Би эрт сэрж байсан удаагүй. Баярын өдөр хүртэл сүүл мушгиж сэрдэг байлаа. Эртэч хүмүүсийн аз жаргалтай байх, амжилтад хүрэх магадлал өндөр байдаг нь маргашгүй үнэн юм. Harvard Business Review-д нийтэлснээр эрт сэрдэг хүмүүсийн дийлэнх хувь нь хувийн идэвх санаачилга өндөртэй аж. Тухайлбал тэд ”алсын зорилгоо тодорхойлоход цаг зарцуулдаг” эсвэл ”Өрнөж буй үйл явдлыг хянаж чаддаг” хэмээн өгүүлжээ.
Бусад шар шувуудын адилаар судалгааны таатай үр дүнгүүд намайг эрт сэрэхэд хүчилж дөнгөсөнгүй. Гэвч залуу хүнийхээ хувьд зөв зуршилтай болох хэрэгтэй хэмээн үзсэн тул эртэч шувуухай болохоор шийдлээ.
Ингээд өнгөрсөн 30 хоног эрт сэрэхийн хажуугаар ирээдүйд хэрэг болох цөөн хэдэн зуршлыг өдөр тутмын хуваарьт орууллаа. Мэдээж бүрэн хэмжээнд эртэч шувуухай болоогүй боловч өглөөг бүтээлч, зугаатай өнгөрүүлж буйдаа сэтгэл хангалуун байна. Ингээд нойрмог цагаа хувиргахыг хүсвэл:
Оройг хэрхэн өнгөрөөснөөс эрт сэрэх эсэх хамаарна. Зөвхөн эрт унтах нь хангалтгүй. Нүдээ нухан байж сэргэдэг өглөөг сэтгэл хөдлөм, үр бүтээлтэй өглөө болгох бэлтгэл хийх хэрэгтэй. Би оройд өглөөний цайгаа бэлддэг. Тухайлбал өглөө ногооны омелет идэх бол өмнөх орой нь ногоогоо арилгаад, хэрчээд, хөргөгчдөө хадгална. Ингэснээр өглөөд ямар ногоогоор хоол хийх вэ гэж толгой гашилгах мөн хоол бэлтгэх хугацаа багасгана. Нөгөө талаар эрүүл хооллолтыг дэмжинэ.
Үүнээс гадна унтахын өмнө зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Зохиолч болон бүтээлч байдлыг зөвлөх Хелена Сегурагийн зөвлөснөөр ”маргааш хийж дуусгах гурван зүйлээ цувуулан бичих” хэрэгтэй. Үүнийг тэрээр ”оюун санаагаа чөлөөлөх явц” хэмээн хэлдэг. Ингэснээр шөнө сайн унтаж, өглөө бүх зүйл төвлөрдөг байна. Түүний хийж дуусгах гурван зүйл нь ажил гэхээс илүү гэр орны ажил, хоббитой холбоотой зүйл байх аж. Хими цэвэрлэгээнд хувцсаа өгөх, хойшлуулж байсан нийтлэлээ унших, удахгүй болох баярт зориулж дэлгүүрээс хэрэгтэй зүйлээ цуглуулах зэргээр тун энгийн бөгөөд боломжийн зүйл бичнэ.
Сануулж хэлэхэд унтахын өмнө тогтмол дагадаг үйлдэлтэй болоорой. Миний хувьд өглөөний цайгаа бэлдээд, жагсаалтаа гаргаад, 30 минутын шоу үзээд унтдаг. Энэ мэт үйлдлийг давтан хийснээр тархиндаа унтах цаг болж буй дохиог илгээх тул хурдан унтаж чадна.
Шуудхан сэрдэг цагаас хоёр цагийн өмнө сэрүүлэг тавиад өөрийгөө шууд сэргэнэ гэж санах хэрэггүй.
Эхний 24 өдөр сэрүүлгээ өмнөх өдрөөс 5 минутын өмнө тохируулж байлаа. 24 дэх өдөр ирэхэд би 10 цагт унтаж, 6 цагт сэрдэг болсон. Миний хувьд товлосон цагтаа орондоо ороход бэрхшээлтэй байсан ч тогтмол хуваарьтай болсон тул эрт сэрэхэд санасан шиг том бэрхшээлтэй тулгарсангүй.
Та надаас алгуурхан алхам авч болно. Зорьсон цагтаа хүртэл сэрүүлгийн цагаа нэг минутаар урагшлуулж болно. Явц нь удаан боловч тууштай эртэч шувуухай болох магадлал өсөх юм.
Танд гэж сануулахад хэрэв та сэрүүлгээ тууштай хойшлуулдаг нэгэн бол эдгээр зөвлөмжийн аль нь ч танд тохирохгүй. Сэрүүлэг дуугарсан даруйд сэрэх тэнхээ заавал хэрэгтэй.
Сэрүүлгээ голдуу гар утсан дээр тавьдаг. Гар утсаа гартаа атгасан бол сошиал медиа хэрэгслээ шалгах магадлалтай. Ингэж болохгүй. Орондоо цаг шахуу хэвтэнгээ фэйсбүүк, инстаграмыг доош гүйлгэн үзэх нь эрт сэрэх сэдлийг үгүй хийдэг.
Шүдээ ч угаалгүй байж бусдын шүүлтүүрийн дүнд бий болсон төгс амьдралыг үзэхийн оронд орноос год үсэрч, шинэ өдрөө эхлүүлэх нь асар их эрч хүч өгдөг. Өглөөний цаг зөвхөн таных байх учиртай тул дэлхийн бусад хэсэгт болж буй үйл явдал дунд бүү сарниарай.
Өмдөө ч тухтай өмсөх завгүй танд дасгал хийх зөвлөмж хэтэрхий алсын зорилт мэт санагдана байх. Гэхдээ өдрийг эерэг хандлагатай илэрхийлэх шилдэг арга бол дасгал.
Би фитнесээр хичээллэдэггүй зөвхөн завтай цагаараа дасгал хийдэг байсан. Энэ хувиараа 20 дахь хоногоос эхлэн өглөөний хуваарь руу шилжүүлсэн. Ингэхдээ байшингаа тойрч алхах, йога хийх, эрчимтэй дасгал гурваас аль дуртайгаа сонгон хийдэг. Өглөөний дасгал метаболизмыг идэвхжүүлж, завгүй өдрийн эрч хүчтэйгээр давахад тань тусална.
Таны зорилго юу ч байсан жижиг зүйлээс эхлээрэй. Өдөр бүр алгуурхан атлаа тогтмол хийвэл цуцахгүй бөгөөд үр дүн нь санаснаас хурдан, тууштай байх болно.
Сэтгэгдэл ( 1 )
өглөө босохдоо л хамгийн их ядардаг хүмүүсд хха хха