Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгийг УИХ дээрэмдээгүй бол “Эрдэнэт”-ийн ашиг 4 дахин нэмэгдэх байлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

Харганы ноос түүж, эсгий хийнэ гэгчийн үлгэр болж байна, цаана чинь. Стратегийн томоохон орд болох Таван толгойг 40, Оюу толгойг 10 гаруй жил ярьж, баахан бүтэхгүй зовлон тоочин байгаад одооноос л эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эхнээсээ хийгдэж байна. УИХ-аас хууль эрх зүйн орчин, хийх ажлынх нь талаар тогтоол гаргаад өгөхөөр Засгийн газар нь гэдийчихнэ. Засгийн газар нь гэдийж, гэдийж нэг "юм" төсөл боловсруулаад ирэхээр УИХ нь үгүйсгэнэ. Нэг иймэрхүү маягаар өдөр хоногийг аргацааж, улс төрийн эрх ашгийн үүднээс нэгнийхээ ажлыг нөгөө нь үгүйсгэдэг парламентын тогтолцоо манайхаас өөр байна уу, таминь ээ. Тэгсэн хэрнээ эдийн засгийн хөгжил, үсрэнгүй хөгжлийн талаар ам уралдуулан ярьж гаднын эрчимтэй хөгжиж буй орнуудын хөгжлийг шагширч, тэднээс жишээ татан ярихыг нь яана. Юун нөгөө ирээдүйтэйгээ хөл нийлүүлэн алхах, бүр дэлхийн хөгжилд тойрогдуулж, ард түмнээ ядуугийн зовлонд унагаж, өөрсдөө эрх ямба эдэлж баахан цэц булаалддаг шүү дээ, манай төрийн түшээд. Ингэж цэцэрхэж суухынхаа оронд тээр өндөр суудлаасаа доошоо ард түмэн рүүгээ нэг өнгийгөөсэй.

Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барих талаар сүүлийн хорь гаруй жил ярилаа, үе үеийн парламентчид. Өнөөдрийн байдлаар бүтсэн зүйл нэг ч алга. Өнгөрсөн онд УИХ-аас Монгол Улсад зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай тогтоол гаргаж, оновчтой хувилбар сонгон 2010 оны зургадугаарсарын 1-ний дотор УИХ-д танилцуулахыг Ерөнхий сайдад, тогтоолын биелэлтэд хяналт тавин ажиллахыг тухайн үеийн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайханд үүрэг болгож байсан. Ингэхдээ уг ажлыг 2010 онд багтаан эхлүүлэх тухай тодорхой зааж, хэрэв заасан хугацаанд төслийг УИХ-д танилцуулахгүй бол Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад хариуцлага тооцож, бүр сандал ширээтэй нь хүртэл тэмцэхийг хатуу сануулж байсан билээ. Гэтэл уг асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүйгээр барахгүй салбар хариуцсан сайдын суудал хоёр ч удаа хүчтэй булгихад сайдтан тэнцвэр алдсангүй. Манай улс төрийн өнөөгийн төрх нэг иймэрхүү. Зэс хайлуулах үйлдвэр барих асуудлаар Эдийн засгийн байнгын хороо 2010 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хуралдаж, байнгын хорооны гишүүд уг асуудлыг зуун хувь дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан юм. Харин УИХ дээрх асуудлыг 2010 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн

ч тус байнгын хороо зэс хайлуулах үйлдвэр барих оновчтой саналыг УИХ-д танилцуулах  хугацааг 2010 оны аравдугаар сарын 1, үйлдвэр байгуулах бэлтгэл ажлыг энэ оны эхний хагаст багтаахаар хугацааг нь сунгасан юм. Гэвч дээрх хугацаа аль хэдийнэ өнгөрч, 2011 оны эхний хагас дуусах мөчид дахин эл асуудал /одоо/ яригдаж эхэллээ. "Портуна" Н.Батбаяр ч юмуу, Засгийн газарт "шаралхаж" явдаг хэн нэгэн "шартай" гишүүн дээрх хугацаа дуусгавар болж буйг анзаарч энэ асуудлыг дахин сөхөөгүй бол сонгуулийн салхи сэвэлзсэн энэ үед тэд халгай идсэн тэмээ шиг салхилаад чимээгүй өнгөрөх байсан нь лавтай. Халгай идсэн тэмээтэй зүйрлэсний учир нь, тэмээ халуун зун халгай идэхээрээ /халгай халуун чанарын ургамал/ зогсохоо мэдэхгүй салхи сөрөн алга болдог гэмтэй амьтан. Харин халгайг сонгуультай зүйрлэсэн нь тэдний идэш, эрх ямба юм. Уг нь учир мэдэх хүмүүс "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барих техник, эдийнзасгийн үндэслэл хэд хэдэн хувилбараар бэлэн байгаа. Үүнийг хэрэгжүүлэх ганцхан бэрхшээл байдаг нь санхүүгийн асуудал хэмээн ярьдаг. Үнэндээ тэр зэргийн үйлдвэр барихад нэг их мөнгө орохгүй юм билээ. Жилд 130 мянган тонн цэвэр зэс боловсруулдаг үйлдвэртэй болно гэвэл 500 сая ам.доллар, 70 мянган тонныг үйлдвэрлэдэг үйлдвэр барина гэвэл дээрх хөрөнгөний хоёрны нэг л байхад хангалттай гэх судалгааг эдийн засагчид гаргасан байсан. Дампуурсан банкинд хэдэн зуун тэрбумаар нь бонд гаргаж чаддаг улс төрчид хүсвэл энэ зэргийн мөнгийг хаанаас ч босгож чадна шүү дээ. Даанч тэд дур болоод хүсэл байхгүй бол чи муу намайг яах юм бэ гэх сэтгэлээр уг асуудалд хандаж байгаа нь харамсалтай. Хэрэв зэс хайлуулах үйлдвэр байгуулчихвал "Эрдэнэт"-ийн одоогийн ашиг 4-5 дахин нэмэгдэхийг ч эдийн засагчид тооцоолсон байдаг юм билээ. Гэвч зэс хайлуулах үйлдвэр байгуулах хүсэл УИХ болоод Засгийн газарт байхгүй нь энэ оны төсвийн хэлэлцүүлгийн үөэр харагдсан юм. Өөрийгөө Монголдоо толгой цохих эдийн засагч хэмээн сайрхах дуртай Н.Батбаяр гишүүн Японы сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг

хоёр дараалан түрүүлж, дээрх болзлыгхангасан жил гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гээчийг санаачилсан   гэдэг. Энэ татварын гол зорилго нь татвараас төвлөрсөн мөнгөөр зэс хайлуулах үйлдвэр барих явдал байсан юм. Гэвч дээрх татварыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тэглэсэн ч эрх баригчид өсөн нэмэгдэх нөөцийн татвар нэрээр дээрх татварыг дахин оруулж ирсэн юм. Нэг ёсондоо зүсийг нь хувиргаад оруулж ирсэн гэсэн үг. Энэ нь тэдний сэдсэн нэг башир арга байсан бөгөөд зэс хайлуулах үйлдвэр барих татварын дээрх мөнгийг сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхээр зүсийг нь ийн хувиргасан явдал юм. Тэр мөнгө өдгөө эх орны хишиг буюу 21 мянган төгрөг болон та бидний халаасанд орж байгаа юм. Тодруулбал, Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрт зориулсан энэ татварын хэмжөээг таван хувь байхаар УИХ-д оруулж ирснийг УИХ15 хувь болгон нэмсэн. Хэрвээ зэс хайлуулах үйлдвэр барих хөрөнгийг УИХ дээрэмдээгүй бол 2-3 жилийн дараа бид зэс хайлуулах үйлдвэртэй болж, "Эрдэнэт"-ийн ашиг 4-5 дахин нэмэгдэх байлаа. Харамсалтай нь улс төрчдийн улс төржсөн увайгүй зангаас болж анд ч үгүй, хамарт ч үгүй 21 мянган төгрөгөөр амаа үдүүлж сууна.

Эх сурвалж: Тэргүүн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top