Олон жил яригдсан бүсийн нэмэгдлийн талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Р.Амаржаргал, П.Алтангэрэл, Х.Бадамсүрэн, нарын 30 гишүүн энэ төслийг санаачилжээ. Төрийн албаны захиргаа, тусгай болон үйлчилгээний албанд ажиллаж байгаа албан хаагчдад бүсийн нэмэгдэл олгох, орон сууцны хөнгөлттэй зээлд хамруулах, мөнгөн тэтгэмж олгох тухай хууль санаачлагчид төсөлд тусгасан байна. Төрийн бус салбарын хүмүүсийн асуудал орхигдож байгааг хэд хэдэн гишүүн санууллаа. Төсөл санаачлагч С.Бямбацогт “Бүсийн нэмэгдлийг үе шаттай хэрэгжүүлж байгаагийн эхнийх нь. Өнөөдөр хөдөө орон нутагт эмч багш хүрэлцэхгүй байгаа. Төрийн албан хаагчийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг хангах зорилгоор нэмэгдэл олгох гэж байгаа” гэв. Тус бүс нутагт бизнес эрхэлж байгаа иргэдийг хүн амын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх асуудлыг дараагийн ээлжинд авч үзэх ёстой гэлээ. Ер нь гишүүд алслагдсан бүс гэж тогтоосон бүсийг сонирхож байв. 2009 онд Засгийн газраас судалгаа хийж 75 сумыг алслагдсан гэж тооцжээ. Алслагдсан нутгийн шалгуур үзүүлэлтэнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш, тээврийн үйлчилгээний үнэ ханш зэрэг найман шалгуур үзүүлэлтийг харгалзаж тогтоосон байна. Энэ хууль хэрэгжиж эхэлбэл улсын төсөвт орох орлого 20 орчим тэрбум төгрөгөөр буурах ажээ. Уул уурхайгаас олох нэмүү орлогыг сул хөгжилтэй хөдөө орон нутагт зарцуулахаар төлөвлөж байгаагаа хууль санаачлагчид дуулгалаа. Гишүүд 85,7 хувийн саналаар бүсийн нэмэгдлийн хуулийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ.
Д.Сэндэр.
Zindaa.mn –Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )