Орчин үеийн үндэсний төр улсын олонх Үндсэн хуульт засаглалтай. Үндсэн хуулиндаа зайлшгүй тусгадаг зүйлс нь төрийн сүлд, далбаа, төрийн дуулал юм. Төрийн далбааны өнгө тухайн үндэстний хамгийн сайн өнгө хэмээн бэлгэддэг өнгөнөөс бүрдсэн байх нь олонтаа. Коммунист улсууд улаан голдуу, исламын улсууд ногоон голдуу өнгөт далбаатайг бүгд л мэднэ. Мөн төрийн бэлгэдлийн утга учир нь зөвхөн өнөө цагийн сэтгэлгээг тусгаж, ирээдүйг бэлгэдээд зогсохгүй өнгөрсөн түүхийг агуулсан байдаг.
Монголын төрийн далбаа улаан хөх хоёр өнгөнөөс бүрддэг. Хөх өнгө бол тэнгэрийн өнгө бөгөөд эртнээс Монголчууд тэнгэрийг шүтэж ирсэн. Монголчуудын уламжлалт бөөгийн шашны хамгийн дээд шүтээн бол тэнгэр юм. Эртний түрэг, хазаар булгар хэлэнд тэнгэрийг “тангра” гэх ба хуучин уламжлалт бичигт “тэнгри” хэмээн бичдэг. Харин улаан өнгө нь нэг талаас коммунист засаглалд байсныг илтгэх авч зөвхөн энэ агуулгаар тайлбарлах нь учир дутагдалтай. Улаан өнгийг Монголчууд эртнээс галын өнгө хэмээн шүтэж ирсэн ба Богд хаант Монгол Улсын төрийн далбаа цулгуй улаан өнгөтэй байсан юм билээ.
Ер нь цулгуй үндсэн долоон өнгө аль ч үндэстэн, соёлд ямар нэг байдлаар сайны бэлгэдэл болсон байх нь олонтаа. Монгол Улсын төрийн далбааг бусад үндэстэн улсын төрийн далбаанаас ихээхэн онцгой содон харагдуулдаг зүйл бол “Алтан соёмбо” юм. Соёмбо үсэг бол Чингис хааны шууд угсаа Халхын анхдугаар богд Занабазар гэгээний зохиосон “өөрөө бүтсэн үсэг” хэмээх шашны судар бичих үсэг агаад эртний самгарьд, түвдийн номын бичигт үндэслэсэн гэдэг. Юань гүрний үед их гүрэн даяар хэрэглэж байсан дөрвөлжин үсэгтэй төстэй. Харин “Соёмбо” үсэг нь тусгаар тогтнол мандал бадралын бэлгэ тэмдэг болсоор иржээ.
Анх соёмбо үсгийг Богд хаант Монгол Улсын төрийн сүлд болгон, төрийн далбаанд дүрсэлдэг болсон ба коммунист засаглалын жилүүдэд соёмбо үсгийг халаагүй юм. Соёибо үсгийн дээр залсан гал, нар, сар бол олон мянган жил нүүдэлчин гүрнүүдийн шүтэж ирсэн үл мөхөх, мандан бадрахын бэлгэдэл юм. Манайхан галын дөлийн голынхныг өндөр дүрслэх дуртай, гэвч Ринчин гуайн тайлснаар галын гурван дөлийг тэгш дүрслэх учиртай агаад энэ нь өнгөрсөн одоо ирээдүй гурван цагт тэгш мандан бадрахыг бэлгэддэг ажээ. Гэтэл энэ өгүүллийг бичихээр судлах явцад Өндөр гэгээний судруудад нар, сарын дээр гал бус “од” дүрсэлсэн байдаг тухай түүхч Лонжид гуай ярьсан нь бас сонирхол татна. Үндсэндээ төрийн бэлгэдэл нь Монгол үндэстэн төр улсын олон мянган жилийн түүхийг хураангуйлан өгүүлж байдаг.
Бэлгэдэлийг дорно дахинд түгээмэл хэрэглэдэг гэж олон хүн боддог авч өрнө дахинд ч түгээмэл хэрэглэдэг. Төрийн далбаа, сүлд, дуулал нь өрнийн соёлын тусгал болж дэлхий дахинд түгсэн юм. Гэвч энэ бол дан өрнийн уламжлал бус ажээ.
Эзэн Чингисийн Их Монгол гүрний төрийн дуулал байж болох хэд хэдэн дууллын үгийг судлаачид олж тогтоосон байна. XIX-XX зууныг дамжин амьдарч байсан эрдэмт хүн Лувсанчойдон "Монголын зан үйлийн ойлбор" хэмээх судалгааны зохиолдоо "Чингис хааны үеийн төрийн дуулал болбаас цэргийн сүр хүч, эзний буяныг магтаж дуулсан байдаг" гэжээ. Судлаачийн нотолж буйгаар тэдгээр дуулалд:
"Эзэн төрийн эрхээр
Эелэж хамт жаргая
Хааны их буянаар
Хамаг улсаа хамтатгая
Эрхэм шашны гэгээнд
Эебээр хамт жаргая
Хаан эцгийн буянаар
Харгис мууг арилгая" гэсэн дууны үгийг тэмдэглэжээ.
