шахалтыг үзсэн байдаг. Уржигдар бид нар очиж уулзахад, хохирогч охины ээжийг жирэмсэн байхад нь аваачиж хорьсон байх жишээтэй. Хүний наймааны золиос болсон охин одоо ажил хийж ч чаддаггүй. Ажилдаа очихоор нь дарамтлаад байдаг. Энэ хүмүүс чинь тэр олон зуун хохирогчдын ердөө нэг төлөөлөл нь шүү дээ. Монголд хүний наймаа байдаг юмуу, үнэхээр үнэн гэж үү гэсэн асуултууд их байдаг. Гэтэл ингэтлээ их бугшчихсан, буглачихсан юмыг хүмүүс огт мэдэхгүй л явж байгаа.

Танай байгууллага одоо гулгаа массажны зар хуулах аян явуулж байгаа. Энэ бас хүний наймаатай хийх тэмцлийн нэг хэсэг нь байх, тийм үү?

Энэ тухай бид таван жилийн турш ярьж байна. Эрээн яваад хийсэн бичлэгээ үзүүллээ. Энэ асуудал ямар аюултай хэмжээнд хүрээд байгааг олон нийтэд ойлгуулахын тулд “Гулгаа массаж” гэдэг том аяныг зохион байгуулж байна. Бидний 70-80-аад залуучууд цуглаад нийслэлийн хэмжээнд энэ аяныг явуулж байгаа. Монголчууд үнэхээр тэгж их массаж хийлгээд байна уу, үгүй юу? Бид нэг өдөрт 1512 массажны зар хуулж байна. 1512 массажны газраар үйлчлүүлэх хэмжээнд хүртлээ массажинд дуртай болчихсон юмуу гэдэг асуулт гарч ирж байгаа биз. Бид 45 хүний бүрэлдэхүүнтэй яваад заруудыг хуулж байхад долоо хоногийн дараа нэр нь кантра массаж болоод улам олон зар наачихсан байна.

Зөвхөн зар нь уу?

Тийм. Бид бол их өндөр ачаалалтай ажилласан. Гэтэл тэр зар нааж байгаагийн ард 45-аас ч илүү хүн өдөр шөнөгүй ажиллаж байна. Энэ нь зүгээр нэг массажны сүлжээ мөн үү, биш үү? Ер нь хараагүйчүүдийн хийж байгаа Бест массаж бол жинхэнэ эмчилгээний массаж байдаг. Гэтэл энэ кантра массаж, тай массаж, сүүн массаж бол массаж гэсэн нэрийн дор нэгдүгээрт биеэ үнэлэлтийг зохион байгуулж байна. Хоёрдугаарт насанд хүрээгүй хүүхдэд хандсан гэмт хэрэг хийж байна. Гуравдугаарт хүчээр биеийг нь үнэлүүлж байгаа үйл ажиллагааг массажны газарт зохион байгуулж байна. Энэ бүхний цаана насанд хүрээгүй 15-16 настай хүүхдүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж байгаа асуудал ч байна. Түүнээс гадна энэ асуудлын цаана хүний наймаа явагдаж байгаа. Энэ бол зүгээр нэг массажны асуудал биш. Ийм халхавчны цаана л үйлдэгдээд байгаа гэмт хэрэг юм. Мөнгөний барьцаанд оруулчихсан хүчээр биеийг нь үнэлүүлж, эргээд аав ээж, гэр оронд нь дарамт шахалт үзүүлж байна. Нэг бол зохиомлоор өрөнд унагааж санхүүгийн залилангийн хэрэг тохчихоод, мөнгийг нь биеэ үнэлж төл гэдэг зүйл ч байдаг. Энэ бүхэн сүлжээ болчихоод байна.

Хүүхдийн хүчирхийллийн асуудал ч бас ноцтой шүү дээ...

Хүүхдийн хүчирхийлэл гэдэг асуудлыг дагаад явж байхдаа бид нийгмийн асуудлыг томоор нь олж харсан. Хамгийн их тулгамдсан, хаягдчихсан байгаа асуудал бол хүүхдийн асуудал юм байна гэдгийг олж харсныхаа дараа хүүхдийн баатар үүсгээд, олон төрлийн креатив өгөгдлийг гаргаж ирсэн. Эхлээд энэ ажил руу бид ямар ч туршлагагүй орж байлаа. Таван жил болоход би өөрөө ч гэсэн туршлагажиж ирсэн. Миний сайн хийж чадах ажил бол олон нийтийн ажил, нийгмийн ажлын маркетинг, зохион байгуулалт. Миний үндсэн мэргэжил бизнесийн маркетинг учраас надад маркетингийн стиль байдаг. Иймд хүмүүс ойлгохгүй, ойлгоход хэцүү байгаа хүн худалдаалах гэмт хэрэг гэдэг ноцтой асуудлыг маш олон төрлийн аргаар олон нийтэд ойлгуулахыг зорьж ирлээ.

Тийм шүү.

Нөгөө талаас нь харахад, маркетингийн арга барилаар ажилласан. Ингэж явахдаа сайн дурын ажил хийх гэсэн хүүхдүүдийн хүсэл зорилгыг, мөн нийгмийн төлөө гэсэн маш олон залуучуудын хүч гараад ирснийг олж харсан. Тэр хүүхдүүдийг маш сайн зохион байгуулж, тэднийг чиглүүлээд ажилласан. Би ерөнхийдөө энэ олон хэрэгцээнүүдийн дунд маш сайн маркетинг зохицуулалтыг л хийсэн. Би маш сайн хуульчдыг олоод, тэдэнд цалин олж өгөөд хэцүү хүүхдүүдийн төлөө ажиллуулж чадна. Маш сайн сэтгэлзүйчдийг олоод цалинг нь зохион байгуулаад аливаа төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сэтгэл заслыг нь хийлгэх ажлыг зохион байгуулж чадна. Энэ төвийг зохион байгуулаад, маш сайн боловсон хүчнийг бий болгоод менежмент, санхүүжилтийг нь хийж байгаа. Тийм учраас би өөрийнхөө орон зайг олоод харчихсан. Одоо би яагаад нийгмийн ажил хийгээд байгаа юм гэдэгтээ хариулт олчихсон байгаа.

Үнэхээр сонирхолтой байна. Яагаад вэ?

Яагаад гэвэл ямар нэгэн улс төр, шашин зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөв шударга, тууштай яваад байна шүү дээ. Үүний үр дүнд надад хүмүүсийн итгэл ирсэн. Энэ их хандив, энэ олон залуучууд чинь итгээд л явж байгаа. Түүнээс өөр юм байхгүй. Нэг их айхтар царайлаг залуу хүн дурлуулаад байгаа юм биш. /инээлдэв/ Намайг тийм их харизмтай гэж бас хэлэхгүй. Яагаад би энэ ажлыг хийгээд байна гэхээр, надад энэ ажлыг яаж хийх гарцууд харагдаж эхэлсэн. Эхний үед бол бэлэг тараагаад л, сайн үйлсийн аян хийж сайхан сэтгэлтэй хүн болоод л /инээв/. Тийм сэтгэл хөдлөл байлаа. Ер нь Сайн үйлсийн аян бол хүний хэрэгцээ юм байна гэдгийг би ойлгосон. Хүн бүхэнд хүнд туслах хэрэгцээ байдаг. Тусалж чадвал баярладаг. Тэр нь талх, хоол идэхтэй л адил оюуны хэрэгцээ юм.

Нээрэн л хүнд тус болсон хүн өөрөө хамгийн их баярладаг шүү.

Хүнд өөрт нь байдаг тэр хэрэгцээг нийлүүлэх ажлыг би хийж байна. Эхлээд аль ч салбарт биднийг хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Цагдаа, улсын мөрдөн байцаах газар, хуулийнхан гээд. Одоо бол нааштай болсон. “Та нар хууль зөрчсөнгүй, тууштай зөв явж байна. Одоо та нарыг дэмжиж болж байна” гэж байгаа. Оюутан залуучууд бол манайх руу их хандаж байна. Сайн дурын ажил хийх сонирхолтой маш том хүч гараад ирсэн. Тодорхой хэмжээнд бизнесийн хүмүүс ч гэсэн манайхыг ойлгож, дэмжье гэдэг болж байна. Тэгэхээр “Лантуун дохио”- гоор дамжуулаад, надаар дамжаад маш их боломжууд бий болж байна. Иймд туслалцаа дэмжлэг хэрэгцээтэй хүүхдүүд, асуудалтай байгаа нийгмийн тэр хэсэг рүү очих гарц гараад ирж байгаа юм. Хүн хүч байна, мөнгө байна, бодлого байна, төр засаг байна. Ингээд итгээд байна шүү дээ. Энэ бүхнийг хэрэгтэй хүмүүст нь хүргэх ажлыг чиглүүлэхийн тулд, чиглүүлэх боломж нь надад байгаа учраас би энэ ажлыг хийх ёстой. Энэ бол миний үүрэг.

БАЯНХОШУУНД “ИД ШИДИЙН ОРОН” БАЙГУУЛЖ “ИЛҮҮГЭЭСЭЭ ДУТУУД” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Таван жил гэдэг багагүй хугацаа.

Ер нь амар хялбар байгаагүй. Таван жил маш зөв зохион байгуулалттайгаар хүний итгэлийг алдахгүй явж байж бидэнд энэ боломж ирж байгаа. Монголчууд хэр баргийн юман дээр нэгдэх нь ховор. Гэхдээ их ховор байдлаар нэгдчихсэн, итгэл өгчихсөн байна. Ялангуяа хүүхэд хамгааллын чиглэлд нэн ядуу, өнчин, хараа хяналтгүй, онцгой зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүрч ажиллахын тулд ямар системээр явах нь зөв юм гэдэг зураглал бүтнээрээ бидэнд харагдаад байгаа. Эхлээд бид хүүхэд хамгааллын системээ тодорхойлж гаргаж ирсэн. Дараа нь байгууламжийнхаа бүтцийг гаргаад энэ ажлаа хийх гээд зүтгэж байна.

Одоо ямар ажил эхлүүлээд байна вэ?

 Мөрөөдлөө яриад сууж байснаа бодвол газартай, төсөлтэй, зурагтай, тодорхой хэмжээнд эхний газар шорооны ажлаа эхлүүлэх мөнгөтэй боллоо. Энэ ажлаа эхэлж, хандивыг ийш нь оруулж байна. Монголчууд өөрсдөө бүтээгээд, бүтээсэн юмаа харах тэр боломжийг бий болгохын төлөө бид ажиллаж байна.

Тэр нь чухам юу вэ?

Баянхошуунд “Ид шидийн орон” барих гэж байна. Цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв, олон нийтийн номын сан, эцэг эхчүүд, хүүхдүүд, залуучуудад хандсан хандлага өөрчлөх соён гэгээрүүлэх ажил явагдах ордон. Кино ший үзэхээс авахуулаад, аятайхан лекц сонсдог нөхцлийг бий болгохыг зорьж байна. Баянхошууны Зүүн салаа хавь бол гэмт хэргийн гаралт, стрессийн түвшин, ядуурал хамгийн их. Мөн Сонгины хойшоо Улаан чулуут, 21 дүгээр хороо гээд 6-7 хороолол байна.

Энэ төслөө илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

Ерөнхийдөө хоёр том байшин төсөвлөгдөж байгаа. Наад талын хоёр давхар байшин 250 м.кв. Энэ бол хүчирхийлэлд өртсөн, хүний наймааны золиос болсон хамгийн хүнд нөхцөлд байгаа эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах байр юм. Хоёрдугаар давхарт нь 36 хүүхэд амьдрах боломжтой амрах өрөөтэй. Энд нэг онцлог нь сэтгэл заслын үйлчилгээ, хуулийн үйлчилгээтэй байх юм. Хотын төвд ч хүүхдүүд сэтгэлзүйчид очиж чаддаггүй шүү дээ. Мөн универсал дизайн буюу орж гардаг зам, тоглоомын талбай нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлсэн байна. Саажилттай хүүхдүүдийн хөдөлгөөний дасгалын тоног төхөөрөмжүүд суурилуулна. Мөн дөрвөн улирлын хүлэмж төлөвлөж байгаа. Монгол ёс уламжлалаа дээдэлдэг, хөдөлмөрийн дадал эзэмшдэг, спортын талбайд спортоор хичээллэдэг боломжийг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Мөн гарааш, хамгаалалтын байр бий. Энэ байранд төрийн цагдаа ажиллана. Бид өөрсдөө хоол унд, цалинг нь өгнө. Арын том байранд бол жинхэнэ хандлага өөрчлөх сургалтууд явагдана. Энэ нь зоорьтой гурван давхар байр (давхар бүр нь 200 гаруй м.кв) юм. Хоёр давхартаа цэцэрлэг, багш нар нь байна. Нэг давхартаа номын санд суурилсан олон нийтийн соён гэгээрүүлэх төв байна. Гайхалтай гоё номын сан байгуулна. Ханаа хөдөлгөөд л киноны дэлгэц гараад ирдэг байдлаар хийнэ. Соёлын арга хэмжээ явуулах боломжийг бүрдүүлнэ. Гэр хороололд ийм зүйл их дутагдалтай байдаг юм.

Ерөөсөө байхгүй шүү дээ.

Харин нэг давхартаа сайн үйлсийн агуулах буюу “Илүүгээсээ дутууд” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ агуулах бол хэдэн мянган сайн үйлсийн аяныг хийнэ. Хүмүүст илүү юм байвал энд авчраад өгчихнө. Эндээ маш том ариутгалын үйлчилгээтэй. Хувцсыг нярайн хувцас, 2-5 насны хүүхдийн хувцас, 5-10 настай хүүхдийн хувцас, өсвөр насны, насанд хүрэгчдийн гээд бүгдийг нь ариутгаж ангилаад, маш цэгцтэй агуулах зохион байгуулна. Өөр бусад зүйлс буюу хүүхдийн чихмэл тоглоом, зарим хэсэгт нь хүнс будаа гээд хүнд илүү гараад байгаа юмнуудыг дутуу байгаад нь өгөхийн тулд байнгын бэлэн байлгана гэсэн үг. Өнөөдөр зарим хүмүүс гурван шүүгээ дүүрэн хувцастай, шатаах уу яахав, монгол уламжлал гээд сууж байгаа. Нөгөө талд нь хувцас хунаргүй, өвлийн хүйтэнд даараад явж байгаа хүмүүс байна. Энэ хоёрыг холбох ажлыг хийхийг бид зорьж байгаа. Энэ үйл ажиллагааг явуулахад ариутгалын хэсэг маш чухал. Тэнд угаалгын машин байнгын эргэлдэж байх ёстой. Гэр хороололд ийм хэрэгцээ их учраас энгийн бөгөөд цэгцтэй болгохыг зорьж байна. 200 гаруй м.кв гэдэг бол том талбай. Энэ талбайд угаалгын төв, том агуулах хийж хөгжүүлээд системчлэх юм.

