Газрын тос нэрэх үйлдвэр барих асуудал олон жилийн турш яригдсан ч өнөөдөр биелэлээ олоогүй байгаа нь цаанаа олон учир шалтгаантай гэдэг. Үүнээс хамгийн том шалтгаан нь шатахуун импортлогчид улстөрийн тодорхой бүлэглэлтэй холбоотой учраас хэмээн тайлбарлах нь олонтаа. Харин үйлдвэр барих асуудал нь энэ оны өмнөөс нэлээд эрчимтэй яригдаж, шинэ оны эхний сард тохиосон шатахууны хомсдол, үнийн нэмэгдэл чамгүй ташуур өгөв бололтой. Бидэнд байгаа хамгийн ойрын мэдээллээс харвал Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос нэрэх үйлдвэр байгуулахаар төсвөөс 250 тэрбум төгрөг шийдвэрлэж, албаны хүмүүс бусад боломжийг судлаад бэлэн болгосон тухай өнгөрөгч хоёрдугаар сард хүчтэй яригдаж байсан ч газар шорооны ажил ид эхэлж буй цагт чимээ намдаав. Тэр ч бүү хэл Энэтхэг улсын Засгийн газраас авах нэг тэрбум ам.долларыг Газрын тос нэрэх үйлдвэрийн ажилд зарцуулахаар болсон. Энэ бүх шийдвэрээс харж байхад Газрын тос нэрэх үйлдвэр гараанаас нэгэнт хөдөлжээ гэж хэлж болно. Харин бидэнд ямар нэг улстөржилт хэрэггүй. Үйлдвэрээ хангах түүхий эдийн эрэлд мордох ганцхан асуудал үлджээ. Тэгэхдээ үйлдвэр барих тухай олон жил яригдаад иргэд олон нийт залхасан учраас энэ удаагийн шил шилээ дарсан шийдвэрт ч итгэхгүй байгаа нь үнэн. Иймээс уншигч олонтой энэ салбарт байгаа бодит боломж болон албаны эх сурвалжид тулгуурласан баримт хуваалцах гээд үзье.
Дотоодын хэрэгцээг 20 жил хангах нөөц илрүүлсэн, ахиад хайгуул хийнэ
“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэсэн үгтэй. Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар манайд илрээд байгаа нөөц нь дотоодын хэрэгцээг 20 жил лавтай хангах нь. Гэхдээ энэ нь зөвхөн нээн илрүүлээд байгаа цөөн талбайд илэрсэн нөөц шүү дээ. Түүнээс хайгуулын ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэх нь бидний ирээдүйд тустай аж. Тэгэхээр Ашигт малтмал, газрын тосны газрын хайгуулын хэлтсийн дарга М.Батбаярын албан байр сууриас авч үзье. Тэрбээр өнөөгийн байдлаар газрын тосны гурван орд нээж нөөц нь батлагдаад ашиглаж байна. Үүнээс гадна Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй гурван талбайд газрын тос илэрсэн. Тухайлбал, Галба 11 талбайгаас нь 1000 орчим тонн тос туршилтын журмаар олборлоод байгаа. Мөн Хөх нуур 18 талбайд газрын тос илэрсэн. Эдгээр талбайн нөөц арай батлагдаагүй. Эхлээд туршилтын олборлолт хийх ёстой. Учир нь хэдий хэмжээний даралттай гарч байгаа, өтгөн, шингэн нь ямар эсэхийг судалж байж нөөцөө боддог” хэмээжээ. Үүнээс харвал бидэнд үйлдвэрээ бариад нэрчих хэмжээний түүхий эд байна гэж болно. Үүнээс гадна хоёр талбайд хайгуул хийхээр зарласан бол газрын тосны хайгуулын 22 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахад тухайн компани манай Засгийн газарт саналаа өгсөн дагуу олборлосон газрын тос 40:60 эсвэл 51:49 хувиар хуваах тохироо хийдэг байна. Үүн дээр нэмээд ашгийн тодорхой хувь тохирдог нь бидний нэрлэж заншснаар роялти юм байна. Хуулиараа бол энэ ашгийг 5-10 хувиар тохирно гэж заасан ихэнх компаниуд таван хувиар оруулж ирдэг гэнэ.
Дотоодын компаниуд эрсдэлээс айгаад хайгуул хийдэггүй
Газрын тосны хайгуул хийх нь ихээхэн эрсдэл дагуулдаг учраас манай үндэсний компаниуд төдийлөн орж ирдэггүй байна. Тиймээс гол төлөв гаднын компаниуд энэ салбарт зориглон орж ирдэг гэдгийг албаны хүмүүс дурдсан. Тодотговол, газрын тосны хайгуул хийхэд хамгийн багадаа 10 сая ам.доллар ордог бөгөөд зөвхөн нэг цооногт өрөм тавихад гурван сая хүртэлх ам.доллар ордог гэнэ. Хууль ёсоор бол хайгуул хийж буй компани өөрөө эрсдлээ 100 хувь даадаг. Төр засгийн удирдлагуудын айлчлалын хүрээнд ч Газрын тос нэрэх үйлдвэр, хайгуул хийх тухай асуудал заавал тусгагдаж байгаа нь энэ аижл нэгэнтээ гараанаас гарчээ гэдгийг дахин батлан харуулж байна. Хэдэн жилийн өмнө Вьетнам улс Монголын газрын тосны салбарт хамтран ажиллах хүсэлт тавьсан байдаг. Засгийн газар судалж үзсэний үндсэн дээр хүсэлтийг нь хүлээн авах шийдвэрт хүрчээ. Иймээс УИХ-ын дарга М.Энхболдын айлчлалын үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн “Петро Вьетнам” компанийн удирдлагуудтай ажлын уулзалт хийж чамгүй ажил амжуулсан сайхан мэдээ бидэнд бий. Өнөөдөр манай улсад хайгуул хийж байгаа ганцхан орон бол өмнөд хөрш. Тэгэхээр гуравдагч хоёрдогч этгээд хайгуулын чиглэлд орж ирнэ гэдэг БНХАУ-аас хэт их хамаарал байгааг саармагжуулах сайн талтай.
