Эцэг эх, асран хамгаалагч нарт хэрэгтэй маш чухал зөвлөгөөг Doctor”s House Clinic-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний их эмч Т.Эрдэнэчимэг олон нийтийн сүлжээнд тавьжээ. Тэрбээр "Хүүхэд халуурах үед юуг анхаарах ёстой" талаар зөвлөсөн байна. Түүний зөвлөгөөг уншигчиддаа хуваалцаж байна.
Вирусын болон нянгийн халдвараар өвдсөн хүүхдийн 80-90%-д нь халуурах шинж тэмдэг илэрдэг. Халуурах үед цусан дахь цагаан эсийн тоо нэмэгдэж интерферон болон бусад бодисууд цусанд ялгарч халдвартай тэмцэж эхэлдэг. Тиймээс бага зэргийн буюу 37-38 хэмийн халуунтай, хүүхэд өөрөө харьцангуй зовиур багатай үед эм өгөлгүй ажиглахад болно. Харин энэ байдал 2-3 хоног үргэлжилвэл эсвэл хүүхэд тань халуурах үедээ татдаг, эсвэл зүрхний гажиг, цусны өвчин, саа саажилт гэх мэт суурь, архаг эмгэгтэй бол удаан халууруулалгүй эмчид хандах нь зүйтэй.
Өндөр халуун гэдэг нь 39-41 хэм хүртэл халуурахыг хэлэх бөгөөд энэ үед нь халууныг буулгах хэрэгтэй. Нэг хэмээр халуун буурахад л байдал дээрдэж буй нь мэдэгдэж эхэлдэг ба харин заавал 36 хэмд хүргэхээр яарч дараа дараагаар нь эм өгөх хэрэггүй юм. Эцэг эхчүүд өндөр халуунаас айж дураараа эм ойр ойрхон өгөх нь элбэг ажиглагддаг. Энэ үедээ та эмчид хандахыг бид зөвлөж байна. Мөн хоёр өөр эм ууж байна гээд нэг үйлчилгээтэй эмийг өөр сав нэртэйгээр давхар давхар уун эмийн тунг хэтрүүлэх, хордох явдал манай практикт элбэг тохиолдож байна.
Халууны эмийг өгөх хамгийн ойрхон зай 4 цаг байдаг ч энэ хугацааг аль болох хол байлгахыг эрмэлзэх хэрэгтэй. Жишээ нь халууны эм өгчихөөд дараагийн эм өгөх хугацаа хүртэл зарим үед нь шингэн уулгах, жин тавих, хувцсыг нь нимгэлэх, хүйтэн бүлээн алчуураар гар, хөл, биеийг арчих зэрэг аргуудыг хэрэглэж болно. Халууны эм уух үед хүүхэд харших, туурах, дотор муухайрах зэрэг гаж нөлөө илэрвэл энэ эмүүдээ даруй зогсооно.
Ямар ч эмийг хүүхдийн нас ба биеийн жинд тохируулж өгдөг тул эмч нар эцэг эхчүүдэд хүүхдэдээ дураараа эм өгөхийг зөвлөдөггүй.
Халуун бууруулахад хамгийн өргөнөөр хэрэглэгдэж байгаа манай оронд жоргүй олгогддог парацетамол болон ибупрофен 2 гэхэд улс орон бүрт олон эмийн найрлаганд эсвэл дангаараа гээд олон янзаар савлагдсанаас өөр, өөр нэршлээр өөр, өөр савалгаа боодлоор худалдаалагддаг. Тиймээс эмийг хэрэглэхдээ сав боодол дээрх химийн нэршил, дуусах хугацаа, гаж нөлөө, өөр ямар эмтэй холимог байдлаар орсон гэх мэт олон зүйлийг шалгаж хэрэглэх хэрэгтэй болдог. Жишээ нь манай оронд гэхэд парацетамол буюу аcetaminophen эм нь минигрип, миксагрип, фервекс, тайлол, терафлю, панадол, параденк, тylenol, baby col col гэх мэт 20-30 нэрээр борлуулагдаж байгаа бол ибупрофен эм нь ибуденк, нурафен, ибуфен, advil motrin зэрэг 10 гаруй нэрээр лаа, шахмал, сироп, капсул, тарилга, түрхлэг хэлбэрээр борлуулагдаж байна.
Иймээс эмийг хэрэглэхдээ заавал эмчийн бичсэн жорын дагуу зөв тунгаар, ямар цагт, ямар хугацаатай, яаж уухаа заалгаж хэрэглэхийг бид танд зөвлөж байна.
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Алтан гартай эмч