Сайн дурын цусны донорыг нэмэгдүүлэх кампанит ажил эхэллээ

2018 оны 02 сарын 12

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд 2018 оны хоёрдугаар сарын 12-ний өдрөөс эхлэн “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажил” үндэсний хэмжээнд эхэлж байна.

Энэ төслийн зорилт нь “Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх” бөгөөд Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон орон нутгийн 26 цусны салбар төвүүдэд нийтдээ 21.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Мөн 197 нэр төрлийн 3000 гаруй эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжөөр ханган, шинээр 15 төрлийн технологийг нэвтрүүлснээр 3 жилийн өмнөхтэй харьцуулахад цус цусан бүтээгдхүүний нэр төрөл нэмэгдэж, үйлдвэрлэл 46 хувиар өсч, цус цусан бүтээгдэхүүний нөөц 5.5 дахин нэмэгдсэн байна.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хэрэгжүүлэгч нь Эрүүл мэндийн яам бөгөөд “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажлыг “Монгол Контент” компани Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын улаан загалмайн нийгэмлэг (МУЗН) зэрэг байгууллагуудын оролцоо, дэмжлэгтэйгээр   зохион байгуулж байгаа юм.

Кампанит ажлын хүрээнд 8 сарын түршид сайн дурын, авлагагүй цусны донорын талаарх мэдлэг олгох, мэдээлэл хүргэх сэтгүүл зүйн бүтээлүүдийг олон нийтийн телевиз, сонин, сайт, нийгмийн сүлжээгээр олон нийтэд хүргэх юм.

Кампанит ажлын нээлтэд Эрүүл мэндийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд , Азийн хөгжлийн банкны Эрүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа , Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвийн захирал, дэд профессор Н.Эрдэнэбаяр болон хүндэт донорууд, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор нар оролцлоо.

Цусны хэрэгцээ шаардлагын талаар

Манай улсын цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд нэмэгдсээр байна. Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор  хорт хавдар, осол гэмтэл эхний байруудыг  эзэлж, төрөлхийн болон олдмол цусны өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Мөн эхийн эндэгдлийн шалтгааны дотор цус алдалт үндсэн шалтгаан байсаар байна.

Үүнээс гадна манай улсын эрүүл мэндийн салбарт шинэ техник технологи эмчилгээний арга, тухайлбал, бөөр, элэг, ясны чөмөг, бусад эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын аргууд нэвтэрч, төрөл, тоо хэмжээ нь нь жилээс жилд нэмэгдсээр байгаа энэ бүхэн нь цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг нэмэгдүүлэх шалтгаан  болж  байна.

Манай улс 1994 оноос хойш сайн дурын авлагагүй цусны донорын тогтолцоонд шилжиж, 2000 онд сайн дурын авлагагүй донорын тогтолцоог хуульчлан баталгаажуулсан. Цус сэлбэлт судлалын үндэсний төв улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний хангамж, цус сэлбэлт судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус төв улсын хэмжээнд 26 салбар төвтэйгээр үйл ажиллагаа явуулдаг (21 нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, 5 нь сум дундын болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн дэргэд) . Монгол Улсын хэмжээнд 2016 онд 32 966 донороос 29 491 нэгж бүхэл цус, 3 297  нэгж сийвэн, 178 нэгж ялтаст эс цуглуулан 81 927 нэгж цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Сайн дурын авлагагүй цусны донор 2013 онд Монгол улсын хүн амын 0.8%-ийг эзэлж байсан бол 2014 онд 0.9%, 2015 онд 1%, 2016 онд 1.1% болж өссөн нэмэгдэж байна. Гэвч ДЭМБ-ын зөвлөмжөөр хөгжиж буй манай улсын хүн амын 1,5 хувь нь цусны донор болж байж хэрэгцээгээ бүрэн хангах юм.

Цусны донорын талаарх иргэдийн мэдлэг, хандлага

Хүн амын дунд нас, хүйс, амьдран суугаа газар нутгаас үл хамааран сайн дурын, байнгын авлагагүй донор байх талаарх иргэдийн мэдлэг, хандлага, дадал сул байгааг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн хүрээнд хийсэн “Сайн дурын авлагагүй цусны донорын талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал тогтоох судалгаа”-аар тогтоожээ. Судалгааны үр дүнд, судалгаанд хамрагдсан 3851 оролцогчдын 58.0 хувь, эрэгтэйчүүдийн 61.2 хувь, эмэгтэйчүүдийн 56.8 хувь нь цусаа бэлэглэдэг донорыг “огт мэдэхгүй” гэж хариулжээ. Мөн судалгаанд хамрагдсан гурван оролцогчийн нэг нь сайн дурын авлагагүй цусны донорын талаар буруу мэдлэгтэй байдаг нь асуулгаар тодорчээ.

Цусны донорын талаарх зарим мэдээлэл

Ямар ч бүлгийн цустай хүн цусны донор болох боломжтой. Гагцхүү та 18-аас дээш настай, 45-аас дээш кг жинтэй, эрүүл хүн байх шаардлагатай. Эдгээр шаардлагыг хангасан эрэгтэй хүн 2 сар тутамд, эмэгтэй хүн 3 сар тутамд цусаа бэлэглэх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top