ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Д.Сандаг-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Цагдаагийн байгууллага 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээс хойш албан хаагчдынхаа бие бялдрын хөгжилд ихээхэн анхаарах болсон. Үүний нэг илрэл нь "Марш тактик"-ийн тэмцээн үү?
-"Марш тактик" тэмцээнийг нийт бие бүрэлдэхүүний дунд өнгөрсөн өдрүүдэд зохион байгууллаа. "Марш тактик" бол уламжлал болгон зохион байгуулагддаг тэмцээний нэг. Гэхдээ сүүлийн хэдэн жил "Марш тактик" завсарлаж, цагдаагийн ажил мэргэжлийн чиглэлийн тэмцээнийг ихэвчлэн зохион байгуулж ирсэн. Жишээлбэл, гэмт хэргийн үзлэг хийх, дуудлагад хурдан хугацаанд очих гэх мэтчилэн. Харин энэ жилээс эргээд бие бялдар хөгжүүлэх чиглэл рүү эрж байна. Нөгөө талаас цагдаагийн байгууллагын түүхт 90 жилийн ойн хүрээнд зохиож байгаа тэмцээн юм. Сүүлийн үед эмэгтэйчүүд жендер гэж их ярих боллоо шүү дээ. Тэр ч утгаараа "Марш тактик"-ийн тэмцээнд оолцогч баг тус бүрийн нэг нь эмэгтэй албан хаагч байгаа. Тэд эрчүүдийн дайтай гүйж, даалгавруудыг хэнээс ч дутахгүй гүйцэтгэлээ. Энэ бол манай эмэгтэй албан хаагчдын ур чадвартай холбоотой. Ер нь нийт албан хаагчдын 11 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Ингэхдээ гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн байцаах албанд харьцангуй цөөн. Харин аж ахуй, санхүүгийн чиглэлээр ихэвчлэн эмэгтэй албан хаагч ажиллаж байна.
-"Марш тактик" тэмцээн нь анги нэгтгэлийг нягтаршуулах давуу талтай байх?
-Олон сайн талууд бий. Энэ жил Ардын хувьсгалын түүхэн 100 жилийн ойтой цагдаагийн байгууллагын 90 жилийн ой давхцаж байгаа. Монголын цагдаагийн байгууллага түүхэн уламжлалтай учраас энэ түүхэн ойдоо нийт бие бүрэлдэхүүн ач холбогдол өгч байна. Анги нэгтгэлүүд гүйцэтгэсэн ажилдаа дүгнэлт өгөх, сургамж авах, сайжруулах, байгууллага хамт олноо сурталчлах зэрэг олон ажил зохион байгуулж байна. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цагдаа нарын цогцолбор талбай байгуулах гэж байна. Энэ нь цагдаа нар цугладаг, жагсдаг гэм мэтчилэн тэдний эрх мэдлийн талбай юм.
-Нэг үеэ бодвол цагдаагийн нэр хүнд дээшилж байна гэж хууль хяналтынхан болон иргэд дүгнэх боллоо?
-Олонхын үнэлэмжээр цагдаагийн нэр хүнд харьцангуй дээшилж байгаа. Нэг хэсэг цагдаа нарын үйл ажиллагаа, тэдний харилцааны соёл, бусдыг хүндэтгэх нь тааруухан байсан үе бий. Бид одоо энэ зан харьцаатайгаа тэмцэж байгаа. Ард түмэн ч гэсэн бидний алдаа оноог нь дэнсэлж хардаг болжээ. Ер нь ард түмэн цагдаа хоёрын хамтын ажиллагаа харьцангуй гайгүй болсон шүү. Саяхан Засгийн газраас “Аюулгүй амар тайван байдлыг хангах" хөтөлбөр, "Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээний жишиг норматив" батлагдсан. Энэ мэтчилэн цагдаагийн үйл ажиллагааг бэхжүүлэх олон арга хэмжээ авсан. Цагдаа нар ч өөрсдөө ард түмэндээ ойр байх гэж хичээж байна. Манайхнаас хөдөлгөөнт эргүүлийнхэн ард түмэнтэйгээ ойр шүү дээ. Түүн шиг бүх албад нь иргэдтэйгээ ойрхон тэдний жаргал зовлонг нь хуваалцдаг, мэдэрдэг байхыг хичээж байгаа. Нөгөө талаас цагдааг бэлтгэгч Цагдаагийн академи өөрөө цэрэгжсэн байгууллага. Энэ ч үүднээсээ төгссөн мэргэжилтнүүд нь ажлын байран дээр гарч ирээд иргэдтэй хатуу ширүүн харьцах төлөвтэй байгаа учраас сонсогчдыг иргэнших, төлөвших хэлбэр рүү чиглүүлсэн сургалт дадлагыг зохион байгуулж байна.
-Эцэст нь асуухад, долдугаар сарын 1-ний үймээнээр хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэсэн цагдаа буруутан болоод банна. ЦЕГ-ын даргын хувьд таны байр суурийг сонирхъё?
-Цагдаагийн байгууллагын тухай хууль гэж бий.Түүнд албан хаагчдын эрх ашгийг хамгаалсан заалт бий л дээ. Гэхдээ тэр заалт тухайн үеийн нөхцөл хаашаа эргэхээс хамаарч байна. Ер нь төр хүчтэй байна гэдэг бол цагдаа нь хучтэй байна гэсэн үг. Цагдаа нь хүчтэй байвал төр хүчтэй байна. Энэ утгаараа төр нь цагдаагаа хүнд юм руу оруулчихаад дараа нь тэрийгээ татаж гаргадаг, эргээд хардаг л байх ёстой. "Тусгай үүрэг гүйцэтгэ" гэж амь хайргүй зүтгүүлчихээд эргээд цагдаагаа яллана гэдэг нь асар хүнд. Өнөөдөр долдугаар сарын 1-ний дайтай үймээн самуун болвол эргэлзээтэй олон асуудал бий болсон. Цагдаа өөрийгөө умартаад ард түмнийхээ төлөө амь хайргүй зүтгэх үү, үгүй юу. Зүтгэхэд бас л эргэлзээтэй. Тэд эргээд өөрийгөө барьж өгөх юм руу орчихвол хэцүү. Ийм эргэлзээг цагдаа нарт төрүүлж болохгүй. Өөрөөр хэлбэл, тусгай үүрэг гүйцэтгэж явсан хүн үүрэг гүйцэтгэхдээ шаардлагатай үед галт зэвсэг хэрэглэх, хэрэглээд хүний амь нас хохирсон байсан ч төрийн үүрэг гүйцэтгэж явсан юм шүү. Иймээм төр нь цагдаагаа хүнд зүйл рүү оруулсан бол өөрөө татаж гаргаад, харж үздэг байх хэрэгтэй.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )