У.Ганбаяр: Тогоруун цувааны зураг авах гэж цэргийн хаалттай хотод орсноо мэдэхгүй хөөгдөж байлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 05

Зиндаа.мн сайт “Аяны дөрөө” булангийнхаа анхны дугаарыг толилуулж байна. Энэ булангаараа уншигчдадаа хол, ойр, гадаад, дотоодод зорчсон иргэд, уран бүтээлчид, уралдаан, тэмцээнд оролцсон  тамирчид, энхийг сахиулахад оролцсон дайчид хэн бүхний аян замын сонин хачнаас хуваалцах зорилго агуулж байгаа юм. Анхны зочноороо “Хүрээлэн” төслийн гэрэл зурагчин У.Ганбаярыг урьж аяны сониноос нь хуваалцлаа.

                    “ЦООХОР ИРВЭСИЙН 20 ХОРОМЫН ДҮРС АВААД ИХ БАЯРЛАЛДСАН”

“Хүрээлэн” төсөл хэрэгжүүлэх санаа юунаас хэрхэн үүдэв?

- Гэрэл зураг сонирхдог, хөдөө явах сонирхолтой, загасчлах дуртай  бидний хэсэг нөхөд ярилцсан л даа. Гадаадын БиБИСи ч юм уу телевизүүд амьтны ертөнцийн тухай олон сайхан уран бүтээл хийгээд байх юм. Цөмөөрөө Монгол орныхоо байгалийн сайхан, зэрлэг ан амьтны тухай ийм уран бүтээл хийцгээе гэж. Ингээд нийлсэн. Манай Төрийн бус байгууллага их том нэртэй хө. Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг гээд. Бидний зорилго байгаль хамгаалалд уран бүтээлээрээ дамжуулж олон нийтийг уриалъя, ухуулъя гэсэн юм. Гэрэл зурагчин, сэтгүүлч, нэвтрүүлэгч олон уран бүтээлчийн нэгдэл нь “Хүрээлэн” төсөл маань болсон.  “Хүрээлэн” гэдэг нэрийг манай Буянбадрах өгсөн. Одоогоор бол амьд ертөнцийн цуврал руугаа орчихоод гарч чадахглй л байна. Манай уриа танъя, хайрлая,хамгаалъя

-Энэ хугацаанд хэчнээн км зам туулж, хэдэн төрөл  зүйл амьтны зураг авсан  байх юм бэ?

-Манай улсад 138 төрлийн хөхтөн амьтан бий гэдгээс 60 орчмынх нь зургийг авсан. Төсөл эхэлж байхад 475 төрөл зүйлийн шувуутай гэж байснаас 140 орчим төрлийн шувууны зургийг авсан байх жишээтэй. Монгол орон маань уудам юм. Дөрвөн жил гаруйн хугацаанд “Хүрээлэн” төслийнхөн 130.000-140.000 км зам туулжээ. Хийх ажлынхаа 30-40 хувьд хүрч байгаа гэх үү дээ. Энэ бүхэнд манай  амьтан судлаачид маань их тус болно, заана, зөвлөнө,  хамтарна.  

-Багагүй хугацаа өнгөрчээ. Туршлага сууна биз?  

 -Энэ хугацаанд туршлагажиж эхэлнэ. Хаагуур хэдий хугацаанд явбал ямар амьтны зургийг авч болох вэ гэдгээ гадарладаг болно. Ороо нь  хэзээ орох вэ, энэ үедээ ямар зан авиртай  болдог  юм бэ. Амьтад үр төлөө хэрхэн  бойжуулдаг юм бэ. Нүүдлийн шувууд хаагуур голчлон нисдэг юм бэ. Энэ бүхнийг нарийн судлахаа байг гэхэд мэддэг, гадарладаг,  туршлагаждаг юм байна л даа. Мэдээж хэрэг машинтай гарч давхиад, шууд очоод зураг аваад эргэж ирээд нэвтрүүлэг бэлтгэдэггүй.  Хүлээнэ, цаг хугацаа орно. Нэг амьтны тухай нэвтрүүлгийн зураг авахад жилийн дөрвөн улиралд ямар ааш араншин өнгө зүстэй болдгийг нь хүртэл харуулах шаардлагатай болдог. Уг амьтантайгаа цуг явдаг гэсэн үг.  Маш их хугацаа, цаг зав, хөрөнгө хүч шаардана. Дээр өгүүлсэн бүх зүйлийг нэг амьтан дээр бүрэн төгс хийж байж нэг удаагийн дүрс бичлэг, зураг авалт гэж тоолмоор байгаа юм, уг нь. Үүний тулд бидний нас гүйцэхгүй л дээ. Гадаадынхан 120-130 жил хийгээд явж байна. Зураг авалтын явцад шинэ төрөл зүйл гараад ирдэг байхгүй юу. Улам л сонирхолтой болоод байна.

