Өндгөвчний олон уйланхайт хам шинж (ӨОУХШ) буюу polycystic ovary syndrome (PCOS) нь эмэгтэйчүүдийн дунд өргөн тохиолддог дааврын үйл ажиллагааны алдагдал бөгөөд нийт эмэгтэйчүүдийн 5-10%-д тохиолддог. Хам шинж гэдэг нь олон үйл ажиллагааны алдагдал хавсрахыг хэлдэг. Тиймээс ӨОУХШ-тэй эмэгтэй бүрд ижилхэн шинж тэмдэг илэрдэггүй. ӨОУХШ гэсэн онош тавихын тулд дараах шинж тэмдгээс 2-3 нь тодорхойлогдох ёстой. Үүнд өндгөн эс гадагшлахгүй байх (ановуляц), эр бэлгийн даавар тестостероны хэмжээ удаан хугацаанд өндөр байх (гиперандрогенизм), өндгөвчинд олон тооны жижиг уйланхай (полицист) үүсэх
ӨОУХШ-ийг оношлохын тулд эмч асуумж авч, бодит үзлэг хийж, хэт авиан шинжилгээ болон цусны шинжилгээ хийнэ.
Ийм эмгэгтэй эмэгтэйчүүдэд сарын тэмдэг алдагдах, удаан хугацаанд ирэхгүй байх, жирэмсэлж чадахгүй байх нь элбэг. Мөн илүүдэл жинтэй, үсжилт ихтэй, батгашилттай байх тохиолдлууд байдаг. Хэт авиан шинжилгээнд өндгөвч том, олон тооны жижиг уйланхайтай байна. Цусны шинжилгээнд сахарын хэмжээ ихэссэн, өөх тосны солилцооны алдагдалтай, эрэгтэй бэлгийн дааврын хэмжээ ихэссэн байдаг.
Ийм эмгэгтэй эмэгтэйд өндгөн эс тогтмол үүсч гадагшлахгүй байх нь эрсдэл болдог. Өндгөн эс гадагшлахгүйгээс дааврын солилцоонд өөрчлөлт орж улмаар эстроген дааврын ихсэлттэй холбоотой умайн салст зузаарч, сарын тэмдэгтэй холбоогүйгээр цус эмгэг байдлаар гардаг. Энэ нь цаг хугацааны явцад умайн хавдрын өмнөх өөрчлөлтийг үүсгэж болно.
ӨОУХШ-тэй эмэгтэйчүүдэд бодисын солилцооны хам шинж үүсэх нь элбэг байдаг. Үүнд таргалах, өөх тосны солилцооны алдагдал, даралт ихсэх, инсулин тэсвэржилт үүсэх зэрэг орно. Эдгээр шинж тэмдэг нь зүрх судасны эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг тул зайлшгүй анхаарах хэрэгтэй.
Үргүйдлийн эмчилгээний гол арга нь өндгөн эс боловсрохгүй байгааг эмчлэх юм. Эхний сонголтод эмийн эмчилгээг хийдэг ба хэрэв эмийн эмчилгээ амжилтгүй болбол өндгөн эсийг гадагшлуулах тариа болон бусад аргыг хавсарч хэрэглэдэг. Эдгээр эмчилгээг зөвхөн эмчийн нарийн хяналтанд хийлгэдэг заалттай.
Илүүдэл жинтэй эмэгтэй жингээ хасах нь өндгөвчний үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, үргүйдлийг эмчлэх боломжийг нэмэгдүүлдэг. Мөн инсулин тэсвэрт байдлыг эмчлэхэд өндгөн эсийн боловсролт сайжирдаг.
Хэрэв ӨОУХШ –тэй эмэгтэй жирэмслэх төлөвлөгөөгүй байгаа бол жирэмслэлтээс хамгаалах дааврын эмийг ихэвчлэн хэрэглэдэг. Жирэмслэлтээс хамгаалах дааврын эмийн нөлөөгөөр үсжилт, батгашил ихэнх тохиолдолд арилдаг. Үүнээс гадна сарын тэмдгийг тогтворжуулах, жирэмслэлтээс хамгаалах, зарим хорт хавдраас сэргийлэх давуу талуудтай. Мөн инсулины тэсвэрт байдлыг эмчилснээр бодисын солилцооны хам шинж үүсэхс болон хүндрэхээс сэргийлдэг.
Үсжилт ба батгашлыг эр бэлгийн даавар бууруулах зарчмаар засдаг. Мөн илүүдэл үсийг лазер, гуужуулагч хэрэглэж шинж тэмдгийг засаж болно. Хэрэв эмэгтэй илүүдэл жинтэй бол жингээ бууруулах нь чихрийн шижин өвчин, эр бэлгийн андроген дааврын хэмжээг бууруулахад тустай байдаг.
ӨОУХШ-ийн эмчилгээ тухайн эмэгтэй бүрийн илэрч буй шинж тэмдэгт нийцсэн байх шаардлагатай байдаг тул Та өөрийн эмчтэйгээ ярилцаж, зөвхөн танд тохирох хамгийн оновчтой эмчилгээг сонгоорой.
[Эх барих эмэгтэйчүүдийн эмч, АУ-ы доктор Ч. Батсүрэн]
Сэтгэгдэл ( 3 )
Ondgowch odwohoor sariin ym irheer hvren ulaan tsus boognorchihson bh uu
sain b.nu bi yu hereglwel boloh be.ondgon esdeer min uilanhai bna gesen yaaj emchleh yaaj shimegdvvleh be.hvvslvvgee hatgaj owdoh bas holrvvgee owdood bh ymaa bvten suuj chadahgvi ymaa
энгийн ойлгомжтой тайлбарлах хэрэртэй.үсжилт гэж ямар үг бн?хаана нь ямар үс вэ? эр бэлгийн дааварыг эмэгтэй хүний өндгөвчнөөс яаж бууруулах юм бэ?галзуу хүний тэмдэглэл юмуу хаашаа юм.энгиын хүнд бол энгиын үгээр.эмч оюутанд бол эмнэлгийн хэлаэр хэлэх ёстой байх.бас а.у доктор юм байхдаа.муу бн.