“Алтан гарт Сонька”-гийн учир битүүлэг тавилан

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 12

“Алтан гарт Сонька” гэсэн хочтой нэгэн хүний төрх XIX сүүлчээр олныг гайшруулах болов. ХХ зууны эхээр  хулгайчийн хоч нэр (буудалласан гийчнийг дээрэмдэн хөнөөж байсан Английн нэгэн зоогийн газрын эзэн Хулигаан гэдэг хоч нэрээр зард гарсантай адил) оросуудын ярианд их гардаг байжээ. Гэхдээ тэр ахмад үеийнхний ой тойнд авьяаслаг хууран мэхлэгч “алтан гарт Сонька”  гэдгээрээ бус үзэсгэлэнт Ольга фон Штейн гэдэг нэрээрээ үлдсэн болов уу.

Ольгаг 1912 он хүртэл Сонька гэдэг нэрээр “ажиллаж” байсан гэж ч ярьдаг. Зарим нь түүнийг Одессийн жижигхэн мухлаг ажиллуулдаг, германаар ярьдаг жирийн нэг еврей эмэгтэй байсан гэдэг. Гэтэл түүний биеэ авч явсан байдал, хүмүүстэй харилцах чадварыг харахад эгэл даруухан энгийн нэг бүсгүй байсан гэдэг нь юу л бол?  Сонькагийн гарал үүсэл нь тодорхой биш хэдий ч ихэнх нь түүнийг язгууртан Ольга фон Штейн гэдэгт итгэдэг. Түүний тухай элдэв таамаглал, цуу яриа одоо хүртэл тасраагүй хэвээрээ байна. Софья Ивановна Блювштейнийг 1855 онд төрсөн Одесс хотын еврей гаралтай язгууртан эмэгтэй байсан гэж  бичдэг.  Зарим нь Польшид төрсөн, урлагийн авьяастай  хүн байсан хэмээдэг. 1890 оны зун Сахалин арал дээр очсон Оросын сонгодог зохиолч А.П. Чехов энэ эмэгтэйн тухай сонирхолтой дурсамж үлдээжээ.

Тухайн үед Оросод төдийгүй Европт нэрд гараад байсан  Сонька ганц хүний камерт гартаа гавтай хоригдож байсан аж. “Алтан гарт” өмнө нь Смоленскийн шоронд байхдаа харгалзагчийнхаа хамт зугтаж дөнгөсөн гэдэг. Тэр хожим Сахалинд цөлөгджээ. Тэгэхэд  Сахалин арал  руу цөлөгдсөн эмэгтэйчүүд  шоронд бус тусгай байранд чөлөөтэй амьдардаг байжээ. Сонька ч  ялгаагүй. Гэхдээ тэр цөллөгт байхдаа бусадтай адил  нүглээ наминчлан зүгээр суусангүй. Арлын оршин суугч  нэгэн еврейн тухайн үед маш их мөнгөнд тооцогдож байсан 56 мянган рублийг хулгайлж, мухлагийн эзэн Никитинийг хөнөөсөн хүн амины хэрэгт орооцолдон сүүлдээ цэргийн хувцас өмсөн нүүр буруулан хамтран амьдрагчтайгаа цуг Сахалинаас зугтаан баригдаад ганц хүний камерт гараа гавлуулан хоригджээ.  Түүний энэ үйлдэл  дахиад л шуугиан тарьсан байна. Сонька гэмт хэргийн үйлдлийг зохион байгуулахдаа гаршсан төдийгүй ул мөрөө чадамгай далдалдгаараа зард гарчээ. Цөллөгт байхдаа хүртэл энгийн нэгнээс өөр хүн гэдэг нь харагддаг байсан аж. Бусдыг дарамтлан эрхэндээ оруулж сурсан, бүгдэд айдас төрүүлдэг Сахалины зандалчин Комлев гэгч түүнийг хайр найргүй занчихад өөдөөс нь эсэргүүцэн, гарт тааралдсан юмаараа түүнийг чулуудан хүмүүсийг гайхшруулж байж.

Гарыг нь гаваар дөнгөлөхөд Сонька ядаж цөхөх юмгүй өөрөө гинжээ салгачихдаг байжээ. Түүний тухай “хууль ёсны хулгайч” гэсэн этгээд хэллэг хүртэл гарч байжээ. Сахалинд архи худалдахыг хатуу хориглосон байдаг. Гэтэл Сонька л ядаж цөхөх юмгүй архи зардаг  байж. Үүний зэрэгцээ арлын оршин суугчдаас бүрдсэн хөгжмийн оркестр байгуулж, илбэчдийг олж ирэн тусгай үзүүлбэрт оролцуулан, өргөн олныг хамарсан цэнгээнт бүжгийн наадам, үдэшлэг зохиодог байжээ. Квас сайн хийдэг, хаанаас яаж олсон нь мэдэгдэхгүй элдвийн эд зүйлс зардаг байв. Сахалины хатуу ширүүн цаг уур, цөллөгдөгсдийн хүнд хөдөлмөр  Сонькагийн амьдралын төлөөх тэмцлийг нугалж чадаагүй ч аажмаар түүний эрүүл мэнд муудан доройтсон аж. В.М.Дорошевич гэдэг тухайн цаг үедээ уншигч олны танил болж, алдаршсан сурвалжлагч зориуд түүнтэй уулзах гэж Сахалин оржээ.   Тэр урьдын Сонькагаас зөвхөн зөөлөн харцтай хөөрхөн нүднээс нь өөр юм үлдээгүй үрчийж өтөлж гундсан эмэгтэйг хараад ийм хүнд хүмүүс яагаад “нэртэй жүжигчин”, “бэлэвсэн язгууртан бүсгүй” гэж итгэн хууртдаг байсан юм болоо  гэж гайхахад хүрчээ. Сонька сурвалжлагчаас Одесс хотын байдлыг асууж байснаас гадна аль хэдийнэ холбоо тасарсан хоёр охиныхоо сургийг гаргаж өгөөч гэж хүсэж байжээ.  Харин ихэс дээдсийг ядаж цөхөх юмгүй хуурч дөнгөдөг, голдуу үнэт эдлэлийн дэлгүүрээс эд зүйлс “авчихдаг” Сонька дундаж, ядуу амьдралтай хүмүүсийг хууран мэхэлж байсангүй. Түүнийг хатгаа туссаны  улмаас нас барсан гэдэг ч  өвчний шалтгаан нь яг тодорхойгүй аж.

А.П.Чехов, М.Дорошевич нарын бичсэнээс үзвэл “Алтан гарт Сонька” нь Ольга фон Штейн, Софья Ивановна Блювштейн хоёр өөр хүнийг нэгтгэсэн нэг дүр байж болзошгүй юм гэж судлаачид үздэг. Тэгэхэд жинхэнэ Сонька европоор тэнэн луйвараа хийж яваа,  Сахалинд өөр хүн түүний нүглийг үүрээд ирсэн гэсэн цуу яриа тарж байжээ. “Алтан гарт Сонька”гийн тухай  “Алдарт балмад Софья Блювштейнийн адал явдал” гэсэн дуугүй кино анх 1915 онд гарчээ.  Дараа нь 2007 онд бидний мэдэх “Алтан гарт Сонька”, 2010 онд “Сонька буюу домгийн үргэлжлэл” , 2013 онд “ Цагийн гогцоо” гэсэн телевизийн олон ангит кинонууд гарчээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top