-Санхүүжилт гэдэг аливаа ажилд чухал. Төслийг хэрэгжүүлэх гол тулгуур болсон ивээн тэтгэгчид,  амьтан судлаачид та бүхнийг анх хэрхэн хүлээж авч байв?

- Олон улсын байгууллагынхан,  амьтан судлаач нарт төслөө барьж яваад танилцуулсан. Их гайхсан. Та нар Монгол орны байгалийн онцлог, амьтнаар бүхэл бүтэн архив, сан бүрдүүлнэ гээд байдаг, чадах уу ч гэж байсан. Бид асар их хугацаа шаардах ажил шүү гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Тэр бүү хэл бараг эхний дүрсээ аваагүй байхдаа телевизүүдтэй нэвтрүүлэг хийнэ гэж гэрээлээд урьдчилаад цаг авсан байх шүү. Амьтан судлаачид маань бас эргэлзсэн. Тэд маань бас судалдаг амьтнаа өмчлөх, харамлах маягтай шүү дээ. Та нар үргээчихнэ, дүрвээнэ, айлгана гэх ч юм уу. Аргагүй. Тэр хүнээс өөр уг  амьтныг судалдаг хүн бараг алга. Нээрээ бид нар сүүлдээ зэрлэг амьтны хажууд машинтай давхиж очоод, эсвэл хөөж, дагаж давхиж зураг аваад байх дэмий гэдгийг  ойлгож эхэлсэн. Амьтныхаа аядуу тайван аясаар явдаг болсон. Энэ ч сонирхолтой.

-Эхний нэвтрүүлгүүд хийгдсний дараа хандлага өөрчлөгдсөн байх?

-Тийм. Бидний нэвтрүүлэгт амьтныг айлгасан, үргээсэн, хөөсөн, уулгалсан зүйл ажиглагдаагүй учраас хандлага наашаа боллоо.  Амьтан судлаачид маань зааж,  ивээн тэтгэгчид маань та нар нээрээ зөв зүйл хийгээд байгаа юм байна гэж урам өгсөн. Залуучуудаа байгальдаа, амьтандаа эерэг хандлагатай байгаасай гэж боддог. Саяхан хүртэл чоно авлаад цус нөжийг нь гоожуулаад машиныхаа хамар дээр тохчихсон хотын гудамжаар давхиж явдаг байсан  шүү дээ. Ийм хандлагыг л  гаргахгүй байхыг хүссэн юм.

-Зураг авалтуудын сонирхолтой хэсгийн нэг нь яах аргагүй цасны цоохор ирвэснийн зураг байх. Гадаад, дотоодын олон хүн  цоохор ирвэсийн зураг авахыг барааг нь харахыг хорхойсдог болов уу?

-Ирвэсийн зураг авахад харьцангуй азтай байсан гэхэд болно. Бид анх Баруун Алтайд хоёр очсон. Эхнийхээс нь   ганзага хоосон ирсэн. Хоёр дахь аялал дээрээ  цоохор ирвэсийн дүрс орсон 20 секундын бичлэгтэй ирэхдээ ямар их баярлаж байсан гээч. Тухайн үеийн хоёр аялалд би ирвэс хараагүй. Миний ард явсан хоёр зураглаач маань  амарч суухдаа хараад авсан  байдаг.

-Дараагийн зураглал Өмнөговь аймгийн Тосонбумбын нуруунд үргэлжилсэн билүү?

- Тийм. Тосонбумбын нуруунд хоёр  ирвэсийн зураг авсан. Тэгэхэд талийгаач Лхагвасүмбэрэл дүү маань их тус болж билээ. Тэр хүү үнэхээр л ирвэсээ хаагуур гүйдэлтэйг,  газар нутгаа гарын арван хуруу шигээ мэддэг нь анзаарагдаж байлаа. Хоёуланд нь хамт явсан.

-Тахь адууг эргэн сэргээн нутагшуулсан тухай нэвтрүүлэг хийсэн байсан?

- Нэвтрүүлгүүдээ төрөлжүүлээд байна. Тухайлбал, зөвхөн адууны тухай. Манай дэлхий дээр хэзээ адуу  үүссэнээс эхлээд. Сүүлдээ адууны соёл, айраг, цагаа, эд хэрэглэл нэршил, сүүлдээ адуутай холбоотой үг хэллэг рүү хүртэл орж байх жишээтэй. Түүний нэг нь адуу хэдэн зүйл төрөл байдаг юм бэ. Тэгээд хулан, тахь гээд явчихна.

Хамгийн сүүлд Тахь адууг Монголд сэргээн нутагшуулсан тухай “Хүрээлэн” төсөл  нэвтрүүлэг хийлээ. Сонирхолтой нь  адуутай холбоогүй зүйл Монголд байдаггүй юм билээ. Үг хэллэг хүртэл.  Хүлгийн жолоо заллаа, ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэх мэт. Нийт 20 гаруй дугаар болно.

-Тахь гэснээс амьтны хүрээлэнгийн тухай товч асууя. Амьтны хүрээлэнгийн тухайд та ямар бодолтой явдаг вэ. Зарим хүн эсэргүүцдэг?

-Амьтны хүрээлэн байх ёстой юм уу, үгүй юу. Амьтны эрх зөрчлөө гэх зэрэг асуудал  яригддаг. Тусгаар тогтносон улс орон бүрт л амьтны хүрээлэн байх шиг санагддаг юм.  Амьтны хүрээлэн байх нь зүй ёсны хэрэг болов уу. Амьтны хүрээлэнгийн сайн жишээ гэвэл манай  тахь адуу байна. Монголд бүрэн устсан гэж бүртгэгдсэн  тахь адууны  унаганууд Европын зарим амьтны хүрээлэнд үлдсэн байсныг төрөлх нутагт нь авчирч манай орон дахин тахь адуутай болж байна  шүү дээ. Энэ бол сайн жишээ, авууштай үлгэрлэл. Хятадын панда баавгай амьтны хүрээлэнд аврагдсан. Манайх ч гэсэн мазаалай баавгайгаа гадаадын амьтны хүрээлэнд түрээсэлж үр удмыг нь аврах цаг ирэх ч юм билүү.

-Тахь адууг амьтны хүрээлэнд харахад сэтгэгдэл...?

-Сөүлийн бас Мосвквагийн амьтны хүрээлэнд тахь адуугаа харсан л даа. Сайн ажиглахаар цаагуураа нэг  л гундуу юм шиг санагдсан. Салхинаас өөр унах эзэнгүй тал нутагт өсөх тавилантай амьтан чинь аргагүй ч юм уу гэж бас бодогдож  байв шүү.

- Амьтны хүрээлэн гэхээр амьтныг хашина гэж ойлгоод байх шиг?

- Харин тийм. Уг нь амьтдыг хорьж хашихаасаа илүүтэй бага боловч газар эрх дураар нь явах, бэлчих боломж, нөхцөл бий болгох ёстой юм билээ. Байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар гэсэн үг. Манай улсад хамгийн том жишээ Хустайн нурууны байгалийн цогцолборт газар байхгүй юу. Энд халиун буга, тахь адуу зэрлээгээрээ, Гадаад, дотоодын аялагч, жуулчлагчид очоод үзэх боломжтой.

       КЕНИД АППАРАТ ХЭРЭГСЛЭЭ НУУЖ БАЙЖ ЗУРАГЛАЛ ХИЙСЭН

-Та бүхэн Африкийн Кени улс хүртэл явж эрээн тахийн зураг авсан  шүү дээ. Бас Ази, Европ тивийн хэд хэдэн орны амьтны хүрээлэнгээр орсон байсан. Энэ тухайгаа аяны хуучаасаа сонирхуулаач?

