Мал аж ахуйн орон гэгддэг манай улсад шүлхийнээс ч дутахааргүй аюулт өвчний нэг бол бэтэг юм. Энэхүү өвчний талаар өнгөрсөн онд судалгаа хийжээ. Судалгаа хийх явцад 17 тохиолдол ирүүлж оношилсон гэнэ. Бэтэг өвчний халдвар авсан хүний 33 хувь нь 1-14 насны хүүхэд байжээ.
Энэ бүхэн монголчуудын дунд бэтэг өвчин тархах эрсдэл өндөр байгааг гэрчилж буй аж. Бэтгийн халдвар нь маш нуугдмал явагддаг юм байна. Халдвар авсан тохиолдолд шинж тэмдэг төдийлөн илэрдэггүй ч даамжирсаар үхэлд хүргэх аюултай гэнэ.
Бэтэг өвчний шинж тэмдэг
Бэтэг нь хоол боловсруулах замаар хүний биед орж, гэдэсний ханаар дамжин элэг, уушиг зэрэг дотор эрхтэнд наалдаж, аажмаар өссөөр гадуураа олон давхар ууттай, дотроо олон мянган туузан хорхойн толгой агуулсан уйланхай болдог гэнэ. Энэхүү уйланхай нь 5-10 жилийн дараа хүүхдийн толгойн чинээ хэмжээтэй гадуураа хатуу хальсан бүрхүүлтэй бэтэг болдог аж. Улмаар бэтэг нь цоорч, яаралтай эмнэлгийн тусламж авахад хүргэдэг юм байна. Бэтэг хүндрээгүй байхад хөлрөмтгий, ядрамтгай, хар дарж зүүдлэх, хэвлий томрох, товгор зүйл өөрт мэдрэгдэх шинж тэмдэг илэрдэг юм байна.
Бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх
Монголчууд мал нядлахдаа гэдэс дотор нь байгаа уйланхайг шууд л нохойд хаяж өгдөг. Ингэснээр нохой бэтгийн халдвар авч, тэр халдвар хүнд дамжих эрсдэл үүсгэдэг талаар мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Тиймээс мал, амьтантай болгоомжтой харьцсанаар энэ халдвараас урьдчилан сэргийлэх юм байна. Мөн хүүхдийн гарыг тогтмол угааж хэвшүүлэх, хоол, унданд цэвэр ус хэрэглэх шаардлагатай аж. Мэдээж малаа эрүүлжүүлэх нь хамгийн чухал арга хэмжээ юм.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )