Өгүүллэг: Хатан эхийн зарлиг /зохиолч М.Гүрсэд/

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 22

Минжихайн Гүрсэд

МУСГЗ М.Гүрсэд 1934 онд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төржээ. Тэрээр 1957 оноос уран бүтээлээ эхэлж  “Шигшрэгийн ай”, “Залуу насны дууль” тууж, “Бугын дуу” ,  “Хар хүнтэйгээ хамт уншаарай” өгүүллэгүүд, “Урт өдөр” зэрэг номууд хэвлүүлжээ.

Хатан эхийн зарлиг

Шөнө дундаас хойхно цаг. Өэлүн эх ахлах хэвтүүлийг дуудан ирүүлээд:

-Тэмүжин, Бөртэ тэргүүтэй хөвгүүд, бэрс, шадар, баатруудыг үтэр цуглуул... гэж зарлиг айлдахад:

-Жа... гээд эргэх гэснээ зогтусч:

-Ахайтан! Их эзнийг дээшлүүлэх гэж үү гэвэл өтгөн буурал гэзгээ задлаж суусан хатан ээж:

-Тийм ээ. Тэр улсын хаан боловч миний үр учир үгийг дагах ёстой гэв. Хатан эхийн зарлигийг сонссон хөвгүүд, бэр, жанжин, хүлэг баатрууд тунгалаг тэнгэрт одод анивчиж, мичид шингэх мөчид эхэд бараалхах ёс жаягаар хувцаслан цуглав. Толгой гудгар, царай урвагар Өүлэн ээж зөөлөн, зөөлөн алхалсаар ирж түр чимээгүй зогссоноо:

-Хамаг Монголын Хаант Улсын нэгэн эрхэм чухаг иргэн хорвоогоос халилаа. Иймийн учир бүх эрчүүл цагаан бүс зүүж, эмс бүсгүйчүүл гэзгээ задлан гашуудацгаа! гэж зарлиг буулгаад:

-Энэ хэн болохыг та нар мэдэх учиртай. Эзэн дээдсийн төлөөнөө ёсч шударга, цэгц үнэн журмыг сахихын үлгэрийг үзүүлсэн энэ иргэнийг хамаг Монголын хаад, ноёд, харц ард хэн боловч мартах ёсгүй ... гэхэд хамаг эрчүүл, зардсын барьсан цуулмал цагаан бүсийг малгайдаа зүүж, бүсгүйчүүл үсээ задлан унжуулав.

Өүлэн эх баруун ханцуйг үл ялиг хөдөлгөн цэнхэр пансан алчуур гаргаж хацар дагасан сувдан нулимсаа арчаад:

-Хаан Тэмүжин чи хагацлын үг айлдах уу гэв. Хаантан эхийн зүг мэхэсхийн хүндэтгээд:

-Эрэг шороо нурж

Энхэл донхол үүсдэг бол

Иргэн хүн хальж

Элэг зүрх эмтрэв

“Хоёр сэтгэлт хүнийг

Эр бус эм хэмээлтэй

Нэгэн сэтгэлт эмийг

Эм бус эр хэмээлтэй... гэсэн үг байдаг.

Хаан, харц биднээсээ хагацан одсон Хуагчин эмгэн таныгаа баатрын ёсоор хүндлэх учиртай. Та хаан эцэг Есүхэйн үеэс хатан ээжид минь үнэнч зүтгэж, хайртай Бөртэ хатныг минь бүхээгт тэргэнд нууж бие, сэтгэлээрээ хамгаалж явсан билээ.

Хуагчин та тэр нэгэн цөвүүн өдөр довтлон айсуй дайсныг солонго мэт сонсож, үен мэт үзэж хатан эхэд минь хэлж биднийг сэрээгээгүйсэн бол бидний бөөс мэт биес минь Гурван мэргэдийн сумны зэв, сэлэмний ирийг мялаагаад дуусах байсан биш үү! Таны ачаар амьд гарсан бид өсч өндийж, өрх гэрээ толгойлж, улс үндсээ аварч өштөнөө өвдөглөж, атаатнаа атгаж өдий зэрэгт хүрэв.

“Хаан хэдий хүчтэй ч

Харцын хүчинд түшъюү” гэсэн мэргэн үг бий. Иймийн тул эмгэн зарц таныгаа бид түүхэндээ бичиж, түмэндээ сонордуулж явах болно гэж айлдаад хойшоо гурав алхахад шарилчид эмгэний цонхигор нүүрийг гивлүүрээр бүтээв.

Бөөр алаг үхэрт хөллөсөн бүхээгт тэрэг Бунхат уулын зүг хөдөлж холдон холдсоор үүрийн харанхуйд уусан орлоо.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top