Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулна” хэмээн тусгасан билээ.
Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017-2020 онд хэрэгжүүлэх “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдийн амны хөндийг эрүүл байлгах зорилгоор сургалт сурталчилгааг өргөжүүлэн, эрүүлжүүлэх ажлыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
Тухайлбал нийслэлийн есөн дүүргийн төрийн өмчит Ерөнхий боловсролын 134 сургуулийн 1-5 дугаар ангийн 4000 гаруй багшийг “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтанд хамруулахаар зорьж буй юм. Энэ хүрээнд нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын сургалт, мэдээллийн танхимд өнөөдөр тус сургалтын албан ёсны нээлт боллоо. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд зөв угаах дадлыг хэвшүүлэх зорилготой “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын нээлтэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, БГД-ийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл нар болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Өнгөрөгч нэгдүгээр сард зохион байгуулагдсан тус сургалтанд Чингэлтэй дүүргийн 50, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирал, сургалтын арга зүйч, нийгмийн ажилтан, багш зэрэг нийт 120 хүнийг хамруулсан байна. Мөн тус дүүргийн Ерөнхий боловсролын 21 сургуулийн 1-5 дугаар ангийн 700 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчийг ээлжит сургалтанд хамруулжээ. Тэгвэл өнөөдөр Баянгол дүүрэгт нээлтээ хийж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтанд тус дүүргийн Ерөнхий боловсролын 17 сургуулийн 500 гаруй багшийг хамруулж буй юм байна.
Сургалтын хүрээнд бага ангийн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр боловсруулсан “Амны хөндийн эрүүл мэнд“ гарын авлагыг танилцуулж, багш нарын мэдлэг туршлагыг сайжруулахаас гадна тэднээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл зөвлөмж хүргэхээр зорьжээ. Цаашид энэхүү сургалт бусад дүүргийн хэмжээнд ч мөн үргэлжлэх юм байна.
Дашрамд дуулгахад, манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж шүд цоорох өвчлөл нь бага насны хүүхдийг түлхүү хамарч буй бөгөөд олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтанд Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл 5-р байрт жагссан байна. Мөн нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх болон ЕБС-ийн бага ангийн хүүхдийн дунд шүд цоорох өвчин, цоорлын эрчмийн үзүүлэлт (нэг хүүхдийн аманд байх цоорсон, ломбодсон, авагдсан шүдний нийлбэр тоо) нь ДЭМБ-ын гаргасан шалгуураар “МАШ ӨНДӨР” ангилалд хүртлээ өсчээ.
ЭМЯ-аас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургуультай хамтран хүн амын, тэр дундаа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн талаархи сургалт сурталчилгааг насны онцлогт тохируулан тасралтгүй, цэгцтэй явуулах, амны хөндийн эрүүл мэндийг зөв сахих аргад сургах, хоол хүнсний зүйлийг зөв зохистой сонгон хэрэглэх дадал заншилтай болгох зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” гарын авлагыг хэвлүүлж, багш нараар дамжуулан сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт үе шаттайгаар сургалт хийсэн байна.
Түүнчлэн АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургуулиас ЕБС-ийн бага ангийн багш нарт зориулсан гарын авлагыг боловсруулж, “Гүүд нейборс” ТББ-ын дэмжлэгтэйгээр 4000 ширхэгийг хэвлүүлж тараажээ.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )