Эрүүл мэндийн даатгал төлсөн ч эмнэлэгт хэвтэхэд нэмэлт төлбөр төлдгийн учир юу вэ

2018 оны 02 сарын 06

ZINDAA.MN сайт эрхэм уншигч та бүхэндээ "Цэнэтэй асуулт, Үнэтэй хариулт" буланг тогтмол хөтлөн хүргэж байгаа билээ. Энэ булангаар иргэдийн мэдэхийг хүссэн аливаа асуултад хариулт өгөх юм. Энэ удаа эрүүл мэндийн даатгалын талаар иргэдийн дунд үүсдэг асуултад хариулт өгч байна.


АСУУЛТ: Өнөөдөр мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдах учиртай. Тиймээс төр, хувийн хэвшилд ажилладаг хүмүүс сар бүр цалингийн дөрвөн хувийг /ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь/ тус даатгалд төлдөг. Харин ажил эрхэлдэггүй болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд эрүүл мэндийн сайн дурын даатгалд хамрагдаж сард 4800₮-ийн шимтгэл төлнө. Тэгвэл өнөөдөр бид даатгал төлсөн хэмжээндээ эрүүл мэндийн үйлчилгээг авч чаддаг билүү? Эрүүл мэндийн даатгалаа төлсөн ч эмнэлэгт хэвтэхэд нэмэлт төлбөр төлдөг. Энэ ямар учиртай вэ? Ер нь бид даатгалаараа жилд хэдий хэмжээний үнийн дүнтэй үйлчилгээ авах ёстой вэ?

ХАРИУЛТ: Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн та аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 10 хувийг, улсын хэмжээний үйлчилгээтэй эрх бүхий клиникийн эмнэлэгт /хувийн/ хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 15 хувийг өөрөө хариуцан төлнө. Үлдсэн 85-90 хувийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг гэсэн үг. Үүнээс өөр нэмэлт төлбөр төлөхгүй. Мөн эмнэлэг даатгуулагчийг хэвтэн эмчлүүлэх хугацаанд зайлшгүй шаардлагаар өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа ороох боох материалыг өөрөөр нь гаргуулж хэрэглэсэн тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон тухайн тусламж, үйлчилгээ үзүүлсэн улсын эмнэлэг буцаан олгох үүрэгтэй.

Түүнчлэн даатгуулагч нь эрүүл мэндийн даатгалын сангаас жилдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаар болох 2 сая төгрөг хүртэл хэмжээний эмчилгээ, тусламж үйлчилгээний санхүүжилт авах эрхтэй. Таны авсан эмчилгээ, тусламж үйлчилгээний зардлын төлбөр энэхүү зардлаас хэтэрсэн тохиолдолд зөрүүг даатгуулагч өөрөө төлнө.

Нэмж мэдээлэхэд танд гэр бүлийн гишүүдийн зарим нь дээрх хэмжээний үнийн дүн бүхий үйлчилгээ авах шаардлагагүй, харин нөгөө нь үүнээс ч их хэмжээний мөнгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах хэрэг гарч болно. Энэ тохиолдолд гэр бүлийн гишүүд дээрх эрхээ шилжүүлэх боломжтой гэдгийг санаарай.  Мөн иргэд эрүүл мэндийн даатгалаараа зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтөд эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай даатгалын гэрээ байгуулсан эмийн сангуудаас өрх, сум, багийн эмчийн бичсэн жорын дагуу харьяалал харгалзахгүйгээр хамрагдах боломжтой.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zo(150.129.141.167) 2018 оны 02 сарын 06

Shal hudlaa bainga l mongo abdag shu de

0  |  0
Top