Танай төвийн газрын асуудал шийдэгдсэн үү?

Газраа худалдаж авсан. Эхлээд улсаас жаахан дэмжлэг хүсэж бүх шатны хүмүүстэй нь уулзаж үзсэн. Аль нь ч наашаа харж тусалж дэмжээгүй. Худалдаж авсан нь ч зөв болсон л доо. Сүүлд нь ултөржүүлээд явчих юм бол хэцүү.

Тэр тийм шүү /инээлдэв/.

Гэтэл бүр инээдтэй юм ердөө саяхан болсон. Бид нар өнгөрсөн бүтэн сайнд 70-80-уулаа цуглаад “Ид шидийн орон” барих хашааныхаа хогийг цэвэрлэсэн юм. Бүх юмаа хийчихээд, “Нэгэнт ийм олуулаа цугласан юм чинь гудамж цэвэрлэе” гээд хоёр гудамжийг бүр цэмцийлгэж хүн хүчээр “зодож” байгаад цэвэрлээд дуусгасан. Тэгсэн чинь 2-3 хоногийн дараа над руу хүн залгаснаа, маргааш “Хоггүй аян” арга хэмжээн дээр ирээч гэнээ. Хаанаас ярьж байна гэсэн чинь СХД-ээс гэнэ. 12 цагт арга хэмжээтэй, танд хүндэт медаль гардуулах гэсэн юм гэж байна.

БИ АМЬДРАЛАА ЗӨВ ҮЙЛ ХЭРЭГТ ЗОРИУЛААД, ЗӨВ ЗҮЙЛИЙН ТӨЛӨӨ ЯВЖ БАЙГАА

Дүүргийн хүндэт медаль уу?

 Мэдэхгүй. Тэрийг нь асуугаагүй. Би үгүй гэсэн. “Та нар манайхыг үнэхээр дэмжмээр байгаа бол газар шилжүүлэх асуудал дээр хүнд суртлыг багасгаад өгөөч. Иймэрхүү зүйл дээр л бодит дэмжлэг үзүүлээч Медаль зүүлээ гээд асуудал шийдэгдэх биш. Тэгээд ч тэр хогийг би ганцаараа цэвэрлээгүй шүү дээ” гэсэн /инээлдэв/

Тэгэхээр шийдэгдээгүй байгаа гэсэн үг үү?

Хууль ёсны дагуу л явж байгаа. Зөвхөн газрыг түдгэлзүүлэхэд 45 хоног хэрэгтэй. Хуулийн үлдсэн хугацаа бол дахиад 30-90 хоног. Бид нар улсын хийх ажлыг боловсон хүчин гаргаад, хэдэн зуун сая төгрөгний хөрөнгө оруулалт өөрсдөө босгоод хийж байхад ийм хүнд сурталтай тулгарч байна. Ер нь хэр баргийн хүн ойлгохгүй хэмжээнд тэр процесс явагддаг юм билээ. Очоод хана мөргөөд, хана мөргөөд л уначихмаар.../инээв/

Манай бизнесийн байгууллагууд, хувь хүмүүс танайд хандив өгдөг үү?

 Өгч байгаа. Ард түмний хандив хамгийн их орж ирдэг. Зовлон үзсэн хүмүүс л зовлон бэрхшээлийг ойлгож тусалдаг юм. АПУ ч юмуу архи хийдэг компаниуд хандив өгч болно шүү дээ. Яагаад гэвэл хүчирхийллийн суурь нь архи, ядуурал ихтэй газарт архины асуудал хамгийн их байдаг. Иймд нийгмийн хариуцлагын талаасаа тодорхой хэмжээнд оролцож болмоор доо.

Одоо танайд хандив өгдөг компаниуд дийлэнх нь ямар байгууллагууд байдаг вэ?

 “Тод оймс”, эсвэл чацаргана хийдэг компани гээд нэлээн юм ойлгодог, гэр хороололд олон хүн тэжээж амьдруулдаг, 50-60 ажилчин нь гэр хороололд байдаг, амьдралын бэрхшээл зовлонг ойлгодог хүмүүс л хандив өгч байна. Уг нь архины үйлдвэрүүд, уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлага талаасаа эргээд монгол хүүхдүүддээ чиглэсэн ажлыг хийх л ёстой байх. Тэр талаас нь явна гэсэн бодол бий.

Заавал гаднын байгууллагын дэмжлэгээр биш, монголчууд өөрсдөө босгоно гэсэн бодол байна, тийм үү?

Энд ерөөсөө гаднын байгууллагын нэг ч төгрөг ороогүй. Зөвхөн монголчууд хандив өгсөн. 1000 төгрөгний үнэтэй түлхүүрийн оосорноос л хандив эхэлсэн шүү дээ. Мянга мянган төгрөгөөр хандив орж байна. Ийм түлхүүрний оосор барьчихсан 8000 хүний оролцоо энд байгаа. Хандивын үйл ажиллагаанд хамгийн багадаа 8000 хүн нэгдчихээд байна. Бас тийм амархан биш. Би хэрвээ маркетингийн менежер, эсвэл компанийн захирал болсон гэж бодоход дээд тал нь 50 хүний амьдралтай л хамаатай ажил хийх байсан. Одоо бол миний энэ ажил бүхэл бүтэн Монгол Улстай хамаатай. Утга учир, үнэ цэнийн хувьд ч илүү. Надад миний сурсан мэдлэг, миний эрч хүчтэй байгаа нас, яг энэ highlight /ид гялалзсан үе/ дээрээ зүтгэчихвэл өөрчлөлт авчирч чадна гэж бодогддог юм. Залгамж халаа залуучууд маань ч боловсон хүчин болж гарч ирнэ. Илүү сайн болоод явна байх. Ийм учраас нэгдүгээрт урамтай, хоёрдугаарт хийх ажил маань тодорхой. Ингээд л яваад байна.

Нийгмийн ажил хийж байхад “Би чадна” гэсэн итгэлтэй мэдрэмж төрдөг үү?

Байна аа. Төрж байна.

Энэ ажлаасаа ямар аз жаргал, урам зоригийг мэдэрдэг вэ?

