Монгол улсын Хөгжим Бүжгийн Консерваторийн Дуулах ур зүйн багш СТА дуучин Чулууны Батцэнгэлтэй ярилцлаа. Тэрбээр “Очирваань уулын цагаан үүл”, “Хүүдээ”, “Гэгээн наранд ойрхон өслөө би”, “Дорнын намуухан Отгонтэнгэр”, “Бадархундага”, “Отгонтэнгэр шүтээн минь”, “Эхийн сэтгэл”... зэрэг олон сайхан дууг гайхалтайгаар дуулж олонд хүргэсэн билээ.
-Төрж, өссөн нутгийнхаа тухай эхлээд ярих уу?
-Миний аав, ээж, өвөг дээдэс Завхан аймгийн Шилүүстэй сумын хүмүүс. Отгонтэнгэр хайрхны урд бэлээр нутаглаж, он удаан жилийг үдэж ирсэн түүхтэй. Би харин уулынхаа хойд талд 300 жилийн түүхтэй Улиастай хотод Богдын гол, Чигэстэйн голын хөвөөн дээр өссөн хүүхэд. Бага насныхаа тухай учиргүй тод томруунаар санадаг гэж юу байхав. Богдын гол, Чигэстэйн голын эрэг дээр наадаж өссөн хэдэн божийсон бор хөвгүүдийн нэг дээ. Аав ээжээс бид долуулаа. Долоон хүүгийн бага нь би юм. Хуучин нийгмийн жаягаар аав маань тээврийн жолооч, ээж худалдааны байгууллагад ажилладаг байлаа. Тэгээд намайг зургаан настайд Дархан хотод нүүж ирсэн дээ. Дарханаас л тэгээд урлагийн замаа эхэлсэн.
- Хөдөө өсөж төрсөн хүүхэд, хотын хүүхэд хоёрын хоолойн өнгө, цар харьцангуй ялгаатай санагдаад байдаг юм. Өөрийн тань хувьд энэ талаар ямар бодолтой явдаг бол?
-Зөвхөн өөрийнхөө ангийн дуучдаар жишээ татъя л даа. Улаанбаатар хотод төрж өссөн дуучин манай ангид байхгүй. Тэгэхээр дуучинд яг юу хэрэгтэй юм бэ, гэдэг эндээс харагдаж байна. Дуучин хүнд байгалиас заяасан эрүүл хоолой нэгдүгээрт хэрэгтэй юм. Байгаль хүнд эрүүл дуу хоолой, өсөж торних эрүүл нөхцөл, байдал гээд олон давуу талыг бий болгодог юм байна. Энэ бол нүүдэлчдийн нэг том өгөгдөл буюу эмзэглэл, мэдрэмж, авьяасыг бий болгоход байгалийн нөлөө их байдаг юм болов уу. Одоо багшилж байгаа учраас анзаарч байна. Ачаалал даах, эрүүл сайхан хоолойтой хүүхдүүд хөдөөнөөс ирж байна. Энэ суурин иргэншил буюу хотын хүүхдийн хоолой ачаалал даахдаа тийм ч сайн биш байгаа нь ч харагддаг л даа. Үе үеийн дуучдыг бас хараарай. Хөдөө өсөж торнисон мундагууд л байна. Дэлхийн дэвжээ рүү шан татаж яваа Ариунбаатар, Амартүвшин хоёр гэхэд л хөдөө өсөж торнисон байх жишээтэй. Ганцхан урлаг гэлтгүй спорт ч тийм байна шүү дээ. Мөн хөдөөний бидний тоглоом хүртэл амьд тоглоом байдаг биз дээ. Унага тугал татахаас авхуулаад, өглөө, өдөр голын харгиа сонсоод чулуугаар тоглодог энэ тэр бол сэтгэл оюунд нь шууд сайнаар нөлөөлж байж. Энэ бол бидний давуу тал юм байна. Одоо бол утас л маажиж байна, тийм үү...
-Та ангийнхаа дуучдын талаар тодруулаач?
-Монгол улсын гавьяат жүжигчин Уянга, Бат-Эрдэнэ, Буриадын Ардын жүжигчин Мөнхзул, СТА дуучин Ариунбаатар, Хишигбаяр, “Класск жем” хамтлагийн дуучин Мөнхбат, Пароди хамтлагийн жүжигчин Булган-Эрдэнэ, дуучин Баасанжаргал... гээд олны танил дуучид байна. Манай ангийнхан 2002 онд сургуулиа төгсөөд ангиараа Дуурийн театрт урилгаар орж ажиллаж байлаа.
-Тогтохын Сэр-Одын хөгжим “Хүүдээ” дууг дуулж гарч ирж байсан хориод жилийн өмнөх Батцэнгэл өнөөдрийн багш Батцэнгэл хоёрын хооронд хэр ялгаа гарсан бол. Таны ур чадварт мөн өөрчлөлт орсон уу?
-Товчхондоо бол ялгаа бий юу гэвэл бий болсон. Дуулах ур зүйн өөрчлөлтийн хувьд гэвэл дуулах тоолондоо өөрийгөө анзаарч ухаарч дуулдаг болж байна. Дуу болгон өөрийн гэсэн өвөрмөц араншин, шинж чанартай юм байна. Одоо бол энэ дууг ингэж дуулах учиртай юм байна гэдгээ ойлгочих жишээтэй. Тухайн үед би зарим дуун дээр Үнэнхүү гавьяатыг зарим дээр нь Ганбат гавьяат, бүр заримдаа Түвшинтөгс гавьяатыг яг хуулаад дуулчихсан байх юм зөндөө. Анх өөрийгөө олох гэж ингэж хайж байж л дээ. Ингээд эхний си ди гарсаны хойно хоёр дахь си ди-гээ хэвлүүлэхээр ажиллаж байхдаа өөрийгөө хүн дуурайж дуулаад байснаа ойлгож байх жишээтэй. Магадгүй одоо л би өөрийг олж эхэлж байна.
-Отгонтэнгэр уулын тухай дуунуудыг нэгтгэж, сайхан си ди хэвлүүлсэн. Олонд түгсэн тэр сайхан дуунуудыг дүрсжүүлж, кино концерт болгох санаа хэрхэн төрөв?
-Хүн анх дуулж эхэлж байхдаа өөрийгөө “Ардийн жүжигчин” гэж боддог гэлээ гэгчээр хэдхэн дуу дуулчихаад тэнгэрт гарсан мэт бодож явах үе бий. Тэгээд яваандаа өөрийгөө ойлгоод би ер нь юу хийчихсэн хүн бэ, гэж бодож эхэлдэг юм байна. Ер нь үүнийг ойлгоход асар их нөлөөлсөн, хөгжмийн талаас нүдийг минь нээсэн хүн бол Төрийн шагналт хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргал ах минь юм. Бид хоёр ах дүүгийн барилдлагатай явлаа. Утга зохиолд олон найз бий. Тэдэн дундаас Төрийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийг гаднаа найз гэдэг ч, дотроо ах минь, багш минь гэж хүндэлж явдаг. Энэ хоёр хүн надад асар их нөлөө үзүүлсэн. Хүний хүрээлэл гэж их сайхан л даа. Билэгжаргал ах маань намайг хөгжмийн зохиолч Шарав ах, яруу найрагч Загдын Түмэнжаргал ах,.. гээд маш олон хүнтэй танилцуулж байлаа. Энэ хугацаанд би үсчээд л яваад байлаа. Нэг поп дуулаад л, тэгснээ мэргэжлийн дуу дуулаад л... Үзэгчид маань мэргэжлийн дууг тэр болгон хүлээж авахгүй ч байх шиг. Дунд нь харин нутаг усныхаа дууг дуулаад л яваад байлаа. Арваад жил дуулсны хойно яг миний хүрээлэлд байгаа мэргэжлийн хөгжмийн зохиолч, яруу найрагч найз нөхөд ямар бүтээлүүдийг минь үнэлж байна вэ, гэдгийг анзаарлаа л даа. Гэтэл төрсөн нутаг ус, газар шороогоо дуулсаныг минь илүү ихээр дэмжиж байна шүү. Яруу найрагч Бавуудорж, хөгжмийн зохиолч Даваабазарын Батсүх бид гурав Дарханаас наашаа буцаж яваад Баруунхараагийн хавьд голын эрэг дээр амарч байгаад сэтгэл хөдлөөд, “Очирваань уулын цагаан үүл”-ээ дууллаа. Бид гурвын уран бүтээл шүү дээ. Тэгтэл Бавуугийн сэтгэл хөдөлж, “Энэ ч дуу биш тарни юм байна” гэж хэлсэн юм. Тэгж намайг хөглөн анхны тоглолтоо хийхэд минь хүргэсэн. Түүнээс хойш хүмүүс над руу “чи Завханы дуучин хүн, ийм дуу байна...” гээд хандаж эхэлсэн. Нэг мэдэхэд би нутгийнхаа маш олон дууг дуулчихаж. Тэгээд л энэ гайхалтай шүтээн хайрханы тухай дуунуудаар дагнаж дуулья гэж шийдсэн дээ. Монголын радиогийн алтан фондод маш олон дуу байдаг юм байна. Мөрдорж гуайгаас эхлээд, үе үеийн уран бүтээлчид шүтээн хайрханд зориулж уран бүтээлээ өргөсөн байдаг юм билээ. Тэднээс шүүж байгаад 13 дуутай сиди гаргасан. Тэгж явж байтал Сэнгэдорж найруулагч зоригжуулж, “чи яасан арчаагүй хүн бэ, яг ингэж нэг сэдэв барьж аваад дуулсан дуучин сүүлийн үеийн дуучид дунд лав байхгүй. Чи тэр уул, усаа дуулж болсон юм чинь бүтэн тойроод өнгөтөөр үзүүлээд өгөөч ээ... Онгон дагшин байгалиа хайрлатал нь, ийм гайхамшигтай уул бий юм шүү гэдгийг мэдрүүлээд өгөөч...” гэж хэлсэн дээ.
-Тэгээд л кино концертынхоо ажилд шулуудчихсан уу?
-Сэнгэдоржоосоо зөвлөгөө авч байгаад төсөл бичсэн. 30 сая орчим төгрөгний төсөл болсон л доо. Кино концертыг маань Билэгт захиралтай Ноёд констракшн, Бадамрагчаа захиралтай “Шинэ гарц” ХХК дэмжиж ажилласан. Мөн Шинэ Монгол хаад групп, Миг даатгал, Ялгуусан ХХК зэрэг урлагт сэтгэлтэй ах эгч нарын компаниуд дэмжиж ажилласныг хэзээ ч мартаж болохгүй л дээ. Харамсалтай нь би муугаасаа хүнд хүртэл зурагтаар сайн цацаж чадахгүй л байна. Ямартай ч үзсэн сонссон хүмүүс урмын болон ташуур болох үг хайрлаж байна. Тухайлбал Ялгуусан компаний захирал Санжаадорж гэдэг хүний жолооч ярьж байгаа юм. “Ах чиний си ди-нээс өглөө бүр гурван дуу сонсоод эрихээ эргүүлж байгаад ажилдаа ордог.” гэж ярьсан. Гэх мэтчилэнгээр уран бүтээлийг маань сонсдог хүмүүс бий.
-Өмнөх болоод хойч үеийнхээ уран бүтээлчдийн тухай ямар бодол тээж явдаг бол?
-Бид нарын өнгөрүүлсэн он цаг бол өмнөх жимээ бүдэгрүүлээгүй он жил гэж ойлгодог. Яагаад гэвэл, өмнө нь асар тод бөгөөд гайхалтай гэрэл гэгээтэй замыг манай багш нар тавьж өгч. Тухайлбал, дөнгөж 1963 онд Дурийн театр хаалгаа нээсэн байхад 1960-аад оны сүүлээр Пүрэвдорж багш ЗХУ-д очиж Большой театрт дуурийн гол дүрд дуулж байж. Араас нь 1970-н хэдэн онд Уртнасан багш очиж мөн дуулсан. Энд хоёрхон жишээ татахад, багшийг Болшой театрт “Евгений Онегин”-ы Греминд дуулахад Оросын алдарт дуучин Ирина Архипова гэдэг хүн хамт дуулчихаад, тухайн үед “Союз” сэтгүүл дээр, “Би Монголын Пүрэвдорж шиг том биетэй, том хоолойтой, боловсролтой дуучинтай хамт дуулж үзсэнгүй...” гэж ярьсан байдаг. Тэгж дуулсныхаа дараагаар өнөөдрийн алдарт уралдаан Чайкоскийн нэрэмжит урлагийн олимпд байнгын шүүгчээр суух эрхийг авсан байгаа юм. Дөрвөн жилд нэг удаа уригддаг байсан юм шүү дээ. Уртнасан багш нэг удаа бидэнд нэгэн түүх ярьсан. Большой театрт дуулчихаад тайзан дээрээс буухад найз нөхөд нь баяр хүргэхэд уйлж л дээ. Тэгэхэд нь тэд “чи ийм том амжилт байгуулчихаад яагаад уйлав” гэж асууж. Уртнасан багш, “удирдаач хундаганы үг хэлэхдээ надад хандаж, “энэ их том театр шүү дээ. Тэр тусмаа Азиас хүн дуулдаггүй театр.”” гэж хэллээ гэсэн гэж байгаа юм. Аймаар үг. Уг нь бол бахархах ёстой үг байгаа биз. Гэтэл Уртнасан багшид, бид Монголоороо биш тивээрээ дээрэлхүүлж байна шүү дээ, гэдэг бодол төрөөд уйлсан байгаа юм. Тийм том үеийн араас мэдээж ах эгч нар маань түрж гарч ирсэн. Гавьяат жүжигчин дуучин Ганбат ах байна. Чайковскийн анхны шагналтан хүн байлаа шүү дээ. Энэ сайхан дуучинтай Монголд өрсөлдөж байсан хүн бол Хайчинхүүгийн Үнэнхүү ах юм шүү дээ. Мөн дуучин Санжаагийн Оюунчулуун ах минь байна. Миний үеэс тохироо нь бүрдсэн бол УГЖ Уянга, Буриадын Ардын жүжигчин Мөнхзулыг олон улсад ихээхэн алдарших байсан болов уу. Тэгээд өнөөдрийн Амартүвшин, Ариунбаатар, Бадрал ч гэдэг юм уу, авьяастнуудаа хараад байхаар өмнөх үе маань ямар их өв хөрөнгө үлдээсэн юм бэ гэж бодогддог. Өнөөдөр манай урлаг өөрийн гэсэн яам ч үгүй нэг их гэрийн дэргэдэх банаг шиг байна л даа. Өнөөдөр Амартүшин ОХУ-аас “Браво” шагнал авахад, мэдээлж байна л даа, дэлхийн урлагийн алдартай шүүгчид суугаад, урлагийн гайхамшигтай хүмүүсийг шалгарууллаа. Урлаг соёлын өлгий болсон тэр, тэр улсын тийм уран бүтээлчид шалгарч байна. Даже... Монголоос дуучин шалгарлаа гэж мэдээлсэн. Тэр бүү хэл гэсэн утгатай, байгаа биз. Монголоос дуучин шалгарах ёсгүй юм шиг сонсогдож байгаа юм.
-Нийтийн дууны урлагийн тухайд таны бодлыг сонсмоор байна л даа. Минийхээр бол нийтийн дуунаас маш тансаг шүлэг хөгжмөөс бүтсэн, маш сайхан дуулагдсан дууг л сонгож сонсмоор санагдаад байдаг юм?
-Яг зөв. Нийтийн дуу гэдэг утгаараа нийгмээ дагуулсан, уярал ухааралд хөтөлсөн сайхан дуу байх хэрэгтэй. Хуучин бол дуу бүтээгчид маань харьцангуй цөөхөн байж. Хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин гурав маань тухайн дууныхаа тухай ярилцаж, эмзэглэл мэдрэмжийнхээ тухайд ойлголцож байж дуу төрдөг байсан байна. Одоо гол нь сэтгэлгүй байна л даа. Ядаж хуучны дуу дууллаа гэхэд үгийг нь үнэнээр нь дуулчихгүй байна. Буруу сонсоод тэр чигээр нь гөвж байна штээ. Зохиолчоос нь үгнийхээ утга учрыг асуучихгүй л байна. Дууны урлагт хандаж байгаа хандлага нь тиймхэн байна. Олонх нь ийм байгаа. Гавьяат жүжигчид нь хүртэл шүү дээ. Энгэр түлхүү... гэдэг үгийг “энгэр түлхүүр” гээд дуулаад явж байна. Зохиолчийг нь “р” үсгээ орхичихсон байна гээд засаж дуулж байгаа юм шиг билээ.
-Шинээр дуучин болохоор сурч байгаа оюутнууд маань ямар санаа зорилготой сурч байна вэ?
-За даа, ихэнх нь маш амархан дуучин болох мөрөөдөлтэй орж ирдэг юм байна шүү дээ. Хурдхан сураад Бөхийн өргөөнд тоглолтоо хийх зорилготой хүүхдүүд олширч байна. Нэг жил сурсан болоод багш аа, би тэр дуучин ахыг дагаад дуучин болохоор шийдсэн гээд явж байх жишээтэй. Алдар гавьяатай нэгний хажуу бөөрөнд наалдаж аваад л хөдөөгүүр сум хэсэж тоглолт хийсэн “том” хүмүүс олширсон. Чин сэтгэлээсээ дуучин болъё, энэ урлагийн мөн чанар юу юм бол судалж, суралцья гэсэн санаа зорилготой хүүхэд тун ховордсон.
-Ойрын үед шинэ уран бүтээлийн тайлан тоглолт зохион байгуулах уу?
-Энэ сарын 27-нд Улаанбаатар паласын концертын их танхимд уран бүтээлийн тайлан тоглолтоо зохион байгуулна. Миний тав дахь бие даасан тоглолт юм. Одоогоор бэлтгэл ажлаа эхлүүлчихээд явж байна. Тоглолтынхоо нэрнээс эхлээд бодох, санаж сэрэх олон зүйл байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
Л.Ганзул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
Tsagaan uuliin duuchin mundag saihan duuchin
Нутгийн сайхан дуучиндаа амжилт . Олон сайхан дууг н шимтэн сонсдогдоо. \nЖавхлан яг ”Энгэр түлхүүр” гэж дуулдаг утга мөн чанарыг ойлгохгүйгээр дэргэд н очиж үзэхгүйгээр миний сайхан нутгийн уул усыг хир баргийн хүн дууулахгүй ээ.
Ahdaa amjilzt hvsiy.
yg Argo
Surguuliin neriig zuv bucheec Mongol Ulsiin Konservatori shuu