- Кенийн тухайд байгалийн цогцолборт газар л даа. Паркийн дотоод дүрэм, журам айхавтар  чанга. Арслан, ирвэс, заан, анааш зэрлэг амьтан их учраас машинаас бууж болохгүй, машин замаас гарч болохгүй гэх зэргээр шаардлага өндөр. Ойртоод зураг авахаар их сонирхолтой. Тийм газар амьдраад амьд ертөнцийн цувралыг хийвэл ядах юмгүй шиг санагдана.

-Эрээн тахь бас бус амьтны зураг авсан байсан. Төлбөр өндөр үү?

-Төлбөр өндөр байхаар юм билээ. Бид анхнаасаа аялагч, жуулчлагч гэж явсан. Бараг аппарат хэрэгслээ нуусан даа. Зургийг бол нууцаар авсан. Хөөе боль энэ тэр гэнэ. Ингэвэл та нар арай өөр төлбөр төлөх ёстой шүү дээ гэлцэнэ. Гадаадын Би Би Си энэ тэр шиг мөнгөөр “зодоод” явж чадахгүй хойно яалтай. Харин  буцах замд анаашны зураг авах гээд олддоггүй. Тэгсэн гэнэт замын хажууд анааш зогсч байдаг байгаа. Бас тэжээвэр анаашны зураг авсан.

-Үндсэн яриандаа ороё. Зургийг нь авахад амархан амьтан гэж мэдээж байхгүй болов уу. Сонирхоод асуухад зовж авсан зураглал гэвэл?

- Халх нөмрөгийн талд  хар мөрний хандгайн зураг авсан. Хүлээгээд сууж байтал гэнэтхэн гарч ирээд хэдэн хормын зураг аваад үлдсэн шүү. Гэнэтхэн урдаас гарч ирээд дуран солих хооронд 7-8  хажуугаар өнгөрөөд явж байгаа юм.

- Хөвсгөлийн тайгаар хандгай хайж их явах шиг болсон?

-Тэгсэн. Улаантайгаас  эхлээд. Сөндөсийн зураг авсан. Шинэ оны өмнө Ханхын зүүн тайгаар явлаа. Нэг хандгайн барааг холоос хараад чанар муухан зурагтай үлдсэн. Зураг авахад хэцүү устай, намагтай газар, амьдардаг амьтан юм байна. Намрын улиралд бүр олдохгүй.  Нутгийн зарим хүн хэлсэн. Өвөл голын усан дээгүүр халиар гүйхээр хандгай их цуглардаг юм гэж. Гэхдээ тэр газраа болгоомжлоод хамаагүй хэлэхгүй байна лээ. Та бүхнийг газарчлаад дагуулаад очиж болно гэсэн. 10-аад хандгай олон жилийн турш ирж байгаа гэсэн. Тэгээд явсан байдаггүй шүү. Мөр нь бол байна, өөрсдөө үзэгддэггүй. Морьтой явахаар модны мөчир хугарахаас эхлээд чимээ ихтэй учраас зугтаад байсан байх.

-Нутгийн иргэд хэлсэн гэснээс нэг зүйлийг тодруулъя. Г.Бадамсамбуу “Аяллын цаг” нэвтрүүлгээрээ тул загас их байдаг гол, усны нэрийг хэлж нэвтрүүлэг хийгээд түүний мөрөөр хулгайн анчид очиж загас агнасан тухай яриа гарч Бадамсамбуу сэтгүүлч их харамссан тухай сонссон юм байна. Та бүхэнд ийм болгоомжлол  төрнө  биз?

- Төрнө, төрнө. Яг наадхи чинь  санаа зовооно. Бидний нэвтрүүлгээр амьтны нэр байршлыг заавал уул, усных нь нэршилтэй хэлж таардаг. Хэрэв  бидний мөрөөр очоод нөгөө  ховор ан амьтныг нь агначихвал, үргээж, дүрвээчихвэл нутгийн иргэд “Яах гэж “Хүрээлэн” төслийнхөнд хэлж өгөв өө” гэж харамсах вий гэсэн болгоомжлол төрдгийг нуухгүй. Гэвч нэг бодлоор өөрсдийгөө зоригжуулна.  Хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй гэж.

-Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг шиг?

- Тийм. Нэгэнт баримт болоод архивлагдах учраас нутаг, усны нэр амьтны нэр байршил  үнэн,зөв байх ёстой. Хүрээлэн төслийнхнийг нэг зүйл зоригжуулдаг. Бидний олон нийтэд үзүүлж харуулаад байгаа зүйл маань эерэг, хүмүүсийг байгальдаа дуртай, хайртай, хамгаалдаг болоосой  гэсэн сэтгэлээр хийдэг учраас итгэлтэй байдаг. Гэвч болгоомжлол илүүдэхгүй. Байгаль, амьтнаа уран бүтээлээрээ дамжуулж олон нийтийнхээ хамгаалалд аваачих гэсэн бидний зорилго шүү дээ.

 ХЯТАДАД ХУЛГАЙГААР ШУВУУ АГНАВАЛ 30 ХҮРТЭЛ ЖИЛИЙН ЯЛ ОНООДОГ

- Өөрийн тань авсан мазаалай баавгайн зураг байдаг даа. Түүхээс нь сонирхуулаач?

-Азтай тохиолдлоор авсан зураг. Олон улсын судалгааны багийнхан Говийн их дархан цаазат газрын А хэсэгт ажиллаж байхдаа мазаалай баавгайд судалгаа хийж, хүзүүвч зүүсэн.  Тухайн үед зориулалтын  урхинд нь өмнө баригдсан мазаалай орчихож. Өмнө баригдсан учраас тавиад явуулсан. Яг тэр үеийнх нь зургийг дарсан юм.

- Дорноговийн Их нартад ичиж байгаа могойнуудын зургийг ичээнд нь орж авсан зураг  эвгүйцмээр, айдастай ч юм шиг?

- Ажил хойно. Агуйн завсарт. Бамбай хоншоорт  голдуу  могойнууд ичих гээд  байсан үе нь. Хүйтэрсэн учраас могойны хөдөлгөөн удааширдаг юм байна. Дээрээс хүн орох хүний амьсгал, хөлсний үнэр дулаан ялгаруулдаг гэнэ.  Ялгарсан дулааныг дагаад нөгөө могойнуудын толгойнууд нь дээшээ цоролзоод шуугиад аппаратны дуран руу ойртоод шуугьж исгэрээд ирж байгаа нь  мэдрэгдсэн л дээ. Бамбай хоншоортын хамар дээр дулаан мэдэрдэг эрхтэн байдаг юм байна. Аппарат руу тэгж цоролзож ирсэн нь ч их гоё зураглал болсон л доо. Хөдөлгөөн нь удааширсан учраас юу юугүй хатгачихаагүй.

-Таны аяны сонины тухай яриа бол дуусашгүй. Шувуудын тухай товчхон ярилцъя. Та бүхэн тогоруу шувууны хаана очиж өвөлжих хүртэл дагаж, зурагласан байсан?

-Манай улсад ирж зусдаг 5-6  төрлийн тогоруу шувууны зургийг бол авсан. Цаашаа хаана очиж ямаршуухан байгальд яажшуухан өвөлждөг юм бэ гэдгийг зураглах хэрэгтэй болсон л доо.  Зүүн Өмнөд Азийн орны ард түмнүүд тогоруу шувууг шүтдэг. Удаан жаргал, хайр сэтгэлийн билэгдэл гэлцдэг. Манай монголчууд ч ялгаагүй тогоруу шувууг дээдэлдэг.  Тогоруу шувууны тухай бас нэгэн бүтэн бүтээл хийх  зорилго цаана нь яваад байгаа юм.  Хималайн их уулсыг давлаа. Нүүдлийн шувууд хаагуур давдгийг мэдэхгүй шүү дээ. Энэтхэгийн шувуу судлаачидтай холбоо барина, гааль, хилийн зөвшөөрөл гээд ажил их гарна.

-Хөглөнө биз?

-Энэтхэг, Хятадын хилийн ойролцоо хаалттай хот байх юм билээ. Бид нэг хотод очоод  зочид буудалд байрласан байгаад  хөөгдөж гарсан удаатай. Тэгсэн чинь цэргүүд байрладаг хориотой бүсийн хаалттай хот  юмсанж. Бид хэд бол юу цэрэг цуух бодох өглөө эрт тогоруун цуваа өнгөрвөл зургийг нь авах тухай л бодоод байгаа юм шүү дээ.

- Бас нэг сонирхолтой зүйл чамд ярих уу?

-Тэг л дээ.

-Хятадын урд хэсэгт   цэн тогоруу зэргийн гол өвөлждөг газарт маш олон төрлийн шувуу байна. асар том эзлэхүүнтэй газар. Намаг, шалбааг ихтэй. Бас тусгай хамгаалалттай. Жийп машин явдаггүй. Трактороор биднийг авч явж зураг авхуулсан л даа. Тэнд шувууны хулгайн анчид бас байна шүү.  Хулс модны дээгүүр хэдэн км үргэлжилсэн урт тор татчихдаг юм байна, тэр нөхөд чинь.  Татсан торонд нь нүүдлийн шувууд ороолддог.  Хамгаалалтынхан тийм тортой таараад трактороор дайрч байсан.

-Манай баруун аймгийнхан болцруут хотонг агнаж хошуугаар НЬ  хусуур хийгээд ховордуулсан гэдэг. Шийтгэл энэ тэр бол байхгүй. Хятадад шувууны хулгайн анчдыг шийтгэх юм уу?

- Болцруут хотон дэлхийд айхавтар ховор биш. Манайд л ховор юм билээ. Морины уралдаан дээр хотон хошуун хусууртай 100-гаад уяач байсан тухай яриа байдаг. Хятадад  шувууны хулгайн анчинг шийтгэдэг юм байна. Их хатуу шийтгэлтэй гэсэн. Биднийг  очихын өмнө жил шувууны хулгайн анчдын бүлэглэлийн толгойлогч 80 настай хөгшин баригдсан  гэсэн. Түүнд 30 жилийн ял оноосон тухай хамгаалалтын албаныхан бидэнд сонирхуулж ярьж байлаа.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та бүхэн ээлжит аяллаа хаашаа хийх гэж байна?

-Өнөөдөр Ховд аймгийн Булган сумыг зорино доо. Тэнд  10-аад хоног зураг авах ажил бий.  Танай Зиндаа.мн сайтаар дамжуулан биднийг санхүүгээр дэмжиж хамтарч ажилладаг байгууллагууд, амьтан судлаачид, дэмждэг бүх хүмүүст “Хүрээлэн”төслийнхнийхөө өмнөөс баярлаж, талархснаа илэрхийлье.

Д.Дамдиндорж

Эх сурвалж: Зиндаа.мн

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ххх(66.181.160.55) 2018 оны 03 сарын 12

Хулан чинь адуу биш илжиг бздээ

0  |  0
varane(66.181.183.216) 2018 оны 03 сарын 09

Сайхан нэвтрүүлэгэ шүү. Амжилт.

0  |  0
АХ НЬ(203.91.117.8) 2018 оны 03 сарын 08

АМЖИЛТ ХҮСЬЕ

0  |  0
иргэн(66.181.160.68) 2018 оны 03 сарын 06

Та бүхэнд амжилт хүсэе.

0  |  0
bayaraa(202.179.24.154) 2018 оны 03 сарын 06

Xuleej uzdeg saixan nevtruuleg. Facebookiin Hureelen xayagtai xuudas chini bichleg bagatai. Youtube deer ch baga baidag. Bolvol zarim nevtruulgiig daxij uzmeer sanagddag. Mongoldoo l NAT GEO CHANNEL shuu.

0  |  0
zochin(64.119.18.16) 2018 оны 03 сарын 05

uursdiinhuu dursiig denduu ih oruuldag gadaadiin ijil tustei nevtruulegiig uzeerei yavj bga humuus ni baragtai bol haragdahgui dan amitadaa l haruuldag shu

0  |  0
Болороо(139.5.219.248) 2018 оны 03 сарын 05

Сайхан яриа өрнүүлжээ. Аяны дөрөөг сүүгээр мялаая Алтан шар зам нь өлзийтэй, байг ээ.

0  |  0
Gana(202.9.43.6) 2018 оны 03 сарын 05

Amjilt husie. Amjij zurag dursiig ni avay gej yridag chin buruu shuu hu

0  |  0
Bolor(27.123.212.140) 2018 оны 03 сарын 05

Амжилт хүсье. Гэр бүлээрээ үзэх дуртай

0  |  0
Иргэн(202.179.31.76) 2018 оны 03 сарын 05

Амжилт хусье.

0  |  0
ганаа(27.123.212.138) 2018 оны 03 сарын 05

их сайхан буянтай ажил хийж бгаад баяр хургэе

0  |  0
Top