Францын зохион бүтээгч Жак Ив Кусто акваланг буюу усны өмсгөлийг зохион бүтээснээс хойш фридайвинг хэмээх аз туршсан спорт мэндэлжээ. Фридайвинг гэдэг нь ямар нэг өмсгөлгүй усанд шумбахыг хэлдэг. 1949 онд Раймондо Буше гэгч итали эр Неополитаны булангийн усанд тухайн үедээ санаанд багтамгүй, 30 метрийн гүнд хаясан лонх оргилуун дарсыг гаргаж ирэх бооцоот тэмцээн зохион байгуулж, мөрийгөө авсан нь фридайвингийн анхны тэмцээн болон түүхэнд үлджээ.
Түүхчид үүнээс ч гүнд шумбаж байсан тохиолдол байсан гэж батлахыг оролддог гэдгийг хэлэх нь зүйтэй. Тухайлбал, бүх цаг үеийн хамгийн алдартай усанд шумбагч, “хүн загас” гэж алдаршсан Жак Майоль 1953 онд өөрийнх нь “Хатан хаан Маргарита” онгоцон дээрээс үсрэн 80 метрийн гүнд шумбасан гэж Грекийн загасчин Хажи Статти нотолдог юм.
Домог ярианд өгүүлснээр, эртний Грек, Ромын арми тусгай бэлтгэгдсэн шумбагчидтай байсан бөгөөд дайсандаа мэдэгдэлгүй хөлөг онгоцонд нь хүрч хөнөөл учруулдаг байжээ.
Фридайвинг кино дэлгэц, шинжлэх ухаан болон бодит амьдралд
Найруулагч Люк Бессоны “Ёроолгүй гүн” хэмээх гайхалтай бүтээлд өнгөрсөн зууны 60-70-аад оны үед ид өрсөлдөж, бие биенээ хурцлан дээд амжилтуудыг тогтоож байсан “Мохошгүй” Энцо Майорка, “Гэгээнтэн” хочит Жак Майоль нарын тухай өгүүлдэг. Тэд бие, биенээсээ давж гарахын тулд бие болоод ухаан санаагаа хөгжүүлэх бүх талын “арга хэмжээ”-г авдаг.
Фридайвинг нь шинжлэх ухаантай зөрчилдөн, хүний чадварт хязгаар байхгүй гэдгийг анх нотолсон спорт. Физиологчид, эрдэмтэд хүний шумбаж чадах хязгаарыг 50 метр гэж үзэж, үүнээс цааш хүний хүчин чадал мөхөсдөнө гэж үздэг байлаа. 1961 онд Энцо Майорка энэ хязгаарыг анх эвдсэн бөгөөд түүний амжилт дээрх судалгааг хийсэн эрдэмтдийн нэр хүндэд том цохилт болсон гэдэг юм. Тэд Энцо, Жак хоёрыг дараа, дараагийн дээд амжилт тогтоох үед нь ихээхэн ач холбогдол өгөн биеэр очиж, судалгааны үр дүн нь, нэр төртэй нь хамт маргашгүй баримтад сөхрөхийг нүдээр үзсэн ажгуу.
Хувьслын барьсан бэлэг
Дэлхий дээрх бүх амьдрал нэг эхтэй гэдгийг одоо бид мэднэ. Усны амьтад хуурай газрын амьтан болж хувирахын зэрэгцээ хуурай газрын амьтан усны амьтан болох үйл явц бас нэгэн зэрэг явагдаж байсныг шинжлэх ухаан нотолсон. Тод жишээ нь халим, далайн гахай зэрэг усны хөхтөн амьтад. Сая, сая жилийн турш үргэлжилсэн энэ хувьслыг филогенез гэж нэрлэдэг. Хэрвээ хүсвэл хүн ч гэсэн усны амьдралд зохицох, өөрөөр хэлбэл, хүчилтөрөгчийн хэрэглээгээ багасгах гайхамшигтай чадвартай гэдгийг өнөөдөр нэгэнт баталжээ. Одоогоор хүний амьсгал авалгүй байсан хугацааны дээд амжилт 11 минут, 35 секунд хүрээд байна. Дээр нэр нь олонтаа дурдагдсан Жак Майоль XXI зуунд энэ хязгаар 16 минут хүрч, 200 метрийн гүнд шумбана гэсэн зоригтой таамаглал хийсэн юм.
Шумбагчдын физиологийн онцлог ба сэтгэлзүй
Тусгайлан бэлтгэл хийгээгүй хүн дээд тал нь гурван минут амьсгалаа түгжиж чаддаг аж. Эрэг орчмын зарим оршин суугч 20 метрийн гүнд шумбах нь бий. Тэгэхээр 200 метр гэдэг ямар агуу амжилт болох нь тодорхой. Амьсгалаа түгжиж, хүчилтөрөгчийн хэрэглээгээ хязгаарлах дасгал үүнд чухал үүрэгтэй ч хамгийн чухал нь сэтгэлзүйн бэлтгэлжилт. Эдүгээ амжилт гаргаж байгаа алдартай шумбагчид бүгд йогоор хичээллэн өндөр түвшинд хүрсэн мастерууд байдаг. Оюун санааны маш өндөр түвшинд хүрэхэд бие махбодын хөгжих чадвар тэр хэмжээгээр нэмэгддэг ажээ. Өөрөөр хэлбэл, бие махбод оюун ухаанаа дагадаг гэсэн үг.
Хүний чадвар цаглашгүй буюу дэлхийн дээд амжилтууд
Фридайвингийн домгуудын нэг Жак Майоль XXI зуунд хүн 200 метрийн гүнд шумбана гэж таамагласан гэж дээр өгүүлсэн. Шинэ зуун гараад дөнгөж таван жил өнгөрч байхад түүний таамаглал биелсэн юм. Бельги улсын иргэн Патрик Мусиму 2005 онд 209.6 метрийн гүнд шумбажээ (Харамсалтай нь Олон улсын усанд шумбагчдын холбоо түүний амжилтыг албан ёсоор баталгаажуулаагүй юм). Фридайвингийн дээд амжилт нь сэлүүртэй болон сэлүүргүй, хүндрүүлэгчтэй гэх зэрэг хэд хэдэн төрлөөр тооцогддог бөгөөд эдгээрээс гол гурван төрлийг нь танилцуулья.
Амьсгалаа түгжих
Эрэгтэй
Стефан Мифсуд (Чех)11 минут 35 секунд.
Эмэгтэй
Наталья Молчанова (ОХУ) найман минут 23 секунд. 2009 оны наймдугаар сарын 21. Аархус, Дани
Хүндрүүлэгч болон сэлүүртэй шумбалт
Эрэгтэй
Дэйв Муллинс (Шинэ Зеланд) 250 м.
Эмэгтэй
Наталья Молчанова (ОХУ) 214 метр
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )