Монголд цөмийн хаягдал булшилна гэж мэдээлсэн “Майничи” сонины удирдлагуудад Японы парламент асуулга тавьжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

Монголын нутагт, тэр дундаа Говьсүмбэр аймгийн Баянтал суманд Америк, Япон зэрэг улсын цөмийн хаягдлыг агуулах сав барих нууц хэлэлцээр хийгдэж байгаа талаар Японы “Майничи” өдөр тутмын сонинд нийтлэгдэж бусад мэдээллийн агентлагууд дэлхий нийтэд цацсан билээ.  Тэр тусмаа CNN, BBC, Асахи, Ройтерс зэрэг үйл ажиллагааных нь цар хүрээ, хүртээмж нь дэлхийн өнцөг булан бүрт хүрдэг мэдээллийн агентлагуудын “Топ” мэдээнд орж байсныг харахад үнэний оргүй зүйл биш гэдгийг баталж буй.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын хувьд Сүмбэр сумын нутаг Лүн толгой болон төмөр замын 18 дугаар зөрлөгийн хооронд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн ангийн хотхоныг түшиглүүлэн 1991 онд байгуулагдсан. Атомын цахилгаан станц болон цөмийн хаягдал агуулах байгууламж барихаар Баянталыг сонгосон шалтгаан нь хүн ам цөөн, Зөвлөлтийн цэргүүдийн үлдээсэн барилга, төмөр зам, цахилгаан шугамтайгаас гадна хөрсөн доороо усны нөөц ихтэй, томоохон голуудтай зэргийг нь харгалзан үзжээ. Нэн ялангуяа халсан цөмийн реакторыг хөргөхөд усны нөөц нь ихээхэн дэмтэй аж. Японы Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яам, АНУ-ын Түлш эрчим хүчний яамдууд энэ талаар хоорондоо нууц зөвлөлгөөн хийж байгааг талууд Майничи сонинд ярилцлага өгөхдөө “нууц зөвлөлгөөн хийж байгаа нь үнэн” хэмээн хүлээн зөвшөөрчээ. Бүр Ерөнхий сайд С.Батболд энэ оны нэгдүгээр сард Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэрээ цөмийн түлш нийлүүлэх тухай хэлцэл хийсэн байна. Манай улсын хувьд уранаа түүхийгээр нь биш боловруулж нэмүү өртөг шингээн зарах сонирхолтой. Харин Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн хэлэлцээрийн үед нийлүүлсэн цөмийн түлшнийхээ хаягдлыг нь эргүүлэн авах тухай яригдсан гэж зарим хэвлэлүүд мэдээлээд буй. Хэрэв Монгол Улс өөрийн үйлдвэрлэсэн цөмийн түлшнийхээ хаягдлыг ашигласан улсаас нь эргүүлэн авах юм бол түүнийг агуулах байгууламж барих нь зайлшгүй. Үүн дээр АНУ, Япон зэрэг улсууд дөрөөлөн “нэгэнт цөмийн хаягдал агуулах байгууламж барих юм бол цөмийн хаягдлаа агуулах газрын хомсдолтой улсуудынхыг ч гэсэн хадгалаач” гэсэн санал тавьжээ. Харин хариуд нь эдгээр улсууд манайд атомын цахилгаан станц барих технологиор туслахаа амлажээ. Мөн мөнгөн төлбөрийн хэмжээ нь ч чамлахааргүй байх нь тодорхой. Япон улсын хувьд 2035 он гэхэд цөмийн хаягдал агуулах газар олдохгүй болох бол АНУ Невада мужид цөмийн хаягдлаа булж байх шийдвэрийг өмнөх Ерөнхийлөгч нь гаргаж байсан ч мужийн иргэдийн эсэргүүцлээс болж түр түдгэлзүүлээд буй. Энэ мэтчилэн өөр өөрийн сул талтай хоёр улс хамтран Монголд цөмийн хаягдал агуулах байр барих төлөвлөгөө боловсруулаад буй нь  нийтэд дэлгэгдэж шуугиан дэгдээчихээд байна. Харин Монгол Улсын ГХЯ болон Цөмийн энергийн газраас энэ талаарх мэдээллийг ор үндэсгүй зүйл хэмээн үгүйсгээд буй. Түүнээс гадна өчигдөр Японы парламент Майничи сонины хариуцлагатай хүмүүс болоод энэ талаар анх хөндөж дэлхий нийтэд цацсан сэтгүүлч Харүюүки Айкаваг дуудаж асуулга тавьсан гэдгийг ГХЯ-наас мэдээлсэн.

Эх сурвалж: Нийслэл таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top