Би хийж байгаа бүх зүйлдээ аз жаргалтай байдаг. Өглөөнөөс орой хүртэл энэ ажлаа хийгээд явж байхдаа аз жаргалыг мэдэрдэг. Гэнэт нэг их аз жаргал мэдрэгдэх хэлбэрээр биш, би өөрийнхөө амьдралыг зөв үйл хэрэгт зориулаад, зөв зүйлийн төлөө явж байгаа. Өнөөдөр хүмүүс ойлгосон ойлгоогүй, дэмжсэн дэмжээгүй, хамгийн түрүүнд хэнээс ч илүү би өөрөө энэ үйл хэрэгтээ туйлын их итгэлтэй байдаг. Тэгж байж ч хүмүүс намайг дагаж итгэнэ. Тийм учраас би энэ ажлыг хийж байгаадаа маш их аз жаргалтай байдаг.

Гэхдээ онцгой содон тохиолдол байна биз?

Мэдээж онцгой аз жаргал мэдрэх үе нь бол урам. Өнгөрсөн долоо хоногт Баянхошуунд очиж цэвэрлэгээ хийсний дараа болсон зүйл л дээ. Манай хажуу айлын нэлээд архи уудаг хүн байдаг юм. Дараа нь гудамж цэвэрлэхэд тэдний хашааны үүд цэвэрлэгдсэн. Тэгээд сая яваад очсон чинь тэр хүн хашаагаа цэмцийтэл цэвэрлээд үүдэндээ хог овоолоод тавьчихсан байна.

Ямар сонин юм?

Яасан гэсэн чинь “Миний охин шиг жаахан охидууд ирээд манай хашааны гаднахыг цэвэрлэчихсэн байна. Би ерөөсөө маш их ичсэн” гэж ярьж байна. Бид нар ийм хандлага өөрчлөх ажлыг л хийх гээд байгаа юм. Хүнээс гарч байгаа хүнд хандсан хүчирхийлэл болоод гэмт хэрэг бүгд л хүний толгой, оюун ухаан, хандлага, бодож сэтгэж байгаа зүйлтэй нь шууд холбоотой. Энд нь өөрчлөлтийг хийж чадвал хуулиа чангалаад, дүрэм журмаар зандраад байх ч шаардлагагүй. Бид хашаа хороо, гудамж цэвэрлэхдээ ч хүмүүсийг ичээсэй гэж цэвэрлэсэн. Би хажуу айлынхаа хүнийг архи уудаг болохоор тийм хурдан хандлагын өөрчлөлт гарна гэж бодоогүй. Хүлээлтгүй байсан учраас сая хараад их баярласан. Таны асуусан аз жаргал гэдэг маань ийм л юм байна даа.

“ИД ШИДИЙН УУТ” ТӨСӨЛ МААНЬ “ИД ШИДИЙН ОРОН” БОЛООД БАЯНХОШУУНД ХЭРЭГЖИХ ГЭЖ БАЙНА

Танай байгууллага хүүхдүүдэд шинэ жилээр өвлийн өвгөний бэлэг хүргэх маш том аян хийсэн байх аа?

Бид 96 сая төгрөгийн өртөгтэй бараа бүтээгдэхүүн цуглуулаад нийтдээ хоёр сум найман дүүргийг хамруулж 30 машинтай 7000 км зам туулж, 225 сайн дурын ажилтнуудын хүчээр хоёр сарын хугацаанд олон мянган хүүхдэд өвлийн өвгөний бэлэг хүргэж ажилласан. Миний баярлаад харж байгаа юм нь юу гэвэл, энэ тоо бол хүүхдийн төлөө үйл ажиллагаанд монголчууд нэгдэж чадсаныг харуулсан үзүүлэлт. Монголчууд маань шашин, улс төр, жалга дов гэхгүйгээр энэ ажил дээр үнэхээр нэгдэж чадсан гэж би боддог. Дэлхийн 13 улсаас монголчуудын тусламж ирсэн. “Ид шидийн уут” төсөл маань “Ид шидийн орон” болоод Баянхошуунд хэрэгжих гэж байна.

“Ид шидийн уут” төслөө “Ид шидийн орон” болгоход нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь юу байсан бэ?

Хүүхдүүдэд бэлэг хүргэсний дараа түлээгүй гэрт нь, хүчирхийлэлтэй орчинд нь орхиж гарчихаад “За бид гоё юм хийчихлээ” гэж сэтгэл ханахаас илүүтэй дараагийн алхам маань “Ид шидийн орон” юм байна гэж харж байлаа. Энэ маань сайхан үйл ажиллагаа, хүүхдүүдэд маш их урам өгч баярлуулж байсан.

Хүүхдүүдэд мартагдашгүй дурсамжийг үлдээж байгаа шүү дээ.

Тэр талаасаа бол үнэхээр сайхан. Хэзээ ч мартагдашгүй зүйл. Гэхдээ үүгээрээ ханаж болохгүй. Яагаад гэвэл энэ ажлаа хийхдээ бид яг үнэн бодит байдлыг нүдээрээ харж байгаа юм.

Тийм байх.

Дараа нь бодогддог юм. Тэр хавьд нэг тийм хүүхэд орхиод гарсан шүү дээ гэдэг юм чинь толгойд байж л байгаа. Тэгэхээр орон гэргүй, аав ээж нь зодоод байдаг, эсвэл үнэхээр хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хүн амьдрахад таатай, халуун хүйтэн устай орчинд байлгах боломжийг эрэлхийлж, төслөө ч ингэж хийсэн. Энэ жилдээ ар талын байшинг барьж амжихгүй. Мөнгөний хувьд шүү дээ. Харин тэр байшингаас урагшаа талбайг бид 9 сарын 1-нд ашиглалтад оруулах зорилго тавьж байгаа. Бас л зоригтой мөрөөдөл. Одоо 9 сарын 1 гэдэг рүүгээ харсан ажлын маань мөнгөний 10 хувь нь ч босоогүй байна. Гэхдээ болгоно гээд л зүтгэж байгаа.

Сайн дурын ажилтнаар ажиллаж байгаа залуус анх орж ирсэн үетэйгээ харьцуулахад хэрхэн өөрчлөгддөг вэ?

 Тэд нарт хамгийн том өөрчлөлт гардаг. Би маш их хувцас тараагаад л хүнд хүргэх гээд явж байсан үеүдээ бодохоор нэг талаас өөртөө шүүмжлэлтэй хандаад, нэг удаагийн туслалцаа гэдэг тийм ч бодитой туслалцаа биш байж дээ гээд бодонгуут, нөгөө талаа харахаар хамгийн их өөрчлөлт нь хувцас авсан хүнд биш хувцас тараасан хүнд нь гараад ирсэн байдаг юм. Жишээ нь, хэзээ ч дөрвөн ханатай байшингаасаа гарч үзээгүй байрны хүүхэд хогийн цэг дээр очиж 3-4 цаг зогсоод, ажил хийгээд, тэнд хүүхдүүд хог түүж амьдардгийг хараад, хүүхдэд хоёр печенье өгөхөд нэг печенье илүү аваад “Энийг би ээждээ аваачиж өгнө өө” гээд /хоолой нь зангирав/ өвөртөлж байгааг нь хараад тэр хүүхдүүдэд огцом өөрчлөлт гарч нийгмийн талаарх ойлголт нь орвонгоороо эргэдэг. Тэр хүүхдүүдэд гарч байгаа өөрчлөлт маш өндөр түвшинд байдаг. Ер нь аливаа зүйлийн үнэ цэнийг ойлгож байгаа байдал, өмнө нь өөрийнхөө амьдралыг найзуудтайгаа харьцуулаад л би жаахан дутуу гуцуу байна гэж боддог байсан хандлага нь эрс өөрчлөгддөг юм.