Гэвч энэ үгэнд шашны талаар онцлон дурдсан нь Их Монгол гүрний дуулал гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Тухайн үед Монголын эзэнт гүрний олон овог аймаг, улс тус бүрдээ загалмайтны несторын урсгал, бурхны шашин, лалын урсгалыг шүтэж байсан ба Монголчууд бөөгийн шашныг шүтдэг байв. Мөнх хаан Рубруктай уулзахдаа “Хүн бүр таван хуруутай, таван хуруу урт богино байдгийн адил улс үндэстэн бүрт өөр өөр шашин бий, та нарт ном судар, лам байдгийн адил бидэнд бөө зайран бий. Та нар шашин номоо дагаагүйн тулд доройтон буурсан байна, харин бид бөө зайрангаар дамжуулан тэнгэрийн зарлигдсаныг дагадаг тул ийм хүчирхэг байгаа юм” гэж хэлж байжээ. Их гүрэнд тухайн үеийн дэлхийн бараг бүхий л шашны урсгалыг шүтэгсэд байсан ба аль нэг шашныг онцгойлон тэтгэж байгаагүй юм.
Өөр нэгэн дуулалд:
"Сансар хүрд эргэх ёсон
Салхин мэт түргэн
Сайн муу заяаных
Сааташгүй жаргая бид
Огторгуйн салхин тэгшгүй
Орчлонгийн хүмүүн мөнхгүй
Олдох алдах тогтсон хэмжээ
Учирсан цагт жаргая бид" хэмээн дуулдаг байжээ.
Энэ дууны үг ч мөн бурхны шашны нөлөөн дор бичигдсэн шинжтэй, Монгол хэлэнд хожуу нэвтэрсэн самгарьд үг олонтаа орсон тул их гүрний төрийн дуулал байх баталгаа муутай юм. Гэвч эдгээр дууллыг Их Монгол гүрнээс хойш үе, шарын шашны дахин дэлгэрлийн үед Монголын овог аймаг, ханлигуудад дууллын хэмжээнд дуулдаг байсныг үгүйсгэх аргагүй юм.
Харин "Эртний сайхан" дуу нь хамгийн эртний гаралтай гэгдэх бөгөөд "Чингисийн төрийн дуулал" буюу "Сүлд дуу" хэмээн монголчууд зон ихэд хүндэтгэлтэй ханддаг байжээ. Олон судлаачид энэ дууг Их гүрний үеийн төрийн дуулал мөн гэж үздэг. Гэхдээ энэ дуу анх гарахдаа "Эртний сайхан" нэртэй байсан эсэх нь бас тодорхойгүй. 1930-аад оны үеэс энэ дууг бараг дуулахаа больжээ. Тухайн үед феодалын үеийн дуу хэмээн олон дууг жагсаалт гарган, намын тогтоолоор дуулахыг хорьж байсан ажээ. "Эртний сайхан" дууны зарим мөр бадаг он цагийн уртад хувирч өөрчлөгдөн ялангуяа бурхны шашны нөлөөлөл нэлээдгүй оржээ. Уг дууг төрийн найрын магнай дуу хэмээн найрын эхэнд дуулдаг байжээ.
С.Бат
Сэтгэгдэл ( 11 )
iim suld medehgui l yum bn shariin sashin mongoloos shahagdaj bigaa
shashin shutleg gechihej chi neg tarni mongoloor medehuu budda bol manai shashin bish chi odoo 17zuun gej bodooyu manjtai nii”j tolgoi erguuleh ch n ongorson horvoo bid end ene bohir ch hereggui bid EVROP tai adil udahgui Hogjino
шашин шүтлэгээ муулаад байгаа нөхдүүд бол коммунистуудын үлдэгдэл
Манай төрийн далбаан дээр байдаг соёмбо бол ”соёмбо үсэг” биш шүү дээ. Соёмбо үсгийг Занабазар зохиосон. Харин соёмбо бол түүнээс эртний төрийн бэлгэдэл. Соёмботой төстэй дүрстэй зохиосон учраас Занабазар үсгээ ”соёмбо үсэг” гэж нэрийдсэн байдаг. Гэтэл энэ нийтлэлд соёмбо, соёмбо үсэг хоёрыг хооронд нь хольж хутган, соёмбо үсгийг төрийн далбаанд залсан мэтээр бичжээ. Цогт тайж кинон дээр ч хүртэл монголын төрийн далбаа соёмботой байдаг. Цогт тайж нас барсан 1637 онд Занабазар дөнгөж 2 настай байсан шүү дээ.
Монгол гүрэн хэрхэн сулардаг нь монголчуудын атаархаг шунаг сэтгэлээс болдог биш үү. Авах гэхээрээ нүдээ өгч чадах хүмүүс. Шуналтай хүмүүс,одоо ч хулгай хийдэгээрээ дэлхийд нэрд гарч буй бололтой. Шашин огт хамаагүй ээ. Үнэнээ хэлэхээсээ хулгаж буй хэрэг.
манайх л юунаас болж, ямар Нөхдүүдээс болж Улс орон ийм байдалд хүрэвээ гэж дүгнэж ярихын оронд шууд л Шашин шүтлэгрүүгээ дайрах юмаа, Манайхаас өөр Орнууд Шашинаа дээдэлж , Шашин хоорондын Дайн тулаандаа хүрч байхад , манайх шиг Шашин шүтлэгээ ад үздэг Улс орон үнэндээ байхгүй дээ,