Зөвхөн шатахуун бус олон дайвар бүтээгдэхүүний үйлдвэр хэрэгтэй
Газрын тос нэрэх үйлдвэр ажиллаад эхлэхээр нэн тэргүүнд ажлын байраар хангагдана. Үүнээс гадна газрын тосноос ганц шатахуун бус дагвар бүтээгдэхүүн олон гардаг учраас олон дагуул үйлдвэр барих шаардлага бий. Жишээ нь цардмал замын асфалть, хуванцарын зарим түүхий эд, тослогооны болон гадаадад экспортолж болох химийн бүтээгдэхүүн гардаг.
Улстөрчдийн хоосон хийрхэл иргэдийн эсэргүүцэл болдог
Бидний хамгийн ойр санаж байгаагаар “Оюуны-Ундраа”-гийн С.Отгонбаяр 2004 онд УИХ-д нэрээ дэвшүүлэхдээ Налайхад нефть боловсруулах үйлдвэрийн шав тавьсан бол 2012 онд “Сод Монгол”-ын Ц.Анандбазар Дорноговь аймагт шав тавьсан. Үүний өмнө хойно шав тавих асуудал хэд хэд байдаг юм билээ. Үүнээс гадна улстөрчдийн “нутаг орноо, газар усаа” гэсэн хоосон хийрхэл нь хайгуулийн болон Газрын тос нэрэх үйлдвэрийн ажлыг гацааж байсан түүх бас олон.
Өнөөдрийн хувьд гэхэд Увс аймагт нэг, Хэнтий аймаг дахь 16, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нутаг дахь Онги 5 гэсэн талбайн ажлууд иргэдийн эсэргүүцлээс боллон зогссоныг дурдсан. Иргэдийн эсэргүүцэлд тулсан учраас аймгийнх нь Засаг дарга нь хайгуул хийхийг зогсоодог “хууль” үйлчилсээр байна. Энэ нь үнэн хэрэгтээ улс орны хөгжил дэвшил, ирээдүйгээ хорлож буй муйхар явдал. Өөрөөр хэлбэл, тухайн нутгаас нэр дэвшин өрсөлддөг УИХ-ын гишүүн нутаг орныг ухлаа гэх зэргээр эсэргүүцэл илэрхийлж иргэддээ тал засдаг нь ихээхэн нөлөөлдөг аж.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
МОНГОЛД ШАТАХУУН НИЙЛҮҮДЭГ КОМПАНИУДААС ЭХЛЭЭД ЗӨВШӨӨРӨЛ АВЧ БАЙЖ ЭНЭ АСУУДАЛ ШИЙДЭГДЭХ МАГАДЛАЛТАЙ
БИ БАРЬЯ.
Бодвол зөвшөөрөл өгдөг дарга нарын нэг нь хувьцааныхаа 40-50% ийг зүгээр өг гээд гацаагаад байгаа байх. Миний нэг найзад ийм түүх тохиолдож байсан юм.
бид эхлээд ганц нефтийн үйлдвэртэй болчиход торойгоод ирнэ, асфальтаараа замаа баричина юу шиг байхав
ДОТООДЫН КОМПАНИУД ЭРСДЭЛЭЭС АЙГААД ХАЙГУУЛ ХИЙХГҮЙ БАЙГАА НЬ ХУДЛАА ТАШАА МЭДЭЭЛЭЛ БАЙНА. ПЕТРОВИС ХХК -ИЙ ПЕТРОМАТАД КОМПАНИ ХАЙГУУЛ ХИЙЖ БАЙГАА. ГЭВЧ АРД ИРГЭД УЧРИЙГ НЬ ОЛОХГҮЙ ХАЙГУУЛ ХИЙЛГЭХГҮЙ ГЭЭД БАЙГАА. газрын тос хайна гэдэг чинь алт олборлохоос өөр, ямар нэгэн хорт бодис олборлолтондоо ашигладаггүй юм.
Hoyor buzar nam bgaa tsagt yamarch uildver bosohgui yum bn
Энэ ашигт малтмалын эсрэг явдаг хийрхэлтэй улс төрчид, тэдний гар хөл бологч нутгийн иргэдийг тас цохих хэрэгтэй?!?!?! Өөрөөр яаж амьдрах гээд байгаа юм өэ дуракууд аа?!