Томуу, томуу төст өвчлөлийн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхтэй ярилцлаа.
-Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчлөлийн түвшин ямархуу хэмжээнд байна вэ?
-Одоогийн буюу 2018 оны 04 дүгээр сарын 24-ны байдлаар томуу, томуу төст өвчин нь нийт амбулаторийн үзлэгийн 3.4 хувийг эзэлж, өвчлөлийн тархалт идэвхжилгүй байна.
-Нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал хэдэн хувьтай байгаа вэ. Эмнэлгүүдийн ачаалал хэвийн горимд шилжсэн үү?
-Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал хэтрээгүй хэвийн байна. Гэхдээ энэ жилийн хувьд томуу, томуу төст өвчний хүндрэл, хэвтэн эмчлүүлэх өвчтөний тоо их, эдгэрэлтийн хугацаа урт байсан тул нэгдсэн эмнэлгүүдэд орны ачаалал нэг хэсэг тодорхой хувиар нэмэгдэж байсан. Харин одоо эрс буурч, эмнэлгүүдийн ачаалал хэвийн горимд шилжсэн.
-Сүүлийн үед энтеровирүсээр дамжин халдварладаг гар, хөл, амны өвчлөл нь томуу, томуу төст өвчлөлтэй хавсрах болсон талаар эмч нар хэлж байна. Энэ үнэн үү?
-Аливаа халдварт өвчний үед өвчтөний биеийн эсэргүүцэл, дархлаа сулардаг бөгөөд өвдөх болон өвдсөний дараа өөр халдвараар өвдөх тохиолдол цөөнгүй гардаг. Энэ жилийн хувьд гар, хөл, амын өвчлөл харьцангуй бага, өмнөх жилийн мөн үеэс эрс буурсан үзүүлэлттэй байна.
-Эцэг эхчүүд амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчлөлөөс хэрхэн сэргийлэх ёстой вэ. Хаврын улиралд халдварт өвчлөл тодорхой хэмжээнд нэмэгддэг?
-Хаврын улиралд халдварт өвчлөл нэмэгддэг зүй тогтол сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна. Энэ нь хүмүүсийн биеийн эсэргүүцэл, дархлаа сулрах, цаг уур, уур амьсгал, орчны эрс өөрчлөлт, иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, хандлага, дадал, боловсрол дутмаг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа байх. Хэд хэдэн зүйл дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй. Манай эмч нар хоёр төрлийн зөвлөмжийг өгдөг. Тухайлбал томуу, томуу төст өвчнөөс хэрхэн, яаж урьдчилан сэргийлэх вэ. Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн үед ямар тусламж үзүүлэх, эмчлэх, хүндрүүлэхгүй байх вэ гэх мэт. Хамгийн гол нь хүүхдийг улирлын байдалд нь тохируулж хувцаслах, амин дэмээр баялаг, илчлэг хоол хүнсээр тогтмол хооллох, С аминдэмээр баялаг ундыг халуун бүлээнээр нь уулгах, шингэн их уулгах, хүүхдийг сайн амраах, ажил амралтын дэглэмийг зөв зохицуулах, гэрийн эрүүл ахуйг зөв сахих, гарыг нь халуун бүлээн савантай усаар тогтмол угаалгаж хэвшүүлэх, хүүхдийг олон нийтийн газарт дагуулж явахгүй байх, амны хаалтыг байнга зүүж хэвшүүлэх, өвдсөн үед гэрт нь тусгаарлан эмчийн зөвлөгөөний дагуу эмчлэх, дур мэдэн эмчлэхгүй байх, ялангуяа антибиотикийн хэрэглээнд маш их анхаарах ёстой.
-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх хувьд өвчлөл нь хүндэрсэн байдаг. Халдвар дамжих замууд их, мөн гэрээр дур мэдэн эмчлэх гэж оролдох нь буруу гэдгийг эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй юм билээ?
-Энэ талаар иргэд, эцэг, эхчүүдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй бөгөөд манай эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид олон талын ажлыг зохион байгуулдаг. Үүнд хувь хүн, иргэд, эцэг, эхчүүд маань өөрсдөө илүү анхаарах шаардлагатай.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )