Намын анхан шатны байгууллагын дарга нартай уулзлаа

2018 оны 02 сарын 27

Монгол Ардын намын баяр, эх орончдын өдрийг угтан нийслэлийн МАН-аас намын анхан шатны байгууллага болох нийслэлийн 152 хорооны үүрийн дарга нартай уулзалт, сургалт зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд болон нийслэлээс сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүд оролцов. Өнөөдрийн сургалтыг “Авилгатай тэмцэх стандартыг тогтоох нь” сэдвийн дор явууллаа.

“Монгол Ардын нам намын анхан шатны байгууллагуудаасаа эхлүүлээд нийт гишүүн, дэмжигчдийнхээ дунд авилгатай тэмцэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж явах зорилгыг дэвшүүлсэн. Нийслэл, дүүрэг, хороо, орон нутгийн түвшинд эрх барьж байгаа намын хувьд авилгатай хэрхэн тэмцэх вэ гэдгийг маш сайн ярилцана” хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан ярилаа.

Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “МАН-аас 2016 оны УИХ болон орон нутагт өөрсдийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж ялалт байгуулсан. Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь өөрөө Засгийн газрын мөрийн хөтөлбөр болж батлагддаг. Мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд бүх шатны байгууллагыг дайчлан ажиллуулах нь маш чухал. Намын анхан шатны байгууллагын дарга нартай уулзаж намын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ гэдгийг ярилцаж байна. Энэ ажиллагаа ирэх гуравдугаар сарын 15-наас эхлэн долоодугаар сарын 15-ныг дуустал үргэлжилнэ” хэмээв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top