Тэдэнд ижил өөрчлөлт гарах уу, эсвэл өөр өөр байдаг уу?

Өөр өөр өөрчлөлтүүд гардаг. Олон төрлийн хүүхэд ирж байгаа шүү дээ. Манайд 18-19 орчим сургуулиас оюутнууд ирж ажилладаг. Арван жилийн ахлах ангийнхан ч байдаг. Зарим нь эхлээд мэдэгдэхгүй ч сүүлд нь харахаар өөрөө бас хэцүү амьдрал туулсан, хүчирхийлэлд өртөж байсан ч юмуу ийм хүүхдүүд ороод ирчихсэн их удаан явж байгаа харагддаг. Эсвэл бүр өөрчлөгдөөд явж байгаа хүүхдүүд ч байна. Шинэ жилийн аяны үеэр ээж нь ахлах ангийн хүүхдээ аваад ирсэн юм. Манай энэ хүүхдийг аваад яваач гэхэд нь бид жаахан цааргалж байсан. Хүүхдүүд “Ид шидийн уут” аянд явахаараа орой нь уйлаад, шоконд орчихсон ирдэг юм. Цасан охид уг нь тэгж болохгүй. Тэд хүүхдүүдийг баясгах ёстой байтал уйлаад л байдаг. Нөгөө хүүхдүүдээ стресст оруулаад, гэр бүлийнхэн нь сандраад ийм юм болчихдог. Бид нар хүүхдүүдэд сургалт өгч байж авч явдаг л даа. Гэхдээ би тэр хүүхдийг өөрийнхөө багт аваад явчихсан. Хэд хоног хамт явсаны дараа нэг өдөр дугтуйтай мөнгө бариад ирлээ. Яасан гэсэн чинь “Манай ээж KFC-д хоол идээрэй гэж надад долоо хоног болгон амралтын өдрөөр 20 мянган төгрөг өгдөг юм. Энийг би өвлийн өвгөний бензиний зардалд хандивламаар байна” гээд өгч байгаа юм.

ТЭР ХҮҮХЭД “МАНАЙ ЭЭЖ KFC-Д ХООЛ ИДЭЭРЭЙ ГЭЖ НАДАД ДОЛОО ХОНОГ БОЛГОН АМРАЛТЫН ӨДРӨӨР 20 МЯНГАН ТӨГРӨГ ӨГДӨГ ЮМ. ЭНИЙГ БИ ӨВЛИЙН ӨВГӨНИЙ БЕНЗИНИЙ ЗАРДАЛД ХАНДИВЛАМААР БАЙНА” ГЭСЭН

Тийм үү?

Сонирхолтой байгаа биз. Өвлийн өвгөн бензинээр явдаг юм байна гэдгийг ойлгочихсон байна.

Өвлийн өвгөн чаргаар нисдэггүй гэдгийг ч бас.../инээлдэв/

Би энэ бүхнийг хараад “За энэ хүүхэд юм ойлгосон байна” гэж бодсон. Ээж нь ч бас их баярлаж байсан. Тэр хүүхэд сайн дурын үйл ажиллагааны явцад олон удаа манлайлал гаргасан шүү. Ингээд зүрх сэтгэлээрээ ойлгоод явж байгаа хүүхдүүд бол жинхнээсээ хөгждөг юм. Олон нийттэй харилцана, нийгмийн хүнд байдалд байгаа хүмүүстэй уулзана, согтуу хөлчүү хүмүүсээс авахуулаад олон төрлийн хүнтэй харилцана. Асуудлыг зохицуулж сурна. Хүний амьдралд тэр болгон хүн ирээд зааж өгөөд байхааргүй хичээлүүд л дээ.

Яг үнэн.

Нийгмээ их сайн ойлгож хөрсөндөө буугаад ирнэ. Эргээд ямар ч ажил хийсэн энэ бүх туршлага нь хэрэг болно л доо. Тэнгэрт нисчихсэн, байрнаас байрны хооронд амьдраад, аугаа Улаанбаатар хот гээд бодчихсон явж байгаа хүмүүс олон байгаа. Гэтэл хүмүүсийн 70 хувь нь гэр хороололд, 30 хувь нь байшин хороололд, амьдрал нь тэнгэр газар шиг ялгаатай хоёр түвшинд амьдарч байна. Ер нь манайд ажилласан залуучууд их өөрчлөгдөж, бас нэг сэтгэл зүрхтэй, өөр хүмүүс болоод явчихдаг юм. Тэгэхээр өөрчлөлт байна аа.

“ОЛОН НИЙТИЙН ТӨВД СУУРИЛСАН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЗАГВАР”-ЫГ ӨӨРСДӨӨ ХИЙЖ БОЛДГИЙГ БАТЛАХ НЬ БИДНИЙ ГОЛ ЗОРИЛГО ЮМ

Нэг удаагийн тусламж авсан хүүхдүүд хэрхэн өөрчлөгддөг нь тэр бүр мэдэгдэхгүй. Ер нь өөрчлөлтийг ажиглах боломжтой ямар үйл ажиллагаа байдаг вэ?

Байгаа. Бид шинэ жилийн аян хийж нэг удаагийн тусламж үзүүлснийхээ дараа онцгой хүнд нөхцөлтэй айлуудаас сонгож аваад байнгын туслалцаа үзүүлдэг юм. Гэр өгөх, хаягийн бүртгэлтэй болгох гээд туслах зүйл их л дээ. Жишээ нь, хогийн цэг дээр нэг айлд гэр барьж өгөөд дараа долоо хоногт нь, эсвэл гурван долоо хоногийн дараа очно. Аяга цай ууна, юм ярина. Үүнээс гадна оёдлын машин авч өгөөд амьдрал нь эрс дээшилсэн айл ч байна. Улиастайд амьдардаг гурван хүүхэдтэй, маш сайн гарын ур дүйтэй хүн. “Надад нэг оёдлын машин л байвал миний амьдрал их сайжрах гээд байна” гэж бидэнд хэлж байсан юм. Бид нар тэр хүнд их сайхан оёдлын машин авч өгсөн. Одоо Хөшигтийн хөндийгөөс 200 эсгий улавчны захиалга авчихсан байна шүү дээ.

Гайхалтай...

Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт явуулдаг болчихсон. Гэр орондоо зурагт, хөргөгч авчихсан байна. Юмханыг ингээд юм болгож арвижуулаад явдаг хүн байна. Архи болгоод зарж уугаад итгэл алддаг хүн ч бас байна.

Байгаа л даа, тэр олон дотор.

Бид ерөнхийдөө юм болгоныг мэдээлээд фэйсбүүкт тавиад байж нэгдүгээрт амждаггүй. Хүмүүс тэр бүр мэдэхгүй ажлууд олон бий. Заримдаа царай зүс, байр сууриа олон нийтэд харуулахыг хүсэхгүй байна гэдэг хүмүүс ч байдаг. Ялангуяа хүүхдүүдийн хувьд ангийнхан нь бүгд фэйсбүүк хэрэглэж байгаа. Тэр болгонд ядуу зүдүүгээрээ дуудуулаад байхыг хүсэхгүй. Үнэхээр бусдыг уриалъя, хамаагүй ярья хэлье, миний ярьж байгаа зүйл ганц хоёр хүнд ч гэсэн урам зориг болог гэж байгаа хүмүүс ч байна. Тэр бол хүмүүсийн эрхийн асуудал. Тэр болгоныг тааруулж явна шүү дээ.

Жишээ нь, гэр хороолын ядуу өрхийн иргэдэд бэлэг тараалаа гэсэн мэдээ телевизээр явах үед хүмүүсийг нь харуулахаар эвгүй санагддаг. Тийм учраас залуу сэтгүүлчдэдээ “Ямар ч хүний тухай доромж өнгө аясаар бичиж болохгүй” гэж сануулдаг. Ийм талын мэдрэмж танай байгууллагад байх л ёстой.

Хамгийн түрүүнд байх ёстой ёс зүйн асуудал л даа.

Яг одоо байгууллагынхаа том зорилгыг хэрхэн харж байна вэ?

Том зорилго гэвэл бид системийнх нь хувьд харж байна. Энэ ажлыг бид байшин гэж харахгүй байгаа. Ерөөсөө Монгол Улсын хүүхэд хамгааллын системийг “Олон нийтийн төвд суурилсан хүүхэд хамгааллын загвар” хэлбэрээр үүсгээд, анхны байршлыг нь бид өөрсдөө амжилттай босгож батлахад л гол зорилго оршиж байгаа юм. Дараа нь үүнийгээ сүлжээ болгож төрийн бодлогын хэмжээнд төлөвлөөд боловсон хүчин болоод хүчийг тийш нь чиглүүлснээр хүчирхийлэлгүй Монгол Улс болох, хүүхэд нь гудамжинд хоноод байдаггүй, хамгаалагдаж чаддаг улс болох нь бидний хамгийн том алсын хараа юм. Бага багаар, алхам алхмаар ажлууд хийгдээд л явна.

МИНИЙ ХИЙЖ БАЙГАА БҮХ АЖИЛ НАДАД АЗ ЖАРГАЛ ӨГДӨГ УЧРААС АЖЛАА ИХ ЧӨЛӨӨТЭЙ ХИЙДЭГ

Өнөөдөр Монгол Улсын хувьд хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчин, тогтолцоо ямар байна вэ?

Эрх зүйн орчны хувьд шүүмжлэх аргагүй болсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бие даасан хуультай болсон. Хууль таниулах үйл ажиллагаа нь явагдаж байна. Энэ хуулийн төсөл дээр иргэний нийгмийнхэн маш сайн ажилласан. Өнгөрсөн парламентаар баталсныг нь эгүүлэн татаад энэ нам баталж байгаагаар хоёрдугаар сард хууль нь батлагдсан. Үр дүн нь бол адилхан.

Хуулийн хувьд зарчмын ялгаа байхгүй гэсэн үг үү?

 Бага зэргийн өөрчлөлт байгаа. Одоо бол хүсээд байсан өөрчлөлтүүд нь хуулийн хүрээнд бий болсон. Гэхдээ нэг ийм юм байгаа. Хууль нь өндөр түвшинд хүрчихсэн байхад хүмүүсийн хандлага хуучнаараа тээр дор үлдчихсэн. Юу болох вэ гэхээр хүмүүс шоронд орно. Яагаад гэвэл энэ хүмүүсийн зуршил зоддог бол зоддог, хаздаг бол хаздаг хэвээрээ. Гэтэл хуулийн дагуу өмнө байгаагүй юмнуудыг эрүүгийн гэмт хэрэг болгочихсон.

Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болсон. Гэхдээ ийм үр дагавар гарч байгаа нь...

Үр дүнд нь шоронд орох эцэг эхчүүдийн тоо ихсээд хагас, бүтэн өнчин хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ. Иймд энэ хандлага гэдэг юмыг л маш богино хугацаанд дээш нь гүйцээж авчрахгүй бол дан ганц хуулиа баталчихаад хүмүүсийнхээ хандлагыг тэр чигт нь орхичих юм бол хэцүү. Иймд бид соён гэгээрүүлэх ажлыг маш сайн хийх хэрэгтэй юм. Баянхошуунд бид энэ ажлыг хийх гэж байна. Эцэг эхчүүдийн, хөршийн хөтөлбөрт хамгийн их ач холбогдол өгч байгаа. Гэр бүлийн, олон нийтийн, уулын энгэрийн хэмжээнд өөрчлөлт гаргах нь чухал байна. Сайн нөлөө бол хурдан тархдаг. Тэгэхээр энэ нь маш чухал.

Баянхошуунд ахиц дэвшил гарсан байна гэдгийг юугаар хэмжих вэ?

Бид Баянхошууны кейсийг ажил хэрэг болгохдоо судалгаанд тулгуурлаж ажиллах ёстой. Өнөөгийн хүмүүсийн хандлага, сэтгэлзүйн судалгаа авсан түвшин, гэмт хэргийн гаралт, хүчирхийлэл, архидалтын хэмжээ, ядуурал, ажилгүйдэл гээд олон үзүүлэлт байгаа. Энэ төв маань байгуулагдаад эхнээсээ гэрэл түгээж нөлөөгөө үзүүлээд эхэлнэ. Гурав эсвэл таван жилийн дараа дахин харьцуулсан судалгаа гаргах ёстой юм. Энэ төв хэрэгтэй байсан уу, үгүй юу? Хэрэгтэй байсан бол ямар бодит нөлөө үзүүлсэн бэ? Хүүхдийн боловсрол дээшилсэн үү, Баянхошуунаас дэлхийн оюун ухааны аварга төрсөн үү? Үүнийг гаргаж ирэх ёстой юм. Жишээ нь, Дэлхийн оюун ухааны академийн Х.Хатанбаатар гэдэг залуу Баянхошуунаас дэлхийн оюун ухааны аварга төрүүлнэ гэсэн зорилго тавиад байгаа.

Ямар сайхан мэдээ вэ?

Манай төв дээр нэг салбараа үнэ төлбөргүй ажиллуулж багш нараа авчирч хичээл заана гээд төлөвлөчихсөн байгаа. Бид ч бас гэр хороолол, байшин хороолол хоёрын оршин суугчдад оюуны чадамжийн ялгаа байхгүй гэдгийг батлахыг зорьж байна. Эс тэгвэл амьдарч байгаа байшингаараа хуваагдаад, сайн нөхцөлд амьдарч байгаа хүмүүсийг нь нийгмийн high класс гээд байдаг.

Тийм шүү.

Гэтэл Баянхошуунд нуугдсан сувд эрдэнэ тоо томшгүй олон байгаа. Үүнийг илрүүлэн гаргаж, өнөөгийн хоёр хуваагдсан нийгмийн ялгааг мөнгө төгрөгөөр биш оюун ухаанаар нь тэнцүүлж харуулах, тэнд нь бараг илүү байгааг ойлгуулах нь бидний бас нэг зорилт юм. Энэ чиглэлээр төв дээрээ суурилаад нэлээд ажлыг төлөвлөж байна.

Баянхошуунд энэ ажлыг эхлэхийн өмнөх судалгаа хийгдсэн үү?

Суурь судалгаа бол байгаа. Гэхдээ бид харьцуулах үзүүлэлтдээ тохируулж нэмэх ёстой. Бэлэн судалгаа нэлээдийг авсан. Жаахан итгэл муутай байгаа, тэгээд ч яг манай хүсэж байгаа судалгаа биш учраас детальчилж нэмэх ёстой.

Эхний энэ төв ард түмний хандиваар, зөвхөн монголчуудын хандиваар босох юм байна гэж ойлголоо. Тийм үү?

Тийм ээ. Ард түмэн ард түмэндээ ядарсан ард түмний хандив. Мянга мянган төгрөгөөр түлхүүрийн оосор авсан хүмүүсийн хандив шүү дээ. Бид нар уг нь нийгмийг хамгаалаач, хүүхдүүдийг гудамжинд битгий амьдруулаач, хохирсон хүүхдүүдийг хамгаалах байртай байлгаач гэж л улсад байнгын татвар төлж байгаа. Нэг удаадаа бид үүнийг гаргаж ирээд болдог гэдгийг нь харуулж ичтэл нь хийх ёстой. Түүний дараа бид ч бас улсыг шахах ёстой. Хэрэгтэй хэрэггүй судалгаанд татварын мөнгийг урсгаж байхын оронд нүдэнд харагдаж гарт баригдах энэ төвөөс дахиад гурвыг бариад өгөөч, хаана нэн тэргүүнд барих ёстой судалгааг нь бид хийгээд өгье, төсөвтөө суулгаач гээд хандана гэж бодож байгаа.

Төсөвт мөнгө нь суух ёстой шүү дээ, уг нь.

Их хурлын гишүүнд жилд нэг тэрбум, дөрвөн жилд дөрвөн тэрбум төгрөг зарцуулах эрх байгаа юм бол энэ төв 650 сая төгрөгөөр л босдог. Ядаж нэгийг бариад, бүр сайхан болгоод пи ар хийгээч. Одоо ярьдаг биш ажил хийдэг хүнд итгэдэг болоод байна. Илүү smart /ухаалаг/ байгаач гэж хэлмээр байдаг. Одоохондоо энэ шарилжтай хашаагаа үзүүлээд ийм юм яриад байлтай нь биш. /инээв/ Эхний ээлжинд үр дүнгээ гаргаад, энд болж байгаа юм чинь Монголд бүх газар үүнийг хийж болно. Та нар хийгээч гэсэн лобби маягийн үйл ажиллагааг хийнэ.

Ганжавхланд чөлөөт цаг гэж ер нь байдаг уу?

Чөлөөт цаг гэдэг чинь их сонин шүү дээ. Надад бол хагас бүтэн сайн гэж байхгүй, нэг дэх, хоёр дахь ч байхгүй. Миний хувьд бүх өдрүүд адилхан. Миний хийж байгаа бүх ажил надад маш их аз жаргалыг өгдөг учраас ажлаа их чөлөөтэй хийдэг. Тэгэхээр тэр ойлголт жаахан өөр. Хүүхдээ салхилуулах, Богд ууланд алхах гээд гэр бүл рүү чиглэсэн цагуудыг л чөлөөт цаг гэж нэрлэж болох юм байна.

Ном унших цаг зав гарах уу?

Би маш их уншдаг байсан. Сүүлийн үед их бичиж байгаа. Хэт их ном уншаад байхаар темпэнд ороод номтойгоо адилхан юм бичих гээд байдаг талтай. Тэгэхээр зориуд бага уншаад их бичиж байна. Өөрийн бодож санаж байгаа юмнуудыг буулгаад л яваад байгаа.

Дараагийн номоо хэзээ гаргах вэ?

Ойрын хугацаанд тийм төлөвлөгөө байхгүй.

АМЕРИКТ ОЧООД 8000 ДОЛЛАРЫН ЦАЛИНТАЙ АЖИЛД ОРСНООРОО ЯЛААД БАЙГАА ЮМ БИШ, ХАРИН ЯЛАГДЧИХААД ЯВЖ БАЙНА

Залуучуудад хандаж юу хэлэх вэ?

Залуучуудад хандаж хэлнэ гэх юм бол нэг л зүйлийг бодоод байдаг юм. Залуус бидний хувьд Монголынхоо төлөө золиос гаргах цаг нь ирчихээд байна. Үүнийг эх оронч үзэл талаас нь харах биш, утга учир гэдэг талаасаа харах нь чухал. Манай Монгол Улс яг одоо нэг тийм эргэлтийн цэг дээр байгаад байна. Тэр нь эдийн засаг, улс төрийн эргэлтийн цэг биш. Үзэл бодлын, утга санааны эргэлтийн цэг байна гэж би хараад байгаа. Одооны Солонгосыг 50-60-аад онд төрсөн хөгшчүүл нь бүхэл бүтэн нэг үеэ золиосолж хөгжлийн төлөө, эрдэм боловсролын төлөө явж үсрэнгүй хөгжилд хүргэсэн. Бид нарын хувьд ч бас золиос гаргах шаардлага байгаа. Яагаад золиос гэж байна гэхээр, бид хувь хүнээ бодохоосоо илүү нийгмээ харах, зүрх сэтгэлээсээ эх орныхоо төлөө байх, түүнийхээ төлөө тодорхой хэмжээний юмыг зориулж зольж чадах хэрэгтэй байна. Өөрт ашиггүй байсан ч гэсэн Монголынхоо нийгмийн төлөө илүү утга учрыг өгч ажиллаж чаддаг тийм золиос хийх шаардлагатай болчихоод байна.

Яг үнэн.

Өнөөдөр үнэндээ Харвард төгссөн гээд байгаа хүмүүс нь ч Монгол Улсынхаа төлөө байж чадахгүй байна. Манай залуучууд үнэхээр мундаг боловсрол эзэмшиж байна. Энэ болгоныгоо нэгдүгээрт залуучуудтайгаа сайн хуваалцах хэрэгтэй. Ганцаараа мэдээд байх чухал биш. Маш сайн хуваалцаж, Монгол Улсынхаа хөгжилд хэрэг болж байгаа бол маш сайн золиослох хэрэгтэй. Тэртэй тэргүй заваан байгаа. Тэр бүхнийг илүү боловсорч сурсан хүмүүс нь золиос гаргаж байж өөрчлөх ёстой юм. 400 мянган төгрөгний цалин аваад ч хамаагүй үнэнийг хэлээд сууж л байх ёстой. Таван жилийн дараа хүлээн зөвшөөрөгдчихнө шүү дээ.

Бидний үеийнхэн ч бас золиос гаргасан...

Миний мэддэг мундаг залуучууд төрд ордог юм. 2-3 сар болоод, хоёр гурван хэлтсийн даргад загнуулаад “Зассс... ингэж амьдрах нь алба уу, би Америкт очоод 8000 долларын цалин авч байхад Монголд би ингэж доромжлуулах юм уу” гэдэг. Тэр бардам зан бол яг субьектив хувь хүний юм л яваад байгаа юм. Америкт очоод 8000 долларын цалинтай ажилд орсноороо ялаад байгаа юм биш, харин ялагдчихаад яваад өгч байгаа юм.

Үнэндээ бол тийм...

Тэгэхэд энд өөрчлөлтийг хийж, зөв эрүүл бодолтой залуучуудын тоо ихсэж, 2 байсан бол 3,4,5 болж байж тэд чинь салбартаа өөрчлөлт хийнэ шүү дээ. Тийм зүйл дээр ч гэсэн ийм хандлага, золиос гэдэг юм хэрэг болоод байгаа юм. Тодорхой хэмжээнд би таван жил золиос гаргаж яваа. Эхний дөрвөн жил бол хувийн амьдралаа хаясан. Найман жил гадаадад сурсан мэргэжлээрээ нэг ч өдөр ажиллаагүй. Single байж зөвхөн ажлаа л бодож явсан. Албаар ч тэгж явсан. Үр дүн гарч байгаа. Уул нь бол болдог.

Болох л ёстой. Гол нь эх орноо гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй.

Иймд одоо Монголдоо ирчихсэн байгаа залуустаа хандаж хэлэхэд, үнэхээр мундаг юм бол тэр мундаг чадвараа эх орондоо зориулаад, тодорхой хэмжээний эрсдлийг даваад хэдүүлээ урагшаа хөгжих ёстой байх аа. Тэрнээс жаахан юмнаас айгаад л, тэр болгон дээр гомдоод л, арван жилийн хүүхдүүд байгаа биш дээ /инээлдэв/. Одоо залуус бидний хувьд өөрсдөө хийж бүтээх, өөрсдөө золиос гаргах цаг маань ирээд байна.

Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Нийгмийн сайн сайхны төлөөх ажил үйлсэд нь амжилт хүсье.

Ярилцсан: Ц.Оюунчимэг

2017 он 04 сар "Зиндаа" сэтгүүл №04/ 504

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SEKSY(103.26.194.27) 2023 оны 08 сарын 04

S AWNA 80955877

0  |  0
Зочин (66.181.178.138) 2019 оны 03 сарын 20

Мундаг хүү шүү. Чамд болон энэ сайхан үйлсийг хийж байгаа залууст хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

0  |  0
нүд чих(222.128.91.126) 2019 оны 03 сарын 19

үнэхээр эх орон элэг нэгт ахан дүүсээ гэсэн өргөн хүрээнд ажиллах зорилготой зүтгэж буй дүүдээ амжилт хүсье. Өмнөх ажлууд чинь бүтэмжтэй байгаа байх цаашид улам өргөжүүлж нийтийг хамарсан төр засгийг хөдөлгөсөн ажил болгохоор зүтгэцгээ.

0  |  0
нүд чих(222.128.91.126) 2019 оны 03 сарын 19

үнэхээр эх орон элэг нэгт ахан дүүсээ гэсэн өргөн хүрээнд ажиллах зорилготой зүтгэж буй дүүдээ амжилт хүсье. Өмнөх ажлууд чинь бүтэмжтэй байгаа байх цаашид улам өргөжүүлж нийтийг хамарсан төр засгийг хөдөлгөсөн ажил болгохоор зүтгэцгээ.

0  |  0
б(103.9.89.18) 2019 оны 03 сарын 19

Залуучууд хүүхдүүдээ Хятад тахианы махнаас хордохоос хамгаалцгаая

0  |  0
zochin(202.179.25.104) 2019 оны 03 сарын 19

mundag zaluu bna, tegechdee ene niitlel barag 2 jiliin omnoch um bna, yg odoo ymar baigaa bol, ter baischingaa bariuulj chadaa bolov uu???, za bugded n amjilt chuusei

0  |  0
зочин(150.129.140.240) 2018 оны 02 сарын 01

Монголын төлөө гэсэн сэтгэлтэй сайн залуу. Манай залуучууд энэ залуутай нийлж эх орноо хөгжүүлэх хэрэгтэй. Сайн үйлс хийдэг сайн залуу. Бурхан чамайг харж байгаа. Чамд туслана .Зоригтой урагшаа дүү минь

0  |  0
nergui(27.123.214.105) 2018 оны 01 сарын 31

mongold iim l zaluuchuud dutagdaad baigaa ym amjilt husie hunii naimaanii talaar huuli zuin saidad handsanuu handsan bol yu gej hariu ugsuniig ni irgeded medeelnuu

0  |  0
Зочин(112.72.11.109) 2018 оны 01 сарын 31

Үнэхээр мундаг ярьснаа ажил хэрэг болгож чадсан залуу даа. Ийм залуучууд олшироосой. Нэгэндээ урмаар дэм болж амьдрахсан даа. Баярлалаа дүү минь.

0  |  0
Zochin(66.181.160.101) 2018 оны 01 сарын 30

Colongoc iig colongoc hvn AHY gadnaac bool avchirch hogjvvlcen mongoliig mongol zaluucaa l hogjvvlne tiimeec ene zaluuc.shig temchej amidar gagshaa zurtaj bish

0  |  0
Zochin(202.9.41.123) 2018 оны 01 сарын 30

40 hvrsen negen eej bn nadad 3 hvvhdees uur yu ch alga zorij hiij bgaa ajild chini mash ih yum bodogduullaa zuvshuurwul hiij chadah bvhneeree tuslaad ajillad yavii

0  |  0
Пагамжав(203.91.115.40) 2018 оны 01 сарын 29

Үнэхээр эх орон элгэн садан Монгол түмнийхээ төлөө залуу сайхан насаа , эрдэм чадлаа зориулсан сайхан залуу шүү. Олон олон залуус маань нэгдээсэй .

0  |  0
xxxxxx(46.189.28.41) 2018 оны 01 сарын 29

Songino Hairhan duurgiinhen teneg bukh gargaj baihaar ene huu baival deer dee

0  |  0
xxxxxx(46.189.28.41) 2018 оны 01 сарын 29

Songino Hairhan duurgiinhen teneg bukh gargaj baihaar ene huu baival deer dee

0  |  0
Монголоо(46.125.250.29) 2018 оны 01 сарын 29

Амжилт хүсье. Үнэхээр сайхан ярилцлага бас сайн эх оронч хүү байна

0  |  0
Отгоо(66.181.161.25) 2018 оны 01 сарын 29

Үнэхээр мундаг юмаа амжилт хүсье. Бахархаж байна

0  |  0
Зочин(66.181.161.43) 2018 оны 01 сарын 29

Үнэхээр мундаг юм аа, ийм сэтгэл зүрх,эр зориг Монгол улсад маань хамгийн их хэрэгтэй байна. Бахархаж байна. Чадахаасаа оролцоноо

0  |  0
Ch,battulga(210.165.193.194) 2018 оны 01 сарын 29

Mundag zaluu ajil amidrald ni amjilt

0  |  0
Оово(66.181.178.84) 2018 оны 01 сарын 29

Мундаг залууд амжилт хүсье

0  |  0
шинээ(59.153.113.38) 2018 оны 01 сарын 29

Гайхалтай бахархам залуу шүү.Монгол өндийх цаг ойрхон байна.Сэрцгээ залуусаа

0  |  0
mgl khun(202.9.44.65) 2018 оны 01 сарын 29

mash saikhan yariltslaga bna. zuw bodoltoi saikhan setgeltei eh oronch iim l zaluuchuud odoo ved mash ih heregtei bna da. demjij bna.

0  |  0
Top