Такси үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэв

2018 оны 02 сарын 27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дэлхийн томоохон хотуудын жишгийн дагуу нийслэлд такси үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг санаачлан, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг өнөөдөр Улаанбаатар хотын такси үйлчилгээнд тулгарч буй асуудлуудыг тодорхойлж, дэлхийн стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх арга замын эрэлхийлсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци, такси үйлчилгээ эрхлэдэг ААН-үүдийн удирдлага, иргэдийн төлөөлөл оролцов.

Улаанбаатар хотын такси үйлчилгээ 1990 онд өмч хувьчлалаар түр зогссон боловч 1993 оноос үйл ажиллагаа нь дахин сэргэж, 2003 онд нийслэлийн такси үйлчилгээний тээврийн хэрэгслийн тоо дээд цэгтээ хүрч 61 байгууллагын 3,960 тээврийн хэрэгсэл буюу нийслэлийн /2003 оны хүн ам 869,912/ 1,000 иргэн тутамд 4 такси оногдон, дэлхийн хөгжингүй орнуудын жишиг төвшинд хүрч байсан статистик байдаг. Гэвч 2004 оноос энэ үзүүлэлт тогтмол буурсаар ирсэн бөгөөд 2017 оны байдлаар 11 аж ахуйн нэгжийн 539 тээврийн хэрэгсэл такси үйлчилгээг нийслэлийн иргэдэд үзүүлж байна. Дэлхийн томоохон хотуудын оршин суугчдын 1,000 хүн тутамд 3-4 такси үйлчилж байвал эрэлт, хэрэгцээ хангагдана гэж үздэг стандартын дагуу өнөөдрийн такси үйлчилгээний хүртээмж дэлхийн жишгээс 8-10 дахин бага байгаа юм. Түүнчлэн төлбөр тооцооны систем, үйлчилгээний стандарт томоохон хотуудын жишгээс хол хоцроод байна.


“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны  үйл ажиллагааны  хөтөлбөрт “Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал /агаар, ус, хөрсний бохирдол, нийтийн тээвэр/-ыг шийдвэрлэхэд гадаад улс, хотуудын туршлагаас судалж, нэвтрүүлнэ”, “Түгжрэлгүй гудамж - Бухимдалгүй хот, Нийтийн тээврийг шинэ шатанд гаргана”, мөн “Улаанбаатар хотын такси үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэсэн зорилтуудын хүрээнд Улаанбаатар хотын такси үйлчилгээ шинэ шатанд гарах болно” хэмээн нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнх-Эрдэнэ хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ дурдсан юм.

Энэхүү нээлттэй хэлэлцүүлгийн үеэр такси үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ хотуудын такси үйлчилгээний талаарх харьцуулсан судалгаа, цаашид Улаанбаатар хот такси үйлчилгээний чиглэлд баримтлах бодлого зэрэг чиглэлээр хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд технологийн дэвшилд буюу GPS, төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан такси тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх санаа санаачлагууд иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс гарч байлаа. Мөн Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 28 такси зогсоол байгаа нь 1.3 сая иргэнтэй хотын хувьд хангалтгүй байгааг иргэд хэлж байсан бөгөөд Хотын захиргааны зүгээс энэ хөтөлбөрийн хүрээнд, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төлбөртэй зогсоолуудыг ашиглан такси зогсоолын тоо хэмжээг нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Хэлэлцүүлгийн үр дүнд нийтийн тээврийн хэрэгсэл болсон такси үйлчилгээг цаашдаа төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрхэн хөгжүүлэх талаар иргэд, таксины үйлчилгээ эрхлэгч ААН-үүд, холбогдох байгууллагуудын санал хүсэлтийг хүлээн авч цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бодлогын чигт тусгах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top