Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 34894 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 21 хоногтой харьцуулахад 0.8 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 2865 үйлдэл бүртгэгдсэн нь 12.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. “Холболт-Нээлт-Хаалт” хэсэгчилсэн арга хэмжээг энэ сарын 12-14-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, Хууль сахиулахын их сургуулиас 293 сонсогч, Дотоодын цэргээс 142, Хамгаалалтын газраас 167, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсээс 8, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс 1360, олон нийтийн цагдаа 62, нийт 2024 алба хаагчид оролцож, нийслэл хотын нутаг дэвсгэрт 727 чиглэлд 1651 алба хаагч, албаны 72 автомашинтай үүрэг гүйцэтгэж ажилласан. Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласнаар 132 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлсэн” гэж танилцуулав.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 2-22-ны өдрүүдэд 5175 дуудлага мэдээлэл хүлээн авч 1804 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 158 осол бүртгэгдсэн байна. Нийслэл хотын гудамж замд байрлах замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр нийт 11340 зөрчил илрүүлж, гэрэл дохио зөрчсөн 392, хурдны зөрчил 448, 1 дүгээр эгнээний зөрчил 10640, түр зогсох журам зөрчсөн 1750 зөрчлийг баталгаажуулан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлсэн. Сар шинийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн бүрэлдэхүүнээр, ХСИС-ийн 172 сонсогчийг хамгаалалт зохицуулалтад татан нийт 661 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор шөнөдөө 19-22 хэм, өдөртөө 08-10 хэм хүйтэн байх урьдчилсан төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 117 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 97, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 20 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 12 иргэнийг аварч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 75 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан. Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин давхардсан тоогоор 613 албан хаагч 198 нэгж, техник хэрэгсэлтэйгээр нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа” гэж танилцуулав.
“Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрт хийж буй хяналт шалгалтын хүрээнд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 12 жилээс дээш хугацаагаар үйлчилгээнд ашиглаж, автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа 173 автобусыг улсын /ахлах/ байцаагчийн акт гаргаж үйлчилгээнээс гаргалаа. Улсын байцаагчийн актыг хэрэгжүүлж, автобусуудыг “Бүртгэлийн сан”-гаас хасч, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох тухай “Нийслэлийн Тээврийн газар”-т, автобусуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар Замын цагдаагийн албанд албан бичиг тус тус хүргүүлсэн. Холбогдох арга хэмжээг авч ажилласан талаар хариу ирүүлсэн байгаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгаврыг худалдан авах ажиллагааны эрх шилжсэн байгууллагуудад ирэх гуравдугаар сарын 5-ны дотор холбогдох захиалагч байгууллагууд хүргүүлж ажиллах, Нийслэлийн Газрын алба хөрөнгө оруулалт төсөл, арга хэмжээний газрын байршлыг шийдвэрлэж, барилга барихаар төлөвлөсөн газрыг яаралтай чөлөөлөх ажлыг хийх хэрэгтэй байна” гээд “Улс, нийслэлийн төсөв, ОНХС-ийн хөрөнгө, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны тухай хууль болон холбогдох журмуудын дагуу шударга, ил тод нээлттэй зохион байгуулж, ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор гэрээ байгуулж, төсөл, арга хэмжээний ажлыг эхлүүлэх, Сургууль, цэцэрлэгийн анги танхим, эмнэлгүүдийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах чиглэлээр олгосон агаар цэвэршүүлэгчийн ашиглалтад арга зүйн зөвөлгөө өгөх, агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын зардлыг тухайн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн урсгал зардалд тусгах, хяналт тавих, үр дүнг олон нийтэд мэдээлж ажиллах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын ирүүлсэн үйл ажиллагааны тайланг нэгтгэж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж танилцуулах, “Дэд бүтцийн төв” буюу Сервис Центр төслийн ажлыг эрчимжүүлж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )