Перугийн нийслэл Лима хотоос өмнө зүгт 450 км-ын зайтай оршдог Наска гэдэг жижигхэн хот өнгөрсөн зууны 1930-аад оны сүүл үе хүртэл олны анхаарлыг татдаггүй байлаа. Тэгэхэд 25-хан мянган оршин суугчидтай , хүмүүс нь газар тариалан худалдаа наймаа эрхэлж, загас агнан аж төрж ирсэн энэ жижигхэн хотынхон хаяанд нь байдаг ер бусын нууцлаг зүйл агуулсан элсэн цөл нь тэднийг дэлхий нийтэд танил болгоно гэж мэдсэнгүй. Чухамхүү 1939 онд Наскагийн цөлийн хөндий дээгүүр нэгэн жижиг онгоцны нисгэгч нисэж өнгөрөхдөө элсээр хучигдсан газар дээр өөр хоорондоо сүлжилдсэн зураасан шугам, янз бүрийн хурц мохоо өнцөг бүхий дүрс байгааг ажиглан археологич нарт хэлснээр энэ газар эдүгээ хүртэл алдарших үүдийг нээжээ.
Харин тэр нисгэгчийн нэр нь тодорхой бус байдаг. Түүний гаргасан жимээр АНУ-ын археологич, профессор Пол Косок Перуд очиж судалгаа хийсэн тэмдэглэлээ Германы математикч, одон орон судлаач Мария Райхерт өгсөн байна. Чухам эндээс Наскагийн цөлийн учир битүүлэг зурагтай холбоотой судалгаа эхэлсэн аж. Мария Райхераас гадна Швейцарийн эрдэмтэн Армин Грюан, Их Британийн судлач Жеймс Мозель зэрэг судлаачдын үйл ажиллагааны дүнд тус цөлд 30-аад зураг, геометрийн 788 дүрс байгааг тодруулжээ. Судалгааны ажил үргэлжилсээр байгаагийн зэрэгцээ ямар үр дүнд хүрэх нь тодорхой бус байна. Өнгөрсөн онд Оросын судлаачид Наскагийн цөлөөр аялж маш сонирхолтой мэдээлэл “Youtube”-ээр цацсан билээ. Энэ мэдээлэл нь эрдэмтдийн үзэж ирсэн таамаглалтай ямар нэг хэмжээгээр таарсан аж.
САНАМСАРГҮЙ ТОХИОЛДОЛООС ӨӨРЦГҮЙ
Мария Райхе Наскагийн цөлийн зургийг 40 гаруй жилийн турш судлаад энэ нь тухайн үед амьдарч байсан овог аймгийнхний сансар огторгуйн мэдлэгийг харуулсан зүйл хэмээн үзжээ. Цөлийн хамгийн том зураг нь 300 метр урт. Цөл дундах 500 ам дөрвөлжин км хэмжээтэй газарт хүн амьтныг дүрсэлсэн элдэв зураас, геометрийн дүрсээс бүтсэн зургууд нь хуанли юм уу эсвэл оддын газрын зураг байж болзошгүй. Эрт дээр үеийн хүмүүс өөрсдийнхөө сайн мэддэг оддын орд, огторгуйн сонирхолтой биетүүдийг зурдаг байж. Энэ нь тэдэнд хуанли, бас газрын зургийн үүрэг гүйцэтгэдэг байсныг үгүйсгэх аргагүй гэж Мария Райхе үзжээ. Харин түүний энэ санааг Швейцрийн эрдэмтэн Армин Грюан нарын олон судлаач үгүйсгэн “ Энэ нь санамсаргүй тохиолдлоос өөрцгүй зүйл”хэмээн тэмдэглэжээ.
РАШААН УСНЫ УНДАРГА БАЙСАН УУ
Зарим судлаач Наскагийн зураг усан судалтай давхрагыг заадаг гэж үздэг. Наскагийн цөл нь дэлхий дээрх ган гачигтай газрын нэг гэгддэг.Ийм учраас судлаачид энэ газар нь тухайн үеийн овог аймгуудын усны шүтээн байсан байж магадгүй гэж үзжээ. Зурган дээрх дүрсүүдийн тусламжтайгаар мөнхийн рашаан ч юм уу эсвэл цэнгэг усны нөөцийг олж тогтоох боломжтой байсныг үгүйсгэх аргагүй. Энэ элсэн хөндий эрт нэгэн цагт үржил шимтэй, усаар дутагдан гачигдахын зовлонгүй байсан газар гэдгийг зураасан зураг төдийгөөр нотлох нь учир дутагдалтай.
ТОГЛООМ НААДМЫН ТАЛБАЙ Ч ЮМ БИЛҮҮ
Хүн юмыг яаж ч төсөөлж таамаглаж болдог гэдгийг Наскаг тойрсон судалгаа харуулаад байдаг. Хэсэг судлаач энд нэгэн үе олон хүн байнга холхин явж тоглон бужигнан, спортын тэмцээн наадам зохиодог байсны улмаас газрын хөрсний дээд давхаргад элдэв дүрсүүд үүссэн гэж үзжээ. Гэхдээ энэ нь төдийлэн оновчтой санаа бус хэмээгддэг. Тэгвэл энд байгаа сармагчин, аалз, нисэж буй шувуу, аварга загасны зургуудыг яах болж болж байна? Эдгээр амьтад энд ирээд хүмүүстэй цуг тоглож наадаад байсан хэрэг үү. Өндөр хөгжилтэй, амьтны хүрээлэнтэй газар байсан гэх гээд байна уу гэж дээрх саналыг сөргүүлэн асуух хэрэг гарна.
МӨРГӨЛИЙН ГАЗАР
Сүүлийн жилүүдэд Британийн эрдэмтэд Наскагийн цөлд мөргөлийн газар байсан байж болзошгүй гэж үзжээ. Эрдэмтэд олон тооны дүрсийн хажууд бага зэрэг өндөрлөг газраас модон дэвсгэрийн ул мөр, Өмнөд Америкт үржил шим, эд баялгийн бэлгэдэлд тооцогддог байсан дунг олжээ. Энэ тухайн үеийнхний гол тахил байсан байж болох юм гэж судлаачид таамаглаж байна. Нэгэн үе судлаачид энд харь гарагийн хөлөг буудладаг байсан байх магадлалтай хэмээн үзсэн. Гэхдээ энэ санал бүрэн дэмжлэг олоогүй. Бас хэзээ нэгэн цагт биднийг зорьж ирэх харь гаригийнхан Наскагийн цөлд бууна гэж төсөөлж байсан. Энэ төсөөлөлөөс хэтэрсэнгүй.
Ийнхүү Наскаг тойрсон судалгаа зогсолтгүй үргэлжилсээр байна. Наска хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой юү аль эсвэл өнгөрсөн үеийн үнэ цэнэтэй дурсгал уу гэдэг нь тайлагдпашгүй оньсого мэт олны гайхашгийг төрүүлсээр... Юутай ч 1994 онд Наскагийн зургийг ЮНЕСКО дэлхийн соёлын өвийн бүртгэлд оруулан, хайрлан хадгалан хамгаалах зүйлийн нэгд тооцсон юм. Хэн, ямар зорилгоор энэ өвийг бүтээв гэсэн асуултын хариу хэзээ гарах нь сонин.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )