“Давсны хэрэглээг бууруулах таван арга мэдээлэл сурталчилгааны долоо хоног”-ийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн тогооч нарт зориулсан сургалт өнөөдөр (2018.03.31) ШУТИС-ийн төв номын сангийн танхим, Хоол үйлдвэрлэлийн лабораторид боллоо. Сургалтаар хүүхдийн хоолны онцлог, давс багатай хоолны цэсээр хүүхдийн хоол хийх онол, дадлага хичээлүүд орсон бөгөөд сургууль, цэцэрлэгийн 50 гаруй тогооч нар сургалтад хамрагдлаа.
Хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр хооллож, үүнээс хойш давс багатай хоол, хүнс өгдөг. Хэрэв хүүхэд багаасаа насанд хүрсэн хүнтэй адил хэмжээгээр буюу давс ихтэй хоол, хүнс хэрэглэж хэвшвэл том болсон ийм дуршилтай болж, улмаар артерийн даралт ихсэх, чихрийн шижин, зүрх судасны өвчлөлд өртөх эрсдэлтэй байдаг ажээ.
Хүн амьдралынхаа туршид хамгийн багадаа 20 000 удаа хоол иддэг байна. Ингээд бодохоор хоол бол бидний амьдралын салшгүй, үндсэн хэрэглээ юм. Хүүхэд нь эцэг эхчүүд, багш, тогооч нарын юу өгсөн, түүнийг иддэг учраас хүүхдийн хоолны дуршил, дадал хэвшилд эцэг, эхчүүд, цэцэрлэгийн тогооч нар маш чухал үүрэгтэй. Тиймээс хүүхдэд давстай биш илчлэг, уураг, нүүрс ус, эрдэс бодис, амин дэмээр баялаг байх ёстой гэдгийг сургалтын үеэр тогооч нарт анхааруулж байсан юм.
Утсан махан бүтээгдэхүүн нөөшилсөн ногоо, чипс, шарсан тахиа, загас, зайдас зэрэг бүтээгдэхүүний натри агууламж өндөр байдаг учраас хүүхдэд өгөхөөс зайлсхийх, цэцэрлэг, сургууль орчимд түргэн хоолны газар байхыг хориглох нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
0-1 насны хүүхдийн өсөлт хамгийн хурдан явагддаг. Хүүхдийн бор хоолонд оруулахдаа давс, сахар, амтлагч бүү хий гэж зөвлөдөг болсон. Анх хүүхэд ямар хоол, хүнс хэрэглэж заншсан тэр хэрээрээ хооллох дуршилтай болдог. Сургуулийн өмнөх насанд яаж хооллох арга барилд суралцдаг. Бага насны хүүхдэд аль болох олон төрлийн жимс, хүнсний ногоо хэрэглүүлэх нь зүйтэй. Цэцэрлэгийн насны хүүхдийн биеийн жин жилд дунджаар 0,8-2,7 кг-аар нэмэгдэж, биеийн өндөр нь 1-8 нас хүртлээ 7-8 см өсдөг.
Хүүхэд 18 сар хүрээд халбагаа дааж эхэлдэг. Энэ үеэс мах, төмс, хүнсний ногоо гээд хоолонд орсон аливаа хольцыг ялгалгүй, бүгдийг нь идэж сургах хэрэгтэй гэдгийг сургалтын үеэр цэцэрлэг, сургуулийн тогооч нарт анхааруулж байлаа.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл ( 0 )